LOADING

Type to search

Uncategorized

“Ардын Элч”-ийн Дүлзэнгийн дүрээр ард түмэндээ танигдсан Бавуугийн Готов авьяаслаг дуурийн дуучин байсан

Share

Дүлзэн “Чи энд байгаад ердөө амжихгүй. Энэ их хөл үймээнтэй үеэр чамд юу ч тохиолдож болно. Ерөөсөө л манайд оч. Ганц хүүгий чинь ер дараа үзэхгүй. Мэргэд лам нар чи бид хоёрын хувь заяаг эрхбиш мэдсэн байлгүй дээ хө. Ямар ч талаараа сайн гэсэн шүү дээ” гэж Ариунаад их л эелдэгхэн хэлэхэд Ариунаа “Дарьбазар бид хоёрыг ч бас тэгсэн юм шүү. Та ер нь салж өгдөггүй нойтон хамуу шиг жигтэйхэн амьтан байна ш дээ. Дахиад манай хаяагаар бүү үзэгд” гэж дэлгэцнээ харилцан ярих хэсгийг үзсэн хэн ч байсан “Ардын элч” кино хэмээн шууд өгүүлэх нь дамжиггүй. Хошуу захирагч ноёны дуулгавартай зарц Дүлзэнгийн дүрд дуурийн алдарт дуучин Бавуугийн Готов ийн тоглосон нь урвагчийг нүднээ харагдаж, хүний сэтгэлд хадагттал өгүүлсэн нэн донжтой дүр болсон байдаг.

Эх орны хувь заяа хутганы ирэн дээр байсан тэртээ 1921 оны ардын хувьсгалын үйл явдлыг харуулсан дэлгэцийн олон сайхан бүтээл байдаг. Түүний нэг бол төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын зохиол “Ардын элч” кино яах аргагүй мөн юм. Энэхүү киног 1959 онд “Монгол кино” нэгтгэл есөн бүлэгтэйгээр бүтээжээ. “Ардын элч” кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд Монгол киног төлөөлөн оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн эмэгтэй шилдэг дүрийг бүтээсний төлөө мөнгөн медаль хүртэж байв. Уг кино дэлхийд алдартай Карлварын зэрэг кино наадмуудад ч оролцож монгол киноны нэр хүндийг өргөж байсан түүхтэй. Өнгөрөгч XX зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр ч шалгарч байсан.

Одоо ч манай үзэгчдийн үзэх дуртай кино байсаар байгаа “Ардын элч”-ийн ерөнхий найруулагчаар төрийн шагналт Д.Жигжид, зураглаачаар О.Уртнасан, зураачаар Л.Махвал, хөгжмийн зохиолчоор төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж нар ажилласан байдаг нь аргагүй л алтан үеийнхний бүтээл дээ гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Гол дүрийн Ариунаад гэхэд жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн, Дарьбазарт нэрт жүжигчин Жамбалын Занабазар, Сүхбаатар жанжинд Зундуйн Галсанданзан, Дүлзэнд Бавуугийн Готов, Тулга хүүд Ц.Доржсүрэн нар тоглосон байдаг.

Олны хүч хөдөлмөр, авьяас билгээр бүтсэн энэ киноны жүжигчдэд үзэгчид өнөө ч хайртай байдаг. Тиймдээ ч хошин шогийн жүжигчид хүртэл “Ардын элч” бүрэн хэмжээний хошин шог дуулалт жүжиг тоглож байсан нь дэлгэцэнд хэдийнэ гарчээ.

Тэдгээр авьяаслаг жүжигчдийн нэг бол Дуурийн театрын авьяаслаг дуучин, Дүлзэнгийн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрч, ард түмний сэтгэлд үлдсэн жүжигчин Бавуугийн Готов юм. “Ардын элч”-ийн Дарьбазар, Дүлзэн нар бүтээсэн дүрүүдээрээ бол андалж нөхөрлөх нь байтугай аймаг хонхорт ч багтахын аргагүй атаатан дайснууд. Дүлзэнгийн атгаг муу санаа, Ариунаад тачаасан амьтанлаг үйлдэл зэвүүн дээ гэх энд илүүц тайлбар болно л доо. Үзэгчид бараг л цээжээр мэдэх хойно. Харин амьдрал дээр тэд зүү ч орох зайгүй амин дотно найзууд явсан гэдэг юм билээ. Нэг нутаг усаар овоглож, бас нэг байгууллагад данстай явсан тэд жаргал зовлонгоо хуваалцсан салшгүй андууд явсан ажээ. Дарьбазарт тоглосон жүжигчин Ж.Занабазар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1925 онд төрсөн хүн байж. Тэгэхээр тэр хоёр хоймор нутгийн хийморь далласан үе тэнгийнхэн байсан ажээ.

Өнгөрөгч зууны гуч, дөчөөд оны “Бөмбөгөр ногоон”-ы сайхан хүүхнүүдийн нэг явсан Гүндэгмаагийн Дулмаа “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрээр олны танил болжээ. Нэгэн үе ардын жүжигчин Цэрэндэндэв Юндэнд, Дулмаа Нансалмаад тоглодог байсныг тавь, жараад оныхон дурсан ярьдаг. Сүүлдээ Дулмаа Хоролмаад голдуу тоглох болсон бөгөөд “Хоролмаа бол эсрэг дүр. Гэхдээ тэр их хайрандаа хязгааргүй үнэнч халхын сайхан бүсгүйн дүр юм. Тиймээс би Хоролмааг жигшүүлэх талаас нь биш ухаалаг, уянгалаг талаас нь гаргахыг зорьж байлаа. Тэгээд ч миний Хоролмаад үзэгчид сайн. Би Дагванамдал, Дамиран нарын Юндэнтэй, Бавуугийн Готов гэсэн алдарт Балгантай дуулж явлаа” гэж дурссан байдаг бол Хоролмаагийн дүрд гучин таван жил тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэцэгээ “Б.Готов гуай хачин гоё Балган. Яагаав, “Ардын элч”-ийн Дvлзэнд тоглодог” гэж дуу алдан тодосгосон байдаг.

Монголын их зохиолч Лодонгийн Түдэвийн зохиол “Зэрэг нэмэхийн өмнө” уран сайхны киноны Долдойгийн дүрээр олон түмнээ алдаршсан ардын жүжигчин Данзаншаравын Жамьянжав нэгэнтээ “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачны дүрийг чадварлаг бүтээдэг болсон талаараа ярихдаа “Балганы дүрд ардын жүжигчин Пvрэвдорж, Д.Жаргалсайхан, Дүлзэнд тоглодог Б.Готов, бид дөрвийг тоглуулдаг байлаа. Бодоод байсан чинь би ер нь Балган биш юм аа. Өнөө гурав маань болоод байдаг, би өөрийгөө голоод байдаг. Над шиг гулзгар өндөр, туранхай амьтан чинь ер нь яаж Балган харагдах вэ дээ. Бодоод байсан чинь худалдаачны дүр л тохирох юм шиг санагдаад өөрийнхөө сонголтоор худалдаачин болсон минь тэр дээ” гэж дурссан байдаг.

Тэгвэл Монгол Улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ “Театрын тайзнаа хамгийн анх амилуулсан дүр маань “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дагуул. Мэргэжлийнхэнд анх үнэлэгдсэн дүр бол Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийн Галдан гэж ойворгон сагсуу ноёны дүр байлаа. Дуурийн гоцлол дуучны мэргэжил бол их онцлог л доо. Хоолой заачихдаг. Хэрэв тухайн дуурийг баритон хоолойд зориулаад биччихсэн бол тийм хоолойтой хүн л дуулахаас биш бусад нь барахгүй шүү дээ. Манай дуурийнхан үүнийг “ачаа үүрэх” гэж ярьдаг юм. Дуучид гэдэг үе үеэрээ төрдөг. Тэр дуучид үе үедээ урлагаа авч явж дараагийн үедээ хvлээлгэж өгөхийг хэлж байгаа хэрэг. Намайг театрт ирэхэд О.Лувсандагва, Бавуугийн Готов, Н.Дагванамдал гуай гээд л олон сайхан баритонууд байлаа. Тэд бол Монголын сонгодог урлагийг нуруун дээрээ үүрч явсан агуу уран бүтээлчид” гэж дүгнэсэн байдаг.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Ардын элч” уран сайхны киноны Дүлзэнгийн дүрүүдээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон нэрт жүжигчин Б.Готовын талаар “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр ард түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав дурсахдаа “Гарьд магнай” киноны Равсал панзын пробонд “Ардын элч”-ийн Дүлзэн-Б.Готов ах хүртэл орсон. Хэрвээ найруулагч маань түүнийг сонгосон бол намайг хэн ч Равсал панз гэж танихгүй л байх байсан” хэмээсэн байдаг нь цаанаа учиртай үг билээ. “Урлаг бол агуу их золиос” гэж Японы их зохиолч Рюноскэ Акутагава бичсэн байдаг. Авьяаслаг жүжигчдийн амьдрал ахуйг заримдаа бодохоор “Энэ юутай гашуун үнэн үг билээ” хэмээлтэй санагддаг. Гэвч, Бавуугийн Готов хэмээх авьяас билэг төгөлдөр нэгэн хүний хорвоод аж төрөөд буцахдаа бүтээсэн дүрээрээ нэрлэгдэх хувьтай, хойч үедээ магтагдах дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм.

Эх сурвалж: Өдрийн Сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!