Ээдэм жимсний холимог
Орц:
- Ээдэм : 3 аяга сүүг ээдүүлэн ээдмийг нь авна. (100 гр)
- Элсэн чихэр цайны халбагаар 1
- Гурил цайны халбагаар 1 бүтэн, 1/2
- Өндөг ¼ ш
- Цөцгийн тос цайны халбагаар 2
- Хатаасан жимс (үзэм) хоолны халбагаар 2
Гарц: 185 гр
Тэжээллэг чанар:
- уураг 20.4 гр,
- тослог 10.2 гр,
- нүүрс ус 36.1 гр,
- Илчлэг 246.8 ккал
Бэлтгэх арга: Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр, өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж, дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна. Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхрүүлж шарна. Хүүхдэд 10-11 сартайгаас нэмэгдэл хоол болгож өгнө.
Луувантай ээдэм
Орц:
- Лууван дунд зэргийн 1 бүтэн, ½
- Өрмийг нь авсан сүүний ээдэм 3 шаазан аяга сүүг ээдүүлэн ээдмийг нь авна
- Элсэн чихэр цайны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар:
- уураг 17.6 гр,
- тослог 9.0 гр,
- нүүрс ус 15.4 гр,
- Илчлэг 213.1 ккал
Бэлтгэх арга: Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна. Дараа нь ээдмээ мөн сайтар нухаад түрүүчийн нухаж бэлтгэсэн луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан, хэлбэрт оруулан таваглана. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд долоо хоногт 2-3 удаа өгнө. Сульдаа, тураал, суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө.
Төмсний нухаш
Орц:
- Дунд зэргийн төмс нэг бүтэн ½
- Сүү , Давс амтлах төдий
- Цөцгийн тос цайны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар:
- уураг 5.4 гр,
- тослог 6.3 гр,
- нүүрс ус 37.9 гр,
- Илчлэг 228.8 ккал
Бэлтгэх арга: Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно. Нухсан төмсөн дээрээ сүү, цөцгийн тос, давсны уусмал зэргийг нэмж дахин жигдэртэл нь нухаж холино. Бэлэн болсон төмсний нухашийг 7 сартайгаас нэмэгдэл хоолонд өгнө.
Бантан
Орц:
- Мах 30 гр
- Гурил хоолны халбагаар 1
- Шөл эсвэл ус шаазан аяганы 2/3
- Сонгино бага зэрэг
- Давс амтлах төдий
- Ургамлын тос хоолны халбагаар 1
- Өндөг ½ ш
- Шар лууван дунд зэргийн 1/5
Гарц: 200 мл
Тэжээллэг чанар:
- уураг 11.2 гр,
- тослог 13.2 гр,
- нүүрс ус 18.3 гр,
- Илчлэг 238.6 ккал
Бэлтгэх арга: Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 34 минут буцалгана. Буцалгах явцдаа шөлний нитгэлийг хамж авна. Буцалж буй шөлөндөө бантангийн гурилын үйрмэгийг самран хийж тасралтгүй хутгаж буцалгана. Буцалгах явцдаа өндгөө сайтар хутгаж хийнэ. Гаргах үедээ давс, жижиглэн хэрчсэн сонгиноор амтлана. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
Махны шөлөнд хийсэн төмсний зутан
Орц:
- Төмс , дунд зэргийн 1 бүтэн 1/2
- Цөцгийн тос, амны хоолны халбагаар 1/2
- Гурил, цайны халбагаар 1
- Өндөгний шар, 1/4ш
- Сүү , амны хоолны халбагаар 2
- Яс эсвэл махны шөл шаазан аягаар, 1
Гарц: 400мл
Тэжээллэг чанар:
- уураг 5.7 гр,
- тослог 8.3 гр,
- нүүрс ус 43.0 гр,
- Илчлэг 270.6 ккал
Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана.чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөнд бага багаар хийж, зориулалтын буюу модон хутгуураар сайтар цохиж хутгана.дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно.Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас өгнө.
Махны нухаш
- Орц:
- өөхгүй мах 160 гр
- дээд гурил цайны халбагаар ½
- сүү хоолны халбагаар 1
- цөцгийн тос цайны халбагаар 1
- давс амтлах төдий
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар:
- уураг 34.8 гр
- тослог 15.3 гр,
- нүүрс ус 4 .6 гр,
- Илчлэг 306.4 ккал
Бэлтгэх арга: Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно. Махны нухашийг хүүхдэд 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай өгнө.
Элэгний нухаш
Орц:
- Элэг 80гр
- Сонгино дунд зэргийн 1/8
- Лууван дунд зэргийн 1/6
- Сүү хоолны халбагаар 1
- Цөцгийн тос цайны халбагаар 1
Гарц: 100 гр
Тэжээллэг чанар:
- уураг 14.8 гр,
- тослог 9.1 гр,
- нүүрс ус 6.1 гр,
- Илчлэг 163.3 ккал
Бэлтгэх арга: Элгийг хавтгай хэрчиж, нимгэн нарийн хэрчсэн сонгино, луувангийн хамт цөцгийн тосонд шарна. Дараа нь махны машинаар бүгдийг нь машиндаж дээр нь давс, сүү, цөцгийн тос нэмж сайтар жигдэртэл нь нухаж бага зэрэг халаана. Хүүхдэд 8-9 сартайгаас 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.
Загасны нухаш
Орц:
- Загасны мах 250 гр
- Талх 1 хэрчим
- Сүү хоолны халбагаар 1 цайны халбагаар 1
- Өндөг 1/4ш
- Цөцгийн тос цайны халбагаар 1
Гарц: 220 гр
Тэжээллэг чанар:
- уураг 50.7 гр,
- тослог 8.4 гр,
- нүүрс ус 8.7 гр,
- Илчлэг 314.0 ккал
Бэлтгэх арга: Загасны махыг яснаас салгаж (ясыг сайтар түүж авна) дэвтээсэн талхтай (урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ) хольж машиндаж шанз бэлдэнэ. Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна. Дараа нь өндөгний цагаан уургийг хөөсөртөл нь бүлээд шанзандаа хийж болгоомжтой зөөлөн хутгана. Бэлтгэсэн шанзаа тосолсон хэвэнд хийгээд ууранд жигнэнэ. Бэлэн болсон нухашийг хэвлэн зүсээд, таваглан хачир тавьж, сүмс буюу хайлуулсан цөцгийн тос дусааж өгнө. Хүүхдэд 7-8 сартайгаас ногооны нухаштай өгнө.
Элэгний котлет
Орц:
- Элэг 165 гр
- Сонгино дунд зэргийн 1/6
- Давс чимх
- Сүү хоолны халбагаар 1, цайны халбагаар 1
- Талх 1 хэрчим
- Талхны нунтаг хатаамж хоолны халбагаар 1
Гарц: 150 гр
Тэжээллэг чанар:
- уураг 27.0 гр,
- тослог 8.1 гр,
- нүүрс ус 36.7 гр,
- Илчлэг 327.0 ккал
Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхрүүлж, бага тосонд 2 талд нь хайрс болтол нь шарна. Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусаж өгнө. Нэгээс дээш насны хүүхдэд 7-14 хоногт нэг удаа нухаштай өгнө.
Элэгний шөл
Орц:
- Шинэ элэг 100 гр
- Талх 5 хэрчим
- Өндөгний шар 1 ш
- Цөцгийн тос цайны халбагаар 1
- Тунгалаг шөл шаазан аягаар 1 бүтэн, 1/2
Гарц: 500 мл
Тэжээллэг чанар:
- уураг 26.6 гр,
- тослог 6.0 гр,
- нүүрс ус 57.3 гр,
- Илчлэг 412.0 ккал
Бэлтгэх арга: Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно. Хүүхдэд 8-9 сартайгаас 7-14 хоногт 1 удаа өгнө.