LOADING

Type to search

Uncategorized

Даваасамбуугийн Мөрөн. Yхэр жилийн vймээн

Share

Арван нэгэн онд Манж Чин улсын төр унаж Монголчууд 200 жилийн турш манжид талхигдаж байсан үе эцэслэн богд эзэнт тусгаар улс байгуулагдсан билээ.

Хятадын цэргийн эрхтэн Юан Шикай засгийн эрхэнд гармагцаа Жавзандамба хутагтын “Олноо өргөгдсөн наран гэрэлт түмэн наст богд хаан” цолыг үгүйсгэн Богд хаант Монгол улсыг мөхөөх бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг (1911 он) Цахар Шилийн гол аймагт үхэр жилийн үймээн гэж нэршжээ.

Өвөр Монголд өрнөсөн эрх чөлөөний хөдөлгөөнийг хүчлэн дарах зорилгоор Бээжингийн засгийн газраас их цэрэг дайчилж Долнуур, Чуулалт хаалга, Хөх хот зэрэг таван замаар өвөр Монголоос эхлэн халдан довтолжээ. Хятадын цэрэг хар хувцастай байсан тул Шилийн голын ардууд тэдгээр цэргийг “хар цэрэг” гэж нэрлэдэг байжээ.

Богд хааны засгийн газар Өвөр Монголыг хамгаалахаар Оросын хаант улсын засгийн газраас тусламж гуйсан нь бүтэлгүйтсэн тул өөрийн цөөн цэргийг Өвөр Монголд илгээжээ.

Шилийн голд тэднийг “Богдийн цэрэг” гэдэг байв.

Манлай баатар Шүрэн (Дамдинсүрэнгийн Сүрэн гэдгийг Шүрэн гэж хүндэтгэн дуудна) – гээр толгойлуулсан монгол цэрэг Шулуун хөх хошууны хойд зах “Хар хажуу” хавьд байрласан байна.

Зүүхэнтэй нь Бэйсийн сүмд ялгуусан баатар гүн Сумьяа бэйсийн цэрэг байрлажээ. Цэргийг Жамьяан гүн дагалдан ирж үй олон ном судрыг цуглуулсан гэдэг. Баруун талаар нь “Алтайн зам” буюу “Гүнж зам” дагаж Хатанбаатар Магсаржавын цэрэг орж, Сөнид хошуу буюу Улаанцавын чуулганы дунд хавиар байрлажээ. Хамгийн зүүн талаар шударга баатар гүн Бавуужав жанжны цэргүүд үзэмчний өмнөд захаар байрласан байна. Бавуужавыг дагалдан “Богдын зарлигт жанжин” Мөрөнгаа хамт ирсэн гэдэг.

Богдын цэрэг барагцаалбал гурван мянга орчим хөтөлгөө морь, винтов, гар буу, пулемёт, үхэр буу(голдуу орос зэвсэг) зэргээр бат ар талтай байв. Богдын цэрэгт элссэн Шилийн голын цэргүүд зэвсгээр ядуувтар зарим нэгэн аравны даргад хятад сэлэм, орос бярдаан байх боловч ихэнх нь бялтат буу, цахиур буу, хутга ташуурхан байх агаад ямаан дун татаж цуглардаг гөрөөчин, малчин борчуул байжээ. Хар цэрэг явсан боловч сайтар бэлтгэгдсэн хэдэн арван мянган хүн зэвсэг, тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан Богдын цэргээс олон дахин давуу хүч хуримтлагдсан байв.

Харагчин үхэр жил аргын тооллын 3 дугаар сарын сүүлчээр хар цэрэг цахар хошуудыг довтолж хүн ардыг алан хядаж, мал хөрөнгийг цөлмөн дээрэмдсээр Бэйсийн сүмд тулж ирэв.

Шилийн гол, Цахарын монголчуудын халуун элгэнд “хар цэргийн ганжад галт бууны ам тулгарсан хүнд үед хошуудын гүн, амбан сайд нар хятадаас тусгаарлах цаг ирэв” хэмээн сэтгэж Богд хаант монгол улсыг дагахыг уриалав.

Шилийн гол, Цахарын ард иргэд Богдын цэрэгтэй хүч хавсран Уур чулуу, Халтарын агуй гэдэг газарт хар цэргийг угтаж халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж эхэлсэн байна.

Зэр зэвсэг, хүний олонд дулдуйдсан хар цэрэг эхлээд их л бардам боловч хагас өдөр байлдаад Арцат хошуу руу ухран Шилийн гол руу шахагдаж эхэлжээ. Хар цэргүүд норсон хувцсандаа баригдан зэвсгээ ч хэрэглэж чадахаа больж монгол цэрэгт няц цохигдон бутарч сарниж эхэлсэн байна.

Шилийн голын Уур чулууны хавьд болсон тулалдаанд хар цэрэг хиар цохигдож үхэр жилийн үймээний ялалт эхэлсэн гэдэг.

Энэ тулалдаанд дөрвөн овгийн торгон цэрэг хошуучлан чадамгай байлдаж гавьяа зүтгэлийг гаргасан ба Баруун овгийн хар Баажуу, Арлан Бор, Хар лангуу, гарамгай байлдсан хэмээгдсэн тус бүр нэг дээлийн торго, нэг мориор шагнуулж ирсэн бөгөөд зүүн авга нарын өдөр Товуу ганцаар довтлон орж 27 хар цэргийг цавчин алаад дайсны гол хүчийг сарниулан ноёныг нь алсан тул баатар цол хүртэж 50 лан цагаан мөнгө, сайн мориор шагнуулжээ. Түүнээс хойш Шилийн голд нам тайван цаг удаан үргэлжилсэнгүй. Хар цэрэг дотор газраас хүчээ сэлбэж Долнуурт ихээхэн бэлтгэл хийж зун намар нь Шилийн голын өмнөд талаар халдан довтолж хүн ардыг баривчлан эрүүдэн тамлаж, алан хядаж, хөрөнгө малыг хоосортол дээрэмдээд тууж явахаас гадна гал түймэр тавьж бэлчээр нутгийг сүйтгэн “Мөнхийг бадруулагч сүм”-ийг галдан шатаажээ.

Хятадын залхаан цээрлүүлэгч цэргийг сөнөөж дарахаар Шүрэн жанжний удирдсан Богдын цэргийн хамт Авга хуучид үзэмчний монгол цэрэг мордож Дархан уулд тулалдаж хятадын хар цэргийг ухраан байдсаар Шулуун хөх хошууны Хүйсийн тал гэдэг газар хүрэхэд Цахар хошуудын монгол цэрэг тосон ирж хүч хавсран Долнуур хүртэл нэхэн хиар цохижээ. Энэ байлдаан нь үхэр жилийн үймээнд Хятадын хар цэрэг Монголын морьт цэргийн хүчинд дийлэгдсэн эцсийн тулалдаан байлаа.

Гэхдээ хоёр Сөнид хойшууны өмнө захад буюу Адуучин хошуу, Хөвөөт шар хошууны нутагт тулалдаан хэд хэд гарсан юм.

Хятад цэргийн жанжин Бо Да Y гэгч монгол цэргийн үхэр бууны дэлбэрээгүй сумыг олоод суварга босгож амь насаа даатган мөргөж байсан гэдэг.

Энэхүү дайны дараа монгол цэрэг тус тусын нутагт буцсан хэдий ч нэгэн цагт эргэн мордоход бэлэн байсан бөгөөд Шүрэн жанжин, хар цэргийг дахин өндийх боломж олгохгүйн тулд Шулуун хөх хошууны хар хошууд байрлан үлджээ. Жил гаруй болоод орос, хятад, монгол гурван улсын хэлэлцээрээр байлдаан зогсож, Шүрэн жанжин, Богдын цэрэг хөх бар жил (1914 он) хүлгийн золоог Их хүрээний зүг эргүүлжээ.

Yхэр жилийн энэхүү үймээний тухай олон хууч яриа цахар, шилийн гол аймагт өнөөг хүртэл яригдсаар байдаг.

Хүрээнд төлөөлөгч томилогдов.

Цагаагчин гахай жил Халхын дээд ноёд, ван, гүн, бичгийн хүмүүс Их хүрээнд хуран чуулж Манж Чин улсын захиргаанаас ангижран үндэсний тусгаар тогтнолыг тэмцэн олохоор шийдээд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, Өвөр Монголын чуулган хошуудад хандсан уриалах бичиг гаргажээ. Шанд, Хөвөөт шар хошуу тэр мэдээг олоод тус тусын хошуу чуулганыг хийж, Шанд Адуучин хошууны Пурэв, ард олны саналыг үндэслэн төлөөлөгч томилох болсонд бичээч Жамсран, Гаанжуур нар өөрсдийн саналаар хурээнд суухаа илэрхийлжээ. Тэр хоёрыг аравны дарга байсан Төмөр хоёр цэрэгтэй дагак явжээ. Хөвөөт шар хошуунаас Жадамба зэрэг хүмүүс явах болсон ба Амбан хааны хүргэн хүү Сүнбүрүү нар бас оролцжээ.

Тэр үед Халх Монголын ноён хутагт хөвөөт шар хошууны 8,9-р сумын лавиран дуганд эзэн ламаар залагдан сумын дэргэдэх ордонд гурван жилд нэг удаа залран буудаг байжээ. Хоёр хошууны төлөөлөгч майхан, ногоо, тэмээн жин бэлтгэж Ноён хутагтад бараалхах нэрийдлээр 1911 оны өвөл нийслэл хүрээ рүү сар явж хүрсэн гэдэг. Жамсран, Ядамжав, Гаанжуур нар их хүрээнд ирэнгүүт хурал чуулганд оролцон богдын засгийн газарт алба хаших болжээ. Сүнбүрүү, Төмөр нар залуу байсан тул их хааны торгон цэргүүд байжээ. 1912 оны хавар Жамсран, Ядамжав нар олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газраас 200 буу хүлээн авч Сүнбүрүү нарт тушаан нутагт нь буцаажээ. Тэд жинчний маягаар тэмээн жинд зэвсгээ ачиж нутагтаа хүргэхэд Амбан хаан нууцлан хадгалсан байна.

Хар Цэрэг орж ирсэн нь

1912 оны намар хятадын хар цэрэг Чуулалт хаалгаас шар замыг дагаж Монголыг “төвшитгөх”-өөр гарчээ. Гол цагаан хоньчны амбан Задоржав цахраас хэдэн зуун цэрэг элсэж Долнуураас гарсан Ван Сэлэнгийн 2 мянган хар цэрэгт нэгджээ. Хар цэрэг Гүүшийн сүм, баруун Сөнидийг хаман, Өндөр сүмд байрлаж байгаад 2-р сарын эхээр явган нүцгэн уван цуван нутаг буцсаны учрыг лавлавал Халхын нутагт хүрч говийн уулан дахь Чойрын сүмд хүрсэн заримыг нь 250 цэрэг угтан байлдаж Жанжин Чойрын орчим халз тулалдан бут цохигдсон нь тэр ажээ. Хар цэргүүд үй олноороо алагдан, тарж бутарч, хөлдөж үхсэн гэдэг. “Yхэхдээ үхэр буугаа тавив” гэгчээр тэд зугтаахдаа Жанжин Чойрийн сүмийг галдан шатаасан байна.

Зодонжав амбан 7 бараа бологчтойгоо баригдаж Хүрээнд хүргэгдэн шоронд хоригджээ. Ингэж хятадын хар цэрэг үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайжээ.

Цахар Монгол цэрэглэв…

1912 оны өвөл Халх монголын цэрэгт дийлдсэн хар цэрэг хавар нь (дараа жилийн)Чуулалт хаалгын орчим хуран цуглаж Баруун Сөнидийн өндөр сүм, Чанд адуучин сүргийн Гүүшийн сүм орчмоор тархан байрлав. Богдын гол орчмоор хар цэргийн гозгор шар майхан ярайж байсан гэдэг.

Амбан Хаван нуусан буунаасаа 20-иодыг гарган нутгаа хамгаалах сэтгэлтэй ойр дотны хүмүүстээ өгч Сүнбүрүүгээр удирдуулан Богдын голын орчим байсан хар цэргийн хуаранг бужигнуулж эхлэв. Замын-Yүдээс маш олон монгол цэрэг ирж яваа гэсэн цуу гараад удаагүй байтал хар цэрэг нэгэн шөнө өмнө зүг зугтаан оджээ.

Зарим нь майхнаа хаяж, хайрцагтай сумаа гээжээ. Хэдэн өдрийн дараа халх монголын 250 цэрэг ирж Онгон онооны арын Бор толгодод байрласан байна. Мөрөнгаа жанжин Саранбуу, Санжаа, Баатар, Тогосбаатар зэрэг 17 хүн Амбан Хаван дээр хүрэлцэн ирж олзолсон буу зэвсгээ гарган Хөшөөт шар хошуу, Шанд адуучин сүрэг, Гүл шар газруудаас цэрэг элсүүлэн 400 цэрэгтэй болжээ. Чуулалт хаалга дахь Цахар яамнаас Мөдөө ванг зарлигдан цахар цэргийг даран сөнөөхийг даалгав. Энэ хүн бол Хөвөөт шар үхэрчин Сүрэнгийн хүн бөгөөд Манж улсын сүүлчийн уед цахар яамны цэргийн ноёноор өргөгджээ. Тэрээр Баруун гар хошууд, Хөвөөт шар үхэрчний хүмүүсээс бүрэлдсэн хэдэн зуун монгол цэргээс гадна хятад цэргүүдйиг захирч байв. Мөдөө ван яамны зарлигыг эсэргүүцэн 300 монгол цэргээ авч цахарын цэрэгт нийлэв. Энэ цэргийн бага дарга нь Шулуун шар хошууны амбан Дамдинсүрэн гэгч боллоо. Ийнхүү цахар цэргийн хүч нэмэгдэн Шанд адуучин сүргийн Хянхярваа сүм дээр байрлаж байсан хар цэргийг цохин явуулаад Лавай сүм дээр цэргийн ерөнхий удирдлагыг байгуулав.

Шулуун шар хошууны Цорж ламыг Богд Жавзандамба Цахар сайдад өргөмжлөн 1912 оны зун цорж лам Шанд адуучин хошууны Жамьянсүрэн бичээч, Төмөр аравтын дарга нартай цахар цэргийн ерөнхий удирдлагыг авчээ. Шанд адуучны Пүрэв амбан Чуулалт хаалга руу зугтаан одсонд Цорж лам Жамьянсүрэн бичээчийг Шанд адуучин хошууны амбанаар тохоосон боловч Богд хааны засгийн газар албатай Жамьянсүрэн бичээч намар нь Их хүрээг зорьжээ.

ХАЯНХЯРВАА СYМИЙН БАЙЛДААН

Цахар цэрэг Хаянхярваа сумийг байлдан авахын тулд гурван өдрийн ширүүн дайн хийжээ. 600 цахар цэрэг хүчээ авсан 3000 гаруй хар цэрэгтэй тулалдав. Цахар цэргийн удирдагч байсан Горлосын Санжаа баатар байлдаанд орохдоо бугын арьсан хуяг өмсдөг, хар цэргийн хүрээг дайран ороод баруун зүүнгүй тулалдаж хар цэргийг өвс хадах мэт намнадаг хүн байж. Нэг удаа Санжаа баатар шархдаад Сүнбүрүүгйин хавьд айлд хоноглон цайны оронд хэдэн хундага архи балган бүдүүн гуяныхаа шархны боолтыг тайлан мэс улайсгаж тэнд тогцон сумаа авч эм боогоод дайн байлдааны элдэв сониныг хуучлан үүр цайлгаж, өглөө нь тулалдааны талбар луу мордсон гэдэг яриа ард олны дунд үлджээ. Гүнжийн голд хэдэн өдөр үргэлжилсэн тулалдаан болов. Энэ дайнд хар цэрэг тун олон ирсэн бөгөөд халх монголын нэг хороо цэрэг, цахар цэрэгтэй нэгдэн байлдахдаа сэлэм эргүүлэх нь нэн онцгой байжээ. Нэгэн удаа хар цэргүүдйин морьт цэрэг рүү тэмээн сүрэг хөөн оруулж үй олон хар цэргийг устгажээ. Санжаа баатар тулааны уеэр морин цэргээс арав арваар нь хөөн ирж өөрийн цэргүүдэд тушаан буу сумийг нь хураалгадаг байж. Санжаа баатар гэрт сууж байхдаа толгой нь ханын эрсээр байдаг том биетэй хүн байжээ. Yхэр жилийн өвөл Хатанбаатар Магсаржав цэргээ тохижуулаад буцахад Санжаа баатар дагаж яваад буцаж ирээгүй гэдэг.

ХYЙТЭН АМЫН ТУЛАЛДААН

Энэ байлдаанд үй түмэн хар цэрэг хамрагджээ. Лавай сүм рүү дайралт хийсэн цахар цэрэг Сүүж, Шувуут, Хашаатын ууланд хориглоход хүрэв. Хар цэрэг үхэр буугаар хүчтэй гал нээв. Цахар цэрэг Баянцагаан хүрээнээс нэг үхэр буу авчирсан нь аминд орж Сүүж бүдүүн уулан дээр улаан эсгийгээр бүтээн чирч гаргаад хар цэргүүдйин зүг хоёр сум тавьсанд бужигнан ухарч эхэлжээ. Цахар цэрэг, халх цэргийн хамт нэхэн хөөж Авдрант хайрханы өмнө хүртэл үлдэн хөөж шөнө болсон тул цэргүүдээ амраажээ. Энэ дайнд хар цэргийн хүүр тал дүүргэсэн гэдэг.

МӨРӨНГААГ АЛАВ

Мөрөнгаа байлдааны арга ухаанд сайн боловч шадар Саранбуутайгаа ард олныг дарладаг байв. Саранбуу нь Богдын цэргийн нэрийг барин ард олны дунд дураар аашилдаг нэгэн байжээ. Сүүлрүүгээ бүр баячуудаас зээлсэн нэрээр мөнгө цуглуулж явдаг болов. Энэ үед Шанд адуучин хошуунд сууж байсан гадаадын том наймаачидтай хуйвалдан лам овогтноор дамжуулан өөрийн цэргийг хар цэрэгт татан оруулахаар завдаж байхад нь цахар сайд Цорж лам Мөрөнгааг дуудан ирүүлж Олон овоогын ар, Бор толгод дахь цэргийн хуаранд буудан алжээ.

ЦАХАР САЙД ЦОРЖ ЛАМЫГ ХОРООСОН НЬ

1914 онд халх цэрэг буцсан боловч Цорж лам Лавай дахь цэргийн ерөнхийгөөрөө үлдэв. найргүй шийтгэж эхлэв. Амбан Хаванг баривчлан шоронд хорьсонд тэр баян бүх малаараа торгуулж, шоронгийн аяыг даалгүй 2 жил болоод насан эцэс болов. Амбайн хүргэн хүү Сүнбүрүү арга барахдаа эхнэр хүүхдээ орхин үүрэг үүрэн тэнүүчилж, халхын хамрын хийдэд хүрч номтой ламын дэмжлэгийг олж лам болоод 2 жил ном үзээд хийдэд дасалгүйн учраа хэлсэнд тэр лам нь үүрэг жодгор, өндгөн тогоо, гандан төхөөрч өгөөд зүч болж ард олныг тойрон амьтанд тус үйлд хэмээжээ. Сүнбүрүү гуай түүнйиг нь хүлээн авч Ар Халхын Ил хошууд авга үзмэрчээр гурван жил яваад багшдаа эргэж очиход багш нь одоо нутаг усандаа очиход аюулгүй хэмээн шар торгон дээл бэлтгүүлж өгчээ.

Сүнбүрүүг явсан хойно эхнэр нь нас нөгчиж ээж нь бага хүүг нь авсан байж. Нэг өдөр нохой хорихоор гарахад алга болсон хүү нь ирж хэмжээлшгүй их баяр хөөр болжээ. Өвөр Монголын ард түмний үхэр жилийн тэмцлийн төгсгөл ийм буюу.

Ард, цэргээрээ амар түвшинтэй золгож, цаг төвшрөх найдвар бий болж байв. Дайныг зогсоох тухай хар цэрэг, цахар цэргийн хооронд хэлцэл явагдаж байх уеэр Лавайн сүмд 30-аад морьтон хар цэрэг ирж Цорж ламтай ярилцах хүсэлт тавив. Харуулын цэрэг Цорж ламаас тэднийг зогсоон тулалдья гэсэн боловч Цорж лам хэлэлцээрээ хийж байгаа уе байлдаж болохгүй хэмээжээ. Тэд гагцхүү Цорж ламтай ярилцаад, тун удалгуй Цорж ламыг дагуулан аваачиж хэлцлээ үргэлжлүүлье гэсэнд тавьтын дарга Чимэдцэрэн Цорж ламыг цэргээр хамгаалуулан дагаж явахаар завдахад , тэд: тийм олон цэрэг хэрэггүй, 2 бие хамгаалагч байхад л болно гэв.

Ийнхүү хар цэргийг дагаж ирсэн хоёр лам Цоржийг хамгаалагч болон зориуд авчирсан жороо моринд мордуулж авч явав. Цорж ламыг ийнхүү Цахар яманд хүргэн хороожээ. Цахар цэргүүд эзэнгүйрэн, зарим нь бүр тэнүүлчин болов.

СYНБYРYY ГУАЙ БАДАРЧЛАН ТЭНЭВ

Цахар сайд Цорж ламыг хороосны дараа цахар яамнаас олныг хамарсан цэвэрлэгээний егүүтгэл эхлэв. Эхлээд Мөдөө ванг хоёр дүүтэй нь баривчлан цаазаар аваачив. Бага дүү Мөгдөнбөөг нэгэн сүсэгтэн орос хүн нууж байгаад амийг нь аварчээ.

Даваасамбуугийн Мөрөн

Ил товчоо

1993.

Эх сурвалж:http://undestnii-uzel.blogspot.com/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!