LOADING

Type to search

Uncategorized

Б.Энхтуяа: Жүжигчин хүн найруулагчийн өгсөн дүрийг өөрөө цааш нь баяжуулах хэрэгтэй болдог

Share

Тэртээ 1966 онд анхлан Монголын театрын тайзнаа тавигдаж байсан үнэнч ариун хайр дурлалын  эмгэнэлт түүх болох Ромео Жульетта жүжиг өдгөө УДЭТ-ын тайзнаа тоглогдож, үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Тэгвэл хамгийн анхны  “Ромео Жульетта” жүжгийн эмэгтэй гол дүрийг бүтээж байсан МУГЖ Б.Энхтуяатай уулзаж ярилцлаа.  Тэрбээр Хүүхэд,залуучуудын театрт 30 гаруй жил ажиллаж олон сайхан тайз дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн Монголын авьяаслаг, ахмад уран бүтээлчдийн нэг билээ. Тун удахгүй түүний 80 насны ой тохиож, театрын уран бүтээлчид нь хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. Б.Энхтуяа 1965 онд буюу 27 насандаа “Валя” жүжгийн Валягийн дүрээр МУГЖ цол тэмдэг хүртэж байжээ. Тэрбээр Хүүхэд залуучуудын театрын анхны гавьяат цол тэмдгээр шагнуулсан уран бүтээлч бөгөөд араасаа олон олон гавьяатуудыг дагуулсан булган сүүлтэй хэмээн театрынхан ам уралдан ярьдаг байна. Урлагийн хатуу дектатуртай үед хорих хэдхэн насандаа гавьяат цол тэмдгээр шагнагдсан нь түүнийг ямархан авьяаслаг жүжигчин болохыг нотлон харуулж байгаа юм.

-Алдарт Ромео Жульетта жүжгийг анх удаа Монголын тайзнаа тавигдахад гол дүрд тоглож байжээ.Та тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Жүжигчин болчихоод театрт ирээд нэг их удаагүй тоглож байсан юм. Туршлага муутай залуу жүжигчинд бол бэрхшээлтэй зүйл их байлаа. Тэр бүхнийг туршлагатай  мундаг жүжигчдийнхээ хүчээр л даван гарсан. Найруулагч маань их  зөвлөгөө өгч дэмжсэн. Ер нь л  классик жүжигт  тоглох амар зүйл биш л дээ. Бусад жүжгүүдээс эрс  ялгаатай. Хөдөлмөр их шаарддаг. Жүжигчин хүнээс хувийн  бие даасан чанарыг их шаарддаг. Найруулагч  дүр өгөөд зөвлөгөө өгч байхад бид өөрсдөө дүрээ цааш нь баяжуулах ёстой болдог л доо. У.Шекспирын Жульеттагийн дүр өөрөө хэдэн настай ямар, ааш араншинтай байсан юм гээд  судална. Тэгж байж дүрээ гаргана л даа.

-Та анх Жульеттагийн дүрд тоглохдоо хэр их хугацаанд судалгаа хийж байсан бэ?

-Классик жүжгүүд маш их судалгаа шаарддаг, ажиллагаа ихтэй байдаг. Би энэ дүрийг авчихаад хоёр сар гаруй судалгаа хийж байсан санагдаж байна. Эхлээд зохиолоо хоёр гурван удаа уншина. Дараа нь  дүрүүдийнхээ талаар хар зураг гаргаж, дүрээ танилцуулдаг. Үүний дараа зохиолоо дахин уншиж, судалгааны ажилдаа ордог.

-Тухайн үед таны портнёр Ромеогийн дүрд  хэн тоглож байсан бэ?

-Ромеогийн дүрд гавьяат жүжигчин Готов тоглож байсан. Бид хоёр Хүүхэд залуучуудын театрт хамгийн гол жүжгүүдэд портнёр болж тоглодог байлаа. Тухайн үед манай гурван театр байдаг байлаа. Дуурийн театр, Драмын театр,Хүүхдийн театр гэж байлаа. Бид хэд бол уран бүтээлчдээ солилцох хамтын ажиллагаатай драмынхан манай хүүхдийн театрын уран бүтээлд оролцдог, бид драмын уран бүтээлд оролцдог ийм сайхан байсан үе бий.

-Та Жульеттагийн дүрийг бүтээхдээ хэдэн настай байсан бэ?

-Би 1966 онд 26, 27 настай л байсан даа.

-Жүжигчин болох гараа хэзээ эхэлж байв? Та урлагийн сургуулийг хэдэн онд төгссөн бэ?

-Би 1951 онд урлагийн сургуулийг төгсөж ирээд л Хүүхэд, Залуучуудын театрт  ажиллаж эхэлсэн. Миний урлагийн гараа эндээс л эхэлж байлаа. Багадаа дуу шүлэг, гээд урлагт их сонирхолтой байсан  маань жүжигчин болоход түлхэц болсон доо.

-30 гаруй  жил  тайзны урлагт зүтгэхдээ нийт хэчнээн дүрийг бүтээсэн бэ?

-Хүүхэд, Залуучуудынхаа театрын тайзан дээр нийтдээ 100 гаруй жүжигт гол болон туслах дүрийг бүтээж байсан.

-Бүтээж байсан дүрүүдээсээ онцолж дурдвал?

-Миний урлагийн анхны гараа бол “Цасан хүн” гэдэг жүжгээр эхэлж байлаа. Нэрсийг нь дурсаад яах вэ, Валя гэх мэт сайхан сайхан жүжгүүд бий. Ер нь тоглож байсан бүх л дүр маань онцлогтой байсан.

-Урлагийн хүн бүрт мэдээж ар гэртээ анхаарах цаг зав байхгүй нэг зовлонтой байдаг. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байв? Дээр үед бол уран бүтээлчид бригадаар их явж тоглодог байсан шүү дээ?

-Мэдээж гэрээ мартаад л ажлаа хийдэг байлаа. Өглөө гараад орой орж ирнэ. Хөдөө бригадуудаар 45-50 хоногоор явна. Асуудал их гарнаа. Энэ бүхнийг минь ганц ээж минь л зохицуулдаг байсан даа. Жүжигчин хүнд хувийн ажиллагаа их шаардагддаг л даа. Мэдэхгүй, чадахгүй, дүрдээ орж чадахгүй асуудал гардаг учир байнгын л бэлтгэл шаардана. Энэ болгонд цаг наргүй зүтгэнэ.

-Хуучин нэг жүжиг тавигдахдаа нэлээд олон шалгуур давдаг байсан шүү дээ. Энэ талаараа дурсаач?

-Бид нэг дүр авахаараа 2-3 сар ноцолддог байсан. Нэг жүжиг тавигдахад эхлээд театрын уран сайхны зөвлөл  шалгана. Дараа нь яамны зөвлөл шалгана. Энэ бүх давааг давж байж жүжиг тоглогддог. Ингэж байж олон түмэнд хүргэдэг  хатуу шалгууртай үе байлаа. Урлаг гэдэг чинь тийм айхтар хатуу зарчимтай байлаа шүү дээ. Одоо ямар болсныг би мэдэхгүй.

-Драмын театр, Хүүхэд Залуучуудын театрт тоглогдож буй жүжигт аль алинд нь тоглож байсны хувьд онцлог ялгаатай зүйл бий юу?

-Ялгаа гээд байх юм бараг байхгүй дээ адилхан л жүжиг, уран бүтээл болохоор. Жүжигчин хүн бүр ямар ч жүжигт, ямар ч дүр авсан  тэрийгээ үзэгчдийн сэтгэлд нийцтэл  гаргахыг л зорьдог. Хүүхдийн үлгэрийн жүжиг тоглодгоороо л ялгардаг. Гэхдээ драмын жүжиг бол хүнд.

-Бригадаар явж байх үеийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Тийм  дурсамжтай  хөгжилтэй зүйлүүд бишгүй л олон болдог байлаа. Бид чинь их олон хоногоор хөдөөгүүр явдаг  байсан. 45-50 хоногоор. Ингэж явах бүртээ одоогийнх шиг тохь тухтай машин ч байхгүй том машины ачаан дээр олуулаа суугаад явна шүү дээ. Тэгж яваад орчин үе шиг буудалд ч байрладаггүй хээр майхан бариад л хононо шүү дээ. Энэ бүхнийг ажрахгүй эв найрамдалтай хөгжилдөөд л явдаг байлаа.

-Та дэлгэцийн уран бүтээлд хэчнээн дүр бүтээв?

-Дэлгэцийн  арав гаруй бүтээлд дүр бүтээж байсан. Тамирын охин, Бидэнд юу саад болж байна, Тэмцэл гэх мэт  кинонуудад дүр бүтээж байсан.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу? Хүүхдүүд чинь бүгд  урлагийн хүмүүс гэж сонссон?

-Тиймээ манайхан гэр бүлээрээ л урлагтай холбогдсон. Миний хань дуучин хүн байсан. Цэргийн ансамблейд  дуучин хүн. Миний хүүхдүүд мөн жүжигчин, найруулагч, телевизийн нэвтрүүлэгч, хөгжимчин байна.

-Залуу жүжигчдийн ур чадварын асуудлыг их хөндөх болж. Энэ тал дээр таны бодол?

– Залуу болоод ахмад жүжигчид уулзаж учрах нь бага байна. Ер нь бараг байхгүй байна. Хэрэв нүүр нүүрээ хараад яривал зөвлөгөө өгөөд, ажиллах боломжтой. Авьяастай олон залуучууд бий жаахан туршлага л дутаж байна гэж би хардаг.

Ярилцсанд баярлалаа

Б.Сансар

Olloo.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!