LOADING

Type to search

ТҮҮХ

Удам залгасан авьяаслаг жүжигчин Ж.Оюундарь

Share

Эдүгээ жүжиг, драмын урлагт удам залгасан сайхан жүжигчид олон бий. Түүний нэг болох драмын урлагийн бүхий л төрөлд хувьсан тоглох чадварлаг уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг бид Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, удам залгасан жүжигчин хэмээн хүндэлдэг билээ.

Харин түүний ээж Ө.Уранчимэг нь олон жил УДЭТ-т нүүр хувиргагч хийсэн бөгөөд “Нүүр хувиргалтын үндэс” хэмээх номыг бичсэн юм. Урлагийн гэр бүр түүнд урлаг хэмээх ертөнцөд хөл тавих хүч болж өгсөн. Тэрээр 1968 онд Улаанбаатар хотноо айлын  дөрөвдэх хүүхэд болон мэндэлсэн юм.

Багадаа эмч болохыг хүсдэг байсан бөгөөд аравдугаар ангиа төгсөөд гадаадад Анагаахын сургуульд сурах боломж байсан хэдий ч эцсийн мөчид урлагийг сонгосон гэдэг.

Анх оюутан байхдаа “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглож байсан тэрээр 1992 онд СУИС-ийг төгссөнийхөө дараа “Аянгын бороо” жүжгийн Сифаны дүр мөн түүнтэй зэрэгцээд “Худалч эхнэр” жүжгийн Кетти гэх гол дүрийг бүтээжээ.

Ийнхүү инээдмийн болон драмын эсрэг тэсрэг дүрүүдийг нэгэн зэрэг бүтээх боломж түүнд олдсон юм. Дөнгөж сургуулиа төгссөнийхөө дараахан аавтайгаа хамт “Нүглийн золиос” кинонд тоглож байсан.  Мөн “Эзэнгүй айл”, “Угсраа мэх”, “Ромео, Жульетта”, “Хүйтэн сэнтий” зэрэг жүжигт хамтарч тоглож байжээ.

Тэрээр аавынхаа тухай “Аав маань “Миний охин өөр чиглэлээр яв, урлагийн салбар эмэгтэй хүнд хэцүү” гэж хэлдэг байсан.  Гэхдээ би аавынхаа үгэнд ороогүй /инээв/. Эмнэлэгт хэвтэж байхад нь бэлдээд шалгалтыг нь өгөөд жүжигчний ангид тэнцэж байлаа.

Тэгээд гарч ирэхэд нь “Аав би кино драмын ангид орсон” гэсэн чинь “Өө тийм үү” гээд л өнгөрсөн. Аав минь надад ер юм хэлэхгүй шүү. Сайн болж байсан ч сэтгэлээ шууд гаргадаггүй  байсан.  Бусад жүжигчдэд бол сайн, муу үг хэлнэ шүү дээ.  

Би анх “Аянгын бороо” жүжигт тоглож байлаа. Аав маань үзэгчдийн дунд хараад л сууж байсан.  Тоглолтын дараа гар бариад баяр хүргээд л өнгөрсөн. “Ромео Жульетта” жүжигт миний алчуур шидэж байгаа хэсэг гардаг. Түүнийг аав маань үзчихээд “Харлаа, миний охин хөөрхөн шүү” гэж байна.  Тэгснээ “Чи алчуур шиддэг дээрээ анхаар даа” гээд л өнгөрдөг юм байна.

Би аавынхаа жижиг дүрээс эхлээд драмын урлагт үлдээсэн бүтээл бүхэнд нь хайртай. Аав маань дүрийг бүтээж, урлаж чаддаг ийм л хүн.  Тоглосон бүтээл бүхэн нь нэгийг бодогдуулсан, учрыг ойлгуулсан байдаг. Үг бүхэн дээрээ ажилладаг, ойлгож, мэдэрч чаддаг дотоод сэтгэхүйн драмын жүжигчин хүн гэдгийг манай урлагийнхан бүгд хүлээн зөвшөөрдөг.

Аав ээж хоёр маань биеийнхээ дутууг нөхөж дундуурыг нь дүүргэж явсаар урлагийн тодорхой амжилтад хүрсэн. Дүр бүтээх тал дээр аав ажиллаж байхад гадна талаас нь ээж минь дүрийг нь яаж хүмүүст хүргэх вэ гэдэгт сэтгэлээ чилээж явдаг. Ээжийн маань нүүр хувиргалт тухайн үедээ театртаа гайхагддаг байсан.

Багадаа ээж аав хоёр гэртээ яагаад байдаггүй юм бэ гэж боддог байсан л даа. Манай хүүхэд бас “Та ядаргаатай ажилтай юм аа. Та гэр бүлтэй гэдгээ мэддэг үү” гэдэг. Бид бол ээж ааваасаа тэгж асууж байгаагүй. Ажилтай байгаа, ингэж явах ёстой хүн л гэж боддог байж. Гэхдээ аавынхаа охин нь болж бүтээлд  тоглож чадаагүйдээ жаахан харамсдаг. Бэр нь болж их олон кинонд тоглож байсан юм байна. Уран бүтээлд охин нь болох хүслээ биелүүлж чадаагүй байтал  аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ” хэмээн дурссан байдаг.

Харин өөрийн уран бүтээлийн талаар “Оюутан байхдаа Жульеттад тоглож байсан. Нас насандаа энэ мундаг зохиолыг “мөлжсөн” гэж боддог. Залуу насандаа Жульеттад тоглосон. Өрлөг эхэд тоглож байна. “Ромео Жульетта” жүжгийн өрлөг эхийн дүрд тоглоход миний цамц нойтон болчихдог юм. Ялангуяа эхний зургаан үзэгдэл хүртэл хөлс урсаж байдаг. Үнэхээр хүч гарсан дүр.

Үзсэн хүмүүс ч бас “Ямар аймаар хурдтай юм бэ, залуучуудаас ялгагдах юм алга” гэдэг. Би нэг их адтай биш шүү дээ. Миний тоглосон зарим дүр хөдөлгөөнтэй, хурц харагдаад байдаг. Мэдэхгүй ээ, тийм зан характер надад байдаг юм байлгүй. Бид янз бүрийн дүрд тоглодог. Дүрийн судалгаа хийдэг. Янз янзын характеруудыг өөртөө суулгадаг. Задгай характерыг өөртөө бэлтгэж суулгасан л даа. Надад задгай байдал дутмаг санагддаг. Ийм дүр ирвэл тоглох хэрэгтэй гэж боддог.

“Өртөө” гэдэг кинонд хөгшин дүрд тоглосон. Хувь тавилангийн дүр л дээ. “Харагдах талаасаа нэг л өөр баймаар байна” гэж найруулагч маань хэлсэн. Нүүрэнд өөрчлөлт хийсэн юм. Цавуу шиг юм нүүрэнд түрхсэн. Энэ дүрд тоглох гэж нүүрэнд маань нэлээд үрчлээ суусан. Эвгүй юм билээ. Дараа нь салгах гэж бөөн юм болсон. Энэ муу нүүрийг чинь цавуудаад, базчихсан. Хүүхнүүд нүүрээ үрчийлгэхгүй гээд арьсаа татдаг байтал базчихаж байгаа юм чинь. Урлагийн төлөө золиос гардаг гэж бид ярьдаг” гэж уран бүтээлч хүний амьдралын талаар ярьсан юм.

Жүжигчин бүсгүйн хувийн амьдрал дөчин насанд нь эхэлсэн гэдэг. Тэрээр энэ талаар өгүүлэхдээ “Дөчин насанд миний амьдрал үнэхээр эхэлсэн. Дөчтэйдөө хүүхдээ төрүүлсэн. Амьдрал огт өөр болдог юм билээ.

Амьдралыг харах нүд өөрчлөгддөг. Ямар сайндаа ээждээ “Би хүүхэдгүй яаж өдий хүртэл явж ирсэн юм бэ. Амьдралын баяр баясгалан энд байсан юм байна шүү дээ” гэсэн. Амьдралын шинэ өнгө төрх дөчин насанд эхэлдэг гэж үнэн. Амьдралын зовлон, жаргалтай үед сэтгэл буруулдаггүй хүн бол ханилсан хань л байдаг. Эр хүний түшиг тулгуур, нөмөр нөөлөг эмэгтэй хүнд хэрэгтэй. Амьдралын утга учир ерөөсөө гэр бүл.

Хайрлаж, хайрлуулж амьдрахын сайхныг өдөр бүр мэдэрнэ гэдэг ханийн жаргал шүү дээ. Намайг төрсний дараа хүүтэй болсноо сонсоод нөхөр минь баярын нулимс унагаж байсан. Тэр үед орчлонд “Ээж ээ, аав аа” гэж дуудах үртэй байхын жаргалыг их мэдэрсэн шүү. Өмнө нь амьдрал зохиогоогүй, ганц бие байхдаа өөрийгөө их боддог аминчхан байжээ. Хүүтэй болсон цагаасаа эх хүний аз жаргалыг мэдэрч байна. Үр хүүхэд гэр бүлд ямар их аз жаргал хайрладаг юм бэ. Ажлаа тараад гэр рүүгээ яаран тэмүүлнэ” гэжээ.

“Ромео Жульетта” жүжиг түүний амьдралтай салшгүй холбоотойгоор барахгүй ханьтай нь учруулсан гэдэг. Тэрээр нөхрийнхөө талаар “урлаг биднийг учруулсан. “Ромео Жульетта” жүжигт тоглож байхад тайзан дээрээс анх олж харсан гэдэг. Тэр үеэс их боддог болсон гээд ярьдаг юм. Ханиа сайн, сайхан залуу гэж хэлнэ ээ. Сэтгэлд минь нийцсэн учраас сонгосон.

Магтаж хэлэхэд үг багадна. Би амьдралынхаа сонголтод сэтгэл хангалуун байдаг. Нөхрөө магтаж байна гэж битгий бодоорой. Бусдад их тусархуу, цайлган сэтгэлтэй, юманд их мэдрэмжтэй, ухаалаг ханддаг хүн дээ. Энэ хорвоод хайр шиг гэгээн зүйл ховор байх аа. Хүнийг байгаагаас нь илүү өөрчилж, амьдрах итгэл, урам зоригийг төрүүлж чаддаг гайхамшигтай зүйл бол хайр. Нэг нэгнээ хайрлах сэтгэлийг итгэл, найдвар гагнадаг гэж боддог” хэмээв.

Бүтээсэн дүрүүд

“Ричар III” жүжгийн Анна

 “Оршуулагдаагүй үрэгдэгсэд” жүжгийн Люси

 “Хүслийн трамвай” жүжгийн Стелла

 “Үнсгэлжин” жүжгийн Жоватта

 “Саран хөхөө” жүжгийн Сурасадини

 “Шөнө дундын бүжиг” жүжгийн Анка

 “Хүйтэн сэнтий” жүжгийн Ханд

“Харц хатан” жүжгийн Сэржмядаг

 “Нэргүй од” жүжгийн Мона

 “Домогт Ану хатан” жүжгийн Мандарваа

 “Оролмаа” жүжгийн Малгайчин

 “Эсрэг дурлал” жүжгийн Шивэгчин

 “Эцсийн зогсоол зөвхөн чи”

 “Гамлет” жүжгийн Гертруда

 “Нора” жүжгийн Фру Линне

 “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эх

Тэрээр өөрийн бүтээсэн дүрүүдийн талаар тэмдэглэл хөтөлдөг бөгөөд тайз болон дэлгэцийн нийтдээ 300 гаруй дүрийг бүтээсэн.

Түүний амжилтаас дурьдвал

1999 онд Соёлын тэргүүний ажилтан

2011 онд МУ-ын Гавъяат жүжигчин 

2004 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадини дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал

2012 онд бүтээсэн “Эсрэг дурлал” жүжгийн Шивэгчний дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал 

2019 онд Театрын шилдэг уран бүтээлчдэд таван жилд нэг удаа олгодог нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цомын шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон юм.

О.Цэцэгээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!