LOADING

Type to search

ТҮҮХ

“Засагт ханы цахиур Төмөр гэж сонссон уу?”

Share

Зууны манлай роман Ч. Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ыг  уншаагүй хүн ховор биз ээ.  Романаас сэдэвлэн бүтээсэн “Тунгалаг тамир” киноны цахиур Төмөрийн дүрд Т.Сандуйжав гэх няглан бодогч мэргэжилтэй хүн тоглож, Нямын Дагийранз гуай дуу оруулсныг хэн бүхэн мэднэ. Цахиур Төмөр морин дэл дээр давхиж явахдаа үргэлж “Эрдэнэ засгийн унага”-аа дуулж явах… Хаанаас нь ч харсан Халхын сайн эр л харагддаг юм.

Соёлын тэргүүнйи ажилтан Тогтохын Сандуйжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. Бага сургуулиа нутагтаа дүүргээд Худалдааны техникумийг 17 насандаа түүхий эдийн засгийн мэргэжлээр төгсөж, Могод сумаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1956 оноос эхлэн Налайхын уурхайд тасралтгүй 38 жил ажиллахдаа тооцооны нягтлан бодогч, орлогч нябо, ерөнхий нябо, хэлтсийн даргаар тус тус дэвшин ажиллаж байжээ. Түүний ажил амьдралын гараа Налайх дүүрэгтэй салш­гүй холбоотой.

Гэргий Г.Чимэгдэлгэр нь Налайх дүүргийн уугуул иргэн. Тэд 1958 онд гэр бүлж, дараа жил нь том хүүгээ өлгийдөн авч, дөрвөн хүү, хоёр охинтой өнөр гэр бүл болсон. Түүний том охин аавынхаа мэр­гэжлийг өвлөж, нягт­­лан бодогч болж.

20-р зууны Монголын кино урлагт өөрийн дахин давтагдашгүй дүр төрхөө бүтээж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дүрүүдийг амлуулан дэлгэцнээ мөнхлөн үлдээсэн. Тухайлбал “Тунгалаг Тамир” киноны Засагт ханы цахиур Төмөрийн дүр.

Тэрбээр Тунгалаг Тамир кинонд тоглох болсон тухайгаа “…Тэр чинь 1969 он юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпа­лам, Ч.Лодойдамба гуайн гэргий Ардын жүжигчин Ч.Дол­горсүрэн, зураглаач Баттулга нар манай Налайх дүүрэгт ирж сонгууль авч байгаа бай­далтай танилцсан. Гол нь Ца­хиур Төмөрөө л хайгаад бай­сан хэрэг. Өмнө нь Х.Баян­мөнх аварга тэргүүтэй олон хүнийг шалгаад бүгд тэнцээ­гүй юм билээ. Сонгуулийн цаг бараг шувтрах үед би ажлаа тараад санал өгөхөөр очлоо. Тэгтэл энд, тэндээс зураг аваад инээлгэж, уурлуулж, дуулуулж үзэх гэж оролдов. Надад мэдэж байгаа юм алга. Огт танихгүй нэг хүн “Чи улсаас 25 төгрөг идсэнээ мартаагүй биз” гэв. Гэнэт уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл өнөө хүмүүс чинь боллоо, олчихлоо гээд баярлалдаад явчихав. Байгаа байдал хий­гээд уурласан минь өнөө Цахиур Төмөр дүрээрээ байж. Ингэж л Засагт ханы сайн эрийн дүрийг бүтээсэн түүхтэй. Төд удалгүй хот орж Итгэлт баян, Эрдэнэ ах, дүү Хонгортойгоо танилцаад Ар­хан­гай аймгийн Их Тамир сум руу зураг авалтад гарлаа. Аж­лын зав зай, мөн урлаг уран сайханд тааруухан боло­хоор дургүйхэн л байлаа. Гэвч “Чи минь хичээж л үзээрэй. Энэ олон хүн чамд итгэж бай­на. Олны итгэлийг алдалгүй тэр сайхан хүний дүрийг дэлгэцэнд бүтээж чадах юм бол хожим үр хүүхдэд чинь хүр­тэл хэрэгтэй шүү” гэж аминч­лан захисан ханийн минь үг санаанд ороод бол­доггүй” хэмээн ярилцлага өгчээ.

Ингэж л тэр кино уран бүтээлчдийн эрлийн эзэн болж, Засагт ханы цахиур Төмөрийг дэлгэцэнд амилуулсан түүхтэй. 2000 онд Цахиур Төмөрийн дүрийг чад­маг гаргасан хэмээн үнэлж Ч.Лодойдамбын нэрэм­жит шагналыг хүртээсэн юм.

“Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн МУГЖ Ш.Дэлгэржаргал “Хамгийн анх натурт гарлаа. Натурт очсон хойно Цахиур Төмөр буюу Т.Сандуйжав бид хоёрыг Ч.Лодойдамба гуай харчихаад Төмөрийг яасан сайхан бие хаатай залуу вэ гээд их ойшоож, яг тохирох юм байна гэж үзсэн…” хэмээжээ.  

 Ч.Лодойдамба гуайн гэргий Ч. Долгорсүрэн “Цахиур Төмөрөө би өөрөө олсон юм” хэмээн Сандуйжавыг ихэд хайрладаг байж.

“Ширтэй хэвтэж байгаа энэ хvнийг цахиур Төмөр гэдэг. Өнгөрсөн намар Луу Гvний ноён сvргээс тасалж хөөгөөд гэнэт vерлэсэн Тамирын голд мориноосоо салж vхэхийн даваан дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгvй. Хэд хэдэн хvн таньж гэрчлэхэд нь «Та андууран нvгэл хурааж байна» гээд хэв нэг инээмсэглэж байжээ…” гэх зохиолын энэ хэсгийг санаж байгаа байх. Тэгвэл яг энэ ширлүүлж эргэн дээрээс усанд унадаг хэсгийг зургийг авах гэж есөн удаа дахисан бөгөөд Тамирын голын түргэн урсгалд ширлүү­лээс­тэйгээ хөвж бусдыгаа сандар­гахад Ч. Долгорсүрэн гуай ихэд айн сандарч уйлж байсан гэдэг.

Мэргэжлийн жүжигчин биш ч кино дэлгэцнээ хэд хэдэн дүрийг бүтээжээ.

1970-73 он “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр

1974 он “Нэг ангийн хоёр” Ундрахын аав

1977 “Зуслангийн найзууд” Аюуш

1977 онд “Хөх ногооны униар” нэгдлийн дарга

1979 он “Үүрийн цолмон”

1983 он “Гарьд магнай” киноны Сандаг аварга

Эдгээр дүрүүдээсээ онцолж “Гарьд магнай” ки­ноны Сандаг аваргын дүр аятайхан санагддаг хэмээсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!