LOADING

Type to search

Uncategorized

Хаалттай гүрний нууцлаг Тэргүүн хатагтай

Share

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трампын өмссөн хувцас, хэлсэн үг, нүдний харц, бүр уруулаа хэрхэн жимийсэн тухай нь ч шар хэвлэлийнхэн алгасалгүй мэдээлдэг. Францын ерөнхийлөгчийн эхнэр Брижит Макрон оройн хоолондоо юу иддэг тухай хэдэн хуудас нийтлэл дотоодын хэвлэлүүдээр нь гарч л байсан.

Харин Ри Соль-жүгийн тухай ухаж түнхээд ч хангалттай мэдээлэл авч чадахгүй. Учир нь тэр Хойд Солонгос хэмээх магадгүй дэлхийн хамгийн хаалттай гүрний дарангуйлагч удирдагчийн гэргий, тус улсын Тэргүүн хатагтай.

Өмнөд Солонгосын хэвлэлд гарсан мэдээллээр бол тэр өдгөө 28 настай, гурван хүүхэдтэй. Анх 2012 оны долдугаар сард Пхеньяны зугаа цэнгэлийн паркийн нээлтэд Ким Чен Уныг дагалдан ил гарч ирснээр дэлхий нийтэд Кимийн эхнэр гэж албан ёсоор танигджээ.

Ким Чен Ун, Ри Соль-жү нар чухам хэдийд гэрлэсэн нь тодорхойгүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр хосууд 2009 онд хуримласан гэдэг бол 2010 онд сонгодог хөгжмийн тоглолтын үеэр анх танилцсан гэх өөр эх сурвалжийн мэдээлэл ч бас бий. ВВС мэдээлснээр Ким Чен Уны эцэг Ким Чен Ир 2008 онд хүндээр өвдсөнийхөө дараахан тэднийг гэрлүүлэхээр бүгдийг товлосон гэдэг. Хэрхэн удирдагчийн гэргий болсон, түүнтэй хэрхэн учирсан тухай нарийн ширийн мэдээлэл байдаггүй.

Залуу Кимтэй гэрлэхээс өмнө хэрхэн амьдарч байсан тухай бүдэг бадагхан мэдээлэл байдаг. Тэрбээр сэхээтэн гэр бүлээс гаралтай. Эцэг нь их сургуулийн багш, харин ээж нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн асрагчаар ажиллаж байжээ. Ри бүсгүй Пхеньян хотын Гюмсун-2 дунд сургуулийг төгсөөд Хятадад хөгжмийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн гэнэ. Тэрбээр Хойд Солонгосын Унхасү оркестрын дуучин байсан, энэ хүрээнд хэд хэдэн удаа гадаад улсад тоглолтоор явж байсныг гэрчлэх хүн цөөнгүй байдаг. 2005 онд Өмнөд Солонгост болсон хөнгөн атлетикийн тэмцээнд Ри Соль-жү хөгжөөн дэмжигчдийн багийн бүрэлдэхүүнд багтан, өмнөд хөршдөө очсон тухай мэдээлэл байдаг. Гэвч Хойд Солонгосын дэглэм түүний өнгөрсөн амьдралыг “баллуурдах” гэж хичээдэг гэх.

Ри Соль-жү хожим Ким Ир Сений нэрэмжит их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

Тэргүүн хатагтай загварын тал дээр хуучинсаг, гэхдээ барууны загварын чиг хандлагад мэдрэмжтэй, өндөр үнэтэй хувцас хэрэглэл эдэлж яваа харагддаг. Dior, Chanel гээд Европын тансаг зэрэглэлийн брэндийн цүнх барьсан зураг нь олон улсын хүрээнд нэлээд шүүмжлэлд өртөж байв. Ард иргэд нь ядуурал, өлсгөлөнд дарлуулж байхад Тэргүүн хатагтайн тансаглал хэрээс хэтэрсэн тухай тэд буруутган, шүүмжилж байлаа.

Ри хэдэн сарын турш олон нийтийн өмнө огт гаралгүй, огт сураггүй болсон юм. Энэ хугацаанд тэрбээр хөл хүнд байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард амаржиж, Кимд удам залгах хүү төрүүлж өгсөн тухай мэдээлэл цацагдсан.

Тэрбээр 2010 онд ууган охиноо төрүүлжээ. Улмаар 2013 онд хосууд дахиад охинтой болсон аж.

Ри хатагтайн нууцлаг байдал Хойд Солонгосын хувьд төдийлөн гайхах зүйл биш. Кимийн эцэг Ким Чен Ир хэзээ ч эхнэрүүдээ олон нийтэд танилцуулж байгаагүй юм. Түүний эцэг Ким Ир Сен ч ялгаагүй.

Харин залуу Ким өвөг эцэг, эцгийнхээ тогтсон уламжлалыг эвдэж, тэмдэглэлт баяр, нээлтийн ёслол, пуужин харвах улсынхаа томоохон үйл явдалд эхнэрээ дагуулан явдаг. Ри эр нөхрөө дагалдан 2012 онд 18 удаа, 2013 онд 22, 2014 онд 15 удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Харин сүүлийн хоёр жилд харьцангуй багассан тухай Йонхап агентлаг мэдээлсэн нь бий.

С.ЦЭЛМЭГ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!