LOADING

Type to search

Uncategorized

А.Байгалмаа: Хайрст үлд өвчинг буруу эмчлүүлбэл бусад эрхтэн системийг гэмтээдэг

Share

Арьсны эмгэгийн эмч нар хайрст үлд буюу псориаз өвчнийг хамгийн тааварлашгүй өвчин хэмээн нэрлэдэг. Псориаз нь олон жилийн турш судлагдаж буй нуугдмал өвчин юм. Энэхүү өвчнөөр өвчлөгсдийн тоо Монгол Улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ өвчний талаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн (АӨСҮТ) Зөвлөх Поликлиникийн эрхлэгч клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч А.Байгалмаатай ярилцлаа.

-Монголд псориаз буюу хайрст үлд өвчин сүүлийн үед их гарах боллоо. Энэ өвчин нь юунаас болж үүсдэг юм бол. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ, сүүлийн үед хайрст үлд өвчин маш их тохиолдож байгаа. Ялангуяа бага насны хүүхдэд элбэг тохиолдох болсон нь арьсны өвчний салбарт анхаарахгүй өнгөрч боломгүй болсон. Энэ нь нэг талаасаа энэ өвчинг удамшлын гаралтайг нотолж байна, нөгөө талаасаа энэ өвчин нь олон  шалтгаантайг нотолж байгаа юм.

Хайрст үлд өвчин тархалт ихтэй архаг явцтай, үс хумс зэрэг дайвар эрхтнүүдийг гэмтээдэг, эмчилгээ хийлгэхгүй эсвэл буруу эмчлүүлбэл бусад эрхтэн системийг ч гэмтээж болдог өвчин.

Дэлхийн олон эрдэмтэн судлаачид энэ өвчний талаар олон судалгаа шинжилгээ хийж байгаа боловч яаг шалтгааныг нь одоо болтол төгс тайлбарлагдаагүй байна. Ер нь аливаа өвчин эмгэг үүсэхэд гадаад, дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг л дөө.  Мэдрэлийн, халдвар харшлын, дотоод шүүрлийн, удамшлын гэх олон шалтгаан байна. Мөн үүнээс гадна байгаль орчны таагүй байдал, хоол хүнс, нийгмийн болон гэр бүлийн стресс зэрэг олон зүйл нөлөөлнө.

Энэ бүх шалтгаанаас үүсэж байгаа хайрст үлд нь эмнэл зүйн янз бүрийн хэлбэрээр гардаг, эмчилгээ нь ч өөр өөр байдаг. Энгийн хүний нүдээр харахад ижил тууралттай юм шиг харагдаж байгаа боловч хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй бие махбодтой байдаг тул тухайн хүндээ л таарсан эмчилгээ сайн үр дүн өгнө. 

– Энэ өвчний үед ямар зовуурь, шинж тэмдэг илэрдэг вэ?

– Хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь ердийн хайрст үлд юм. Энэ үед гүвдрүүд гарна, гүвдрүүд нь бүдэг болон тод улаан ягаан өнгөтэй, зөв дугуй хэлбэртэй, арьснаас дээш бага зэрэг өргөгдсөн, дээрээ мөнгөлөг хөвсгөр хайрсаар хучигдсан байдаг. Шалтгаанаас хамаараад хэмжээ нь том жижиг янз бүр байж болно, мөн өвөрмөц байрлалтай ч байж болдог. Зарим хүнд бага зэрэг загатнах шинж тэмдэг өгч болно. 

– Биеийн аль хэсгүүдээр тууралт гардаг вэ?

– Хайрст үлд өвчний үед тууралт байрлах дуртай хэсэг бол тохой, өвдөг, толгойн үстэй хэсэг, чихний ар, их бие, мөчдөөр илүү байдаг.  Зарим ховор тохиолдолд, хумсны, алга улны хайрст үлд гэж байна.  

-Тууралт нь хүнд халдварладаг уу?

– Хайрст үлд өвчин халдвартай биш. Энд нэг юм тодруулж хэлэх нь зүйтэй болов уу, үлд гэдэг нэр томьёо арьсны практикт олон өвчнийг нэрлэхэд ордог нэр юм. Энэ нэрийг манай иргэд мөөгөнцөрт халдварт өвчинтэй андуураад ойлгоод байдаг. Манай иргэд мөөгөнцөрт өвчнийг үлд гэж өөрсдөө нэрлэдэг.

Тэгээд мөөгөнцөрт өвчин бол халдвартай юм чинь энэ халдварт өвчин байх гээд бодчихдог. Тэгэхээр мөөгөнцөрт өвчин бол халдвартай, харин хайрст үлд бол халдваргүй арьсны өвчин гэж ойлгоно.

Буруу эмчилгээ, архи дарс, нойргүй явах, компьютер, ухаалаг утас нь өвчнийг сэдрээхэд нөлөөлж байна

– Псориаз бүрэн эмчлэгдэх боломжтой юу? Ямар эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг вэ?

– Би дээр дурдахдаа хайрст үлд өвчин буюу псориаз өвчин архаг, дахих хандлагатай өвчин гэж дурдсан. Тэгэхээр энэ өвчнийг эмчлэхэд тухайн өвчнөөр өвчилсөн хүн маань маш их тэсвэр тэвчээр, дэглэм сахих юм бол намжмал хугацааг хэдэн жилээр ч уртасгаж болно.

Бас нэмж хэлэхэд, хэрвээ удамшлын гаралтай бол төгс эмчилгээ хэцүү л дээ. Гэхдээ эмчээ зөв сонгоод эмчилгээг дэс дараалалтай сайн хийвэл сэдрэхгүй  байж болно. 

– Ямар тохиолдолд сэдэрдэг вэ?

– Хайрст үлд өвчин эдгэрээд сэдрэх тохиолдол их бий. Арьсны өвчнийг тэр дундаа хайрст үлд өвчнийг хүчээр биш аажим энгийнээс эхэлж эмчлэх нь үр дүнтэй байдаг л даа. Тэгтэл иргэд маань маш хүчтэй эм тариа, тосыг хурц, эхэлж байгаа үед нь хэрэглэчихдэг, тэр нь тухайн өвчний тавиланд маш их нөлөөлдөг. Шалтгаанаас нь хамаарч эмчилгээ нь хүртэл өөр өөр байдаг.

Буруу эмчилгээ, архи дарс, нойргүй явах болон сүүлийн үед компьютер, ухаалаг утас нь өвчнийг сэдрээхэд нөлөөлж байна. Ам дамжин эмчлэх нь хамгийн буруу, иргэд маань тийм юм сайн гэнэ, би хэрэглээд гайгүй болсон гэж янз бүрийн эмийн болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу л даа.  Өвчнийг сэдрээх олон хүчин зүйлээс дур мэдэн эмчилгээ хийх нь хамгийн буруу юм.

– Ойролцоогоор хэдэн төгрөг эмчилгээнд зарцуулдаг вэ?

– Мэдээж эдийн засгийн тооцоог гаргахад их хэцүү. Би ер нь энэ талаар бодож байгаагүй юм байна. Аливаа өвчинг эмчлэхэд тухайн өвчний үе шат, өвчтөн өөрөө эмчийн заавар зөвлөгөөг дагаж мөрдөж байгаа болон сэтгэл санааны байдал зэрэг нь өвчнийг анагаахад маш чухал. Мэдээж эмчийн ур чадвар бас нөлөөлнө.

Манай иргэдийн ихэнх нь дүрмийн бус сэтгэлгээтэй, ямар ч юм болж байсан их адгуу, эмч дээр орж ирчхээд “За хурдан алга болгоодох, нэг удаагийн сайн тариа байна уу, нам дарчихъя” гэх мэт. Гэтэл манай арьсны архаг өвчтэй иргэд гоо сайхан нь алдагдах, бусдаас ичих, үүнээсээ болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, хамт олон нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг сэтгэл санааны хувьд их стресст ордог.

Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд сэтгэл хөөрлийн болон гутранги болдог. Тийм учир манай арьсны эмч нар бараг л сэтгэл зүйч болдог.  Зах зээлээ дагаад сүүлийн үед эм тарианы үнэ ханш их өссөн. Мэдээж тодорхой хэмжээгээр зарлага гарна шүү дээ. Эмчилгээнээс шалтгаална.

Хайрст үлд өвчний үед тууралт байрлах дуртай хэсэг бол тохой, өвдөг, толгойн үстэй хэсэг, чихний ар, их бие, мөчдөөр илүү байдаг

– Энэ өвчин нь хэдэн насныханд илүү тохиолдож байна вэ?

– Ерөнхийдөө их залуужих хандлагатай байна. Бага насныханд сүүлийн үед анхаарал татахуйц ихсэж байгаа. Залуу болон идэр насныханд элбэг байгаа. Хүйс харьцангуй хамаарахгүй. Ерөнхийдөө ижил тохиолдоно.

– Урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

– Урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж наад зах нь хоол хүнсний хэрэглээг зөв болгох, хувцсаа тохируулж өмсөх, ажил амралтаа зөв зохицуулах, эмчийн хяналтдаа тогтмол үзүүлэх, эмчийн зөвлөгөөг зөв дагаж мөрдөх, амьдралын зөв хэвшилтэй байх нь чухал.  

Эх сурвалж: ikon.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!