LOADING

Type to search

Uncategorized

Умарташгүй шар харгис бөгөөд учиршгүй уулын хулгай болох Дамбийжанцаны тухай 1

Share

 Олноо өргөгдсөний 12-р он 2 найман сар бөгөөд аргын арван сард манай монгол ардын нам ба ардын цэргийг удирдан байгуулсан гавьяат нөхөр Сүхбаатарын гэрийн газар нэгэн үдэш учрахад бидний улс төрд тэрслүү явагчдын сөнөөгдөж байгаа байдлыг хэлэлцэхийн дашрамд нэгэн ихээхэн бодлогыг бодолхийлсэн байдлыг гаргаж өгүүлрүүн:

 — Аа нөхөр өө! Үүний урьд дотоодын шар хар эзэрхгүүдийн их төлөвийг сөнөөн чадаж байгаа тийм боловч нэгэн үлдсэн этгээд буй амуй. Юу хаана буй хэмээвэл манай монголын баруун хязгаарыг эгнэгт өнгөлзөн шүлс залгиж бүхий харгис хулгай гэгч Дамбийжанцан хэмээх нэгэн хүний хэргийн байдал саяын Бодоо нарын хэргээс тодорхой мэдэгдсэн биш үү. Одоо би санавал энэхүү харгисыг өөрөө явж, нарийн нууц аргыг хэрэглэн устгаж сөнөөсүгэй хэмээн санана хэмээмэгц нэгэнт бодоод ажиглавал гэрийн дотор өөр хүнгүй тул тэр тухай гавьяат жанжин нөхөр Сүхбаатарт хэлсэн нь:

 — Та бол манай улсын бүх цэргийн эрхийг барьсан алдартай нэгэн ихээхэн тушаалын үүргийг хүлээсэн хүн. Тэрхүү муу хулгайн зүг одвол алдаршил олонд дуурьсах нь даанч үлэмж болох болов уу. Харин алдаршсангүй бөгөөд үүрэг хөнгөнтэй нөхдөөс явуулбал дуурьсгал нь бага. Уг хэргийг нууцлан чадах болов уу? хэмээхэд: Тиймгүй тиймгүй! Дараа нэгэн сайн аргыг бодсугай хэмээн хэлээд бармагц цай ууж тамхи татан энгийн шүүмжлэлцэн шөнө орой болсон учир хойш эргэв.

 Дараагаар мөн сарын 23 бөгөөд аргын 13-ны үед Данлабыг 3 Улиастай хотыг сэргийлэх цэргийн дарга Нанзадын 4 хамт зарлан аваачиж нөхөр Сүхбаатараас хэлсэн нь:

 — Баруун хязгаарын харгис хулгай Дамбийжанцаныг сөнөөх хэрэгт танай хоёр хүнийг зүүн хязгаарын сайд явсан Дугаржавын 5 хамтаар засгийн газраас нууц томилон одуулахаар завдан бүхий учир та нар эртнээс засацгаан завдаж байсугай. Хэрэв чухлыг задруулбал хэрэг нь хөнгөнгүй биш үү. Тухайд тушаалыг зохих газраас гаргах буй заа. Эрхбиш энэ хэргийг миний санаснаар гүйцэтгэхийг танай хоёр хүнд даатган үүрүүлэв. Бүү мартагтун. Бүү бэрхшээгтүн. Бүү осолдон цалгардагтун, нөхөд өө! хэмээн их л эелдэг найртайгаар хэлэхэд ихэд зориг нь хөгжиж Данлабын хэлсэн нь:

 — Бичгийн хэрэгт туслалцах нэгэн идэвхтэй хүнийг өгнө үү гэсэнд болно хэмээн зөвшөөрсний дараа инээлдэн нэлээд удаан суусаар гарч одоод Нанзад нар тус тусын гэртээ харьж хувцас хунараа бэлтгэн завдан байхад Нанзадын бие гэнэт халуунтай ханиад өвчин тохиолдож ханзлан хэвтсэн боловч Данлаб Засгийн газрын зарлалыг дагаж мөн оны 8 сарын 27 бөгөөд аргын 10 сарын 17-ны өдөр Засгийн Газрын тушаасан бичгийг хүлээн авч үзвэл уг бичгийн дотор одоо Улиастайн сайдаас Ардын Намын Төв Хорооны нэр хамт захидал дагуулан ирсэн харьяат сайд ба Дилав хутагт Жамсранжаваас төлөөний хүмүүсийг томилон харьяат хошууг авч улсаас урвасан Ёст бэйл3 6 Мишигдоржийн алах ялыг уучлан хэлтрүүлэхээр ноён лам хэмээх Дамбийжанцантай батлан тогтоосон гэрээ бичгийг цөм хүлээн авч үзлээ. Үүнд бэйл Мишигдоржийн хэргийг, тухайг үзэж дараа хянан шийтгэхээс гадна Дамбийжанцан гэгч уулаас хэрж явах гадаадын нэгэн зальт муу хүн бөгөөд зальхай башраар манай баруун хязгаарын олон монголчуудыг хуурмаглан мэхэлсэн ба харгис догшноор хүнийг хорлосон нь тоолшгүй, түүний биеийг хязгаарын орчимд нэгэн өдөр агуулбал хязгаарын олон түмэн ард мөн нэгэн өдөр амрыг олж үл чадах (тул) … гагцхүү харгис муу зальт Дамбийжанцаныг үтэр түргэнээ сөнөөж олны зовлонг эртхэнээс арилгахыг урьдал болговол зохих учир харьяат сайд, хутагт нартай сэмхэн нүүр учран нэгэн цагт шийтгэн дуусгах нарийн аргыг нууцаар гүйцэтгүүлэхээр бүх цэргийн зөвлөлөөс тусгайлан зааврыг гаргаж, зүүн хязгаарын цэргийг захирсан Дугаржав, цэргийг захирах Нанзад, дарга 7 нарыг нууцаар мордуулан илгээснийг Улиастайн сайд нарт нэгэн адил явуулан шийтгэх шийдвэрийг маш нарийн нууцаар тогтоож түүний биеийг эрхгүй хоромхон зуур барин авч шийтгэн дуусгавал зохино. Хэрэв хааш яашаар омтгойдон явж хязгаарын газар зовлонгийн үндсийг үлдээхэд хүргүүлбээс хэрхэвч завсарчлан аваачиж үл чадах явдлыг хамтад тушаасугай гэжээ.

 Учир иймд Данлаб нөхөр Нанзадын гэрт очвол тэрхүү нөхрийн бие үнэхээрийн халуунтай ханиад өвчин хүнддэн тохиолдож ханзлан хэвтэж бүхийд ийш тийш сандран мэгдрэн давхисаар цагийг дэмий л хоосноор нөхцөөхөд хүрэх тул жанжин Сүхбаатарын гэрт очиж учирвал:

 — Энэ үдэш чиний бие ирсүгэй, би Дугаржав та хоёрын нүүрийн өмнө бүх цэргийн зөвлөл ба засгийн газрын өмнөөс зааврыг гаргаж өгнө гэхэд гарч одоод тэр үдэш нөхөр Сүхбаатарын гэрт ирвэл Дугаржавын бие ирээгүйд баахан хүлээж суутал Дугаржавын бие ирлээ. Жанжин Сүхбаатар гэргий, хөвгүүдийг гадна гаргаж гурвуул болоход хэлсэн нь:

 — За танай хоёр хүний өмнө зааварлан хэлэх нь: Засгийн газрын бичигт тодорхойлсон харгис Дамбийжанцаныг сөнөөхөд Нанзад, Дугаржав танай гурван хүнийг томилсон бөгөөд Нанзад энэ хэр бага ханиад өвчин тохиолдсон авч дараа өртөөлөн мордуулна. Дугаржав, Нанзад танай хоёр хүн цэргийн тушаалыг эрхэлнэ. Дарга чиний бие элдэв нарийн нууц бичиг ба арга бодлогыг эрхлэн гүйцэтгэж явбал зохино. Дугаржавыг Засагт хан аймгийн нутгийн цэргийг шалган байцаахаар томилж зарлал ба үнэмлэх бичгийг цэргийн яамнаас гаргаж өгнө. Нанзад бол урьд нэгэнт Улиастай хотын сэргийлэх цэргийн дарга тул хойш буцахаас өөр зүйлгүй болно. Даргыг Улиастайн зэрэг цэргийн хороодод суртлыг номлогч комиссарын үүрэг мэтийг хүлээлгэн цэрэг ардыг сурган боловсруулах хэлтсээс үнэмлэх бичиг шийтгэн олгоно. Бас урьд дурдсан ёсоор бичгийн хэрэгт туслалцахад Сандуйжавыг 8 өгнө. Замдаа дайрч авсугай. Бас цэрэг агтыг дайчлан хэрэглэх эрх бүхий жанжны тамга дарсан үнэмлэх бичиг шийтгэн олгоно хэмээн хэлж бармагц танай хоёр хүн эдүгээ урагшлан мордсугай хэмээн тус тусын бичгийг гардан өгөөд:

 — Хэрэв та гурван этгээд санал бодлогоо нэгтгэн явж эл хэргийг нэгэн цагт зааврын ёсоор гүйцэтгэж эс чадвал миний царайг бүү харагтун. Би та нартай учрахад энэхүү сэлмийн ирээр учирна хэмээн нэгэнтээ чангалж, нэгэнтээ ухуулан түмэн ардын тус ашиг, зовлон жаргалыг тоочин ятгах нь үнэхээрийн уяралтай нигүүлсэнгүй бөгөөд харгис этгээдийг сөнөөх хатуу зориг нэгэнт шуудаж даруй за за! хэмээн гарч одохыг завдмагц даргыг хоцроон винтов бууны сум нэг, гуулин бүстэй орос үсгийн нэр дуртгал бүхий нарийнхан хар сайран хуйтай сэлэм нэг, эрээн булигаараар үйлдсэн сумны дайз нэгийн хамт өгч гарыг барьж хэлсэн нь:

 — Нөхөр чи ард түмний төлөөнөө амь биеийг хайрлахгүйгээр зүтгэх тангарагт намын гишүүн тул миний санасан зоригийн ёсоор явж энэхүү ганц сум ба сэлмээр хэргийг бүтээн иртүгэй хэмээж их ерөөлийг тавин өгсөн нь үнэхээр түмэн түмэн онд марташгүй ихэд зоригийг агуулан гарч одов. Мөн сарын 20-ны шөнө үүр гийхийн хэрд уван цуван гарч одох явдлыг Данлаб, Дугаржавыг дайрч хэлэлцээд улаа зэргийг бэлтгүүлэн урьд таних Дагважанцан нарыг дагалдуулан өртөөлөн мордож явав.

 “Хувьсгалт Залуучуудын Эвлэл” хэмээх сэтгүүл,

 1926 он. №3. Улаанбаатар хот. 69-77-р тал.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!