LOADING

Type to search

Uncategorized

А.Думбурай: Б.Эрэгдэндагвын “38”-ын хэрэг гэгчийн тухай

Share

Хятадаас цэргийн тусламж авч Монгол Улсын тусгаар тогтнолыг устгахыг санаархсан тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон тухай А.Думбурайн “Түүхийн үнэнд гүйцэгдсэн нь” өгүүллээс үзнэ үү.

А.Думбурай: ТҮҮХИЙН ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН НЬ

Муу хүн сонжооч
Мухар үхэр сэжээч
/Ардын цэцэн үг/

Б.Эрэгдэндагвын “38”-ын хэрэг гэгчийн тухай

1929-1930 -аад онд улс орныг капиталист бус хөгжлийн замаар хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байсны үр дүнд манай нийгмийн анги давхаргын хүчний харьцаанд нэлээд өөрчлөлт оржээ. Феодал ангийг үндсэнд нь хүчээр устгаж, эдийн засгийн хүчин чадлыг нь сулруулан доройтуулсан байв. Өөрөөр хэлбэл МАХН-ын VII, БНМАУ-ын V их хурлуудын шийдвэр хэрэгжиж баруунтныг бутцохих, гадаадын капиталыг шахан зайлуулах, төрийн аппаратыг хуучны феодал түшмэдийн этгээдээс бүрэн цэвэрлэх, намын II шалгалт явуулах, лам нарын талаар дээд, дунд, доод гурван анги болгосон бодлого баримтлах, хутагт хувилгаадыг залах, тодруулах явдлыг болиулах, феодалын хөрөнгийг хураах, албан татварыг ялгавартай тогтоох зэрэг арга хэмжээ хэрэгжиж байв.

Энэ бүхнээс болж хар, шар феодалуудын дотор нам засагт дургүйцэх, шашин бурхнаа хамгаалах, хуучин засаг төрөө хүсэх үзэл бодол төрөх төдийгүй хааяа эсэргүү үйл ажиллагаа гарах болсон юм.

Ийм үед ДХГ тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгчийг илрүүлж цохилт өгсөн түүхтэй ажээ. Тийм ч учраас “МАХН-ын товч түүх” номд: “Намаас хар, шар феодалын эсрэг явуулсан улс төр, эдийн засгийн арга хэмжээ нь ангийн дайсны ширүүн эсэрүүцэлтэй тулгарсан юм. Үүнийг 1929 оны эцэс 1930 оны эхээр гарсан … тайж Эрэгдэндагвын феодал лам нарын хуйвалдаан … гэрчлэх бөгөөд хар, шар феодалын эдгээр эсэргүүцлийг нам засгаас хөдөлмөрчин олон түмний дэмжлэгтэйгээр тухай бүр няцаан дарж байв” /МАХН-ын товч түүх 1985 он 150 дугаар тал/ гэсэн байна. “БНМАУ-ын түүх”-ийн гуравдугаар ботид “Хар, шар феодалууд нам засгийн бодлогыг эсэргүүцэж эхэлсэн юм. 1929-1932 оны үед феодалуудаас өдөөсөн тийм бослого хуйвалдааны түрүүч нь тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хуйвалдаан мөн байв. Энэ эсэргүү бүлгийн толгойлогчид нь хөрөнгөө хураалгасан феодал харгис том лам нар байжээ” гэж тэмдэглэсэн байх юм.

ДХГ “Хятад цэргийн ба засгийн эрх баригчид хийгээд Банчинбогдоос ардын засгийг устгах цэргийн тусламж гуйсан захидал” бичиж харилцан зөвшөөрч түүнийгээ хадгалж байгаад тайж Б.Эрэгдэндагва Хятадад хүргэхээр явж байсан хэрэгт холбогдуулан Боржгид овогтой тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийг 1930 оны 5 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 30 хүртэл хугацаанд дайчлан баривчилжээ. Эдгээрээс Б.Донойжав, Г.Нямжав, Ж.Бүүвэй, Ц.Чойнзон, Г.Наваанжамба, Ц.Маньбадар, Б.Лувсан, Г.Наранжав, Л.Дашдэндэв, Б.Цэнд, Ж.Уртнасан, Т.Аюуш нарын 12 хүнийг 1930 оны 5 дугаар сарын 19-д, Л.Жанцанг 1930 оны 5 дугаар сарын 27-д, Ц.Цэрэнвандуйг 5 дугаар сарын 29-д баривчилж, Б.Эрэгдэндагва, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Л.Гомбо-Идшин, Д.Ишлодон, Г.Чойжинням, Т.Чадраабал, бурханч Д.Дамдин, Ж.Дандар, эмэгтэй Долгор, Л.Наваан, Л.Түдэв, Д.Шаравжамц, С.Дэмбэрэл, Н.Жигмиддорж, Х.Лувсанцэрэн, Ж.Дамдин, Б.Янжин, Б.Буянт, Д.Ёндон, Ц.Буд, Б.Цогбадрах, Д.Дашдондог нарын 24 хүнд баривчлах ордер, бүх хүнд дайчлан баривчлах болон цагдан хорих тогтоол үйлдэлгүй мөрдөн байцаалтыг явуулсан байна.

Энэ хэргийн этгээздийг ДХГ-ын ажилтан М.Лувсан-Ёндон, Дамба, С.Галиндэв, Жадамбаа, Дорж, Ц.Донров, Батмөнх, Баяр, Баясгалан, Лувсанжамбаа, Дэнсмаа, Бадамжав, Тогоо нар дайчлан баривчилсан бөгөөд сургагч Цэдыпов, Болдаев нар оролцжээ. Эдгээрийг баривчилснаас хойш Намсрай, Болдаев, Н.Цэдыпов, Жадамбаа, С.Галиндэв, Норовжамц, Рэнцэн, Баяр, М.Лувсан-Ёндон, Батмөнх, Дамдинсүрэн нар мөрдөн байцаах ажилд оролцсоны дотор С.Галиндэв, Н.Цэдыпов нар голлон аижлласан байна. Мөрдөн байцаалтыг дуусгаж ДХГ-ын нууц улс төрийн хэлтсийн төлөөлөгч байсан С.Галиндэв ял төлөвлөж, хэлтсийн даргыг орлосон Жадамбаа зөвшөөрч, ерөнхий даргыг орлосон Д.Намсрай, сургагч Болдаев нар баталсан байна.

Энэ ялын төлөвлөгөөгөөр Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээд 1930 оны 3 дугаар сарын эхний үеэс эхлэн тус хот дотор бүлэглэл үүсгэж, Егүзэр-Эрдэнэцагааны зэрэг газарт буюу Өвөр Монгол, Хятад зэрэг улс лугаа харилцаа бүхий хувьсгалын эсэргүү бүлэглэлд оролцсон гэж ял төлөвлөжээ.

Энэ бүлэглэлд Л.Гомбо-Идшин, Б.Эрэгдэндагва, Г.Нямжав, Н.Жигмиддорж, Т.Аюуш, Ц.Цэрэнвандуй нарын феодал, Ц.Маньбадар, Г.Наранжав, Б.Цогбадрах, Т.Чадраабал, Г.Чойжинням, Д.Дашдондог, Б.Цэнд нарын хуучин түшмэд, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Д.Ишлодон, Л.Дашдэндэв, Г.Наваанжамбаа, Ж.Бүүвэй, Л.Жанцан, С.Дэмбэрэл, Ц.Чойнзон, Б.Лувсан, Д.Дамдин, Д.Ёндон, Д.Шаравжамц, Л.Түдэв, Ж.Дандар, Б.Буд нарын лам, Б.Донойжав /намын гишүүн/, И.Лувсанцэрэн, Л.Наваан, Ж.Дамдин, Долгор /эмэгтэй/, Ж.Уртнасан /эмэгтэй/, Б.Янжин /эмэгтэй/, Б.Буянт /хятад/ нар оролцсон гэж үзжээ.

Хэрэгт холбогдсон гол зарим хүмүүсийн мэдүүлгийг үзвэл:

1/ Б.Эрэгдэн- дагвыг 1930 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн 7 дугаар сарын 1 хүртэл 18 удаа байцааж мэдүүлэг авсан байна. Тэр хэргээ хүлээхдээ: “Өнгөрсөн хавраас сонин бичиг үзэж байгаад дэлхийн 2 дугаар дайн бол үнэхээр хэцүү гэж бодсон бөгөөд миний бие хуучин үзэл баримталж, бурханд итгэсээр эдүгээд хүрсэн тул биеэ өмгөөлөн хамгаалах ба нөгөө талаар улс төрийг хэрхэн хамгаалах тухай гуч шахам хамар /хуудас/ бичиг үйлсэн нь туйлын үнэн”, “…урьд таних чин ван лам Дашдэндэвт уг бичгээ үзүүлсэн зүйл бий. Дашдэндэвээс хариуд нь “Зүгээр юм байна” гэж байсан, “миний бие санаснаа үйлдэхийг бодолхийлсэн ба одоо боловч өөрчлөх зүйлгүй… Халх Монголын хуучин ван, гүн, хутагт хувилгаан, хамба, цорж, тайж, түшмэд нараас хэмээн гадаадад явуулах бичиг үйлдсэн нь тэдний санал бодол минийхтэй лав нийлнэ гэж бодсондоо тэгж бичсэнээс биш хуучны ван, гүн, хувилгаан, хамба, цорж, тайж язгууртантай харилцан тусалсан зүйлгүй, бас хуучны энэ этгээдүүд бол хувьсгалт засаг төрд үнэхээр дургүй болох нь байдалд илэрхий бөгөөд тэдний нэрээр энэ хэргийг хүчинтэй болгон биелүүлэхийг оролдсон нь түмэн үнэн билээ” гэжээ.

Мөн “ловон Шаамар хэмээх ламд өөрийн санал бодлыг дэлгэрэнгүй ярьж уг хэргийн бүтэх эсэх тухай аврал асуусанд “Цагийн байдлыг харгалзаж хөдөлгөвөл зохино” гэж буулгасан. Энэ хэргийг Дашдэндэв, ловон Шаамар бид гурваас өөр мэдэх хүнгүй”, “Ерөөс ардын засаг анх мандахдаа ард түмэнд энэрэнгүй мэт байсан боловч цаашид ямар болох нь мэдэгдэхгүй болсноос миний дотор элдэв санаа бодол төрөх болсон. Ялангуяа жил улирах тутам нам засгийн ажил явуулга улам догшрон хатуурч … шарын шашин баларч мөхөхөд хүрээд … эрхбиш гадаадаас тусламж гуйхаас өөр аргагүй болсон тул дэлгэрэнгүй учрыг гадаадад явуулах бичгийн дотор тодорхойлсон ба өөрчлөх зүйлгүй болохыг мэдүүлсэн болно”, “Гандан хийдэд суугаа гавж Бүүвэйгээс унаа тэмээ худалдан авах үедээ би гадаадаас тусламж гуйхаар Хятад улсын нутагт одохыг завдаж байгаагаа тэр Бүүвэй болон түүний ах Чойжиннямд хэлсэн… Бүүвэй гавж сонсоод бидний монголчууд эртнээс шүтэж ирсэн шарын шашин даруй мөхөхөд хүрч байна гэж байсан” гэх мэтээр мэдүүлэг өгч байжээ.

2/ Ловон Шаамар хэмээх Д.Ишлодонг 5-6 дугаар сард 11 удаа байцааж мэдүүлэг авсан байна. Тэрээр “Эрэгдэндагва ганцаар очиж ярилцахдаа Банчинбогдыг зална. Дундад иргэн улсад бичиг хүргэнэ гэхээр нь ямар бичиг болохыг асуухад төрийн тухай тусламж гуйх бичиг гэж над хариулсан. Түүний хариуд хуучин хүн гэхдээ сайн яваад ирээрэй гэж би хэлээд шоо орхиж үзээд зорьсон хэрэг сайн бүтнэ. Балгандолийн сэржим өргөөд даруйхан явбал сайн байна… Бурхан сахиусаа сайн тахиул гэж хэлсэн… Эрэгдэндагва ярихдаа миний бие өвлийн турш нэг бичиг хийж гэрт гадаа хог шороонд өвөлжсөн бөгөөд энэ бичгийг заримдаа галдаа түлмээр болж заримдаа хүн амьтанд үзүүлмээр бодогдож байгаад хөрөнгөө хураагдсан лам Дашдэндэвт үзүүлсэнд “болно” гэсэн, одоо танд ирэв гэхэд нь ямар бичиг болохыг лавласанд ийм бичиг гэж нэгэн бичиг гаргаж сонсгох гэхэд нь би сонсоод яахав гэсэнд Банчинбогдыг зална төрийн тухай тусламж гуйна гэж хэлсэн санагдана” гэж мэдүүлжээ.

3/ Гавж Ж.Бүүвэйг 6 удаа байцааж мэдүүлэг авчээ. Тэрээр “Эрэгдэндагва анх уулзахдаа нутаг буцаж цаашдаа Банчинбогдод мөргөж ирэх санаатай… Эрэгдэндагва манай гэрт ирээд тус улсын зарим анги этгээдэд ихээхэн гачигдалтай байдал тохиолдсон учир Дундад иргэн улсын засгийн газар эл учирыг тоочин мэдүүлж цэрэг зэвсгийн тусламж гуйна гэж хэлж байсан нь үнэн. Бас сүүлд ирээд Дундад иргэн улсын засгийн газар ба Банчинбогдод нэр хамтран мэдүүлэх бичгийг Бүүвэй надад уншиж өгсөн… Эрэгдэндагва улс төрийн талаар элдэв зүйлийг ярьсан нь тун олон” гэжээ.

4/ Чин ван лам Л.Дашдэндэвийг 5, 6 дугаар сард гуравхан удаа байцаасан бөгөөд түүний мэдүүлсэн: “Зүс таних тайж Эрэгдэндагва намайг гэртээ ганцаар байхад орж ирээд байн байсаар бурхан шашин балрахад хүрүүзэй гэж санаа зовохдоо Банчинбогдыг залж ирүүлэх ба Дундад улсаас тусламж гуйхаар гэнэт санаа төрж ийм бичиг зохиосноо танд үзүүлье гэж ирсэн билээ гээд олон үг бүхий навтарга хуудас үзүүлснийг уншиж үзсэн, энэ хэргийг ловон Шаамар, зайсан Маньбазар, гавж Бүүвэй, Донойжав, Чойжинням, эмэгтэй Долгор нарт хэлж мэдэгдсэн гэж хэлж байсан… Иймд хүнд холбогдол бүхий зохиосон бичгийг уншиж үзээд дув дуугүй суух нь туйлын мунхаг буруу тул эл хэргийг гэрчлэн мэдүүлж ардын засгийн агуу өршөөлөөр татан хүмүүжүүлэхийг гуйна” гэжээ.

Эд нарыг тус бүрийг 2-10 гаруй 20 шахам удаа байцааж мэдүүлэг авсан бөгөөд Б.Эрэгдэндагвыг хэд хэдэн хүнтэй нүүрэлдүүлснээс өөрөөр шалгаж баримтжуулсан ажиллагаа хавтаст хэргээс үзэхэд байхгүй юм. Тиймээс ч нотлогдсон баримтжсан мэдүүлэгтэй хүн ихээхэн цөөн бөгөөд түүгээр ч барахгүй өөрөө хэрэг хүлээгээгүй хүн байхад шалгалгүй, бусдын мэдүүлгийг үндэслэн тулгаж шийтгэсэн явдал ч харагдаж байгаа юм. Зарим баримтыг дурдъя. Манзшир хутагт С.Цэрэндорж мэдүүлэхдээ: “Миний шавь Данигай хэмээх Дамдин манайд ирж ярьснаар бол түүний бие ловон Шаамар багшийнд очиж ном уншилцсан гэх бөгөөд тэр үед тэднийхээр Эрэгдэндагва, Адшдэндэв нар ороод явсан гэнэ. Эрэгдэндагва нэг бичиг аваад цааш явах юм гэнэ. Учир нь Банчинбогдод мөргөөд дундад иргэн улсын засгийн газраас цэрэг зэвсгийн тусламж олох, хамгаалалт гуйх юм гэж хэлээд багш танд Эрэгдэндагва нэг хадаг бариулсныг би авчраагүй. Бас тэд багш тантай ирж уулзахталаар асуухад нь би хориглож зогсоов гэж хэлсэн нь үнэн” гэснээр өөр Эрэгдэндагватай холбоотой ямар ч мэдүүлэг үгүй атал энэ хэрэгт холбосон байдаг билээ.

Эх сурвалж http://turulog.blogspot.com/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!