LOADING

Type to search

Зөвлөгөө

Сууж сурсан хүүхэд ямар ч хичээлд сайн байдаг, хэрхэн хүүхдээ суулгаж сургах вэ?

Share

Ямар ч эцэг эх байлаа гэсэн хүүхдээ эрдэм мэдлэгтэй, боловсролтой нэгэн болоосой л туйлаас хүсдэг шүү дээ. Гэхдээ зөвхөн хүсээд хангалтгүй юм. Та ямар нэгэн зүйл хийж байж л хүсэл тань бодит болно. Харин чухам юу хийж, хэрхэн хүүхдээ хичээлдээ сайн, ухаалаг болгох вэ? Хамгийн эхлээд та хүүхдээ сууж сургах хэрэгтэй. Сууж сурсан хүүхэд ямар ч хичээлийг асуудалгүй ойлгож, өөрийгөө хөгжүүлэх, цагийг зөв ашиглах зэргийг давхар сурч авдаг байна. Тэгвэл та бүхэндээ хүүхдийг суулгаж сургах аргуудыг танилцуулж байна.

Тэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуул

Хүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж, тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул. Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүү амар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл. Том ах эгч нар нь дүүдээ сайн үлгэр дууриал үзүүлэх нь маш чухал.

Анхаарлыг нь сарниулахгүй байхыг хичээ

Мэдээж садаа болох бүх зүйлсийг үгүй хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Гэхдээ хэд хэдэн амар арга бий. Техник хэрэгсэлээс эхэл. Даалгавраа хийж дуустал нь ТВ, утас, компьтероос хол байлга. Хажууд нь хөгжилтэй нэвтрүүлэг гарч, компьютер тоглох үед хүүхдийн анхаарал төвлөрөхөд тун хэцүү байх болно.

Харин классик хөгжим хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж илрүүлсэн байна. Тэгэхээр танай хүүхэд сонгодог хөгжимд дуртай бол сонгодог хөгжимийг тавьж болох юм шүү.

Даалгавар хийх тодорхой хугацаа гарга

Хүүхдүүдийг гэрийн даалгавар хийлгэх сайн арга бол гэрийн даалгавар хийж дууссан цагт гадаа гарч тоглох, компьютер тоглохыг нь зөвшөөрөх явдал. Үүнийг тогтсон заншил болго. Хэсэг хугацааны дараа хүүхэд тань өөрөө хичээлээ хийгээд суудаг болно.

Та ч бас гэрийн даалгавар хий

Гэхдээ энэ нь мэдээж таны өөрийн ажил шүү дээ. Ажлаасаа багахан хийх зүйл гэртээ авч ирээд хүүхэдтэйгээ хамт хий. Энэ үед хүүхэд тань хичээлдээ төвлөрөх нь илүү байдаг юм. Болж өгвөл энэ цаг хугацаанд та мөн өөрийн утас, твнийхээ хэрэгцээг хязгаарла. Өөрөөр хэлбэл яг тухайн цаг үед танай гэр яг л номын сан мэт байх хэрэгтэй юм. Зөвхөн ажил, хичээл хийнэ.

Гэрийн даалгавар хийх өрөөг бий болго

Үүний тулд та гэртээ шинэ өрөө нэмэх, эсвэл шинэ байшин худалдан авах шаардлагагүй. Харин гэрийнхээ хамгийн чимээгүй, хүн цөөн холхидог газрыг сонгож ав. Гэхдээ тухайн газар ном, дэвтрээр дүүрэн байвал сайн. Ингэснээр хичээл хийж буй хүүхэд өөрийгөө хичээл хийж байгаагаа сайтар ухаарах хийгээд түүнд хүмүүс саад болохгүй юм.

Шагнал

Хүүхдээ шагнахдаа анхааралтай ханд. Учир нь энэ нь эцэстээ хахуул болж төгсдөг. Хэрвээ та хүүхдээ урамшуулмаар байгаа бол эд материал, хоол хүнс өгч огт болохгүй. Эс тэгвээс та хичээлийг нь хийлгэх гэж байнга чихэр жимс өгөх хэрэг гарна. Эцэстээ таныг заавал өгөх ёстой мэт аашилж эхэлнэ.

Магтаал

Магтаалын үгсийг хэлж бай. Хүүхдийг хичээл хийлгэж сургах, тодорхой цаг хугацаанд ширээний ард суулгаж занших нь ердөө сарын л ажил байдаг. Харин үүний дараа тэд аяндаа хэмнэлдээ орж, дасдаг. Харин энэ үед нь хичээлээ сайн хийлээ гэж магтаж бай. Түүний оронд загнаж, буруушаах нь тэднийг илүү их хичээхэд нь саад хийх болно.

Хүүхдийнхээ багштай хамтран ажилла

Хүүхдийнхээ багштай уулзаж туршлага солилц. Тэднээс юунд илүү анхаарах, хэрхэн хичээлийг нь хийлгэх талаар асууж лавла. Тэд таны бодож байгаагүй зүйлсийг сануулж магадгүй.

Хүүхдийнхээ сурах арга барилыг нь ол

Хүүхэд бүр юмыг сурах арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таны хүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэд. Зарим нь хөгжим сонсох үедээ хичээлээ шимтэн хийдэг бол зарим нь орондээрээ байхдаа илүү идэвхтэй хичээл хийх нь бий. Мэдээж цаашид хэрэг болох зөв зуршил байх хэрэгтэй л дээ. Гэвч хэрвээ хүүхэд тань хөгжим сонсохдоо л хичээл хийхийг хүсдэг бол та үүнийг харгалзаж үзэхээс аргагүй юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!