LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Г.Баяртүвшин: Бохир нийтийн халуун усны газар, саунаар үйлчлүүлэхээс татгалзах нь зүйтэй

Share

Дэлхийн нийт хүн амын 20 орчим хувь нь мөөгөнцрийн халдварт өртөмтгий байдаг гэсэн тоон судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад мөөгөнцрийн халдвараар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэх болсон. Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар арьс гоо заслын их эмч Г.Баяртүвшинтэй ярилцлаа.

-Мөөгөнцөрт өвчний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Мөөгөнцөрт өвчин нь арьсны халдварт өвчний нэг л дээ. Дотроо олон өнгөт үлд, цавь, суганы, хуйх тавхайн, хумсны үлд, салстын кандидоз гэх мэт олон төрөл байдаг. Мөн амны хөндийн, үтрээний мөөгөнцөр гэж бий. Гэхдээ энэ арьсны төрлийнх биш. Манайд хамгийн түгээмэл тохиолддог нь арьсны мөөгөнцөр өвчин байдаг.

-Сүүлийн жилүүдэд мөөгөнцөр өвчний тохиолдол бүртгэгдэх нь олширчээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Иргэд усан бассейн, саунаар үйлчлүүлж байгаа нь хуйх, тавхай, хумсны мөөгөнцрөөр өвчлөх гол шалтгаан болж байна. Саун, бассейнаар үйлчлүүлэхдээ хувийн ариун цэвэр сахиж, бүх нийтээр хэрэглэдэг улавч, алчуур зэргийг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй. Үйлчлүүлсний дараа ариутгалын уусмал хэрэглэж халдвараас урьдчилан сэргийлж болно. Мөн хүүхдүүд мал болон гэрийн амьтантай тэжээмэл амьтантай харьцсанаас шалтгаалж арьсны мөөгөнцөр өвчин тохиолддог. Мөн төрөлхийн ба олдмол дархлаа дутмагшил, бодисын солилцооны өөрчлөлтүүд өвчлөхөд нөлөөлнө. Тухайлбал, нүүрс ус, өөх тосны солилцооны алдагдал орно. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг ч нөлөөлдөг. Энэ нь сахарын диабет өвчин болон өндгөвчний үйл ажиллагааны дутагдлын үед тохиолдоно. Үүнээс гадна витамин, эрдэс бодисын дутагдал, хурц халдварт, архаг хууч, халдварт бус өвчний үед мөөгөнцрөөр давхар өвчилж болно.

-Энэ өвчин ямар замаар халдварладаг вэ?

-Өвчилсөн хүн, гэрийн тэжээмэл амьтан, малаас шууд халдварладаг. Өвчтэй хүний хэрэглэж байсан хувцас, алчуур, малгай зэргээс шууд бусаар халдварлана. Бохирдсон саун, халуун усны газар, усан бассейн,үсчин мөн ариутгал муутай маникюр, педикюр хийдэг гоо сайхны газрууд халдвар тараах голомт болж өгдөг.

-Арьсны халдварт мөөгөнцөр хүний ямар эд эртнүүдийг гэмтээдэг вэ?

-Өвчилсөн төрлөөс шалтгаалж арьс, үс, хумс, амны салст бүрхүүл зэргийг гэмтээнэ.

-Мөөгөнцрийн халдварын үед илрэх нийтлэг ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Төрлөөсөө шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Бага зэрэг загатнах зовиуртай, арьсан дээр зөв дугуй, зууван хэлбэртэй, зах ирмэг рүү тэлэх хандлагатай, арьсны түвшнээс бага зэрэг дээш өргөгдсөн толбонууд бий болдог. Хумс гэмтсэн тохиолдолд зузаарч, шар, саарал өнгөтэй, хугарамхай, бутрамхай болно. Үс гэмтээсэн үед хуйханд голомтолж үс унах, үс хугарч унах, идээт голомт үүсдэг. Зарим мөөгөнцөрт хэлбэрийн үед идээлж буглаа үүсэх нь ч бий.

-Толгойн мөөгөнцөрт өвчнөөр өвчлөгчдийн зонхилох хувийг 3-14 насны хүүхэд эзэлж байгаа гэсэн. Шалтгаан нь юу вэ?

-Толгойн мөөгөнцрийг өнгөц болон гүн гэж ангилна. Хүүхдийн толгой хагтчихсан юм шиг цайрч хайрдаст хэлбэрийн тууралт илэрдэг. Үүнийг анзааралгүй удвал гүн мөөгөнцөр болсноор үс унаж цэврүүтэж идээлнэ. Хүүхдүүд мал амьтантай харьцахад халдварладаг л даа. Мал болон гэрийн тэжээмэл амьтад халдвар тээгчид байдаг учраас вакцинд хамруулж эрүүлжүүлж байх зайлшгүй хэрэгтэй.

-Мөөгөнцрийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?

-Мөөгөнцрийн тууралт өөр төрлийн арьсны тууралтуудтай төстэй учраас заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай. Улаанбаатарт Арьс өвчин судлалын үндэсний төв болон цөөхөн хувийн эмнэлгүүдэд шинжилгээ хийдэг. Эмчийн заавраар биш дур мэдэн эмчилгээ хийвэл аюултай. Яах вэ, тухайн үедээ эмчилгээ аваад эдгэдэг. Харин дахиж, өвчлөх магадлалтай. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд дахих тохиолдол их байна. Бусдад халдварладаг учраас яаралтай эмнэлгийн байгууллагад хандах нь хамгийн зөв сонголт.

-Бэлгийн мөөгөнцрийн илрэх шинж тэмдэг нь юу вэ?

-Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтнээс цагаан юм ялгарах үзэгдэл юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан юм нь сүү, сүүний цөцгий, ээдэм маягийн шинжтэй байдаг. Мөн бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн цөөхөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнах нь бий. Бэлгийн мөөгөнцөртэй хүмүүсийн заримд нь бэлгийн харилцаанд орох үед хорсож өвдөх шинж тэмдэг илэрнэ.

-Бэлгийн мөөгөнцөр хэрхэн халдварладаг вэ?

-Бэлгийн мөөгөнцөр нь гол төлөв бэлгийн харилцаанд орсон хосоос халдварлана. Мөн бохир жорлон, бассейнаас халдварлах эрсдэлтэй. Гэвч мөөгөнцрийн гол үүсэх шалтгаан нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлгийн эд эсийн PH-ийн тэнцвэр алдагдсанаас болж үүсдэг. Учир нь огт бэлгийн харилцаанд ороогүй залуу охидод хүртэл энэ өвчин илэрдэг. Энэ мөөгөнцөр нь хамгийн ихээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд илэрнэ. Учир нь эдгээр хүмүүст ялгарч байдаг эстрогений дааврын нөлөөгөөр мөөгөнцөр бий болох таатай орчин бүрдүүлдэг.

-Антибиотикийн зохисгүй хэрэглээ мөөгөнцөр үүсэх гол шалтгаан болдог гэсэн?

-Үнэн. Салстын мөөгөнцөр үүсэх гол шалгаан нь антибиотикийн зохисгүй хэрэглээ л дээ. Антибиотикийг хэрэглэж байгаа хугацаандаа эмчийн заавраар, мөөгөнцрийн эсрэг эм давхар хэрэглэх ёстой.

-Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэд мөөгөнцрөөр өвчлөх нь элбэг байна гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Солонгос улсад ажиллаж байсан иргэд тавхайн мөөгөнцөр халдварлаад ирэх нь элбэг байдаг. Тус улсад саун, бассейнаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлалгүй нийтийн углааш, алчуур хэрэглэж байгаа нь мөөгөнцөртөх гол шалтгаан болж байна. Энэ нь хүндэрч хумсны үлд мөөгөнцөр тусдаг. Шинжилгээнд хамрагдаж тавхайн мөөгөнцөртэй оношлогдсон хүмүүсийн дийлэнх нь Солонгос ажиллаж байсан хүмүүс байдаг.

-Мөөгөнцөр өвчнийг бүрэн эмчилж болох уу?

-Эмчлэхэд түвэгтэй өвчин л дөө. Тэвчээртэй, тууштай байж курс эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрэх магадлалтай. Юунаас болж мөөгөнцөр өвчин сэдрээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж л энэ өвчнөөс сэргийлж чадна. Тухайлбал, ядарч сульдсанаас болж дархлаа суларч мөөгөнцөр өвчин нь сэдэрдэг хүн байлаа гэхэд хавар, намартаа дархлаагаа дэмжих витамин ууж, амралт ачааллаа тэнцүүлж байх хэрэгтэй.

-Мөөгөнцрөөс сэргийлэх хамгийн энгийн аргын талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Цэвэрлэгээ маш чухал. Ариун цэврийн шаардлага хангаагүй нийтийн халуун усны газар, бохир саунаар үйлчлүүлэхээс татгалзах нь зүйтэй. Мөн бүсгүйчүүд хувийн жижиг маникюрын газраар үйлчлүүлж болохгүй. Хэрэгслүүдээр дамжуулж халдварлах магадлал өндөртэй.

Эх сурвалж: Өдрийн сонин О.Дашням

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!