LOADING

Type to search

ТҮҮХ

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачёва

Share

Зөвлөлт, оросын эстрадын дуучин, хөгжмийн зохиолч найруулагч, продюссер, кино жүжигчин, телевизийн хөтлөгч, ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт Алла Пугачёваг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Алла Пугачёва нь 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москвад төржээ. Алла Пугачёвагийн аав Борис Пугачёв, ээж Зинаида Одегова нар дайнд оролцож байсан бөгөөд 1946 онд танилцан гэр бүл болжээ. Зөвлөлтийн үеийн алдарт жүжигчин Алла Тарасоваг бодож охиндоо ийм нэр хайрласан гэдэг. Аллаг таван настай байхад эцэг, эх нь М. М. Ипполитова-Ивановагийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд өгснөөр тэр жилээ анх удаагаа тайзан дээр гарч Зөвлөлүүдийн ордны ёслолын танхимд болсон концертод оролцож байжээ.

Тэрээр 1965 онд хоёрдугаар курст суралцаж байхдаа Мосэстрадын бүрэлдэхүүнд орон А.Лившиц, А.Левенбук нарын “Пиф-Паф” нэртэй эстрадын хөтөлбөрт оролцон Киров, Пермь, Свердловск, Тюмень, Омск мужуудаар тоглож явжээ.  Эндээс эргэж ирээд 1965 оны арванхоёрдугаар сард Бүх холбоотын радиогийн “Өглөөний мэнд” хөтөлбөрт анхны дуугаа бичүүлсэн байна. Алла Пугачёва 1974 онд Бүх холбоотны эстрадын жүжигчдийн V уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн явдал нь алдрын оргилд хүрэх гараа байжээ.

Нэг жилийн дараа “Золотойорфей” олон улсын дууны уралдаанд эх орноо төлөөлөн оролцохдоо Болгарын зохиолч, дуучин Эмила Димитровагийн “Арлекино” дууг дуулжээ. Уг тэмцээнд тэргүүн байрын шагнал авсан нь залуухан дуучны хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн юм. Түүнээс хойш олон улсын дууны тэмцээнүүдэд оролцох урилга тасраагүй гэдэг. 1976 оноос хойш түүний дуулсан дуу болгон нь оны шилдгээр шалгарч байжээ.

Түүний уран бүтээлийн санд 500 гаруй дуу байдаг. Түүний цомгууд зөвхөн Орос төдийгүй Япон, Солонгос, Швед, Финлянд, Герман, Польш, Чехословак, Болгар зэрэг улсад нийтдээ 250 сая орчим хувиар борлогджээ. Алла Пугачёва зөвхөн оросын дуучин төдий биш олон улсад алдаршиж “Эстрадын хатан хаан” хэмээн нэрлэгдэн 1976-1990 онд бүх холбоотын хөгжмийн хит парадын санал асуулгаар оны шилдэг дуучнаар алгасалгүй шалгарч байжээ. Тэрээр авьяаслаг дуучин төдийгүй найруулагч, жүжигчин, продюсер, мөн бизнес эрхэлч юм.

Хувийн амьдрал

Нэрт дуучны хувийн амьдралын талаар Зөвлөлтийн үед хэвлэлд бараг бичдэггүй байж. Харин 1990-ээд оноос хойш тэрээр Оросын хэвлэлийн анхаарлын төвд орсон байна. Алла Пугачёва таван удаа гэрлэжээ. Тэрээр хамгийн анх 1969 онд циркийн жүжигчин Миколас Орбакастай гэрлэж Орбакене овог авсан байдаг. Тэр хоёр 10 жил хамт амьдарч охин Кристина Эдмундовна Орбакайтег 1971 онд төрүүлсэн.

Эхний нөхрөөсөө салснаа 4 жилийн дараа Алла 1977 онд кино найруулагч Александр Стефановичтэй гэрлээд гурван жилийн дараа 1980 онд салсан байна.

1985 онд гурав дахь удаагаа продюссер Евгений Болдинтой гэрэлсэн боловч бас л бүтэлгүйтсэн байна.

Үүний дараа 1994 онд дуучин Филипп Киркоровтой гэрлэсэн. Киркоров түүнээс 18 насаар дүү юм. Хосууд мөн л 2005 онд салсан байна.

Хамгийн сүүлд 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд өөрөөсөө 27 дүү, телевизийн хөтлөгч, хошин шогч Максим Галкинтай гэрлэж 2013 онд ихэр охин, хүүтэй болсон байна. Алла ихэрүүдээ тээгч эх хөлслөн төрүүлсэн гэдэг.

Алдарт дуучин Алла 2020 оны 4 сарын 15-нд 71 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.ОХУ-ын жүжигчин, элэглэгч, шоумен Максим Галкин инстаграм хуудастаа өөрийн гэргий Алла Пугачевад охин Лиза, хүү Гарри нарын хамт төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж буй бичлэгээ байршуулсан байна.

Эх сурвалж ZAAG.MN

АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР НИЙТЛЭВ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!