LOADING

Type to search

Онцлох

“Хүний мөр” киноны Цэрмаа

Share

Монголын түүхэн туульсын киноны шилдэг нь Л.Ванган, Ч.Чимид нарын зохиол “Түмний нэг”, “Хүний мөр” хэмээх хоёр ангит кино юм. Эдгээр киноны усгал зөөлөн харцанд нь хайр гэрэлтсэн нэгэн сайхан монгол эмэгтэйн дүрийг бид мартаагүй. Үзэх бүр гайхан биширч, зүрх сэтгэл уусам зовлон жаргалыг мэдэрч, хүмүүнийг хайрлахын ухааныг шингээж авдаг билээ. Энэ гайхалтай дүрийг бүтээсэн хүн бол театр, киноны нэрт жүжигчин, Цэргийн ансамблийн бүжигчин Лувсандоржийн Дуламжав юм санж.

Түүний амьдрал намтраас сөхвөл, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул бөгөөд “Дөрөө нуур” гэж халх даяар алдартай сайхан нутагт төрж өсжээ. Дөнгөж нэг ойтой байхад нь хүнд өргүүлсэн ч бага насанд нь төрсөн, үрчилсэн эцэг эхчүүд нь цөмөөр нас баржээ.

Ингээд ээжийнхээ нагац ах Лувсандорж дээрээ хүн болсон гэдэг. Лувсандорж нь Цэргийн сургууль төгсөж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, ясны цэргийн хүн байжээ. Энэ тухай тэр бээр хуучлахдаа “Тамсагбулагт цэргийн алба хааж байгаа Лувсандорж ах дээрээ эмээтэйгээ очсон. Тэнд Цэргийн ансамблийн тоглолтыг анх үзэж сэтгэл нь ихэд хөдөлж, яавал Цэргийн ансамблийн ийм гоё жүжигчин болох вэ гэж мөрөөддөг болсон’’ гэжээ.

Ингээд 1944 онд Улаанбаатар хотод ирээд насаа хоёр нэмж, хотын паспорт аваад шууд л Цэргийн дуу танцны ансамбльд дагалдан жүжигчнээр оржээ. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Ансамблийн бүрэлдэхүүнд орж дайны хүнд хүчрийг даван туулж явахдаа өөрийн насан туршийн хань Цэрэндоржтойгоо танилцаж дотноссон сайхан дурсамжаа “Манай Цэрэндорж орос хэлтэй хүн байсан болохоор Ансамблийн зөвлөх хурандаа Лужкогийн хэлмэрчээр явж байсан. Мань хүн хааяа хурандаагийн чемоданаас баавгайтай чихэр, амттай зүйл надад амсуулж явсан нь одоо бодоход их л сонин байдаг сан” гэсэн байдаг.

Ансамблийн бүрэлдэхүүнд орж, фронтын сурвалжлагч явсан зохиолч Чойжамцын Ойдов дайнаас эргэж ирээд “Төрсөн өдөр” жүжгээ бичиж тоглуулахдаа гол дүрийн нэг Өвөр Монгол охин Оюунгэрэлийн дүрд Л.Дуламжавыг анх тоглуулжээ. Цэргийн ансамбльд байхдаа А.Баряновын зохиол “Тэр талд” жүжигт тоглосноор жүжигчин болох замдаа шуударч, 1951 онд Цэргийн ансамблиас Улсын төв Театр руу шилжүүлсэн хэсэг уран бүтээлчийн бүрэлдэхүүнд орж, төв театрын жүжигчин болжээ. Тэрбээр 1951 оноос 1983 он хүртэл нийт 32 жил тайзнаа бүжиглэж, жүжиглэж, өөрийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ урлагийн төлөө зориулсаар тэтгэвэрт гарчээ. Кино урлагт анх хөл тавьсан нь 1961 он байлаа.

Тэрээр энэ тухай “Улс хувьсгалын 40 жилийн ойн өмнөхөн нэгэн өдөр театрт байж байтал Кино үйлдвэр дээр маргааш 10 цагт ир, проб гээч юм авна гэнэ.

Маргааш өглөө нь Кино үйлдвэр дээр очвол УГЖ Долгорсүрэн, Лоохуузын эхнэр гээд зөндөө гоё хүүхнүүд байна. 12 хүүхнээс проб авсан санагдана. Түүний дараа Д.Жигжид найруулагч надтай уулзаад, “Бид анх удаа гаднын мэргэжилтний оролцоогүйгээр хоёр ангит уран сайхны кино бүтээх юм. Чи тоглож чадах уу” гэвэл би балмагдаж, басхүү айхдаа “Би нялх нойтон хүүхэдтэй хүн. Хүүхдүүдийг минь харах хүн байхгүй. Та бүхний ажилд саад болж магадгүй” гэлээ.

Тэгээд л өнгөрлөө. Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын жагсаалд оролцоод явж байтал Ч.Лодойдамба сайд таарч, “За, чамд баяр хүргэе. Чи “Түмний нэг” киноны Цэрмаагийн дүрд тоглох болсон” гэлээ. Ванган багш “Дуламжав аа, чамайг кинонд тоглох болсонд баяр хүргэе. Үсээ гоё болгочихсон юм уу даа” гэсэн. Би тэр үед тахимаа шүргэсэн урт гэзэгтэй байсан юм. Анхны зураг авалтыг Партизаны сангийн аж ахуйн Шижирийн даваанд авсан санагдана. Чимид, Гүрсэд хоёрын морь наймаалцдаг хэсгийн зургийг авахад анх оролцож билээ. Зураг авсны дараа Жигжид найруулагч “Чимид, та хоёр болмоор юм шиг байна” гэж хэлж билээ. “Түмний нэг” киноны нэгдүгээр анги дээр найруулагчийнхаа яг зааснаар тоглосон. Харин “Хүний мөр” кинонд туршлага сууж, найруулагчийн зөвлөгөөг дагаж өөрийнхөөрөө бодож тоглосон. Харин кино маань гарах гэж их саатахад бид санаа зовж эхлэхэд Жигжид найруулагч бидэнд хандаж, жүжигчид та нарт ямар ч буруу байхгүй, зохиолд засвар хийж байна гэсэн. Кино маань бэлэн болж, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдэд үзүүлэхэд зарим нь уйлж байсан гэдэг. Тэгэхэд Ю.Цэдэнбал дарга “Бид ингэж уйлж байгаа юм чинь хүмүүс үзээд сэтгэл нь ихэд хөдөлнө дөө” хэмээж байсан гэсэн. Кинонд тоглоод Гантөмөр бид хоёр жинхэнэ ээж, хүү хоёр болсон санагдана. Хүмүүс ч тэгж боддог. Сонин юм тохиолдохыг алийг тэр гэхэв.

Гудамжинд тааралдсан хүн “Та цаад хүүхдэдээ чангахан хэлээрэй. Хүүхдийнх нь сурлага тааруухан байна шүү” гэхэд би учрыг нь тааварлан ойлгож, “Тэгье, тэгье би Гантөмөрийг таарвал заавал дамжуулж хэлье” гэсэнд нөгөө багш байрын эр “Өө, нээрээ та чинь Гантөмөрийн киноны ээж байна шүүдээ, намайг уучлаарай” гээд зөрөөд явж билээ.

Бас болоогүй ээ, цаад Гантөмөр чинь эхнэрээсээ салж байгаа гэж дуулсан юм. За тэгтэл нэг өдөр Гантөмөртэй яг тааралдчихдаг юм байна. Юу болсон гэж санана …Нэг мэдэхэд “Чи барагтайхан шиг байгаарай” гээд би алгадчихав аа. Тэгсэн нөгөөдөх чинь нүүр нь час улайж, нүдээ томоо бүлтийлгэн эг маг хийж, “Ээж ээ, та намайг уууууууч….лаарай, би танд бүх үнэнийг дараа ярья” гээд бушуухан зөрөөд явчхаж билээ. Би гэдэг хүн Улсын гавьяат жүжигчин хүнийг учир зүггүй алгадаж байдаг. Сэтгэл ихэд зовж билээ. Өнчин хүний өр зөөлөн гэж өөрийнхөө хүү шиг санаж явдаг нь тэр. Жүжигчин Гантөмөр ч өнчин өрөөсөн хүн шүү дээ” хэмээн дурссан байдаг.

Мөн “Киноныхоо нээлтээр бид Ванган багштай Гадаад яам болон Нийслэлийн арван жилийн I сургууль гээд олон газраар хамт орсон. Мөн Нийслэлийн VI сургуульд биднийг очоод дөнгөж хаалгаар ортол танхим дүүрэн хүүхдүүд манай киноны дууг нирхийтэл дуулж байсан. Тэгнэ чинээ бодоогүй явсан Ванган багшийн сэтгэл хөдөлж, хоёр нүднээс нь өөрийн эрхгүй нулимс асгараад ирсэн. Тэгээд сандрахдаа байшингийн тааз руу харж билээ. Тэгэхэд нь би дотроо эрэгтэй хүн байж уйлж л байдаг гэсэн шүү юм бодож билээ. Ингээд нэгдүгээр анги амжилттай болж, хоёрдугаар ангийн зохиолоо уншуулахаар Ванган багшийнд очсон. Багш нулимсаа дуслуулан байж уншиж билээ. Тэгэх нь ээ аавынхаа амьдралыг бодож бичсэн зохиол юм билээ. Би Ванган багшаар зохиолыг нь уншуулсан азтай хүн шүү” гэж багшийнхаа талаар дурсан ярьсан байдаг.

Ийнхүү жүжигчин Лувсандоржийн Дуламжав “Тань руу нүүж явна”, “Хүний сайхан сэтгэл” зэрэг монголын уран сайхны кинонуудад намбалаг дөлгөөн, хайр халамж дүүрэн сайхан ээжийн дүрийг бүтээжээ. Гавьяаныхаа амралтыг эдэлж, ахмад настан болсон ч тэрээр “Би Ардын цэргийн ансамблиас урлагийн замаа эхэлсэн цэргийн хүн. Одоо армийнхаа “Дайчин алдар” чуулгад нөхөдтэйгөө хамт бүжиглэж, Москва хотод ялалтын баяраар тоглож явна. Ахмадынхаа чуулгаас “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм цол тэмдгээ гардаж авлаа. Их баярлаж байна” гэж урам зориг дүүрэн өгүүлсэн байдаг.

Нэгэн дурсамж дэлгэхэд, 1986 онд Ансамблийн дарга асан Х.Ёндон нөхдийн хамт санаачилсан “Дайчин алдар” чуулгын анхны тоглолтын найруулагчаар миний бие ажилласан юм. Тэгэхэд Ансамблийн 100 орчим ахмад уран бүтээлч цуглахад тэдний дунд Дуламжав гуайн нөхөр Г.Цэрэндорж байсан.

Тэрээр Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор хүн байж билээ. Сүүлд 1995 онд Улаанбаатар телевиз “Эртний сайхан” чуулгын жүжигчдийн тухай “Бид Бөмбөгөр ногооныхон” кино концерт бүтээхэд Л.Дуламжав эгч, Ардын багш, нэрт бүжиг дэглээч Г.Долгорсүрэн, УГЖ Дашдулам, Бөмбөгөр ногоон театрын анхны бүжигчин Ж.Алимаахүү нартай хамт “Цагаан пансан алчуур” гэдэг тэр үеийн содон бүжгийг бүжиглэсэн нь телевизийн алтан фондод хадгалагддаг юм.Монголын кино урлагт дахин давтагдашгүй дүрээрээ мөнхөрч, ард түмний сэтгэл зүрхэнд намбалаг дөлгөөн төрх, аргадаж ухааруулсан харцтай сайхан бүсгүй, сайн ээж болон хүндлэгдсэн Лувсандоржийн Дуламжавын тухай дурсамж сөхөхөд ийм бөлгөө.  

ЦДБЭЧ-ын найруулагч асан, бэлтгэл хошууч Самбуугийн БОЛД

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!