LOADING

Type to search

Uncategorized

Лавшаа юу, эсвэл бэлэн гоймон уу…

Share

Ердөө л хэрчсэн мах, усаар зуурсан гурил, яс, мах чанасан шөл гурвын холимгийг сонгино, давс төдийхнөөр амт тохируулан халуунаар нь оочиж сорж иддэг хоолоо монголчууд гол төлөв “лавшаа” (оросын лапша) гэж нэрлэдэг.  Иймэрхүү орц найрлагатай гурилтай шөлийг  Завхан аймгийн баруун болон өмнө зүгийн сумын уугуул оршин суугчид <<Гийдаа>> гэж нэрлэдэг.

Нийтийн хоолны газрын цэсэнд элдсэн гурилаа нарийн хэрчсэн бол хэрчсэн гурилтай шөл,  жижиг дөрвөлжин буюу гараар тасчсан бол тасалсан гурилтай шөл, элдэлгүйгээр хурууныхаа завсар багтахуйц жижигхэн үрэл имэрч чимхсэн бол гэтүүртэй шөл, маш бага ус хийж гарын алгаараа нитэрч багсраад шөлөндөө цацаж зутагнасныг “алтан медальт” бантан, жигнэж болгосон гурил дээрээ шөлөө хийснийг мянтуузтай шөл гэхчилэнээр нэрлэн бичих  ажгуу.  Манайхан хөгшин хөвөө, хүүхэд гэлтгүй энэ хоолоо бараг өдөр алгасахгүй хийж иднэ. Гол төлөв ахиухан хийгээд маргааш өглөө нь халааж амтархан зооглоно. Аймаг, суманд төвөөс залрагсдын хамгийн түгээмэл захиалдаг хоол нь гурилтай шөл. Харин өглөө бол бантан захиална. Гадаадад хэдхэн хоноод яваад ирэх хооронд лавшаагаа бараг эхнэр хүүхдээсээ илүү санана. Төрийн томчуулаас эхлээд урлаг спортын одууд сэтгүүлчийн “Таны хамгийн дуртай хоол юу вэ?” гэсэн асуултанд ямар ч эргэлзээгүйгээр нөгөө лавшаагаа нэрлэнэ. Сонирхуулахад эрдэмтэн зохиолч Л. Түдэв гуай одоогоос арав гаруй жилийн өмнө Залуус сонинд “Гурилтай шөл” гарчигтай өгүүлэл нийтлүүлснийг уншсанаа тодхон санаж байна. Энэ өгүүлэлд Монгол улсын нэг ерөнхийлөгчөөс гадаадын нэгэн сурвалжлагч ямар хоолонд дуртайг нь асуухад “гийдаа” гэж хятад зуухны үгээр хариулсанд нөгөө сурвалжлагч улсын ерөнхийлөгчийн дуртай тэр “нандин” хоол болох гийдааг амтлах  гэж цөхрөнгөө бартал яваад эцэст нь хөдөөний нэгэн айлд түр буудаллахад   гэрийн эзэн, эмгэн  хоёр түүний нүдэн дээр хоромхон зуур хийж өгөхөд аяганы талыг арай ядан идээд цааш нь явах шинжгүй болжээ. Харин хоолныхоо дээжийг түрүүлж амссан гэрийн эзэн өвгөн, орчуулагч залуу хоёр аягатай хоолоо  нүд ирмэх зуур идэж бараад хацар, хамар дээгүүр урсах хөлсөө арчжээ. Тогооноос шууд аягалж уур нь савссан халуун шөлийг яарч сандран сорж идэхээр хөлрөлгүй яахав дээ. Үүнийг нь ойлгоогүй сурвалжлагч  гайхаж өнөөх “Их санасан газар гурван шөнө хоосон хонов” гэх шиг юм болсон тухай дээрх өгүүлэлд бичжээ. За яахав, гадна дотны галуу шувууны маханд дассан хүмүүст ингэж санагдалгүй яахав. Аль ч үндэстэнд өөрийн гэсэн давташгүй амт байдаг шүү дээ.  Гагцхүү  лавшаа гэдэг яах аргагүй монгол амтыг хадгалсан монгол хүний хоол. Энэ хоолонд бусдаас гойд хольц байхгүй ч билчээрийн монгол малын мах, цэвэр гурилаар бүтсэн, давсыг эс тооцвол химийн бодис ороогүй, болгох арга нь  энгийн болохоор ямар ч хор шар үгүй. Дээр нь хийхэд хялбар. Өөрөөр хэлбэл  экологийн цэвэр хүнс.  

Гурилтай шөлтэй төстэй  хоолыг Дундад азид лагман, Италид  гоймонтой хоолыг  ерөнхийд нь Pasta  (паста) гэж нэрлэдэг. Улс бүрт л өөрийн гэсэн нэртэй байх. Харин хүн төрөлхтөн өнгөрсөн зууны сүүлийн хагаст лавшаатай төстэй нэгэн хоолыг бүтээсэн. Энэ нь бэлэн гоймон. 

Бэлэн гоймон

Гурилтай шөлний дэлхий нийтэд танигдсан  нэр нь noodle soup гэх бөгөөд манайхан орчуулахдаа бэлэн гоймон, оросоор лапша быстрого приготовления (түргэн болдог лавшаа), хэмээсэн буй. Япон, Солонгост   удон, соба, рамен гэнэ.  За тэгээд доширак, роллтон, “Нонг шим”, “Ногури”, Самъяанг  гэхчилэн өч төчнөөн оноосон нэр буй.

Түүхээс…

Энэ хоол хагас зуун жилийн өмнө анх бий болж дэлхий дээр түгэн тархжээ. Анхны бэлэн гоймон болох Chikin Ramen “тахианы шөлтэй гоймон”-ыг 1958 онд Тайвань гаралтай Японы бизнесмэн Момофүкү Андо үйлдвэрлэж эхэлжээ. 1971 онд Японы  Nissin компани хөөсөнцөр савтай “Cup noodle” анх хийснээр энэхүү бэлэн гоймонг шууд аяганд нь бэлтгэх боломжтой болсон байна. Ташрамд тэмдэглэхэд 2000 онд японы хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар бэлэн гоймонг Японы XX зууны хамгийн гол шинэ нээлтийн тоонд оруулжээ. Харин караокег хоёрт, компакт дискийг тавд эрэмбэлжээ.  Хожим нь бэлэн гоймонгийн саванд хатаасан ногоо нэмж хийх болжээ.

Эхэн үедээ бэлэн гоймонгийн үнэ ердийн гоймонгоос даруй 6 дахин өндөр байсан ч жилээс жилд буурсаар эдүгээ хамгийн хямд хүнсний нэг болсон байна.
Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад 2012 оны байдлаар жилийн үйлдвэрлэл нь 104 тэрбум саваас аль хэдий нь давжээ. Хятадын компаниуд дэлхийн нийт бэлэн гоймонгийн тал хувийг үйлдвэрлэдэг юм. Осакад төвтэй Дэлхийн бэлэн гоймонгийн нийгэмлэгээс мэдэгдэж буйгаар  2022 он гэхэд дэлхий даяар жилд дунджаар 200 тэрбум сав бэлэн гоймон зарагдана гэсэн судалгааг гаргажээ. Хөгжиж буй орнуудын хүн амын тоо өсч байгааг дагаад бэлэн гоймонгийн хэрэглээ нэмэгдэнэ гэж тус нийгэмлэгийн дарга  ярьсан байна
Хятадууд жилд 44 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэж дэлхийд тэргүүлдэг бол  удаа нь Индонез, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг Азийн улсууд орж байна.  Сүүлийн үед бэлэн гоймон үйлдвэрлэгчид тухайн улс үндэстний уламжлалт хэрэглээний онцлогт тохируулан шинэ нэр төрлийг бий болгоход анхаарч эхэллээ. Нэг жишээ дурдахад, одоогоос таван жилийн өмнө   Өмнөд Солонгосын Нон Шим корпорацийн ерөнхийлөгч Монголд айлчилснаас бүтэн хагас жилийн дараа  монголчуудад зориулсан хонины махтай кальций болон амин дэмээр баяжуулсан гоймон үйлдвэрлэж манайд нийлүүлэх  болсон байна.

Бэлэн гоймон: эерэг, сөрөг чанар

Бэлэн гоймонгийн найрлаганд ус, гурилаас гадна амт оруулагч, консервант, үнэр оруулагч, будагч бодис их хэмжээгээр агуулагддаг. Халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог  бүх төрлийн  бэлэн гоймонг Цельсийн  350-400 градусын өндөр халуунд чанаж  үйлдвэрлэдэг.   Нөгөө талаар   мал, тахианы мах, ногоо, мөөг, тэнгис далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун ногоо, ааг амттан  зэргийг тусгай жороор зохицуулсан сайхан амт, үнэртэй байдаг тул бүх насны хүмүүсийн хоол идэх дуршлыг амархан төрүүлдэг,  бас хаа ч хэрэглэхэд тохиромжтой, буцалсан халуун ус байвал гүйцээ. Илүү дутуу сав суулга, таваг сэрээ шаардахгүй. Бэлэн гоймонгийн өөр нэг  давуу тал бол яах аргагүй цаг хэмнэсэн үйлчилгээ юм. Бэлтгэхэд амархан, хурдан болдог зэрэг шалтгаанаар бэлэн хоолыг өдөр тутам идэх хүн цөөнгүй бий. Ялангуяа мөнгө санхүүгийн боломж хомс оюутан, сурагчид, захын  лангуу сахисан худалдаачид, зам, барилга зэрэг ил задгай талбайд ажилладаг хүмүүсийн хувьд бэлэн гоймонг харьцангуй  их хэрэглэдэг. Бэлэн гоймон нь орон гэргүй хүмүүсийн иддэг цорын ганц халуун хоол, архинд шартагчдын “авралын од” болдог.  Нөгөө талаар мал сүрэг цөөнтэй, эдийн засгийн хувьд  буурай хөгжилтэй  улс орны хүн амын  хувьд амь зогоох гол хүнсний нэг.

Гэвч тэрбум тэрбумаар савлаж үйлдвэрлэдэг энэ хүнсний сөрөг үр дагаврын талаар сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдэд их бичих боллоо. Тодорхой баримтад тулгуурлан энэ талаар товч өгүүлье.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэрлэсэн  хамгийн хортой 10 бүтээгдэхүүний тоонд  бэлэн гоймонг оруулжээ.  Хэдийгээр дэлхий дээр чанартай ба чанаргүй олон төрлийн бэлэн гоймон хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа боловч шинжлэх ухааны үүднээс гаргасан мэдээллээр эдгээр бэлэн гоймонд та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс бодис агуулагддаггүй бөгөөд энэ нь хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогдож байна. Бэлэн хоол нь тэр чигээрээ нүүр ус агуулж байдаг бөгөөд ямар нэгэн эрдэс бодис агуулдаггүй аж.  Өөр нэг баримт. “The Consumer Education & Research Society”-гаас хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзэхэд өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Иймд дээрх байгууллагаас  бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ Бэлэн гоймонд “Monosodium Glutamate” хэмээх найрлага агуулагддаг ба энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм. Энэ бодис харшил үүсгэхэд нөлөөлдөг.  Түүнчлэн бэлэн хоол нь цавуулаг ихтэй болохоор харшилыг өдөөж, толгой өвтгөхөөс гадна, дотор муухай оргих, нүүрэн дээр юм гаргах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг  Иймд харшлын эмгэг хуучтай хүмүүт бэлэн гоймон зохихгүйг эмч нар анхааруулж байна.   Бэлэн гоймонгийн гол найрлагад гоймонг чийгшүүлэхгүй, хэт хуурайшихаас сэргийлж хэвийн орчинд байх нөхцлийг бүрдүүлэх зориулалттай “Propylene Glycol” гэх химийн нэгдэл агуулагддаг ба энэ нь хөлдөлтийн эсрэг бодис юм. Гэвч энэ нь хүний  дархлалын тогтолцоонд сөргөөр  нөлөөлөөд зогсохгүй зүрх ба элэг, бөөрийг өвчлүүлдэг нь нэгэнт тогтоогджээ. Бэлэн гоймон нь.  давс, өөх тос, халуун ногоо болон бусад нөөшлөгч бодисуудыг ихээр агуулдаг тул жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Бэлэн хоолыг хэрэглэснээр  эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бөгөөд  тэжээл алдагдуулдаг бодис ихээр агуулагддаг тул тав болон түүнээс доош насны хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй.

Бэлэн гоймонг хэт өндөр хэмд боловсруулж бэлтгэх явцад түүнд  хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Их Британийн эмч Рейчел Томпсон ходоодны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тодруулахаар ажилласан судалгааныхаа дүнд бэлэн хоол тогтмол хэрэглэх нь ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд биед шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон тогтоожээ. Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их давс агуулдаг аж. Давснаас үүдэн гарч болох бас нэг эрсдэл нь ходоодны хорт хавдар гэдгийг дээрх судалгаа харуулжээ.  Түргэн хоол идэх дуртай хүмүүс зүрхний элдэв өвчин, чихрийн шижинтэй болж  тэдэнд цус харвах эрсдэл их байдаг гэсэн дүгнэлтийг  Америкийн Техас муж улсын эмнэлгийн мэргэжилтнүүд хийсэн байна.

Бэлэн гоймонг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй юм. Тогтмол идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж энэ нь хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг сөрөг үр дагавартайг эмч судлаачид нотолсоор байна. Нөгөө талаар бэлэн гоймон нь  өөх тос болон натри ихээр агуулдаг тул таргалах эх үүсвэр болдог.  Үүнээс гадна содын хэт агууламж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлахгүйд хүрснээр жингийн илүүдэлд орж эхэлдэг байна. Долоо хоногт хоёроос гурван удаа түргэн хоол, түүний дотор японы нэрд гарсан гурилтай рамен шөл идэх дуртэй хүмүүсийн биеийн байдлыг судлаачид шинжилснээр, ийм харилцан холбоо байдгийг илрүүлсэн байна. Дээрхээс үзэхэд бэлэн гоймон нь өдөр бүр буюу тогтмол хэрэглэх хүнс хоол биш ажээ. Иймд хэмжээг тохируулан бага идэх, эсвэл татгалзах нь зүйтэй мэт.

Төгсгөлд нь

Энэ ялдамд хэрэглэгчиддээ захиж хэлэх нэг зүйл байна. Шинжлэх ухаан, техник, технологийн үсрэнгүй хөгжил бидэнд маш олон цоо шинэ хүнс, бүтээгдэхүүнийг бий болгож байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт, зохицуулах үйлчилгээтэй хүнс, генийн өөхчлөлттэй организм гэх мэт шинэ шинэ ойлголтууд бий болж байна. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн үг бий. Шинэ юм бүхэн, ялангуяа  хүнс тэжээлээ сайн судалж жор найрлага, хэрэглэх зааврыг сайтар судалж өөрт тохирох эсэхийг зөвхөн хэрэглэгч та өөрөө л шийдэх эрхтэй. Хэн нэгний амаар юмуу, эсвэл бусдыг дууриах, аливаа реклам сурталчилгаанд итгэж хоомоой хандахгүй байхыг зөвлөе. Учир нь хоол тэжээл бол таны бие организмыг бүтээгч, эрүүл аиьдоарын үндэс. Нийтлэлч миний бие хүнс, хоол судлаачийн хувьд хүн төрөлхтний уламжлалт болон орчин цагийн хоол хүнс, хэрэглээний  онцлогийг сонирхож олж мэдсэн зүйлээ уншигч олонтойгоо хуваалцахыг зорьдог нэгэн. Энэ үүднээс дэлхий нийтэд түгсэн зарим хоол хүнсний талаар бодит баримт, нотолгоонд тулгуурлан мэргэжлийн талаас нь тайлбарлан бичиж байх болно.

Эцэст нь хүнсээ таньж, зөв боловсруулж зохистой хэрэглэж хэвших нь эрүүл амьдралын хэв маяг төдийгүй энх тунх, цовоо сэргэлэн байж урт наслахын үндэс болохыг дахин тэмдэглэж хэлье.

Ж. Октябрь

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!