LOADING

Type to search

ТҮҮХ

Цоохор морины панзчин буюу ард түмний Гавьяат Д.Сэдэд

Share

Бид “Хүмүүс” буландаа үе үеийн эрхэм уран бүтээлчдийг онцолсоор ирсэн билээ. Энэ удаад “Өглөө” киноны цоохор морины панзчин эрийн дүрээр ард олонд алдаршсан нэрт жүжигчин Д.Сэдэд гуайг онцолж, амьдрал, уран бүтээлийнх нь талаар өгүүлье.

Цоохор морины худалдаачны дүрийг нь л дурьдахад хангалттай, энэ л дүрээр ард түмний сэтгэлд тамгалж чадсан уран бүтээлч бол Д.Сэдэд. Дорж гэж хүний өргөмөл хүү тэрбээр залуудаа жигтэйхэн ганган, Мөнгөн Тэгнээ гэж нэртэй явсан юм гэдэг.

Тэрбээр Төв аймгийн Лүн сумд төрсөн бөгөөд аймгийнхаа клбут уран сайханч, Соёлын ордонд жүжигчнээр ажиллаж байв.

Түүний тайзнаа анх бүтээсэн дүр нь З.Ойдовын “Далан худалч” жүжгийн Сэнгээ аж. Дараа нь “Учиртай гурван толгой”-н Балган ноён, “Равжихын гэр бүл”-ийн Сангибазарын дүрийг бүтээжээ.

1954 оноос Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж, Армийн театрт мөн уран бүтээлээ туурвиж, хожим Хүүхэд Залуучуудын театрт ажиллаж байсан энэ эрхэмд ард түмэн аль хэдийнээ Гавьяат байтугай түүнээс ч дээд цол хайрласан. Харин төр нь үнэлээгүй. Гурван ч удаа Гавьяатад тодорхойлуулж байсан, Соёлын тэргүүний ажилтнаар тодорхойлсныг нь тэтгэвэртээ гарсан гээд хасаж байсан удаатай юм билээ.

Тайзнаа “Үнэт үр”-ийн шуудан зөөгч, “Өөрийн замаар”-ийн Бадарч, “Тожоо жолооч”-ийн Төмөр, “Ялалтын жигүүр”-ийн Баатар өвгөн, “Ромео, Жульетта”-ийн Монтекьюн, “Хярааны хонхорт”-ын Дамба, “Арван хоёр сар”-ын Түшмэл зэрэг 30 гаруй жүжгийн дүрийг амилуулжээ.

Сэдэд гуайтай нэгэн үе хамт ажиллаж байсан Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав түүний талаар ийн өгүүлжээ. “Аа яа яа Доржийн Сэдэд. Сэдэд гуай “муухай” онгироо хүн байсан. Ёстой хаагина. Хаагиж саагиад л байна.

Сүхбаатарын бага насны тухай кинон дээр зодолддог хэсэг гардаг. Тэрэн дээр зурганд ирэхдээ надад “Чиний муу хүүхдийг ёстой алж өгнө дөө” гээд л орж ирнэ. Өөрийгөө тэгж хурцалдаг ч байсан байх. Ер нь хувь хүн нь танхай, бардам. Хэн ч байсан нүүрэн дээр нь л үнэнийг нь шууд хэлнэ дээ” хэмээжээ.

Бүтээхэд хамгийн хэцүү дүрээрээ ард олонд алдаршсан нь

“Авгайдаа хайртай бол авдаг л морины нэг дээ” 

/”Өглөө” киноны хэсгээс/

Тэрбээр  “Өглөө” киноны цоохор морины панзчин эрийн дүрийг бүтээхэд хамгийн хэцүү байсан талаараа дурссан нь бий. Цоохор мориныхоо талаар “Тэр цоохор мориндоо би даанч их дассан даа. Дамбадаржаагийн наахна голын хөвөөнд Дамбадаржаагийн наахна голын хөвөөнд майхан босгочихоод морьтойгоо арваад хонож билээ. Шөнө нь аргамжаад дэргэд нь хононо.

Өглөө болгоод л хурдны морь хөлсөлж байгаа юм шиг давхиж, давхиж ирээд хөлсийг нь хусаж өгнө дөө. Анх Гачууртын САА-гаас ирж байснаа бодвол долоо хоногийн дараа жавхаагаад л ирсэн. Ингэж л бид хоёр зурганд орлоо шүү дээ. Хожим нь сураглаж байхад морийг маань Төв аймгийн Алтанбулаг сумын малчин авсан сураг байсан” хэмээн дурссан байдаг.

Ес дүгээр ангийн жаахан хүү “Цоохор морины наймаачин” Д.Сэдэд багшдаа хөтлүүлэн кино урлагт хөл тавьж, Даян хааны дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон жүжигчин Ж.Сүххуяг Монголын тайз, дэлгэцийн сор болсон жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Ид мандаж явах үедээ “Хэрвээ би гавьяат цол хүртвэл багшийнхаа шарилд булна” хэмээн оморхож явсан нэгэн.

Тэрбээр, “Тэр хүн бүхий л насаараа урлагт зүтгээд энгэртээ гялайх ганц тэмдэггүй хорвоог орхисон. Би үнэнийг л хэлсэн. Хэрэв өнөөдөр багш минь амьд сэрүүн байсан бол би төрийн энэ өндөр хишгийг зүрхэлж авч чадахгүй байсан болов уу гэж боддог юм” хэмээсэн байдаг.

Д.Сэдэд гуайн амьдралын сүүлийн жилүүд зүдрүүхэн байсан даа гэсэн харуусал олон хүний дурсамж ярианд тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Төрдөө үнэлүүлж чадалгүй хорвоог орхисон доо гэж халаглах нэгэн ч бий.

Түүний хань Б.Жавзмаа “Хань минь хэвтэрт ороод хэд дахин харвасан. Өдөр шөнөө, идэж ууснаа ч ялгахаа байсан. Нэлээд удсан. Жаахан ухаантай байхад нь олон сэтгүүлч ирж, ярилцлага авдаг, за Гавьяат одоо дөхөж байгаа шүү гэж их горьдоодог байсан даа. Би ч горьдоод л байсан. Сүүлдээ хөгшин минь горьдох ч тэнхэлгүй болоод одсон.

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд байсан биш дээ. Манай хүн өөрөө хатуу чанга хүн байсан. Гурван удаа Гавьяатад тодорхойллоо гээд л байсан хирнээ тэр байтугайд нь өгөөд л байлаа. Тэргүүний залуу алтан медаль гэхэд нь манай хүн аваагүй юм. Би тэрүүгээр яах юм гээд л. Амьдад нь баярлуулж чадаагүйд би их шаналдаг” хэмээн харууссан байдаг.

МҮОНТ-ийн 1992 оны бүтээл “Эцсийн тушаал” жүжгийн Цэрмаа хөгшний дүрээр олон түмэнд үнэлэгдсэн жүжигчин Д.Жавзмаа 1970 онд “Талын цуурай”, 1976 онд “Шинэ хотын гэрэл”, 1982 онд “Жаргал даахгүйн зовлон”, 1992 онд “Эргүнэ хонгын домог”, 1994 онд “Шадар ван” зэрэг кинонуудад тоглосон байдаг.

Д.Жавзмаа гуай амьдралынхаа сүүлийн мөчүүдийг асрамжийн газарт өнгөрүүлсэн тухай мэдээлэл бий. 87 нас сүүдэр зооглосон хойноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн өгүүлж байжээ. Тэрбээр “Манай хүн чинь хань нь нас барчихсан, би бас ганц бие байж байгаад бид нийлж, 25 жил хамт амьдарсан.

Хоёулаа нэг нэг хүүтэй нийлсэн. 15 жил Дундговийн соёлын ордонд байж байгаад хотод орж ирээд Драмд жил хэртэй болоод Үлгэрийн танхимд 3 жил болсон. Сүүлдээ Хан-Уул дүүргийн СТО-нд ажиллаж байсан. Би чинь уртын болон богинын дуу дуулна, баян хөгжимдөнө, шанздана. Миний хөгшин сайхан тайз дэлгэцийн бүтээлд сэрүүн тунгалаг дүрээ мөнхөлсөөн. 30-40 кино тайзны бүтээл бий” гэжээ.

Хүлгийн сайныг унасан юм сан

Хүний дээд нь явсан юм сан

Хүүгээ үнсэж амжаагүй юм сан

Хүслээ гүйцээж чадаагүй юм сан… /”Эцсийн тушаал” жүжгийн дуу/

Тэд хамтдаа “Эцсийн тушаал” жүжигт тоглосон байдаг.

Нэрт жүжигчин Д.Сэдэдийн дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдээс дурьдвал

1968 он “Өглөө” худалдаачин

   1970 он “Улаан дарцаг” эсэргүү

   1970 он “Талын цуурай” эсэргүү Лутаа

   1975 он “Эх бүрдийн домог” баян

   1975 он “Сүхболдын яриа” эсэргүү

   1980 он “Хүний сайхан сэтгэл” ашигч эр Дориг

   1981 он “Хатанбаатар” Дэрмэн

   1981 он “Гул Аранжин”

   1982 он “Хуучин сүм” манаач

   1983 он “Гарьд магнай” гурил элдэгч

   1983 он “Үүр цайхын өмнө” өртөө занги Ойдов

   1984 он “Зарлаагүй дайны оршил” ард

   1989 он “Хөх өвсний нуур хөлгүй” Балдан

   1990 он “Сүүн цагаан өргөө” өвөрлөгч

   1991 он “Тэнгэрийн сахил” өвгөн

   1992 он “Эргүнэ хонгийн домог” Ерэнтэй

   1992 он “Эрэл” өвгөн зэрэг сайхан дүрүүдийг бүтээжээ.

Олон уран бүтээлд олон сайхан дүрийг бүтээж, бүхий л амьдралаа урлагт зориулсан түүний гавьяаг төр нь үнэлээгүй ч ард түмэн мартаагүй.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!