LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

“Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг АНХААР”

Share

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн чих, хамар, хоолойн ахлах зэргийн эмч Ц.Цагаандарь “урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо” сэдвээр мэдээлэл өглөө.

– Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдах иргэд юуг анхаарах вэ?

– Шинжилгээнд хамрагдах иргэд зарим нэг бэлтгэлийг хангах шаардлагатай. Тухайлбал, цусны болон биохимийн шинжилгээ, сахар, тэмбүү, ХДХВ, гепатит В,С-ийн шинжилгээ өгөхдөө долоо хоногийн өмнөөс өөх тостой хоол идэхгүй, өөх тос бууруулах эм хэрэглэхгүй байна. Учир нь энэ нь шинжилгээний үр дүн зөв гаргахад нөлөөлнө.

Мөн шинжилгээ өгөхөөс гурав хоногийн өмнө витамин С буюу аскорбины хүчлийг хэрэглэхгүй байх бөгөөд шинжилгээ өгөхөөс нэг хоногийн өмнө шар лууван, жүрж, өөх тос, халуун ногоо ихтэй хоол идэхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхгүй, биеийн хүчний хөдөлмөрийг хэтрүүлэхгүй, эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоогоод шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Зүү төөнүүр тавиулах, рентген шинжилгээг хийлгэхгүй байх нь зүйтэй. Онц шаардлагагүй бол эм уухгүйгээр шинжилгээ өгвөл үр дүн нь зөв гарна.

– 45-аас дээш насныханд өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг хийж байгаа. Энэ үед юуг анхаарвал зохистой вэ?

– Үүнд нилээн их бэлтгэл хэрэгтэй. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг хийхгүй байх тохиолдол бий. Тухайлбал, сарын тэмдэг ирсэн, шамбарамтай болон өтгөнд ямар нэг хэмжээгээр цус гарч байгаа үед энэ шинжилгээг хийхгүй. Мөн цустай шээж байгаа, согтууруулах ундаа хэрэглэсэн, стеройд бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэсэн үед болохгүй. Харин долоо хоногийн дараагаас шинжилгээгээ хийлгэвэл илүү үр дүнтэй байна.

Шинжилгээ өгөх иргэд гурав хоногийн өмнө амьтны гаралтай хоол хүнс, өнгө оруулагчтай хүнс, ногоон өнгийн хүнсний ногоо /цэцэгт байцаа, өргөст хэмх, бууцай, шанцай/ хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн гэдэс, шулуун гэдсийг дурандуулаагүй байх ёстой. Дараагийн нэг анхаарах зүйл нь төмөр агуулсан болон С витаминыг уухгүй. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр шулуун гэдсэнд бургуй тавихгүй, туулгах эм хэрэглээгүй байна. Мөн шулуун гэдсээр лаа зэрэг эмийн бодисыг хэрэглэлгүйгээр энэ шинжилгээг өгөх нь зохистой юм.

– Шээсний ерөнхий шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

– Эмэгтэйчүүдийн хувьд, сарын тэмдэг ирсэн үедээ шээсний шинжилгээ өгч болохгүй. Сарын тэмдэг ирээд дууссанаас хойш 5 хоногийн дараагаас шинжилгээгээ өгөх нь зүйтэй.

Харин шээсний шинжилгээ өгөх бол гурав хоногийн өмнөөс биеийн хүчний ажлыг багасгаж, дасгал хийдэг хүмүүс дасгалаа түр зогсооно. Шинжилгээ өгөхөөс нэг хоногийн өмнө ямар нэг будагч бодис орсон хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Шээсийг зориулалтын саванд авах бөгөөд авсны дараа сэгсрэхгүй, хөдөлгөхгүй, хөлдөөхгүй байна. Энэ нь шинжилгээний хариу үнэн зөв гарахад нөлөөлнө.

– Улаан хоолой, ходоодоо дурандуулахдаа ямар бэлтгэлийг хангах вэ?

– Улаан хоолой, ходоод дурандуулахын өмнөх өдөр 19 цагаас хойш хоол идэхгүй. Хоол удаан шингэдэг, шингэц муутай бол 14-15 цагийн орчмоос хоолоо сойх нь зүйтэй байдаг. Шинжилгээ өгөхдөө өлөн ирэх бөгөөд ус уухгүй. Мөн цагаан идээ идэхгүй, тамхи татахгүй, бохь зажлахгүй, эм уухгүй.

– Умайн хүзүүн эсийн шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

– Энэ нь 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд гурван жилд нэг удаа хийгддэг шинжилгээ юм. Шинжилгээг хийлгэхдээ долоо хоногийн өмнөөс үтрээгээр лаа, бусад эмийн бодисыг хийхгүй. Хоёр хоногийн өмнөөс угаалга хийж, үнэр дарах цацлага хэрэглэхгүй бөгөөд бэлгийн харьцаанд орохгүй байх нь зүйтэй. Сарын тэмдгийн үед шинжилгээг өгч болохгүй бөгөөд дууссанаас тав хоногийн дараа шинжилгээ өгөх боломжтой.

– Хэвлийн хэт авиан шинжилгээ хийлгэх иргэд ямар бэлтгэх хангах вэ?

– Хэвлийн хэт авиан шинжилгээгээр элэг, цөс, нойр булчирхай, бөөр, дэлүү, түрүү булчирхайн үйл ажиллагааг үздэг. Энэ шинжилгээг хийлгэхээс гурав хоногийн өмнө хэвлийд хий их үүсгэх хоол хүнсийг багасгана. Оношилгоог хийлгэх өдрөө өлөн байх бөгөөд давсаг шээстэй байна. Мөн дурангийн шинжилгээг хийлгээгүй байх хэрэгтэй. Учир нь энэ үед хий их үүсдэг

– Зүрхний цахилгаан бичлэг, бамбайн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?

– Бамбайн шинжилгээ өгөхөд онцгойлон анхаарах зүйл харьцангуй гайгүй. Харин зүрхээ үзүүлэх гэж байгаа хүмүүс маань аль болох тайван байна. Мөн зүрхний үйл ажиллагааг түргэсгэдэг кофе болон согтууруулах ундааг хэрэглэхгүй.

Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахаар болсон билээ. Ингэхдээ иргэд насны ангиллаар дараах багцын шинжилгээнд хамрагдах боломжтой юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!