LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Р.Асай: Жирэмслэхээс хамгаалах эм, тариа хөхний хавдар үүсгэх эрсдэлтэй

Share

Хөхний эмгэг, өвчлөлийн сэдэв эмэгтэй хүн бүрт хамаатай. Сүүлийн жилүүдэд “Хөхний өмөн” буюу хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс энэ эмгэгээс хэрхэн сэргийлэх талаар Хавдар судлалын үндэсний төвийн дүрс оношлогооны зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Р.Асайтай ярилцлаа.

-Энэ сэдвээр ярилцахын түрүүнд хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар мэдээлнэ үү?

-Манай улсад тэргүүлэх таван байрлалын хавдар байна гэж үздэг. Элэг, ходоод, уушги, улаан хоолой, эмэгтэйчүүдийн байрлалын хавдрын өвчлөл хамгийн өндөр. Хөхний хорт хавдар буюу хөхний өмөнгөөр өвчлөх нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд буюу Баруун Европ, Америкт 100 мянган хүний 100-150 нь хөхний өмөнгөөр өвчилдөг. Харин манайд зуун мянган хүнд таван тохиолдол байна. Өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй бага тоо ч эрчимтэй өсч байгаа нь сэрэмжлүүлэхээс аргагүй байдалд хүргэдэг.

Арван жилийн өмнө манай төвд хөхний хорт хавдрын улмаас 10-15 хүн эмчилгээнд ордог байсан бол одоо 100 гаран болж өссөн. Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрэгтэйчүүдэд тохиолдох нь бий. Гэхдээ маш ховор. Тиймээс эмэгтэйчүүдэд онцгойлон сэрэмжлүүлэх шаардлагатай байгаа юм.

-Хөхний өмөнгийн шинж тэмдэг нь ямар байх вэ?

-Нэг өдөр эсвэл долоо хоногт бий болчихдог өвчин биш л дээ. Хөхөнд үүссэн бэрсүү, эмгэг олон жилийн дараа хавдар болж болно. Хөгжилтэй орнуудад өвчлөл их хэрнээ буурай оронд бага байдгийн шалтгаан нь хүүхэд юм. Хөгжилтэй орны эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь бага, төрүүлснийхээ дараа хөхүүлдэггүй. Бурхнаас үр хүүхдээ хөхүүл гэж хөх заяасан шүү дээ. Хөхний хорт хавдар эхэн үедээ мэдэгдэхгүй. Гарт баригдах хэмжээний хавдар үүсч, хөхний товчноос цусархаг зүйл гарсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Мөн эмэгтэйчүүд хөхөө байнга шалгаж байх хэрэгтэй. Сарын тэмдэг ирсний дараа тодорхой өдрийг сонгож усанд орж байхдаа, орой унтахдаа ч юм уу шалгаарай. Хэрэв хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэнэ. Хүүхдээ зөв хөхүүлж, үр хөндөлтөөс татгалзаж байхыг эмч, мэргэжилтнүүд байнга сануулдаг.

-Хэдэн насны эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгаа вэ?

-Хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэхгүй явснаас хожуу илэрдэг. Тодруулбал, 40-өөс дээш насанд. Өөх нь хөхний өмөн үүсгэдэг гармон ялгаруулдаг. Тэгэхээр илүүдэл жинтэй, мяраалаг эмэгтэйчүүд эрсдэл өндөртэй гэсэн үг. Гэхдээ тарган хүн бүр хорт хавдартай гэсэн үг биш, тэгж айлгаж болохгүй.

Ер нь хөхний аливаа бэрсүү, эмгэг үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сарын тэмдэг нь эрт ирсэн, мөн орой цэвэршдэг эмэгтэйчүүд хөхний хавдартай болох магадлалтай. Орой буюу 35-аас дээш насандаа анх жирэмслэх, төрөх, удамшил зэрэг хүчин зүйл бий.

Мөн жирэмслэхээс хамгаалах тариа, эмийг тогтмол битгий хэрэглээрэй. Эдгээр нь бүгд гармон. Гармон нь хөхөнд хавдар үүсэхэд нөлөөлдөг. Болж өгвөл хоёр, гурван жилээс илүү хэрэглэхгүй байвал зүгээр. Манайхан сард нэг удаа уудаг эм, зургаан сард нэг тариулдаг тариа гэх мэтчилэн төрөл бүрээр нь хэрэглэдэг. Эдгээр нь жирэмслэх үйл ажиллагааг хүчээр дарангуйлж, өндгөн эс боловсроход саад хийж байгаа юм. Ингэснээр хөхөнд хавдар үүсэхгүй юм гэхэд бэрсүү тогтдог. Надад ийм эмэгтэйчүүд их хандсан.

-Эм, тарианаас гадна ерөндөг тавиулах нь ихэссэн. Энэ нь нөлөөлөх үү?

-Тодорхой нөлөө байж болно. Гэхдээ гармон биш учир эм, тариа шиг нөлөөлөхгүй. Манайхан ерөндгийг хэрэглэхдээ ч хугацааг нь сайн анхаарах хэрэгтэй. 50, 60 хүрсэн хэрнээ авахуулаагүйгээс махандаа шигдчихсэн хүмүүс олон байна. Тиймээс эмчтэйгээ зөвлөөд хугацаанд нь солиулах хэрэгтэй. Хөхний өмөн, мөн элдэв эмгэг үүсэхэд өөх тостой хоол, мах нөлөөлж болдог. Мөн өмнө нь бэрсүүтэж байсан, сүү нь зангирч бугласан, хоргүй хавдраар өвчилж байсан зэрэг ч эрсдэлт хүчин зүйл болдог.

Хэрэв өндгөвчний үрэвсэл, гиста, бамбайтай болсон бол цаг тухайд нь эмчлүүлж байгаарай. Эмэгтэй хүний хөх нь бүхий л бие махбодьтойгоо холбоотой шүү дээ. Мөн хөхний даруулгыг оновчтой сонгох ёстой. Хэт бариу, эсвэл том хэмжээтэйг хэрэглэвэл хөхөнд эмгэг үүсгэдэг. Агаар оруулдаггүй материалтай, төмөр хүрээтэй даруулганаас татгалзсан нь дээр. Энд нэг зүйлийг онцлоход хөхөнд үүссэн бэрсүү болгон хавдар биш.

-Хөхний даруулгын өнгө хэр хамаатай вэ. Жишээлбэл, хар өнгийн дотуур хувцас хавдар үүсгэдэг гэсэн яриа байдаг?

-Өнгө нь чухал биш. Материалын сонголт сайн байх ёстой. Харин эмэгтэйчүүд орой унтахдаа өрөөнийхөө хөшгийг заавал хааж байгаарай. Учир нь шөнийн харанхуйд хүний хөхнөөс хамгаалагч  бодис ялгардаг юм. Зарим айл шөнө хөшгөө хаадаггүй, цонхоор нь гэрэл тусдаг. Гэтэл хөхнөөс бодис ялгарах үеэр гэрэл тусчихвал хамгаалах систем нь ажиллахгүй гэсэн үг. Шөнийн ээлжинд ажилладаг эмэгтэй хүнд хөхний өмөн илүү тохиолддог нь үүнтэй холбоотой.

-Сүүлийн үед хиймэл хөх их хийлгэдэг болсон. Энэ бас л нөлөөлөх үү?

-Хиймэл хөхтэй эмэгтэйчүүд их болсон байна. Энэ нь өөрийн хөхнөөс илүү эрсдэл дагуулдаг. Зарим нь тусгай бэлдсэн уутанд шахаад хөхөнд нь суулгадаг бол зарим нь силиконыг нь шууд шахчихдаг. Энэ нь бүр ч эрсдэлтэй. Дотроо элдэв идээ, бээр үүсгээд дараа нь цэвэрлэж болдоггүй юм. Тийм болохоор хиймэл хөхнөөс аль болох татгалзах хэрэгтэй. Залуу байхдаа сайхан санагдаад хийлгэчихэж болно. Харин нас ахиад ирэхээр хамгийн хэцүү асуудал болж хувирдаг.

-Жишээ нь бамбайтай, өндгөвч өвддөг гэх мэт таны дээр хэлсэн шинж тэмдэгтэй эмэгтэйчүүд хөхний өмөнгөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Миний хөхөнд хавдар байж магадгүй гэж бодвол яах вэ? -35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал мэргэжлийн эмчид хөхөө үзүүлэх хэрэгтэй. Хэрэв сэжигтэй бол маммографийн зураг авдаг. Харин 45-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал зургаа авахуулах ёстой юм. Мөн өөрөө байнга шалгаж байх хэрэгтэй. Хөх нь өвдөөд байхад хайхрахгүй явсаар төгсгөлийн шатанд нь оруулсан хүмүүс байдаг. Хайхрамжгүй хандаж огт болохгүй эрхтэн юм.

-Хөхүүл эмэгтэйчүүд хөхөө бүрэн суллахын тулд саалтуур хэрэглэдэг. Энэ нь зөв үү?

-Залуу ээжүүд хүүхдээ гүйцэд хөхүүлж чадахгүй, хөхний сүүгээ бүрэн суллаагүйгээс удаан хадгалагдсан сүү нь идээлэх аюултай. Горьдоод хавдчихлаа ч гэж бид ярьдаг. Тиймээс хүүхдээ сайн хөхүүлэх ёстой. Хэрэв сүүгээ идэхгүй бол саалтуур хэрэглэх нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хөхөө хэрхэн арчлахыг сайн мэддэггүй бүсгүйчүүдэд ээжүүд нь зөвлөж байгаарай. Эхний үед хөхний толгой заавал хагардаг. Өвдөхөөс нь айж хүүхдээ хөхүүлэхгүй байх тохиолдол бий. Тиймээс төрөхөөсөө өмнө хөхний товчийг нь бүрэн гаргах дасгалыг хийлгэж байх хэрэгтэй.

-Хийсвэрээр төрсөн эмэгтэйчүүдэд хөхний хавдар тусах эрсдэл хэр вэ?

Жам ёсоор төрж чадаагүй ч хүүхдээ гаргаад хөхүүлж байгаа тохиолдолд айх зүйл байхгүй.

-Эрэгтэйчүүд хөхний өмөнгөөр яагаад өвчилдөг юм бол?

-Гармоны өөрчлөлттэй холбоотой. Гэхдээ маш ховор тохиолддог. Миний мэдэхээр сүүлийн хориод жилд 1-2 хүнд тохиолдсон юм байна.

-Хөхний хорт хавдрын эмчилгээ манайд ямар төвшинд байгаа вэ?

-Өвчний нэг, хоёрдугаар шатанд мэс заслын аргаар хавдрыг бүрэн авах найдвар өндөр. Харин гурав, дөрөвдүгээр шатандаа орж хүндэрвэл таван жил хүрэхгүй хугацаанд нас бардаг. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан эмийн, туяан, химийн эмчилгээнүүдийг мөн хийдэг. Манайд гуравдугаар шатандаа 75 хувь нь оношлогдож байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм.

Хүний бие организм хэвийн ажиллаж байхад нь тэр бүхнийг үр хөндөлтөөр тасалчихаар хөхөнд бэрсүү тогтох, хортой, хоргүй хавдар үүсэх эрсдэл болдог. Эмэгтэйчүүд савны өвчтэй бол хөхөнд ч муугаар нөлөөлдөг. Тэгэхээр энэ бүхнээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Нэмж хэлэхэд хаанахын ямар ч эмчээс илүү хөхөнд гарсан өөрчлөлтөө та л хамгийн сайн мэднэ. Тиймээс нэг удаа эмчид үзүүлэхийг чухалчилахаас илүү хөхөө байнга шалгаж байхыг зөвлөе.

Б.Солонго

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!