LOADING

Type to search

Uncategorized

30 кг жинтэй сурагч 3 кг-аас бага жинтэй цүнх үүрэх ёстой

Share

Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстойг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс судлан гаргажээ. Энэ нь хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх үүрэх ёстой гэсэн үг.

Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Иймд та хүүхэддээ гоё, үнэтэй цүнх авахад анхаарах биш хүүхэд тань хэр хүнд цүнх үүрч байгаад анхаарал тавиарай.

Эцэг, эхчүүдэд сануулахад, өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нь бүртгэж өгч, явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руу гаа тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.

Австралийн Нуруу, нугасны мэргэжлийн багаас гаргадаг нэгэн сэтгүүлд сургуулийн насны ихэнх хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохирдоггүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож, стандарт гаргасан ажээ.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг гэж судалгаанд хариулжээ.

ОХУ-д мөрддөг хүүхдийн цүнхний стандартыг сонирхуулъя.

Анги / Цүнхний ачааны дундаж хэмжээ

  • 1-2-р анги – 1,5 кг-аас илүүгүй
  • 3-4-р анги – 2,0 кг-аас илүүгүй
  • 5-6-р анги – 2,5 кг-аас илүүгүй
  • 7-8-р анги – 3,5 кг-аас илүүгүй
  • 9-11-р анги – 4,0 кг-аас илүүгүй

Угандад (2014 он) хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн хүнд жинтэй цүнх барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2 хувь нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4 хувьд хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчингийн өвдөлт байдгийг илрүүлжээ. Нуруу бага зэрэг өвддөг сурагчид удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, хүнд цүнх барьж явдгаас болж өвддөгийг мөн судалгаа харуулсан байна. Судалгаанд хамрагдсан сургуулийн сурагчдын 19 хувь нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байсан гэнэ.

Өөр нэгэн жишээ. Шинэ Зеландын (2010 он) Хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1 хувь нь булчин өвдөх хам шинжтэй гэж гарчээ. Тэдний 44.3 хувь нь хүзүү, 43.6 хувь нь мөр, 36.4 хувь нь нуруу, 35.0 хувь нь аарцаг нурууны өвчтэй болохыг тогтоосон байна.

СУРГУУЛЬД ОРЖ БАЙГАА ХҮҮХЭДДЭЭ ХЭВШҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

1. Цүнхээ зөв үүрэх техник

  • Цүнхийг хэзээ ч нэг мөрөндөө үүрч болохгүй. Хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах нь чухал. Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах ёстой.
  • Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.
  • Таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох, мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх хэрэгтэй.
  • Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийгээрэй.

2. Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд

  1. Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг нь авч өгөх.
  2. Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах.
  3. Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж, шийдлийг олж байх.
  4. Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийн хэрэгслийг зохицуулж өгч явуулах.
  5. Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж, хамтдаа шийдлийг олох,  даалгаварыг нь олшруулж өгч байх.
  6. Цахимаар даалгаварыг нь явуулах.
  7. Сургууль дээр хүүхэд бүрт ном хадгалах хайрцаг хийх.
  8. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах.

Д.УУДАМ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!