LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

П.Баярцэцэг: Ковидоос шалтгаалан сонсгол муудах, чих шуугих, залгиурын архаг үрэвсэл илүү нэмэгдсэн

Share

Мягмарсүрэн.Б

Завхан/МОНЦАМЭ/

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн чих, хамар хоолойн тасгаар үйлчлүүлэгчдэд сонсгол хамгаалах, чихний олон талын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг сард нэг удаа өгч байна. Тус тасгаар өдөртөө 25-30 иргэн үйлчлүүлдэг бөгөөд цар тахлын үед чихний үрэвслээр өвдсөн иргэдийн тоо өсөж байгааг мэдээлэв. Энэ талаарх тодруулгыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн чих, хамар хоолойн их эмч П.Баярцэцэгээс авлаа.

-Коронавирусний халдвараас болж чих, хамар хоолойн үрэвсэл ихэссэн гэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ковидоос шалтгаалан сонсгол муудах, чих шуугих, залгиурын архаг үрэвсэл илүү нэмэгдсэн. Ялангуяа коронавирусний халдвар авч эдгэрсний дараа иргэд дархлаагаа дэмжих эмчилгээг тогтмол хийлгэхгүй бол дээрх өвчлөлүүд буурахгүй. Мөн гүйлсэн булчирхайн үрэвслийн өвчлөл их байна. Манай амбулаторийн тасгаар гэхэд өдөртөө 30 орчим иргэн үзүүлдэг. Эдгээрийн ихэнх нь дархлаа суларч муудсанаас чих үрэвссэн эмгэгтэй үйлчлүүлэгчид байна. Тиймээс коронавирусний халдвар авч эдгэсэн ч гэлээ дархлаагаа дэмжих, хоргүйжүүлэх озоны эмчилгээг иргэдэд зөвлөж байна.

Ер нь чих, хамар, хоолойн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ төрлийн өвчлөлд насны хязгаар байдаггүй. Бага насны хүүхдэд ихэнхдээ хамар, хоолойн өвчлөл их байдаг бол ахмад насныхан дүлийрлээс болж ирдэг. Харин дунд насныхны хувьд дархлаа суларснаас дунд чих үрэвссэн, чихээ мод, төмрөөр ухах үүнээс болж үрэвсүүлэх, хатиг гарах гэх мэтчилэн эмгэг давамгайлсан байна.

-Чихний булагтай гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Яагаад чихнээс булаг гоождог юм бэ?

-Чихнээс булаг гарна гэдэг нь дунд чихний үрэвслийн улмаас чихний хэнгэрэг хальс цоорч хэнгэргэн хөндийд хуримтлагдсан идээ гадагш чихний сувгаар гарч байна гэсэн үг. Энэ өвчин нь ямар ч зовуурьгүй юм шиг боловч хэнгэргэн хальс цоорох үед их өвдөлт өгдөг. Хүүхдийн чихнээс шингэн зүйл гоожиход хэвийн зүйл мэтээр ойлгодог нь маш буруу. Булаг бол дунд чихний үрэвсэл гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Дунд чих үрэвссэнээс болж чихнээс янз бүрийн шингэн зүйл гардаг. Идээ, цус, шингэн ус ч гарч болно.

-Шингэн зүйл гоожихоос гадна ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Яаж урьдчилан сэргийлэх вэ? 

-Чихнээс булаг гарч сонсгол муудна, халуурч чихний орчимд хөндүүрлэн өвдөнө, цэвэрлэхгүй удвал эвгүй үнэр гарна, уур уцаартай болж хөдөлмөрийн чадвараа алдана, чимээ шуугиантай газар ажиллахад толгой эргэж, бөөлжис хүрдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд хамрын хөндийн үрэвсэл, шүд үйрэх, хоолойны ангиныг тууштай эмчлүүлж байх хэрэгтэй. Мөн хүүхдийг багаас нь нусны алчуур хэрэглүүлж сургах, нусыг зөв нийлгэж байх, хоол ундны өмнө гараа тогтмол угаах, хоол идсэний дараа амаа угааж байх нь энэ өвчин тусахаас сэргийлдэг.

-Тэгвэл нэгэнт булагтсан чихийг яаж эмчлэх вэ? Чихнээс булаг гоожиж байгаа үед гэрийн нөхцөлд яаж цэвэрлэх хэрэгтэй вэ?

-Эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ. Антибиотик эмчилгээ хийх эсэхийг зөвхөн эмч шийднэ. Тиймээс эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Чихнээс булаг гоожиж байгаа үед өдөрт гурваас доошгүй удаа хуурай цэвэрлэх хэрэгтэй. Чихний сувагт байгаа булгийг хөвөнд шингэтэл нь байлгаад буцааж болгоомжтой авна. Хуурайштал хөвөнгөөр хуурай цэвэрлэгээ хийнэ. Мөн чихэнд ус оруулахгүй байх хэрэгтэй.

-Чихний өвчлөлд  ямар эмгэг давамгайлж байна вэ?

-Дунд чихний үрэвсэл, хэнгэргийн хальс цоорхой удаан явснаар дуу дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, сонсгол муудах нь бий.  Амьсгалын замын халдварт өвчин, хальсны гэмтэл, хөхлөг сэртэнгийн үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл нь дунд чихний хурц үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Үүнд томуу, томуу төст өвчнүүд, хамар дайврын үрэвслүүд, тагнайн гүйлсний үрэвслийн улмаас хамар битүүрдэг. Хамар битүү байснаас хурц үрэвсэл үүснэ.  Ерөнхийдөө чихнээс өнгөтэй, үнэртэй, шингэн зүйл гарч байвал заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Манайхан хэнэггүйгээсээ болж мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн, бие биеэсээ буруу ташаа мэдээлэл аван хүндэрсэн тохиолдлууд гарч байна.  Хүндэрснээр тархиныхаа хатуу ясыг идээд, тархины менингит, буглаанаас болж амиа алдаж болзошгүй байдалд хүрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнөөр өвдөхгүйн тулд юуг анхаарч, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө өвдвөл дур мэдэн эмчилгээ хийхгүй байх. Ам дамжсан буруу арга хэрэглэхгүй байх хэрэгтэй.  Мэргэжлийн эмчид хандан оношоо зөв тогтоолгон, зөв эмчилгээг хийлгэх нь чухал. Нөгөөтэйгүүр хүйтэн сэрүүний улиралд хувцсаа зөв тохируулан өмсөж, дархлаагаа дэмжин, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөхгүй байх. Мөн зуны улиралд хүмүүс халууцаад хүйтэн юм их уудаг. Тухайн үед амны цангаа гарч байгаа боловч  гүйлсэн булчирхайн үрэвслийг сэдрээх хүчин зүйл болдог гэдгийг анхаараарай.

-Манай аймагт чихний мэс заслууд хийгддэг үү?

-Энэ оны хоёрдугаар улиралд хагалгаа хийж эхлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж байгаа. Мөн Улаанбаатар хотоос нэг мэс заслын эмчтэй гэрээ байгуулан авчирч байгаа. Энэ оны нэгдүгээр сард энэ эмч маань ирж хэд хэдэн хагалгааг хийсэн. Энэ эмч маань жилд нэгээс хоёр удаа манай эмнэлэгт ирж гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг чих, хамар хоолойн мэс заслыг хийх юм.

-Дэлхийн сонсгол хамгаалах өдөр саяхан болж өнгөрсөн, энэ өдөр танай тасгаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг өгсөн гэсэн?

-Тийм ээ. ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн сонсгол хамгаалах дэлхийн өдрийг “Сонсголын бэрхшээл таныг хязгаарлах ёсгүй” уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэ өдөр амбулаторийн тасгаар үйлчлүүлсэн 50 гаруй иргэнд сонсголоо хэрхэн хамгаалах, чихний үрэвслийн шалтгаанууд хэрхэн үүсдэг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар сургалт хийж мэдээлэл өгсөн. Мөн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй 70 гаруй иргэнд зөвлөгөө өгч сонсгол шалгах, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх гарын авлага бэлтгэн тараасан байгаа.

-Сонсгол муудах эмгэг юунаас болж байна вэ? Ингэхэд манай аймагт сонсголын бэрхшээлтэй эмчийн хяналтад байдаг нийт хэчнээн иргэн байдаг юм бол?

-Манай улсад хоёр хүн тутмын нэг нь шуугианы улмаас сонсгол алдагдах эрсдэлтэй байдаг. Тиймээс шуугиантай ажилд зарцуулах цагийг зохицуулах, сонсох түвшинг хянах, дууны түвшинг бага байлгах, чихээ чанга дуу чимээнээс хамгаалах зэрэг энгийн зан үйлийг байнга хэрэгжүүлэхийг иргэдэд зөвлөдөг. Манай аймагт сонсголын бэрхшээлтэй 310 хүн бүртгэлтэй байна. Эдгээрийн 15 хувийг хүүхэд эзэлж байгаа. Харин Монгол Улсад 2020 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8585 хүн байдаг. Үүний 20 орчим хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд сонсголын бэрхшээлийн эмгэг их бүртгэгдэж байна. Учир нь орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ. Мөн осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж залуужиж буй.

Тэгвэл сонсгол бууралт, дүлийрлээс урьдчилан сэргийлэхийг үйлчлүүлэгчдэдээ байнга зөвлөдөг. Тухайлбал, сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх. Чих, хамар, хоолойн өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх. Чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх. Гэхдээ эмчийн зааврын дагуу эмчлүүлэх. Дур мэдэж эмчлэхгүй байх, эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэхийг байнга зөвлөдөг.

Мөн хөгжим сонсохдоо чихэвчээр удаан хугацаанд чанга дуугаар сонсохоос зайлсхийх. Хэт өндөр дуу чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх, – 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг бөгөөд чихний бөглөө 5-45 децибилээр дуу чимээг бууруулдаг юм.  Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж, чимээ шуугиан үүсгэгчээс аль болох холдох, бүгдийг нь унтрааж, түр чихээ амраахыг зөвлөж байна. Ер нь сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой тул тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.

-Танд баярлалаа. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!