LOADING

Type to search

Uncategorized

Ц.Хүрэлсүх: Жанжны эхнэрийг би эмээ гэж дууддаг байсан

Share

Д.Сүхбаатар жанжны удам судар, амьдрал ахуйтай нь холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Эх орныхоо төлөө цогтой тэмцэгч түүнийг хятад хэмээсэнд зарим иргэд бухимдалтай байгаа аж. Түүхт жанжны удам угсааг залгамжлан яваа хамаатнууд нь Сүхбаатар аймаг болон нийслэлд аж төрж байна. Тэдний нэг болох Ц.Хүрэлсүхтэй ярилцлаа. Тэрбээр “Цагаан дээлт” Дамдины эхнэр Хандын  төрөл юм.

– Сүүлийн үед Д.Сүхбаатар жанжинтай холбоотой баримтат кино гарч иргэдийг гайхшрууллаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
– Монголын ард түмнийг төөрөгдүүлж түүхэн үнэнийг гуйвуулж байгаад харамсч байна. Удахгүй ойн баярууд нь болох гэж байхад нэр хүндэд нь халдаж байгаа нь эвгүй юм. Сүхбаатарыг мөрийтэй тоглоомчин, өртэй байсан мэтээр ярьсан. Хүнд өртэй байх нь битгий хэл орон гэргүй нэгэн байсан. Тухайн үеийн Монгол ардын намын хорооноос хашаа байшин, гэр худалдаж авч өгсөн түүхтэй. Тэр ч байтугай ЗХУ-д уулзалтад оролцох болоод зардал дутахаар нь гэрээ зараад явж байсан хүн гэж эмээ ярьдаг байсан. Тэр үед нь эмээ хүүтэйгээ айлын амбаарт үлдсэн байдаг.

– Эмээ гэж хэнийг хэлж байгаа билээ?
– Сүхбаатарын эхнэр Янжмааг би эмээ гэдэг байсан юм. Эмээгээ амьд байхад би цэрэгт байсан. Амьд сэрүүн байхдаа олон зүйлийг ярьж өгсөн. Эмээ маань Партизаны комиссын даргаар ажиллаж байсан. Одоогийнхоор бол Ахмадын хорооны дарга гэсэн үг. Хиагтад Монгол, орос цэргийн хувцасны оёдлын  үйлдвэрийг байгуулсан байдаг.

– Сүх жанжныг Өвөрмонгол гаралтай гэсэн байгаа. Түүхэндээ юу гэж бичигдсэн байдаг юм бэ?
– Сүхбаатарын удам угсаа бүгд халх хүмүүс. Түүхэнд Халхын Сэцэнхан аймгийн Ест бэйсийн Улс цуцлагч гүнгийн хошуу нутаг Хайсуу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх хочтой Төгсийнд нэгэн хөвгүүн төрснийг Элбэг хэмээж. Элбэгийн хөвгүүн Төгөө нь Танзан, Дамдинг төрүүлсэн. Олонд “Цагаан дээлт” Дамдингийн аав Төгөө нь Сэцэнхан аймгийн Ест бэйсийн хошууны хүн байсан. Одоогийнхоор болСүхбаатар аймгийнСүхбаатар сум гэсэн үг. Харин эх талаас нь яривал Д.Сүхбаатарын ээж Ханд нь Шүхрийн долоон хүүхний хамгийн бага нь юм. Түүхэнд бичигдснээр Хандыг Ханджав гэж нэрлэдэг байсан юм билээ. Манжийн дарангуйллын үед “Цагаан дээлт” Дамдин Богдын хүрээ рүү нүүж орж ирсэн түүхтэй. Тэгээд Хандтай гэр бүл болсон байдаг. Түүхэнд нутгаасаа оргон гарсан гэж бичигдсэн. Сүхбаатар аймаг Ханхэнтийгээр дамжин хотод ирсэн юм билээ. Хотод ирэхдээ одоо-гийн нэрээр Амгалан, тэр үеийнхээр Амгаланбаатар хотод  суурьших болсон.

– Тухайн үед “Цагаан дээлт” Дамдин харц язгууртан хүн байсан гэдэг. Баян айлд хүргэн орно гэдэг амаргүй байсан учраас нутаг сэлгэсэн байх нь ээ?
– Харц язгууртанд охиноо өгөхгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэгээд Хандтай хамт оргож өөрийн амьдралыг зохиосон гэдэг. Тухайн үед Амгаланд ирээд ядуу амьдарч байсан. Амгаланд байдаг Дарь-Эхийн сүмд сахиул хийдэг байсан гэлцдэг. Мөн Дамдин 15-ны цагдаа хийж байсан юм билээ. Энэ үед нь Сүхбаатар мэндэлсэн. Ерөнхийдөө Сүхбаатарын өвөг эцэг нь Чингисийн удмын хүмүүс байсан гэдэг юм. Түүхэнд Батмөнх даян хааны арваннэгдүгээр үе гэж бичигдсэн байгаа.

– Манжийн дарангуйллын үед амьдарч байсан болохоор хятадтай нэр холбосон юм болов уу. Сүхбаатар аймгийн нэрийг албан ёсоор хэзээ өгсөн юм бэ?
– Манжийн дарлалд 200 гаруй жил байсан гэдэг. Манайд чинь хоёр том амбан байсан. Улиастай, Ховдын амбан гээд. Тэр үед л Сүхбаатар консулын дэнжид амьдарч байсан юм билээ. Сүхбаатар аймаг Хятадтай хамгийн ойр хиллэдэг. 1943 онд Сүхбаатар аймгийг байгуулсан. Газар нутгийнхаа хувьд Монголын нутаг дэвсгэр юм. Сүхбаатар аймгийн нутаг Чингисийн удмын хүмүүс амьдарч байсан түүхтэй. Сүх жанжныг Өвөрмонгол, өвөрлөгч, хятадаас гарсан гээд янз бүрээр яриад байгаа нь түүх гуйвуулсан хэрэг. Сүхбаатарын түүхийг хүн бүхэн мэддэг. Жанжны эхнэр Н.Янжмаа хүртэл хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцон зүтгэдэг байсан. Сүхбаатар эхнэр Н.Янжмаатайгаа 1920 онд суусан байдаг. Айл саахалт байсан тэд бие биедээ сэтгэл алдарч гэр бүл болсон гэлцдэг. Тэгээд ганц хүү төрүүлсэн нь Галсан юм. Сүхбаатар нь МАН-ыг байгуулагч байсан. Янжмаа Сүхбаатарын үйл хэрэгт тусалдаг байсан юм. Бодоо, Данзан, Лосол, Догсом гээд түүхэн хүмүүстэй хамтран ажиллаж, ихэвчлэн Сүхбаатар өөрөө цэргүүдээ дагуулан байлддаг байсан юм билээ.

– Жанжны тухай кино нэлээд бий. Кинон дээр гардаг дүр бодит Сүхбаатартай хэр ойр байсан бол?
– Кино бүтээхдээ түүхийн баримтыг үндэслэн хийсэн. Архиваас авсан баримтад Сүхбаатарын бага нас, ажил үйлс гээд бүгдийг дүрслэн үзүүлсэн байдаг. Тухайлбал, Сүхийг багад нь консулын дэнж дээр амьдардаг. Уулнаас мод бэлддэг, орос хэл сурч оросуудаас хар талх авч иддэг байсан гээд түүхэн баримтууд бий. Ардын журамт цэргийн анхны жанжин тэр хүрээнд лугшин байсан хятадын гамин цэргийг хөөсөн түүхтэй. Тухайн үед хийсэн үйлсийг нь үнэлж бүх цэргийн жанжнаар томилж байсан.

– Түүхэндээ Сүхбаатарын гэр бүлийнхэн цэргийн талын хүмүүс байсан юм билээ. Жанжны ганц хүү бас армид олон жил ажилласан гэдэг?
– Ганц хүү Галсан нь гурван дайнд оролдож байсан хүн. Түүхээс харвал Сүхбаатарын удам угсаатнууд бүгд цэргийн хүмүүс байсан. Бүгд хувьсгалын төлөө цогтой тэмцэгчид байсан. Батлан хамгаалах яаманд насаараа ажилласан. Би хүртэл цэргийн хүн. Манай хоёр хүүхэд бас цэргийн хүмүүс байдаг.

– Түүхийг гуйвуулах нь их том гэмт хэрэг гэдэг?
– Тэгэлгүй яах вэ. Түүхийг өөрчилнө гэдэг утгагүй хэрэг. Хэний ятгалгаар яагаад Сүхбаатарын нэр хүндэд халдаж байгааг мэдэхгүй юм. Дэндүү дэгс юм ярихаар нь ардчиллыг үгүйсгэдэг арчаагүй амьтад гэж ойлгодог. Миний хувьд ардчиллыг үнэлдэг.

– Одоогийн байдлаар жанжны удам угсааны хэчнээн хүн байгаа вэ?
– Байлгүй яах вэ. Миний ээжийн . хамаатнууд бий. Жанжинтай би ээж талаасаа хамаатан. Улсын начин Чулуун миний ээжийн дүүгээс гарсан хүүхэд нь юм. Сүхбаатар аймагт жанжны удам угсааны олон хүн байдаг. Улаанбаатар хотод Галсан ахын төрөл төрөгсөд ч их. Галсан ахын хүүхдүүд гээд яривал олон бий.

– Жанжны талаар буруу ташаа мэдээлэл гарснаас үүдэлтэй Сүхбаатар аймгийн зарим иргэн нутгийнхаа нэрийг өөрчлөх тухай яриа гаргасан байсан?
– Сүхбаатар аймаг газар нутгийн тогтоц гарал үүслээрээ зах зэлүүд нутаг байсан. Тэр хэсэгт эзэн хааны сүрэг хариулагч гээд Дарьганга үндэстэн байсан. Одоо ч эзгүй газар зөндөө бий. Байгалийн тогтоцын хувьд үзүүр захын нутаг юм. Аймгийг байгуулахдаа Дарьгангын зургаан сум, Дорнодоос дөрвөн сум, Ханхэнтийгээс таван сумыг хамруулсан байдаг. Сүхбаатарын гэргийн Янжмаа Сүхбаатар суманд очиж гэр барьснаар албан ёсоор Сүхбаатар аймаг гэж нэрлэгдэх болсон түүхтэй. Манай нутгийг Орос, Хятад авна гээд асуудал их байсан юм билээ.

– 1950 оны үед Сүхбаатарын бунханг байрлуулахдаа өөр хүний яс тавьсан гэх яриа тархаж байсан. Энэ талаар ярихгүй юу?
– Тэр худлаа. Сүхбаатарын шарилыг дөрвөн удаа хөдөлгөсөн байдаг. Нас барахад нь Хужирбуланд   оршуулсан гэдэг. Сүүлд нь булшийг зөөвөрлөж Алтан-Өлгийд авчирсан. Тэнд чинь хятадын оршуулга ихтэй газар. Нарийн яривал хятад хүн оршуулаагүй газар гэж байхгүй. Намайг цэргийн ангид ажиллаж байхад хятад хүний оршуулгагүй газар гэж байдаггүй л байсан. Алтан-Өлгийд бунхан бариулах явцыг мэднэ. Манай эмээгийн шарил ч Алтан-Өлгийд байдаг.

– Галсанг Сүхбаатарын хүүхэд биш гэж ярьдаг?
– Энэ бол түүхийг гуйвуулсан хэрэг л дээ. Ингэж ярьдаг нь худлаа.

– Сүхбаатарын нэр хүндийг гутааж байгаа нь аль нэг намын явуулга байж болох уу?
– Магадгүй л юм. Түүхэн дээрх үнэн бодит зүйлийг гуйвуулах нь хууль бус зүйл. Зарим хүмүүсийн ярьж буйгаар хуучин Хувьсгалт намын дээд сургуульд сурч байсан хүмүүс үүнд холбоотой байж магадгүй гэсэн. Энэ худал хуурмаг мэдээллийг ганц би үгүйсгээд байгаа юм биш. Бүхэл бүтэн Сүхбаатар аймаг, Монголын ард түмэн эсэргүүцэж байна. Хэсэг бүлэг хүмүүс түүхэнд бичигдсэн өөн дээр үндэслэн гуйвуулсан байх үндэслэлтэй.

– Цаашдаа яах бодолтой байгаа вэ?
– Түүхийг гуйвуулж кино хийсэн хүмүүсийг шүүхэд өгнө. Их жанжны нэр төрийг сэргээх талаар манай намын удирдлагууд ажиллаж байгаа. Түүхэнд мөнхлөгдсөн энэ хүнээс уучлалт гуйх ёстой.

А.Лхагважав “Нийгмийн толь”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!