LOADING

Type to search

Онцлох

Ж.Лхамхүү: Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэнгийн дүрээр мандаж эхэлсэн л дээ

Share

Ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй ярилцлаа.

-Таны хамгийн сэтгэлд тодхон үлдсэн дүр, хуучны дурсамжаасаа яриагаа эхлэх үү?

-Дүр гэж яривал теарт орсон цагаасаа эхлэх юм байна даа. Бид Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн анхны төгсөгчид. 1963 онд таван хүүхдийг Улсын драмын театрт хуваарилсан. Бусдыг нь хүүхдийн театр, Хүүхэлдэйн театр, кино үйлдвэр, хөдөөгийн театруудад хуваарилсан юм. Бид тав 1963 оны долдугаар сарын 1-нд Заяа дарга тушаал гаргаж, дээд мэргэжилтэй анхны жүжигчин гэж Драмын театрт орж байлаа. Будаг нь ханхалсан шинэхэн жүжигчид алтан үеийнхэн дунд л ороод явчихсан. Оюутан байхдаа би Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав багштайгаа нэг жүжигт хамтран тоглосон юм. “Будамшуу” жүжгийн Ягаан гэж рольд. Тэр үед би яаж үгээ цээжлээд, яаж гарснаа мэддэггүй. Нэг үзэгчид рүү харсан баахан улаан нүүр л тулсан.

Киноны чиглэлээр анхны дээд сургуулийг хойно төгсөж ирсэн найруулагч, УГЗ Р.Доржпалам гуай биднийг кинонд авахыг нь авч, жүжигт тоглуулахыг нь тоглуулдаг байв. Намайг хоёрдугаар курсын оюутан байхад анхны жүжигчний номыг заалгаж эхлэх үед минь Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуайн найруулсан “Гологдсон хүүхэн” кинонд хамтран тоглосон. Тэр үед туршлага гэх зүйл байхгүй хүүхэд. Тэнд миний залуу нас л үлдсэн дээ. “Ээдээ энэ хүүхнүүд үү” кино анх “Итгэж болно” нэртэй жүжиг байсан юм. Түүнийг сүүлд нь Ч.Лодойдамба гуай кино болгосон. Тэр жүжгийн Дуламсүрэн буюу эрэгтэй хүний дүрд би анх тоглож гараагаа эхэлж байсан л даа. Түүнээс хойш Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэн гэдэг ролиор мандаж эхэлсэн л дээ. Тэр дүр намайг олонд таниулсан. Одооных шиг билет шахна гэж байхгүй. Үзэгчид өөрсдөө касснаас билет авч үздэг байлаа шүү дээ. Олон сайхан дүрд ч тоглосон. Тэр үед гол дүрүүдийг Мэндбаяр, Цээнямбуу бид гурав л авдаг байлаа.

-Дээд сургууль дөнгөж төгсөөд Улсын драмын театрт хуваарилагдаад, тэр мундаг хүмүүстэй хамт ажиллаад, үгийг нь сонсоод явна гэдэг их хувь заяа байх даа?

-Тэгэлгүй яахав. Маш их аз билэг түшсэн сайхан хувь заяа тосож авсан. Бидний багш нар алтан үеийнхэн байлаа. Ардын жүжигчин төрийн шагналт Э.Оюун, Ардын жүжигчин төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн, УГЗ төрийн шагналт Л.Ванган, Ардын жүжигчин Н.Цэгмид, МУГЖ Ө.Рэнцэнноров, Зууны манлай жүжигчин Т.Цэвээнжав, Ардын жүжигчин Д.Цэрэндулам, МУГЖ Б.Мижиддорж, МУГЖ Г.Долгорсүрэн, ЗХУ-ын Ленинград хотноо сургууль төгссөн Буриадын харьяат Клара Булгинина Намсрайевна гэж монгол ханьтай болоод суурьшсан хүн байсан. Энэ аугаа хүмүүс бидэнд анхны жүжигчний суурийг тавьж өгсөн. Төгсөх жилд дипломын жүжгээс харж байгаад хүүхдүүдээ сонгосон байдаг. Дөнгөж оюутны ширээнээс гарсан бид алтан үеийн жүжигчдээс их сүрдэнэ. Багш нартайгаа хамтран жүжиг тоглоод эхэлж байгаа юм. Өөрсдөө найруулгаа хийгээд бидэнтэй ажиллана. Тэр мундаг хүмүүстэй хамт ажиллана гэдэг маш том хариуцлага, тэднээс айж сүрдэнэ. Тэр дунд ороод ажиллана гэдэг бид ахиад дээд сургуульд орсон мэт туршлага, мэдлэг олж авсан. Бид удирдах удирдуулах зарчим, ах зах гэж зүйлийг маш нарийн баримталж явдаг. Театрын ёс зүй, этик гэдгийг дээд зэргээр алтан үеийнхэн бариулдаг хүмүүс байлаа.

-Оюутан байхдаа өөр дэлгэцийн дүр бүтээсэн үү?

-Манай ангиас олон оюутан кинонд тоглосон. Д.Мэндбаяр, Г.Мягмар нар “Ээдээ энэ хүүхнүүд үү”, Д.Дуламсүрэн, С.Бужгар “Нүгэл буян” гэх мэтээр олон хүүхэд кинонд тоглож эхэлсэн. Алтан үеийнхэн дунд яагаад нэг сургууль төгссөн юм шиг болдог гэхээр бид айна, эмээнэ, болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлж өгдөг. Тэдгээр хүмүүсийн нэг сайхан чанар нь “За хүү минь чи, сахилга алга, үүнийгээ ингэ, түүн дээрээ тэг, энэ нь буруу, тэрийгээ зөв хийсэн, энэ дүр дээр ингэж ажилла” гэж дандаа зөвлөж ярьж байдаг. Ийм сайхан харамгүй сэтгэлээр ханддаг, сайхан хамт олон дотор орсон л доо. Тэдний үеийнхэн театраа л гэхээр өвөг дээдэс шигээ дээдэлдэг. Театртаа элдэв хир буртаг халдаадаггүй. Ёс суртахууны хувьд доголдолтой байхыг хүсдэггүй. Бидэнд их зүйл сургасан. Тийм хүмүүсийн дунд олон жил ажиллалаа.

-“Нандин эрдэнэ” киноны хадам ээжийн дүр хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийн тань нэг байх?

-“Нандин эрдэнэ” киног жүжиг байхад нь Дулмаагийн дүрд тоглож байлаа. Тэр Дулмаа чинь кинон дээрээ нугардаг хүүхэн шүү дээ. Жүжиг дээрээ тийм байгаагүй. Кино зохиол болгохдоо миний тэр тоглосон Сурмаа гэдэг ээжийн дүрийг бичсэн. Эсрэг талдаа дүр л дээ. Ухаандаа бэрээ хүүхэд гаргуулахгүйгээр нугардаг ажлаар нь ашиг олчих санаатай. Тэгээд хурим хийж байхад худынх нь зүүж байгаа алтан ээмэг, бөгж нь нүдэнд нь туссан. Тийм л роль, эмэгтэйчүүд, авгай нар сүүлийн үеийн нийгмээр дүүрэн. Тийм байгаа биз.

“Жаргал даахгүйн зовлон” киноны тэр хүүхний дүр байна. “Эзэнгүй айл”-ын Бүдүүн эмээгийн дүр ч байна. Тэр Бүдүүн эмээ зах зээл дөнгөж эхэлж байхад компанийн эзэнтэй охиноо гэрлүүлчих санаатай. Охиноо тэр хүнтэй л гэрлүүлчихвэл энэ зах зээлийн үед амьдарч болох юм байна гэсэн ойлголттой. Зах зээлийн зарчмыг бүрэн ойлгоогүй тийм л нэг эмэгтэй. Тэр “Жаргал даахгүйн зовлон” киноны эмэгтэй чинь нөхөргүй. Ханьтай хүний нөхрийг уургалж аваад өөртөө туслуулах санаатай. Эд чинь амьдрах гэж ядаж байгаа л эмэгтэйчүүдийн дүр.

-Дэлгэц болон тайзны дүр юугаараа ялгаатай вэ?

-Ялгаатай. Тайз бол өвөл, зун, хавар, намар гээд улирлыг дуу шуум, тайз засалтаараа гаргаж өгнө. Өгөгдсөн нөхцлийг бий болгоод жүжигчин өөрийн мэдрэмж ур чадвараараа гаргана. Тайзанд зураач, дуу хөгжим хэрэгтэй. Найруулагч зураачтайгаа ажиллана. Хувцас, жижиг хэрэглэлээ бэлтгэнэ. Тавилт найруулга нь орно. Тайзны жүжиглэлт хэтрүүлсэн үнэнийг тоглодог.

Кино бол өргөн хүрээтэй. Байгалийн сайхныг харууллаа гэхэд уултай, устай, голтой горхитой нь харуулна. Тийм зүйлүүдээ байгалиар харуулсан ч павилон дотор авахуулах хэсгүүд бас бий. Дэлгэцэнд бол энгийн үнэнийг тоглодог үүгээрээ ялгаатай.

-Соёл урлагийн их сургуультай хэзээнээс холбогдов?

-Зах зээл гэдэг юм дөнгөж эхлээд 1992 онд СУИС-д багшаар ирсэн. Одоо 27 дахь жилдээ багшилж байна. Энэ хугацаанд би долоон анги төгсгөлөө. Сүүлийн төгсөлтөө Хятадын Шекспир гэж нэрлэгддэг Цо Юүгийн “Бээжин хүн”, Оросын аугаа их Фонвизиний “Маанаг гайхал” гэдэг хоёр жүжгээр диплом хамгаалалт хийсэн. Маш сайн хамгаалсан. 27 жил багшаар ажиллахдаа дорно дахины соёл уламжлал, ард түмний зан заншилтай дорно дахиныг судлуулах үүднээс Хятадын сонгодог зохиолуудыг ихэвчлэн сонгодог. Тоглуулсан жүжгүүдээ нэгтгэн эмхэтгэл гаргасан.

-Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Г.Равдан, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржарг, Ё.Цог нарын Монголын нэртэй жүжигчид хамтдаа аялсан зураг цахим ертөнцөөр яваад байсан. Хэзээ та бүгд яваад ирэв?

-Бээжин, Шанхай, Нянбао, Гуанжу, Макао зэрэг хотуудаар арав хоног ахмад уран бүтээлчид аялаад ирлээ. Ахмад уран бүтээлчдийг ингэж аялуулсан нь их буянтай үйл. Энэ дашрамд “Блис” компанийн захирал Т.Амгалан гэж залууд баярласнаа илэрхийлье. 65-аас дээш насны кинонд тоглосон жүжигчид, найруулагчид, уран бүтээлчдийг өөрийн хөрөнгөөр зардлыг нь даагаад авч явсан. Биднийг ингэж аялуулахад олон байгууллага хамтран ажилласан. МИАТ, Нийслэлийн аялал жуучлалын газрын дарга Батсүх, БСШУСЯ-ны Баянзул, Матрикс салон, Дитма гоо сайхны газар бүгд бидэнд үнэгүй үйлчилж, гадаад явахад бүхий л зүйлээр хангаж тусалсан.

Бээжинд бид хувийн кино үйлдвэр үзлээ. Чайна филм Хятад Улсын кино үйлдвэрийг үзэж танилцлаа. Тэр кино хотхоны барилга байгууламж ямар сайхныг үгээр хэлэхийн аргагүй. Киногоо хийж дуустлаа тэндээ байрлаад хооллоод, хэдэн сараар байрладаг. Кино дууссан цагт тардаг. Нянбао хотод бас киноны хотхон байна. Тэр бол маш том бүтээн байгуулалт. Хиймэл цас оруулдаг, хиймэл хүрхрээ, үүл, нар, гээд бүх зүйлийг хийчихсэн павилон нь бүгд бэлэн байдаг юм байна. Техник хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, онгоц хүртэл бүгд байна. Эрт үеийн зэрэг зэвсэг, хаан хатны эд хэрэглэл гээд ямар ч кино хийсэн тэр бүгдийг бэлдсэн павилонтой.

-Тэгэхээр монголчуудад сурах зүйл их байсан уу?

-Асар их. Нянбао хотоо үүн дээрээ түшиглээд аялал жуучлалын хот болгох зорилт тавьчихсан. Зам гүүр, барилга байшин бүгд жуулчдад зориулсан үзэх зүйл ихтэй. Тийшээ маш их жуулчид зорин очдог болсон байна. Тэр кино үйлдвэр, кино хотхоныг үзэх гэж. Бээжингийн Чайна филм 800 га газрыг зөвхөн киноны хотхон болгожээ. Нянбаогаас Шанхай ороход 4-5 цаг автобусаар явсан байх. Гэтэл уулан доогуур тунель тавьсныг тоолоход 19 байна. Би тэгж тоолсон. Хиймэл арал хийж далай дээр хот байгуулж.

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Ойг тохиолдуулан 70 ажил төлөвлөсний эхнийх нь киноны ахмад уран бүтээлчдийг аялуулах ажил байж. Тэр олон хүний зардал мөнгийг гаргаад ингэж сайхан аялуусан “Блис” компанийн хамт олонд тусгайлан баярласнаа хэлмээр байна. 30 гаруй хүний зардал гаргасан. Захирал Т.Амгаланд, биднийг сайхан хүлээж авсан Монгол Улсын элчин сайд Д.Ганхуяг нарт баярлалаа. Арав хоногийн хугацаанд их зүйл үздэг юм байна. Аяллын хугацаанд хотуудын хооронд автобусаар аялна. Тэр хооронд бид залуу цагийн дурсамж хөөрөлдөөнөө их ярина. Урлагийнхны нэг сайхан нь хөдөө орон нутаг, гадаад дотоодоор их яваад сурчихсан учир нас ахисан ч замд ядрана, түүртэнэ гэж мэдэхгүй аяллаа. Тэр хооронд хуучныгаа яриад барахгүй л байна лээ. Нэг мэдэхэд л арав хоног дороо өнгөрсөн. Ингээд сайхан аялаад ирлээ.

-Аяллаас үлдэх үр өгөөж юу байв, Монголдоо гарт баригдах ганц л зүйл хийчих юмсан гэсэн бодол төрөв үү?

-Монгол минь кино үйлдвэртээ павилонуудыг нь бэлэн хийгээд тавьчихаасай. Монгол минь кино хотхонтой болоосой гэсэн бодол л төрлөө. Тэдний кино хотхон шиг зүйл хийхэд манай орон шиг баялагтай, соёлтой, өв уламжлалтай, нүүдлийн соёл гээд энэ бүгдийг харуулсан павилон хийчих юмсан. Ийм зүйлтэй болох юмсан даа л гэж бодож ирлээ. Манайд бол жүжигчдийн ур чадвар Холливуудад гарахад гологдохгүй. Төр засаг нь дэмжээд бааз суурийг нь бий болгоод өгвөл манайханд хийж бүтээх эрмэлзэл, чадвар, сургалт, мэргэжилтнүүд байна. Болохгүй зүйл алга. Манай залуучууд кино хийгээд л байгаа. Бор зүрхээрээ л хийж байгаа. Тэдэнд туслах хэн ч байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!