LOADING

Type to search

Хоол, шим тэжээл

Судлаачид мультивитамины нэмэлт нь эрүүл мэндэд төдийлөн ач холбогдолгүй болохыг тогтоожээ

Share

Мультивитамин ба олон төрлийн эрдэс бодисын нэмэлт нь сэтгэцийн болон бие махбодийн ерөнхий эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.

Олон төрлийн амин дэм хэрэглэдэг хүмүүс эрүүл мэндийн байдал сайжирдаг гэж үздэг. Харин  судлаачдын үзэж байгаагаар эдгээр ашиг тус нь тэдний оюун санаанд байж магадгүй юм гэжээ.

 Зөв, тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл амьдралын хэв маягийн хүчин зүйлс нь нэмэлт витамин, тэжээлээс илүү эрүүл мэндэд тустай гэж үзэж байна.

Мультивитамины ашиг тус нь хэрэглэгчийн оюун санаад байж болох юм гэдгийг шинэ судалгаа харуулж байна.  

Олон төрлийн амин дэм, эрдэс бодис нэмэлтээр (MVM) хэрэглэдэг хүмүүсийн 30 хувь нь эрүүл мэндийн байдал сайжирсан гэжээ.  Гэсэн хэдий ч эрүүл мэндийн хэмжигдэхүйц үр дүнгийн хувьд хэрэглэдэггүй хүмүүсээс илт ялгаа байдаггүй гэсэн судалгаа эрүүл мэндийн BMJ сэтгүүлд 11-р сард нийтлэгдэв. Массачусетс мужийн Бостон хотын судлаачид мультивитамины хэрэглээ ба эрүүл мэндийн өөрчлөлт, харьцуулалтыг хийхэд 5000 орчим мультивитамин хэрэглэдэг насанд хүрэгчид болон 16,670 хэрэглэдэггүй хүнийг хамруулав. Тэд эрүүл мэндийн нөхцөл байдал, 10 архаг өвчнийг багтаасан сэтгэлзүйн болон бие махбодийн эрүүл мэндийг хэмжсэн.

“Бид мөн хөдөлгөөнт байдлын хэмжүүрүүдийг судалж үзсэн. Өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрөө хийж чадах эсэх, идэвхитэй хөдөлгөөн хийдэг эсэх болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг давхар судалсан.

Судалгаагаар витамины нэмэлт хэрэглээний хувьд олон төрлийн амин дэм хэрэглэдэг хүмүүс болон хэрэглэдэггүй хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байхгүй байсан” гэж Харвардын Анагаах Ухааны сургуулийн судлаач Маниш Паранжпе хэлэв.

Тэгвэл яагаад (MVM) хэрэглэгчид өөрсдийгөө нэмэлт витамин хэрэглэдэггүй хүмүүсээс илүү эрүүл гэж үздэг вэ?

Паранжпе үүнийг хоёр шалтгаантай хэмээн тайлбарлалаа.

“Нэгдүгээрт, олон төрлийн амин дэм хэрэглэсний үр дүнд хүлээлтийн эерэг нөлөө үүсдэг. Эдгээр олон төрлийн амин дэмүүд ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нь туслах болно гэж найдаж байгаа тул эрүүл мэндийн байдал сайжирсан гэж мэдэгдэж байна” гэж Паранжпе хэлэв. “Өөр нэг боломжит тайлбар бол олон төрлийн амин дэм хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь эерэг хүмүүс байдаг. Тиймээс тэд эрүүл мэндээ илүү сайнаар үнэлэх хандлагатай байдаг.

Хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалтай, нэмэлт витамин, эрдэс бодисын дутагдал байхгүй бол олон төрлийн амин дэм, эрдэс бодис хэрэглэх шаардлагагүй. Учир нь эдгээрийг нэмэлтээр ууснаар эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Зарим нэмэлт тэжээлийг /витанинуудыг/ өндөр тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй юм.

Мөн Тафтс Их Сургуулийн хоол тэжээл, хорт хавдрын тархвар судлаач, дэд профессор, АУ-ны доктор Фанг Фанг Жан мультивитанминуудын нэмэлт хэрэглээний талаар судалгаа хийжээ. Түүний сүүлийн үеийн судалгаагаар эдгээр нь нас баралт, хорт хавдрын эрсдэлийг бууруулдаггүй бөгөөд нэмэлт хэрэглээ нь эрүүл мэндэд шууд ашиг тусаа өгөхгүй болохыг тогтоожээ.

“Гэсэн хэдий ч нэмэлт тэжээл /витаминууд/ хэрэглэдэг хүмүүс эрүүл амьдралын хэв маягтай, нийгэм, эдийн засгийн тогтсон статустай байдаг. Нэмж дурдахад, нэмэлт тэжээл /витаминууд/ хэрэглэгчдийн зөвхөн хоол хүнснээс авах шим тэжээлийн хэмжээ нь хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад өндөр байдаг” гэжээ.  Тиймээс нэмэлт тэжээл /витаминууд/ хэрэглэдэг хүмүүс хоол хүнснээс аль хэдийн хангалттай хэмжээний шим тэжээл авсан байдаг.

Жаны судалгаагаар нэмэлт тэжээлээс (хоногт 1000 мг ба түүнээс дээш) өндөр тунгаар хэрэглэх нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна. Нэмэлт судалгаа шаардлагатай бөгөөд эдгээр үр дүн нь витаминыг хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэйг харуулж байна.

Гэхдээ витамины дутагдалтай хүмүүст нэмэлт шаардлагатай. Энэ нь зөвхөн хоол хүнснээс шим тэжээлийг хангалттай шингэжж авах чадваргүй эрүүл мэндийн асуудалтай болон хоол тэжээлийн дутагдалд хүргэж болзошгүй хоолны дэглэм барьдаг хүмүүст хамаатай юм” гэж Жан хэлэв. Тэрнээс бусад тохиолдолд, нийт хүн амын хувьд витаны нэмэлтээс илүү эрүүл, тэнцвэртэй хооллохыг зорих ёстой.

Амьдралын хэв маягийн хүчин зүйлүүд

Жан эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн зэрэг нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй болохыг онцоллоо.  Судалгаагаар эрүүл, тэнцвэртэй, шим тэжээлээр баялаг хоол хүнс нь эрүүл мэндээ хамгаалах, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчнийг бууруулах чухал нөлөөтэй болох нь батлагдсан зүйл.

Эх сурвалж: Verywellhealth

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!