LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ц.Хишигжаргал: Цусны хавдраар ид хөдөлмөрийн насны залуучууд өвчлөх нь элбэг байна

Share

УНТЭ-ийн эмнэл зүй эрхэлсэн захирал, клиникийн профессор Д.Цэцэгээ, УНТЭ-ийн цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч, Анагаах ухааны доктор Ц.Хишигжаргал, ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, ЭМДЕГ-ийн Тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Р.Наранчимэг нар  “Цусны хавдрын оношилгоо, эмчилгээний өнөөгийн бодит байдал” сэвдээр ярилцлаа.

-Цусны хавдар гэж ямар өвчин юм бэ?

Хишигжаргал: Цусны хавдар гэдэг нь цусанд байдаг эсүүдийн үйл ажиллагаа алдагдах, тэнд байх ёсгүй хавдрын эсүүд хэт олширсноос болж үүсдэг. Цус нь эд эрхтний хүчил төрөгчийг түгээх, цус алдахаас сэргийлэх, цус бөөгнөрөхөөс сэргийлэх зэрэг олон төрлийн үүргийг хүний бие махбодод гүйцэтгэдэг. Цусны үйл ажиллагаа, үүрэг алдагдаж, цус алдах, цус багадах, янз бүрийн халдварт өртөмтгий болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг эмгэгүүд юм. Эмчилгээний хувьд дан ганц эм тариа гэлтгүй хими эмчилгээ, цусны үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах, генийн байрлалд чиглэсэн, дархлааны эмчилгээ зэрэг цогц эмчилгээ хийдэг. Үүн дээр нэмээд цус багадсан үед цус сэлбэх эмчилгээг хийнэ.    

-Орчин цагт амьдралын нөхцөл байдлаа дагаад шинэ төрлийн эмгэг, халдварууд үүсч байна. Үүнд нийгмийн хүчин зүйлүүд ч нөлөөлж байгаа байх. Цусны хавдар үүсэхэд чухам ямар хүчин зүйлс нөлөөлдөг юм бэ?

– Хишигжаргал: Дотоод, гадаад хоёр хүчин зүйлээс шалтгаална. Дотоод гэдэг хүний генийн онцлог хамаарна. Ямар нэгэн хавдарт өвчлөмтгий бүлэг хүмүүс байдаг. Үүн дээрээс гадны ямарваа нэгэн хүчин зүйл нөлөөлж байж хавдар бүрэлдэн бий болдог. Тэдгээр нь химийн бодистой ойр ажиллах, физикийн буюу цацраг туяанд удаан зогсох, удаан хугацаанд вирусын халдвар тээж явах гэх мэт. Агаарын бохирдол, урд зүгээс орж ирж буй хүнсний аюулгүй байдал, уул уурхайтай холбоотой химийн бодис зэргээс үүдэн энэ өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэж байна. Эдгээр нь дан ганц уушгийг гэмтээх бус хавдар үүсгэх маш том эрсдэлт хүчин зүйл болж байна.

-Эмнэлгийн ачаалал, нөхцөл байдал, боловсон хүчний хангамж хэр байна вэ, бодлогын талаас нь тайлбар өгвөл?

Цэцэгээ: УНТЭ нийтдээ 15-20 чиглэлрээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг.  Үүний нэг салбар нь цусны өвчин судлал. Энэ өвчин сүүлийн үед маш их залуужиж, ихэсч байгаа. Амбулаторийн үзлэгээр 10 мянга гаруй хүмүүс цусны тасгаар үйлчлүүлж, жилдээ 1500-1600 хүн хэвтэн эмчлүүлдэг. Эмчилгээ, эм тарианы зардал өндөр учир төсвөөс давсан эрэлт хэрэгцээ бий болдог. Төсөв хүрэлцдэггүйгээс болж өвчилсөн хүний ар гэрээс эм тариа авахуулах тохиолдлууд байдаг. Шинэ үеийн шинэ технологи, инновациудыг нэвтрүүлэхийн хэрээр санхүүжилт, хүний нөөцийн дутагдал үүсэх асуудал гардаг.

-Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 2014 оноос хойш хийсэн. Үр дүн ямар байна, ямар хүндрэл үүссэний улмаас мэс засал хийх боломжгүй нөхцөл байдал үүсдэг вэ?

Цэцэгээ: Нийтдээ 14 хүнд мэс засал хийсэн. Амьдрах чадварын хувьд 95-100 хувьтай буюу мэс заслууд амжилттай хийгдсэн. Дээр дурьдсанчлан өндөр чанар бүхий техник, технологи нэвтрүүлэхийн хэрээр өртөг зардал нэмэгддэг.  Манай эмнэлгийн хувьд эмчилгээнд хэрэглэдэг цус цусан бүтээгдэхүүний зардал 2018 онд 300-аад сая төгрөг байсан бол одоо 400-500 сая төгрөгийн эм тариа, цусан бүтээгдэхүүн хэрэглэсэн байх жишээтэй. Сүүлийн жилүүдэд элэгний, бүдүүн, шулуун гэдэсний хавдрууд ихсэж байна. Энэ хэрээр манай эмнэлэг хавдрын эмчилгээ хийх, хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх гээд нэр төрөл нь улам өргөжиж, ачаалал нэмэгдэж байгаа.

– Цусны хавдар буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үед цус, цусан бүтээгдэхүүн хэрэгтэй болдог. Зүгээр бэлдсэн цус бус нарийвчилсан цусан бүтээгдэхүүн авдаг гэж сонсож байсан. Эмч нарын шаардаж буй цусан бүтээгдэхүүн нийлүүлэх боломж хэр байна вэ?

Алимаа: Цусны аюулгүй байдал гэдэг нь цогц үйл ажиллагааг хамардаг.  Цусны албаны гол үйл ажиллагаа бол Эрүүл мэндийн байгууллага тэр дундаа тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай цус цусан бүтээгдэхүүнийг хүрэлцээтэй, аюулгүй байдал, чанарыг цогцоор нь хангаж ажиллах.

Сүүлийн үед манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хурдацтай хөгжиж байна. Энэ хэрээр бидэнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, чанар, агуулагдаж буй эмчилгээний үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнд нийцүүлж сүүлийн жилүүдэд манай цусны алба нэлээд хурдацтай хөгжиж байна. Цусны хавдар буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үед цус цусан бүтээгдэхүүний нэлээд өндөр шаардлага тавигддаг. Энэ бол ОУ-ын стандартын дагуу хийгдэж буй эмчилгээ учир стандартын дагуу цусны донорыг өвөрмөцөөр сонгон авч, цусан бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа зүйлсийг өндөр нарийвчлалтай хийдэг. Эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор туяагаар шарах, эмгэг төрөгчийн идэвхигүйжүүлэх зэрэг орчин үеийн өндөр технологиудыг ашигласан бүтээгдэхүүнүүдийг эмч нар маань биднээс шаардаж, үүний дагуу сүүлийн 2-3 жилийн хугацаанд эдгээр технологиудыг нэвтрүүлэн, нутагшуулах, эмнэлгүүдийг хэрэгцээг бүрэн хангах үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

– Цусны хавдрын оношилгоо ОУ-ын түвшинд ямар байна, манай улсын хувьд ямар түвшинд байна вэ. Оношилгоо, эрт илрүүлгийн хувьд ОУ-ын түвшинд хүрэхэд бэрхшээлтэй зүйл юу байна вэ?

-Хишигжаргал: Эсийн удмын мэдээлэлд хадгалагдаж буй бөөм дотор байрлах нуклеон хүчлийн дараалал, ДНА-ийн түвшинд өөрчлөлт ордгоороо хавдрын эс нь эрүүл эсээс ялгаатай.

Олон улсад ямар нуклеон хүчлийн дараалалд өөрчлөлт орсон байна, ямар генийн мутацид орсон байна гэдгээр нь оношилж, эмчилгээний арга тактикаа боловсруулдаг. Өмнө нь манайд эс хавдрын эс болоод хувирсан хойно л хавдар гэж нэг том онош тавьдаг байсан. Гэтэл тэр хавдар  ямар генийн өөрчлөлтөд орсноосоо хамаараад дотроо олон төрөл. Орчин үед үүнийг оношлохын тулд бид цитогенетикийн шинжилгээ, молекул генетикийн шинжилгээ гэх мэтчилэн өндөр нарийвчлалтай шинжилгээний аргуудыг ашиглаж оношийг эцсийн түвшинд тавьж чадаж байгаа. Манай улсад 2014 оноос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш оношийг ОУ-ын түвшинд тавьж байж өвчнийг эмчлэх зорилт тавин ажиллаж байна. Төслийн шугамаар манайд молекул генетикийн аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн боловч эдгээрийг 100 хувь ашиглаж чадахгүй байна.

-Яагаад?

Өндөр хүчин чадал бүхий аппаратыг ажиллуулах боловсон хүчний асуудал бий. Мөн өндөр нарийн мэдрэмжтэй төхөөрөмж байх тусмаа түүнд шаардагдах урвалжийн үнэ өртөг өндөр. Үүнийг зөвхөн УНТЭ-ийн төсвөөр ажиллуулахад хүндрэлтэй.

-Өндөр өртөгтэй мэс засал, эмчилгээ үйлчилгээний хувьд ЭМД-ийн санд тусгасан, ямар хөнгөлөлт тусламж байна, чөмөг шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой мэдээлэл өгөөч?

-Нарантуяа: 2015 оны шинчилсэн найруулга дээр өндөр төлбөр бүхий мэс засалд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийн зардлыг ЭМД-ийн сангаас төлөхөөр заасан. Тухайн үедээ 160 орчим эмнэлгийн хэрэгслийн зардлыг олгож байлаа. 2018 оны сүүлээр батлагдсан тушаалаар 168 өвчний үед хэрэглэгдэх 480 гаруй эмнэлгийн хэрэгслийн зардлыг ЭМД-ын сангаас хөнгөлөхөөр болсон. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын задлыг ЭМД-ын сангаас хөнгөлснөөр гадагшаа явж эмчлүүлэгсдийн тоо цөөрч байна. Дунгийн суулгац, элэг, бөөр шилжүүлэн суулгах, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслуудын зардлыг даатгалын сангаас хөнгөлж байгаа.

Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал нь арай өөр, өргөн хүрээтэй, илүү нарийвчилсан процессоор хийгддэг. Үндсэндээ уг хагалгааг хийх зардал 70 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Үүний 23 сая гаруй төгрөгийг ЭМД-ын сангаас,  40 гаруй сая төгрөгийг  УНТЭ-ийн төсвөөс, үлдсэнг нь иргэн өөрөө төлөөд явж байна.

-Жилд 150 гаруй хүн энэ өвчнөөр оношлогддог юм байна. Гэтэл боловсон хүчин ямар билээ. УНТЭ-ээс гадна улсын томоохон эмнэлгүүд цусны хавдартай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх боломж хэр байна вэ?

Цэцэгээ: Боловсон хүчний асуудлыг манай эмнэлгийн хувьд 2025 он хүртэл стратеги төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Төрийн төсвийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, үүндээ ЭМД-ын сангаас санхүүжүүлэх гэдэг бол маш том зорилт. Одооогоор манай эмнэлэгт 10-аад нарийн мэргэжлийн эмч байна.

-Энэ өвчинд эрхэлж буй ажил мэргэжил нөлөөлөх үү, жилд хэдэн хүнд мэс засал хийх бүрэн боломжтой вэ?

-Хишигжаргал: Цусны хавдар гэдэг нь нэг бус бүлэг онош юм. Дотроо хурц, архаг, хавдрын урьтал эмгэг зэрэг олон төрөлтэй. 100-аад төрлийн эмгэг үүнд багтана. Манай улсын хувьд цусны цочмог явцтай хавдраар ид хөдөлмөрийн насны залуучууд өвдөх магадлал өндөр байна. Цочмог явцтай гэдэг нь гэнэт оношлогддог, яаралтай эмчлэхгүй бол 14- хоногоос нэг сарын хугацаанд амь нас эрсдэх аюултай хурц явцтай эмгэгүүд юм.  

-Хурц явц илрэхээс өмнө тухайн хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Тамирдаж ядрах, шалтгаангүйгээр хамраас цус гарах, бие дээр хөх толбо, цусархаг тууралт гарах, шалтгаангүйгээр цус багадалтад орох, хөдөлмөрийн бүтээмж буурах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.

-Архаг явцтай хавдар нь настай хүмүүст тохиолдох уу?

-Архаг явцтай хавдар ихэвчлэн настай хүмүүст тохиолддог. Өндөр хөгжилтэй орнуудын хийсэн судалгаагаар цусны хавдар нийт хавдар гэдэг өвчлөлийн 15-20 хувийг эзэлдэг гэсэн статистик гарсан. Сүүлийн үед цусны хавдраар өвчлөгсдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Хавдар оношлогдохгүй өдөр бараг байхгүй. Зарим өдөрт 3-5 хүн оношдогдох жшишээний. Тиймээс бодлогын түвшинд аймаг, нийслэлийн хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг цусны тасаг биш юмаа гэхэд цусны эмчтэй болгож манай эмнэлгийн ачааллыг хуваалцах шаардлагатай байна.

 -Бусад улс орнуудын хувьд даатгалын тогтолцоог эмчилгээтэй хослуулсан, манайд авч хэрэгжүүлмээр зүйл юу байна?

-Хишигжаргал: Энэ салбар хурдацтай хөгжиж байна. Оношилгоо, эмчилгээ генийн түвшинд очиж байна. Бидний хийдэг химийн эмчилгээ эрүүл, өвчтэй бүх эсийг устгаад эрүүл эсийг түрүүлж сэргээх эмчилгээ. Гэтэл орчин үеийн байд чиглэсэн эмчилгээ нь зөвхөн хавдрын эсийг л устгана. Энэ хэрээрээ үр дүн болон өртөг өндөртэй. Нэг хайрцаг эм нь монгол мөнгөөр 1,5 сая орчим төгрөгийн үнэтэй. Үүнийг 14 хоног л ууна. Энэ эмийг 5, 10 жил бүр цаашлаад насан туршлаа уух ч хүмүүс байна. Зайлшгүй уух шаарпагатай, өртөг өндөр бүхий эмийг яаралтай эмийн бүртгэлд оруулж, ЭМД-ын сангаас хөнгөлснөөр эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, санхүүгийн байдлыг сайжруулахад ихээхэн чухал нөлөөтэй байна. 

-Хөнгөлөлттэй эмийн боломж хэр байна вэ?

-Наранчимэг: ЭМД-ын байгууллага өөрөө бие даан ийм эм, эмнэлгийн хэрэгслийг хөнгөлөлтөд хамруулна гэсэн шийдвэр гаргах боломжгүй. Үүнийг тухайн үйл ажиллагаа эрхэлж буй эмч мэргэжилтнүүдийн хүсэлт, судалгаа шинжилгээний үр дүнд шийддэг.

-Бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай зүйл юу харагдаж байна вэ?

 -Алимаа: Цогц хамтын ажиллагаа маш чухал. Өндөр технологиудын нутагшуулахад хүний нөөц, боловсон хүчинг бэлтгэх, чадваржуулах шаардлагатай. Үүдэл эс суулгах процесс өөрөө маш олон үе шаттай. Энэ олон үе шатанд цус цусан бүтээгдэхүүнүүдийг шаардлага өндөрсөж байна.  Цусны адба 20 гаруй төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг эмнэлгийн байгууллагад нийлүүлж буй боловч үүний цаана маш том баг ажиллаж байдаг. Яг эмчилгээний, эмчлүүлэгчид тохирсон бүтээгдэхүүнийг хийх шаардлагатай учраас бодлоыгнхоо түвшинд ч цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!