LOADING

Type to search

Uncategorized

Эгэлгүй их авьяасаар гэрэлтэх хүмүүн Ч.Долгорсүрэн

Share

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Цогт тайж” киноны Хулангийн дүрийг дэлгэцнээ амилуулсан, эгэл хэрнээ энгүй их авьяастан Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнг онцолж байна.

Дарьдулам, Бээж, Гэрэлгуа, Рогмогуа, Дэжид, Хулан, Оролмаа, Чихэр хатан гэхчилэн сайхан монгол эхчүүдийн дүрийг бүтээж урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм хүмүүний талаар дурьдахгүй байхын аргагүй. Эгэл хэрнээ энгүй их авьяастан түүнийг Төрийн хошой шагналт, их зохиолч Ч. Лодойдамба гуайн гэргий, “Тунгалаг Тамир” киноны хоёрдугаар найруулагч, “Гарын таван хуруу” киноны зөвлөх найруулагчаар ажилласан гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Тэрбээр 1946 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1980 онд Ардын Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Москвагийн Олон Улсын тавдугаар Кино Наадам. 1967 он

Бүтээсэн дүрээрээ мөнхөрнө гэдэг мөнхүү сайхан. “Сайхаан, сайхан” хэмээн үргэлж дуу алддаг түүний эгэл төрх, бүсгүй хүний шудрага нандин чанарыг харуулсан дүрүүд нь үнэхээр сайхан. “Төв театрт Рэнчинноров, Долгорсүрэн хоёр шиг сайхан хүүхэн байсангүй. Тийм болохоор тэр үед тоглогдсон олон жүжгийн эмэгтэй гол дүрд тэр хоёр л тоглодог байсан” хэмээн Ардын жүжигчин Л.Цогзолмаа дурссан байдаг.

1936 онд Улсын төв театрын хоёрдугаар студид В.А.Борейшогийн удирдлагад суралцан улмаар жүжигчний ангид дагалдангаар орж ажилласнаас хойш УДЭТ-ын тайзнаа 60 гаруй жил ажилласан тэрбээр насны тэтгэвэртээ гарсан ч урлагийн төлөө зүтгэж, олон олон чадварлаг жүжигчдийг бэлтгэх их үйлсэд зүтгэсэн билээ.

Долгорсүрэн гуай 1920 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт малчин ард Чимидийн гэрт мэндэлжээ. 1930 онд Улаанбаатар хотод ирж, 1932 онд бага сургуулиа төгсөн Үлгэр жишээ дунд сургуульд орж суралцсан байна.

“Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан Улсын төв театрт 1936 онд жүжигчнээр орж, “Шөнийн буг”, “Хонины булаг” зэрэг жүжгийн нийтийн хэсэгт оролцож үзэгчдийн өмнө гарсан. Анхны дүр нь Д.Намдагийн “Тэмцэл” жүжгийн Хурц хэмээх эрэгтэй хүүхдийн дүр байв. Үүнээс хойш тайз, дэлгэцнээ олон сайхан эхийн дүрүүдийг бүтээж үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн юм. Тиймээс ч “Ард түмний саран гоо ээж” хэмээн өргөмжлөгдсөн. “Долгорсүрэн гуайтай хамт тоглоход дэргэдээс эхийн сэтгэл гэрэлтэх шиг, сүү үнэртэх шиг болдог” гэж ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай ярьсан байдаг.

Театрын тайзнаа “Яг 18” жүжгийн Гаваасүрэн, “Тэмцэл” жүжгийн Хурц, “Сүрэг чоно” жүжгийн Дарьдулам, Киргизийн ардын аман зохиолоос үндэслэсэн “Алтан ай хүүхэн” жүжгийн гол дүр, “Шарай голын гурван хаан” жүжгийн Рогмогуа, “Амарсанаа” жүжгийн ван Гэрэлгуа, “Отелло” жүжгийн Дездемона,  “Шаардлагдсан хүмүүс” жүжгийн Наташа, “Эхийн тал” жүжгийн Толгоной,  “Ээдрээ” жүжгийн Алтанзул, “Анхны тулаан” жүжгийн Елизавета зэрэг Үндэсний болон дэлхийн сонгомол жүжгүүдийн олон сайхан дүрийг амилуулсан юм.

 1946 онд “Ийм нэгэн хаан байжээ” жүжгийн хайрт хүнээ догдлон хүлээж, ариун үнэн сэтгэлээ хатамжлан хамгаалсан Бээжийн дүрийг бүтээсэн. Судлаачид энэ дүр бол “Цогт тайж”-ийн Хулангаас дутахааргүй далайцтай, даацтай болсон гэж үздэг.  Дараа нь Киргизийн зохиолч К.Жантошевын “Алтай Ай” жүжгийн Алтай айд тоглож, өөрийн ур чадвараа дахин баталсан байна.

АЙ, ДЕЗДЕМОН…

“Шекспир бол он жилүүд биш юм. Тэр бол бүх цаг хугацаа” гэж түүнийг тодорхойлон хэлсэн нэгэн үг байдаг.

Дэлхийн сонгодог жүжгийг үндэсний тайзнаа амилуулна гэдэг амаргүй. Тэр дундаа цаг хугацааг элээсэн Шекспирийн бүтээлүүд. Түүний сонгодог бүтээлүүд үе үеийн уран бүтээлчдийн ур чадварт ахиц авчирч, шинэ залуу уран бүтээлчдийн шалгадаг том шалгуур. “Аливаа жүжигчин сонгодог жүжигт тоглох нь дээд сургууль төгссөнтэй дүйцдэг” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.

Долгорсүрэн гуай бол монголын тайзнаа амилсан тоотой хэдхэн Дездемоны анхдагч. У.Шекспирийн “Отелло” жүжиг 1955 онд Улсын хөгжимт драмын театрын тайзнаа анх тоглогдож Монголын ард түмэнд хүрчээ. Отеллод Г.Гомбосүрэн тоглож байв.

Эхлээд лаагаа унтраана. Дараа нь амийг нь унтраана…

Зураг: Монголын театрын музей

ГЭГЭЭН ХАЙРЫН ГЭРЭЛТ ТҮҮХ

“Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол гагцхүү алдаж болохгүй” Ч. Лодойдамба

Итгэлт баяны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А. Очирбат гуай “Тийм мундаг зохиолчийг хүүхнүүд зүгээр байлгаагүй л байх. Тийм сайхан хүүхнийг харцуул зүгээр явуулахгүй л байх. Гэхдээ энэ хоёр бүх насаараа ханилсан нь гайхамшиг” гэж дуу алдаж байсан гэдэг.

Долгорсүрэн гуай 1934 онд онд Улаанбаатар хотноо ирж, Үлгэр жишээ дунд сургууль орсон. Тэнд насны хань Лодойдамба гуай ч мөн сурч байсан гэх. Сурагч ахуй насандаа захиа занаа өгөлцөн, ичингүйрч байснаа хожим 1943 оны Ленин клубын бүжгийн талбайгаас эргэн санана. “Манай театрынхан үргэлж тоглолттой тул бүжигт очих завгүй. Хааяа зав зай гарвал бүжигт очих хүсэл төрнө. Нэг өдөр амралтаараа би Цагааны Цэгмид, Цэнд хоёрыг дагуулж Ленин клубын бүжигт очсон чинь нөгөө Лодойдамба маань шар костюмтай, өндөр гэж жигтэйхэн ганган залуу харагдана. Тэр орой надтай туж бүжиглэж, гэрт минь хүргэж өгч билээ. Бид хоёр юу ч яриагүй. Би түүнээс хойш Ленин клубын бүжгэнд очих тун дуртай болов” хэмээн дурсамждаа өгүүлсэн байдаг.

“ЦАХИУР ТӨМӨРӨӨ БИ ӨӨРӨӨ ОЛСОН”

Лодойдамба гуай бүхий л кино, жүжгийнхээ дүрүүдийг өөрөө сонгодог байсан тухай олон хүний дурдатгалд тэмдэглэгдсэн байдаг. Дүрээ бодон бодон тохирох хүний эрэлд гардаг байж. Харин цахиур Төмөрийн дүрийг Долгорсүрэн гуай сонгосон гэх. “Цахиур Төмөрөө би өөрөө олсон” гэж Сандуйжавыг ихэд хайрладаг байсан. Зураг авалтын үеэр цахиур Төмөр Тамирын голын түргэн урсгалд ширлүүлээстэйгээ хөвж бусдыгаа сандаргахад Долгорсүрэн гуай ихэд сандран уйлж байсан гэдэг.

ЗҮРХНИЙХЭЭ АЯЛГУУГААР ШҮЛЭГ ТЭРЛЭНЭ

Лодойдамба гуай Говь-Алтайн Тайшир сумын нутагт төрж өссөн. Ханийхаа төрсөн Алтай нутгийн тухай шүлэг тэрлэсэн нь “Эрдэнийн Тайшир” юм. Тэрхүү шүлэгт охин Насанбат нь аялгуу хийж, Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад дуулан радиогийн алтан фондод бичүүлсэн түүхтэй.

“Ээж маань,“Говь-Алтайд төлийн аян явах нь, чи ая хийж чадах уу” гэсэн. Би ая бичдэггүй мөртлөө чадна гэчихсэн. Ээж маань, “Хөгжмийн зүрх нь аялгуу шүү, их сайхан аялгуутай хийгээрэй” гээд, өөрөө Тайширынхны тухай шүлэг бичсэн. Миний бараг анхны тэр дуу одоо радиогийн “Алтан фонд”-д бий” хэмээн охин Насанбат нь хуучилсан байдаг.

ДЭЛГЭЦИЙН УРЛАГ ДАХЬ ШИГТГЭЭ

Тэрбээр анх “Сүрэг чоно” киноны Дарьдуламын дүрд тоглосоноор кино урлагт хөл тавьжээ. “Тунгалаг Тамир” киноны 2-р найруулагчаар ажиллахын хажуугаар Ням өвгөний эхнэрийн дүрийг бүтээснийг манай үзэгчид андахгүй биз.

1945 он: “Цогт тайж” киноны Хулан хатны дүрээр үзэчдийн сэтгэлд мөнхөрсөн энэ эрхэмийг Билгүүн номч Б. Ренчин гуай “Жүжигчин Ч.Долгорсүрэн Хулангийн дүрээр жинхэнэ цэвэр ичимтгий Монгол охины дүрийг бүтээж чадсан юм. Энэ нь дүрийнхээ цаад учрыг сайн ойлгосных бөгөөд миний илэрхийлэх гэж зорьсон санааг бүрэн гүйцэд гаргаж чадсанаараа онцлогтой. Бараг бидний бичсэн зохиолоос ч илүү сайн дүр болсон. Сүрхий сайн тоглосон шүү” хэмээн сайшааж байсан нь ямар чансаатай уран бүтээлч болохыг батлах бизээ. Тэрбээр 20 гаруй кинонд олон сайхан дүрийг бүтээжээ.

Дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдээс дурьдвал:

1959 онд “Ардын элч” киноны хатны дүрийг бүтээв.

1961 он: “Алтан өргөө” киноны Сондмаа

1966 онд найруулагч Д.Жигжидийн “Үер” кинонд Цэвэлмаагийн дүрийг бүтээв.

1970 он: “Тунгалаг Тамир” киноны Ням өвгөний эхнэр

1977 онд “Хөх ногооны униар” киноны Сумъяагийн дүрийг бүтээж.

1980 онд найруулагч Д. Жигжидийн “Өнөр бүл” кинонод Гармаагийн ээжийн дүрийг бүтээв.

1988 онд найруулагч Н. Нямдаваагийн “Уул усны үр сад” кинонд Буурайгийн дүрд тогложээ.

1988 онд “Мандухай цэцэн хатан” киноны үлгэрч эмгэний дүрийг бүтээжээ.

1995 онд “Ганган хар” киноны эмгэний дүрийг бүтээжээ. Хятадын 4-р үеийн шилдэг найруулагч Ши Фэйгийн найруулсан энэ кино Монтреалийн болон Шанхайн кино наадмуудаас шагнал хүртсэн бүтээл. Долгорсүрэн гуай тус кинонд тоглохдоо 74 настай байж. Энэ бол хятадын болон дэлхийн үзэгчдийг бишрүүлсэн сайхан монгол ээжийн дүр болсон юм.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!