LOADING

Type to search

Мэдээ

Ард түмний хайртай хүү Далайцэрэн

Share

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зохиол “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрээр олны танил болсон Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн арслан Даваагийн Батдоржийн тухай энэ удаагийн “Хүмүүс” буландаа бэлтгэлээ.

Д.Батдорж Булган аймгийн Сайхан суманд төрж, Эрдэнэтэд өссөн хүүхэд  ажээ. Тэнд байх хугацаандаа хивсний үйлдвэрт ажиллаж байгаад 10-р ангиа төгссөн 18 настай залуу цэргийн албанд татагдаж, Сүхбаатар аймгийн цэргийн ангид хуваарилагдсан байна. Д.Батдорж нь эхнэртэйгээ цэрэгт явахаас өмнө танилцжээ. Түүний эхнэрийг В.Батдэлгэр гэдэг бөгөөд эмч мэргэжилтэй бүсгүй юм. Тэд хоёр сайхан хүүхэдтэй ажээ.

Далайцэрэн

“Гарьд магнай” кинонд эр бяр тэгширсэн Монгол эрийн дүрийг  бүтээж бидний дунд мөнхөрсөн хүн Д.Батдорж билээ. Зон олны сэтгэлээс гарахгүй болтол тоглосон энэ  хүнийг  Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар харцага нарын дундаас сонгосон гэдэг.

Тэрээр 1982 онд цэрэгт ирээд Алдар спорт хороонд хувиарлагдан жүдо бөхийн бэлтгэл хийдэг байж. Тэр үед “Гарьд магнай” киноны жүжигчдын сонгон шалгаруулалт болж, 70 орчим залуусыг бүртгэсэн гэдэг. Тэдэн дунд шинэ цэрэг, энгийн ард, оюутан сурагч гээд маш олон хүн байжээ. Гэтэл хоёрдугаар шатны шалгаруулалтад дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Өвөрхангайн талийгаач Б.Эрдэнэбат заан, улсын харцага М.Дармаабазар  тэр дөрөв үлдэж түүнийг сонгож авсан байна. Ингээд л кино зураг авалтад орж эхэлжээ. Түүнийг сонгож авсан шалтгаан нь бусдаасаа жин ихтэй, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн үе байжээ. Харин Далайцэрэнгийн дууг одоогийн Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Бат-Өлзий оруулсан түүхтэй аж.

Армийн залуу бөхийн хувьд нэг л мэдэхэд Ардын жүжигчин Н.Дагийранз, Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Б.Магсаржав нарын олон дэлгэцийн алдартай хүмүүстэй нэг кинонд зэрэгцэн тоглосондоо бахархаж яваагаа хэлж байв. Тухайн үед түүний хайртай бүсгүй болох Удвалын дүрийг бүтээсэн О.Уранчимэг тэр хоёр л хамгийн залуу бас, туршлагагүй нь байжээ. О.Уранчимэг тухайн үед Анагаахын их сургуульд сурч байгаад энэ кинонд тоглосон байна.

Армийн бөх Д.Батдорж “Гарьд магнай” кинонд тоглоод олны танил болоод авчээ. Тухайн үед Сүхбаатар аймгийн цэргийн ангид бүртгэлтэй тэрбээр “Над шиг тийм цэрэг байсныг мэдэхгүй” гэж хэллээ. Учир нь цэргийн алба хаах гэж очоод тамирчин, жүжигчин болсон түүнд “Ард Аюуш” киноны Довчингийн дүрд тоглох санал ирж, дүрийг бүтээжээ.

1982 онд киноны зураг авалтыг Архангай болон Төв аймгийн нутагт авчээ. Кинонд гардаг Даншиг наадмын үйл явц Төв аймгийн Баянчандмань суманд болоход дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын аваргууд нийлсэн 60 гаруй бөхчүүд очив. Үүнтэй зэрэгцээд түүнд хамгийн хэцүү зүйл анхны зураг авалтаас эхэлжээ. “Нэхий нударгатай, зайдан морьтой хүн авсан байна гэж Ядам гуай яаж мэдсэн юм бол” гэж Очир ахаасаа асуудаг хэсэг дээр дөрвөн өдрийг зарцуулсан ч болсонгүй. Төв аймгийн ард иргэд наадам болж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ирж байсан нь бүр түүнийг сандаргахад хүргэжээ. Түүнд кинонд тоглож чадахгүй юм байна гэж хэлсэн үе бий ч “улсын ажил алдагдуулсан чамайг шийтгэх болно” гэдэг үг түүнийг дүрдээ ороход хүргэжээ. Тэрбээр энэ талаар “Би үнэхээр өөрийн азтай даа биш тэр олон мундаг хүмүүсийн хүчээр л энэ кинонд тоглосон юм” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

Довчингийн дүр

Мөн тэрээр “Ард Аюуш” кинонд тоглоод амжсан нэгэн юм. Уг кинонд Ард Аюушийг дагаж явдаг заруу хүү Довчингийн дүрийг бүтээсэн. Цэрэгт байх хугацаандаа ард түмний хайртай киноны гол дүр бүтээнэ гэдэг ховор хувь тавилан бизээ. Учир нь цэргийн алба хаах гэж очоод тамирчин, жүжигчин болсон. Өмнө нь “Гарьд Магнай”-д тоглочихсон Д.Батдоржид  циркэд жүжигчнээр ажиллах санал ч  ирсэн гэдэг.

Г.Жаргал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!