LOADING

Type to search

Uncategorized

“Cэлэм Тогмид”-оо бодохоор харамсдаг юм

Share

Хүний хувь тавилан янз бүр. Хүмүүс ярихдаа бие хүн өөрөө хувь заяагаа жолоодох учиртай зөвхөн өөрөөс хамаарна гэх. Ер нь хүний хувь заяанд амьдралын орчин, нийгмийн байдал хувь хүний ухаан, ухамсар, төрийн бодлого гээд нөлөөлөх зүйл олон байдаг бололтой. Авьяастай чадвартай ухаалаг зарим хүмүүс эмгэнэлт хувь заяагаар төгсөхийг хараад сэтгэл эмзэглэн харамсах явдал зөндөө тааралдсан.

Ялангуяа улс  нийгэмд соёл урлагийн баялаг бүтээж байгаа эрдэмтэн, зохиолч, жүжигчин, найруулагч, зураач, хөгжмийн зохиолч гээд дурсагдах мөнхийн бүтээлтэй авьяастанг онцгойлон хүндлэж хайрлах нь ухаантай төрийн бодлого байх учиртай.

Гэтэл төрөөс тэдний үзэл санааг хүндэлдэггүй харалган бодлогын уршгаар ухаант хүмүүний зовлон ихэсдэгээр эрдэмтэн зохиолч Б.Ринчин, Ш.Гаадамба, яруу найрагч Р.Чойном, Ш.Цог, жүжигчин Н.Цэгмэд, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гээд олон авьяастнуудын зарим нь алдар гуншингаар шагнуулсан хэдий ч сэтгэлийн болон ахуй амьдралын зовлон туулж, хавчигдал, гадуурхалын нөхцөлд санаа амар жаргалтай байж насан өөд болж чадаагүй.

Олон уран бүтээлчид туурвин бүтээх боломж нөхцлөөр гачигдаж хоргодох байр, хоногийн хоолоо бодож, үзэл бодлоор ялгаварлагдаж,  төрийн эсрэг үзэлтэнд тооцогдож байсан ч  цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, ард түмнийхээ төлөө бодол сэтгэлээ зориулж, бүтээсэн бүтээл нь монголын соёлын үнэт өв болон үлдэж бид бүгдийн бахархал болж байгаа нь гайхалтай.

Төрөөс алдар гавьяагаар шагнуулаагүй ч олныхоо дунд хүндлэгдсэн хүний сайхан сэтгэлтэн, үлгэр дууриалал болох сайн үйлстэнг эргэн дурсаж санах нь ард олонд ухаарал төрүүлж, тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг дүгнэн цэгнэх ач холбогдол бидэнд сургамж болдог билээ.

Тиймээс ч ард түмний дунд “сэлэм Тогмид” хэмээн алдаршсан жүжигчин, найруулагч Цэдэндамбын Цэрэндорж энгийн мөртлөө эгэл биш андын 80 насны ой энэ жил тохиож буйг дурсахаар  үзэг цаас нийлүүлэх хүсэлд хөтлөгдсөн юм.

Ц.Цэрэндорж 1934 онд Архангай аймгийн Булган сумын Эрэг мод гэдэг газар хорвоод мэндэлсэн гэдэг. Сургуулийн багш нь  яруу найрагч С.Доржпалам хүүхдүүдийг дуу дуулуулж, бүжиг, акробат хийлгэж байсан учир сургуулиараа урлагт сүрхий байжээ. Хүүхдүүдийн дотроос илүү авьяастай сэргэлэн  байсан нь Цэрэндорж.

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Монголыг урлагийн анхны олимпиадаар  Улаанбаатар хотод ирэх замдаа Доржпалам багшийнхаа өвөр дээр унтаж яваад сэрсэн чинь хачин том бөөрөнхий гэрийн гадаа ирж билээ хэмэээн хуучилж байсан. Тэднийг Загдраднаа, Бааст, Цэрэндулам, Шаравдоо нар ирж, концертод бэлдэж, тоглуулж байсан гэнэ. Сургууль төгссөний дараа Архангай аймагт байхад нь гавьяат жүжигчин Шаравдоо хотод урлагийн сургуульд Цэрэндоржийг оруулж, урлагийн хүн болгожээ.

1958 оны намар Москва хотын бүх Холбоотын киноны дээд сургуульд найруулагчийн ангид суралцахаар сэргэлэн цовоо бор залуу Яауз голын эрэг дэх Городок Москвагийн киноны дээд сургуулийн оюутны байранд чемодан барьсаар ирж анх надтай танилцаж билээ. Дэмидийн Хишигт танимгайран уулзаж “бид хоёр нэг нутгийнх төдийгүй бас урлагийн сургуулийг хамт төгссөн Цагааны Цэгмэдийн хоёр шавь гэв”. Тэр хоёр хоёулаа Архангай аймгийн Булган сумын нутагт төрсөн, сумын сургуульд хамт суралцаж байсан ч Хишигт насаар хэд ах байв.

Цэрэндорж сургуульд байхдаа онц сурдаг, соёл урлагийн аливаа ажилд идэвхтэй оролцдог үлгэр жишээч нэгэн байж. Цэрэндорж  Урлагийн сургуульд орж жүжигчин болоод одооны ардын жүжигчин А.Очирбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү, Д.Хишигт, жүжигчин найруулагч П.Туваанжав, П.Цэндсүрэн гээд авьяас чадвар нь гялалзсан нөхөдтэйгээ хамт уран бүтээлээ эхэлсэн.

Мусатовын зохиол “Үнэт үр” жүжгийн найруулагчаар Ц.Цэгмид, тайз чимэглэлийн зураач Мука Цэнд-Аюуш ажиллаж, Цэрэндорж тэр мундаг авьяастнуудын дундаас цойлж жүжгийн гол дүр Петяд анх тоглосны дараа ихэд үнэлэгдэж, С.Михалковын “Би гэртээ харихсан” жүжгийн Саша Кутузов, Любимовагийн “Цасан хүү”-гийн нигер хүү Дик гээд олон жүжгийн дандаа гол дүрд тоглож, нэр алдар нь мандаж, сонин сэтгүүлд бичигдэж, ард олны анхаарлыг татсан, өнөөгийн залуусын хүслэн болсон “Од” болж байв.

1950-иад оны дунд үед “Залуучуудын үнэн” сонинд театрын залуу жүжигчин Цэрэндорж, дуурийн театрын бүжигчин Цэвээнтэй гэрлэж хурим хийсэн тухай гэрэл зурагтай гарсныг харж,танихгүй мөртлөө над мартагдамгүй сайхан сэтгэл төрж одоо хүртэл дурсагддаг юм. Тэр үед хурим найр хийсэн тухай сонинд төдийлөн бичдэггүй мөн хоёр сайхан хосын зургийг харсан нь Цэрэндоржийн тухай санаанд хадгалагдан мөнхөрсөн анхны мэдээ байсан.

Цэрэндорж зөвхөн театрын жүжигчин байсангүй. Кино зохиолч, найруулагч Цэвээний Зандраа 1954 онд “Шинэ жил” киноны зохиолыг бичиж найруулахдаа гол дүр Пунцагт Цэрэндоржийг сонгож тоглуулснаар кино жүжигчний гарааг эхэлсэн. Тухайн Соёлын яамны бодлогоор эрч хүчтэй, авьяастай залуу уран бүтээлчдийг хөдөөорон нутгийн театрыг хөгжүүлэх, шинэчлэх үйлсэд татан оруулж Ц.Цэрэндорж, П.Цэндсүрэн Ховдын театрт , Д.Хишигт, П.Туваанжав хоёрыг Дорнодын театрт найруулагч, уран сайхны удирдагчаар томилон явуулсан нь уран бүтээлчийн нарийн мэдрэмжийг хөгжүүлэх дадлага туршлагатай болоход их сургууль болсон гэдэг.

1956 оноос төр засаг, Монголын кино урлагийг чухалчлан хөгжүүлэх бодлого явуулж, киноны бүх мэргэжлийн уран бүтээлчдийг гадаад оронд бэлдэх ажлыг тууштай явуулж, хөдөө нэр төртэй ажиллаж байгаа уран бүтээлчдийг урьж явуулахад Цэрэндорж 1958 онд  Москва хотыг зорьсон хүний нэг ээ.

Цэрэндорж эхний жил багш нарынхаа итгэлийг авч, сүрхий л сурч байлаа. Нэг өдөр найруулагчийн ангид сурч байсан киргиз оюутан надтай тааралдсанаа “монгол сайн байна, монгол нөхдийн хийсэн этюд сайн болсон, багш нар магтаад сүйд” гэж хэлээд явахад Хишигт, Цэрэндорж хоёр юу үзүүлж харуулсан юм бол доо гэж бодоод өнгөрсөн. Дараа нь Хишигтээс асуухад:  Хичээл дээр гэнэт этюд хийх болохоор Цэрэндорж бид хоёр хоорондоо ярьж байгаад монгол ахуй амьдрал үзүүлсэн чинь багш нар магтаж байна лээ. Бид хоёр жүжигчин юм чинь тэр зэргийн юм хийлгүй яахав гэж инээж билээ. Хожим тэр тухай С.Герасимов багш номондоо бичсэн байсан.

1959 онд зуны амралтаар бид Цэрэндоржийнд очлоо. Тэднийх 4-р дэлгүүрийн ард хашаанд амьдарч байсан. Дашгалсан бид хоёрыг дайлж цайлаад гадаа зууханд гал түлж мах чанаад нэг өдрийг сайхан өнгөрөөхдөө Цэрэндоржийн хань Цэвээнийг анх харсан. Давхраатай алаг нүдтэй, тэгшхэн цагаан шүдтэй ааш зан эелдэг сайхан хүүхэн. Үнэхээр ийм хоёр сайхан хос, сонинд бичигдэхгүй яахав гэж дурсан бодож байлаа. Аливаа гэр бүлд дандаа аз жаргалаар бялхаж байдаггүй юм билээ. Цэрэндоржийг сурч байхад Цэвээн өвдөж, юун суралцах манатай, сургуулиас чөлөө авч нутгийн зүг яаран явсан.

Хөөрхий хань Цэвээн нь өвдөж зовсоор хорвоог орхисноос хойш Цэрэндоржийн гал цог буурч амьдралын хатууг амсаж, эхээсээ өнчирч хоцорсон хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд хүргэх гэж, ууланд мод хийж, самар жимс түүж, элдэв ажил хийж, сургуулиасаа хэсэг хугацаагаар хөндийрсөн. Цэрэндоржийн зовлон нэгээр дууссангүй. Ээлж дараалан хагацал нөмөрч ээж, ах дүүгээсээ салж, ёстой тамын зовлонд орсон ч  юу ч болоогүй юм шиг зүрхэндээ хатуу нууж явсныг би гадарлана.

Уран бүтээлч хүн тайван сайхан, амьдрал жигдэрсэн үед сайн уран бүтээл гаргана.

Би нэг удаа тэднийд очиж, хууч хөөрөлдөж байтал жаргал зовлонгийн тухай сэдэв рүү орсон юм. Цэрэндорж маань нилээд бодлогоширч, “ямар ч хүнд жаргал зовлон хослох хорвоогийн тавилан байх юм. Би аав, ээж, ах дүү, ханьтайгаа байхдаа жаргал үзсээн. Анхныхаа охиныг тэвэрч аваад яаж баярлав” гэснээ хэсэг нам гүм болсноо үргэлжлүүлж,  “олон кино жүжигт тоглож, үзэгчдийн алга ташилт, магтаалыг сонсож баярлаж байлаа. Тэгээд Москваг зорьж, киноны сургуульд орж байсан гээд л …. ай хөөрхий бас зовлон зүдгүүр их үзсэн. Хань маань тэнгэрт хальж,  5 өнчин хүүхэдтэй үлдэж, их юм бодсон доо. 10 хэдэн хүнээ ойр ойрхон тэнгэрт үдэж явуулсан гээд санаа алдангуут би сэдвийг өөрчилж, уран бүтээлийн тухай асуухад “ Уран бүтээлч хүн тайван сайхан, амьдрал жигдэрсэн үед сайн уран бүтээл гаргана. Миний ихэнх бүтээл санаанд хүрээгүй шүү” гэж ярьсан нь одоо хүртэл элэг эмзэглүүлдэг юм даа.

Цэрэндорж кино найруулагч болох гэсэн зорилгоос хэзээ ч ухараагүй. Түүний бүтээсэн анхны уран сайхны кино “Цэргийн хүү”-д Хөвсгөл нутгийн Наваан 1939 оны дайнд явж амраг хайрт бүсгүй Цолмонтойгоо уулзах тавилан төөрөлдсөн, сэтгэлийн драмт үйл явдалтай кино юм. Уг кинонд биет зүйлээр тодорхой санааг утгачлан гаргах аргыг хэрэглэж, жүжигчдийг үйл хөдлөлөөр биш дотоод сэтгэлийн илэрхийллээр гаргахыг хичээсэн онцлогтой байдаг. Түүний бүтээсэн “Шинэ танилууд”, “Хонины найр”, “Гул Аранжин”, “Багын найз” зэрэг кино нь хөдөө нутгийн амьдрал, малчин хүний сэтгэл санааг баримтат киноны үнэмшлээр энгийн дүрслэлээр шийдсэн байдаг.

Цэрэндорж бол кино найруулахаас илүү бүтээсэн дүрээр ард түмний сэтгэлд хоногшиж танил болсон уран бүтээлч. Хүмүүс ярихдаа “Цэрэндорж жүжигчнээр яваад байсан бол ардын жүжигчин Очирбатаас өмнө ардынх болох байсан. Тэгэхэд ямар ч гавьяа шагналгүй өнгөрсөн.” гэж харамсдаг юм. Үнэхээр ясны сайн жүжигчин байсан нь үнэн. Түүний бүтээсэн “Өглөө” киноны Тогмид, “Аянгат цагийн дууль”-ийн Жанибек, “Бор чоно”-ын Хөх өвгөн, “Мандах нарны туяа”-гийн гамин  дарга гээд тоочоод байвал олон дүр бий.

Зөвхөн Жанибекийн дүрийг авч үзэхэд хүүгээ хайрлах эцгийн ёс, намын гишүүний үүрэг хариуцлагыг бодох ацан шалааг дотоод сэтгэлийн хямралаар гаргасан нь гайхалтай. Жанибек юу дотроо бодож буй байдлыг нүднээс нь царай барайлган суух бодролоос үзэгчид шууд ойлгодог.

Жанибек хүүгээ буудуулж, ямар аймшигт нүглийг амсаж буй эмгэнэлийг Цэрэндоржоос өөр жүжигчин тэгж тоглох  болов уу гэдэгт би эргэлздэг. “Өглөө”  киноны Тогмид Жанибекээс огт өөр, сагсуу ойворгон авиртай мөртлөө шударга шулуун, цагаахан сэтгэлтэй дүр. Энэ дүрийн мөн чанарыг бодитой амилуулж, үзэгчдийн сэтгэлийн угт нь хүргэж чадсан. Ард түмний магтан ярьдаг хайртай дүрийн нэг болсон. Кино дэлгэцэнд гарсны дараа Цэрэндоржийг “сэлэм Тогмид” гэж олон түмэн нэрийдэн алдаршуулсан. Энэ нь Цэрэндоржийг ард түмэн үнэлсэн агуу үнэлэлт юм.

1970-аад оны дундуур зуны халуунд багшийн дээд сургуулийн автобусны буудалд буугаад замын урд байгаа ТҮЦ шиг мухлагаас гоожуурын шар айраг уухаар очтол дунд хирийн настай хоёр  хүн “ Хүүш, сэлэм Тогмид мөн биз дээ” гэхэд Цэрэндорж инээж, пиво авах гэхэд “ танд бид авч өгнө” гээд намайг харснаа “ хамт яваа хүн үү” гээд шар айргаар дайлж, тэд ихэд хөөрөн баясаж билээ.

Үнэхээр Цэрэндорж олон түмний танил  сайн жүжигчин байжээ. Түүний тоглосон дүр бүрийг нарийн нягтлан судалж чадвал Цэрэндоржийн дүр бүтээх ур чадварын гайхамшгийг нээж хойч үед жүжигчний өвөрмөц арга, сэтгэлийн дотоод нөөцийг хэрхэн зарцуулж болдгийг олж мэдэх нь лавтай. Ийм нэгэн алдартай уран бүтээлчийг амьд ахуйд нь огт тоохгүй явсаар алт шиг авьяасыг ашиглаж чадахгүй алдаж билээ.

Цэрэндорж “Газар шороо”, “Зүрхний хилэн”, “Амарсанаа” романаар сайхан кино хийхийг бодож, тэнгэрт халих хүртлээ ярьсан боловч даанч биелэгдээгүй нь харамсалтай.

Авьяастанд атаархаж хор найруулж ялих шалихгүй зүйлээр нэрий нь муутгаж, ард олонд буруу ойлголтыг түгээж, алтан хошуу дээд байгууллагад хүргэж санаагаа амраадаг бэртэгчин  байгаагаас зарим уран бүтээлчид үнэн зөвөөр үнэлэгдэж чадалгүй хорвоогоос халих нь их. Ер нь авьяаслаг уран бүтээлч өөрийгөө үнэлүүлэхээс ичиж, даруу төлөв зан гаргаж явах нь бусдад танигдахгүй явсаар  хор гайг нь амсаж, ноолоход номхон тэмээ амар гэгчээр зальтай хүмүүс гарынхаа үзүүрээр тоглож өнгөрөхийг би харсан, одоо ч хэвээрээ байсаар.

Цэрэндорж орон байргүй, амьдрал сайнгүй байгаа тухайгаа Хотын Гүйцэтгэх захиргаанд өргөдөл бичиж, байртай болохыг олон жил хөөцөлдсөний эцэст Налайхад хуучин байрны нэг өрөө өгч ам таглаж нүд хуурсан юм. Хэрэв Цэрэндорж хэлтэй амтай хэцүү хүн байсан бол Налайхад ганц өрөө байр өгөхгүй л дээ. Манай дарга нар хүнийг алаглан үздэгийн нотолгоо нь энэ. Цэрэндорж маань тэнд нүүж очсон ч амьдрах боломж хэцүү, хотоос  Налайх хооронд аялах төвөгтэй.

Нэг өдөр миний хүү Батбаяжих нүд нь орой дээрээ гарчихсан ирлээ. Юу болсныг лавлахад “Мянган сарнай” киноны гол дүрд Цэрэндорж ах тоглож байгаа гэнэ. Тэгээд тоглосны мөнгө өгөхөөр алдар цолыг нь асуусанд “юу ч байхгүй” гэжээ. “Ааваа, СТА тэмдэг ч байхгүй” гээд шогшров. Үүнээс үүдэж, кино нийгэмлэгээс тодорхойлолт гаргаж, СШУЯ-нд өгөхөд тэд ч гайхаж шууд олгохоор болж харин дагалдах 30000 төгрөгийг өөрсдөө шийд гэв. 

“Мянган сарнай” киноны найруулагч, “Хонгорзул” сонины эрхлэгч, яруу найрагч Я.Бадамсүрэн 30000 төгрөг гаргаж, Цэрэндорж маань 2001 онд Соёлын тэргүүний ажилтан болсон түүхтэй. Цэрэндоржийн уран бүтээл шулуун сайхан замаар яваагүй. Сүүлдээ Цэрэндорж уран бүтээлээ хамгаалж тэмцэхээс төвөгшөөж, “  ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг биз дээ. Дэмий цаг үрээд яахав. Ирээдүйд үнэн зөвөөр тайлагдах байлгүй” гээд л дээрээс өгсөн засварыг хэл амгүй хийж,  уран бүтээлээ сайнаас мууд шилжүүлсэн харамсалтай тохиол бий.

“Талын цуурай” (зохиолч Л.Ванган, С.Дашдооров) кинонд ардын хувьсгалын үйл хэргийн төлөө амь үл хайрлан тэмцсэн Т.Бор хэмээх эмэгтэйн эх оронч гавьяаг өгүүлсэн байдаг. Уг киног хянасан хүмүүс ялих шалихгүй зүйлээр өөлж, элдэв санааг ухаж мөшгөсөөр дүрийн нэвтрэн гарах шугам алдагдаж, өгүүлэмжийн уялдаа холбоогүй болж, 16 удаа засаж,13 бүлэг киног 7 бүлэг болгосныг найруулагч  Цэрэндорж  хүлээх боловч  нидэр  дээрээ  урлагийг ойлгохгүй үзэл сурталд хэт автагдсан дарга нар байсныг үзэгчид маань огт мэдэхгүй муу кино болсон гэж дүгнээд өнгөрөх нь даанч  харамсалтай.

Цэрэндорж ханийн хагацал зовлон үзэж, амьдралын эрээн бараанд нухлагдаж байсан ч, зовлон зүдгүүр тоочиж явдаггүй, сэтгэлийн хаттай, өөрийн гэсэн бардам үзэл бодолтой битүүхэн гунигтай явдаг сайн найз минь байж билээ. Би “Наргиа” хэмээх инээдмийн хошин шог хүүхдийн богино киноны өвгөнд Цэрэндоржийг тоглуулахад   5 кг ууттай ногоог  дааж ядан түүртэж байгааг хараад “уулыг цас, эрийг нас дарна” гэх нь юутай үнэнийг ойлгон харамсаж билээ. Тэр зураг авалт түүний эцсийнх болсон.

Цэрэндорж маань 1000 айлын орчим таван ханатай гэрт амьдарч байхад хоёр ч удаа уулзаж ярихад “хэдэн хүүхдээ орон байранд оруулж чадсангүй дээ” гэж санаа алдаж байсан нь чихэнд сонсогдож, нүдэнд хоногшин үлдэж дээ. Түүнийг нас нөгчихөд дуулсан мэдсэн хүн бараг байхгүй, тэнгэрийн диваажинд нам жим залагдаж цаг хугацаа өнгөрөвч бүтээсэн бүтээл, тоглосон дүр үргэлжлэн амьдарсаар шинэ шинэ үзэгчдийн танил болж тэдний сэтгэлд гэрэл асаасаар байвч түүнийг дурсах хүн байхгүйд би харамсаж яваагаа өчье.

Х.Дамдин /Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн СУИС-ийн РТМС-ийн багш/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!