LOADING

Type to search

Uncategorized

Д.Хурцаа: Чоно агнахаар хийморь сэргэдэг гэсэн сэтгэлгээ Хятадынх

Share

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаатай ярилцлаа.

-Таны нэрийг анчин Хурцгэрэл, Хурц, Гэрэл гээд олон янзаар бичиж дуудах юм.  Яг аль нь таны албан ёсны нэр юм бэ?

-Миний иргэний үнэмлэх дээр Д.Гэрэл гэсэн нэр байдаг. Гэхдээ Хурцаа гэдгээрээ дуудуулах дуртай. Миний багын нэр л дээ. Намайг бага байхад хүнд өргүүлсэн. Очсон айл маань удахгүй хүүтэй болж би эргээд ээж аав дээрээ очсон байдаг юм. Өргүүлсэн айл маань Гэрэл гэсэн нэр өгсөн байсан.

Тэгээд Хурцаагаараа явж байгаад наймдугаар ангидаа иргэний үнэмлэх авахдаа Гэрэл гээд бичүүлсэн. Одоо бол Хурцаа гэдэг нэртэй. Сонгууль, бичиг баримт  гэхээрээ л аргагүй Гэрэл нэрээ ашигладаг.

-Та Төв аймгийн Мөнгөнморьтод амьдарч байгаа гэсэн. Нутаг орноор тань сонин ихтэй юу?

-Хэрлэнгийн Таван салааны гүүрийн наахна талд амьдардаг.  Тэндээ хүлэмж байгуулаад сүүлийн хэдэн жил мод үржүүлгийн ажил хийж байна. Нутагт минь хавар цаг айлсаад сайхан байгаа. Хурдан л буцмаар санагдаж байна шүү.

Сайхан амьдрал хөдөөд л байна. Хотод бол байдал эсрэгээрээ хамаг муу муухай бүхний үүр уурхай мэт санагдах юм.

-Хотод ирээд хэд хоноод нутгаа санаад эхэлсэн байх шив?

-Тийм ээ. Сайхан амьдрал хөдөөд л байна. Хотод бол байдал эсрэгээрээ хамаг муу муухай бүхний үүр уурхай мэт санагдах юм. Бид хотоос хүн ирэхэд “Яана аа. Муухай ханиад тээгээд ирсэн байх вий” гэж ярьдаг.  Мөн хотынхон идэж байгаа зүйлээ их л сайхан гэж боддог байх. Гэтэл тэр нь бүх л өвчнийг үүсгэгч болж байна шүү дээ. “Энэ хөдөөний халтар өвгөн юу яриад байна” гэж магадгүй.  Гэхдээ  бодит үнэн юм шүү дээ. Хүн гэдэг байгалийн амьтан. Байгальдаа л байж жинхэнэ мөн чанараа олдог байх.

-Анчин хүн мод үржүүлж байна гэхээр сайхан хэрэг. Таны амьдрал байгаль орчинтой ингэж холбогдож байгаагийн учир юу юм вэ?

-Би 2008 оноос мод тарьж эхэллээ. Хүн хаа явсан газраа иргэнийхээ үүргийг биелүүлж байх хэрэгтэй. Хэчнээн гурван үеийн гөрөөчин ч гэлээ байгалиа хамгаалах сэтгэл надад бий. Мөн бусдыг манлайлах, аливаа бүхнийг сайн сайхан руу уриалан дууддаг оргилуун сэтгэл яагаад ч юм бэ төрөөд байдаг. Тэгэхгүй амьдралын нэгэн хэм хэмнэлээр урсгал дагаад явна гэдэг надад утгагүй.

-Гурван үеийн гөрөөчин гэсэн. Өвөө аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлж явна гэдэг сайхан хэрэг шүү?

-Миний өвөө Баатар хэмээх гөрөөчин байсан. Аав минь бас л анчны замналыг туулсан. Би тэрийг нь өвлөж аваад ажилласан. Тухайн үед ан бүхий аймгуудад ангийн бригад гэж гардаг байлаа. Тодорхой хуваариар ангаа хийнэ, хажуугаар нь байгалиа хамгаалахаар ажиллана. Би энэ мэргэжилдээ хайртай дуртай гэж жигтэйхэн байлаа.  Одоо энэ мэргэжлийн маань үнэ цэнэ алдагдаж байгаад харамсдаг.  

Анчид гэхээр л амьтан бууддаг алдаг хүмүүс гэж ойлгох болж.  Нийгэм ч яг тэгж хүлээж авдаг болсон. Уг нь бол бид өв тээгчид байгаа юм. Өөрсдийн гэсэн өв уламжлалтай, дотроо дүрэм журамтай байдаг.

Анчид гэхээр л амьтан бууддаг алдаг хүмүүс гэж ойлгох болж. Уг нь бол бид өв тээгчид байгаа юм. 

-Ямар дүрэм журам гөрөөчдийн дунд үйлчилдэг юм бол?

-Гөрөөчин хүн олзонд нүд анидаг байх хэрэгтэй. Ахмад гөрөөчид маань “Эр хүн шороо чулуу орсон үед л нүд аньдаг.  Гэхдээ чи гөрөөчин болъё гэж бодож байгаа бол олзонд нүдээ аньж сур. Түүнийхээ дараа хөх төмрөө хөндлөн үүрээд яв” гэж сургадаг байлаа. Одоо энэ уламжлал алдагдаж байна.  Бидний орон зайд огт өөр хүмүүс ороод ирлээ. Олз хайж, ашиг хонжоо ологсод олон болсон.

Хятадуудын гар хөл болсон, шуналтай хүмүүс нэмэгдэж байна. Ийм байдал үүсгэсэн нь бидний буруу. Тэгэхээр хэн биднийг ийм болгосон гэдгийг ойлгоод бүгдээрээ нийлээд энэ өв соёлоо хадгалж үлдэе. Тэр цаг нь болжээ гэж хэлмээр байна.

-Энэ талаар та олон жил дуугарсан. Ямар нэгэн үр дүн харагдаж байна уу?

-Тийм ээ. Би ярьсаар сүүлдээ цөхөрсөн. Миний  талаар “Хурцаа хулгайч, Тэр Монголын анг дуусгасан” гээд л зүхэж эхэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрдөг юм.  Хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй. Гэхдээ надад өөрийгөө хамгаалах материал бий.  Би улсын тушаалаар олон жил ан агнаж, их хэмжээний орлого оруулсан. Нэг өдөр зуун зээр агнах үүрэг аваад биелүүлж байсан тохиолдол олон бий.  Үүнийг сонссон хүн намайг алуурчин гэхгүй яах юм. Гэхдээ өөрийн эрх ашигт тулгуурлаж байгаагүй болохоор надад  айх зүйл байхгүй.

-Олзонд нүд аньж чадахгүй байгаа хүн энэ цаг үед олон байна уу. Ер нь гөрөөчин хүн гэж хэн юм бэ?

-Манай гөрөөчид өөрсдийн гэсэн дүрэм журамтай гэж хэлсэн. Буруу зүйл хийж, олзонд нүд аньж чадахгүй байгаа хүнээ эхлээд баалдаг. “Муу хүнд газар бүү үзүүл” гэдэг дээ. Тэрэн шиг  жаахан шуналтай хүмүүст газраа ч зааж өгдөггүй байлаа.  Ан хийнэ гэдэг алахын нэр биш. Угтаа бол хүмүүсийг дагуулж яваад нүд тайлах, хүмүүст энэ амьтныг алж болохгүй юм шүү гэдэг сэтгэлгээг суулгах юм. Мөн  гахай агнана л гэсэн бол яг л тэрийгээ агнадаг түүнээс өөр зүйл агнах хориотой байдаг. Алах гэдэг үгийг ч хэрэглэхээс цээрлэдэг байлаа. Одоо  ч хамаагүй болжээ.

-Тэгвэл яг таны хэлээд байгаа шиг жинхэнэ гөрөөчин байна уу. Цөөн ч гэсэн байгаа болов уу гэж харах юм?

-Байна аа. Бүх зүйл бас тийм ч муу муухай болсонгүй. Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ. Энэ бол мэргэжил юм. Түүнээс дуртай нэг нь сонирхол хоббигоороо хийдэг ажил биш.

Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ.

Хүмүүс тэгэж андуурдаг.  Тэгж андуурч орж ирсэн хүмүүс л шуналдаа автаад байгаль дэлхийгээ сүйтгээд байгаа юм. Агнуур зүйчид гэж мэргэжил бий. Гэхдээ тэдний орон зай ч ажлаа хийх боломж байхгүй л байна. 

-Та хөх төмрөө хөндлөн үүрээд олон жил амьдарсан. Олон ч газраар явж их зүйл үзсэн хүн байх даа?

-1975 онд цэргээс халагдсан. Түүнээс хойш гадны анчдаар ан агнуулдаг отог байгуулж явлаа. Олон жил газарчин хийсэн. Дээр нь анчдын нийгэмлэгийн гишүүн байсан. Татвараа төлнө, үүрэг биелүүлнэ, эрхээ эдэлнэ. Эрх нь юу гэхээр жилд ахуйн зориулалтаар ан агнаж болно гэсэн эрхтэй.

 Үүрэг нь улсын төсвөө биелүүлэх байсан.  Харин бага байхдаа үргээлгэ, ажиглалт гээд л хүнд хэцүү болгонд явдаг байсан. Энэ нь намайг шалгаж байсан хэрэг болов уу.  Үнэхээр гөрөөчин болж чадах уу үгүй юу гэдгийг тэгж л сорьдог байсан байх.  Хар хүйтэнд 2-3 км-ын зайд өндөр ууланд авираад л нус нулимстайгаа холилдож их явсан даа. Ер нь их өндөр шалгуурыг давж гөрөөчин болсон.

-Хүүхдүүд тань ан сонирхож байна уу. Гөрөөчин удмаа таслахгүй юм сан гэж боддог уу?

-Бүгд их дуртай. Гэхдээ би анчин гөрөөчин болгохгүй. “Байгаль орчин хамгаалах үйлсэд зүтгэ” гэж хэлдэг.  Хүүхдүүд минь бүгдээрээ миний хүлэмжид хувь нэм­рээ оруулаад явж бай­на. Албан ажлынхаа зав зайгаар очиж  мод тарьж, арчлах ажил хийдэг.

-Ан агнах уламжлалт арга олон бий. Таны хувьд аль аргыг нь онцлох вэ?

-Өглөө чоно тосох, үргээлгэ хийх, гөрөөлөх гээд олон арга бий. Гэхдээ гахай гөрөөллөө гэхэд ганцхан гахайгаа л тойглоно. Түүнээс биш замдаа таарсан болгоныг буудаад явах нь анчин биш л дээ. Мөн анчдад нэг гоё зан байдаг. Тэр нь хэзээ ч хүнд долигнодоггүй. 1970 оны үед Ардын их хурлын дарга Лувсан гуай хааяа манай нутагт очиж гөрөө хийдэг байлаа. Тэр хүн тэнд очоод гөрөөчин л болдог.

Түүнээс би дарга гээд хойно очоод суухгүй. Одоо энэ байдал алдагдсан. Ерөнхийлөгч маань нэг газар яваад очихоор бүгд дольдогноод нөгөө хорио цээр хамаагүй агнуулж байна. Ингэж болохгүй. “Шударга байя л даа” гэж хэлэх дуртай хүн олон​ болсон.

Энэ үгээ л хэрэгжүүлье. Цагаан газрын чоныг сайд дарга нар л дуусгаж байна.  Дургүй байхад нь хүртэл хүчээр аваачаад “Май, чонын арьс хийморь тань ёстой сайхан сэргэнэ” гээд өгч байна. Ингэж болохгүй биз дээ.

Ерөнхийлөгч маань нэг газар яваад очихоор бүгд дольдогноод нөгөө хорио цээр хамаагүй агнуулж байна. Ингэж болохгүй. “Шударга байя л даа” гэж хэлэх дуртай хүн олон​ болсон.

-Үнэхээр хийморь сэргэдэг юм уу. Олон жил ан хийснээрээ та мэдэх байх?

-Энэ яавч монгол уламлал биш. Хятадаас орж ирсэн үг шүү дээ. Бидний сэтгэлгээгээр тоглох гэж ийм яриа гаргасан. Би тэгж л боддог. Түүнээс хийморь сэргээд байх нь ч хаашаа юм.

-Хүссэн ангаа хийсний дараах мэдрэмж  ямар байдаг бол?

-Бид 3000 зээр ангах, 100, 200 бугын гэрээ хийгээд явдаг байлаа. Нэг л сэтгэхүй байдаг.  Энэ нь төрийн өмнөөс гох дарж байгаа хэрэг юм гэсэн. Тиймээс надад халддаггүй. Би нэг удаа анд явахдаа нэг лам дээр очиж байлаа. “Олон амьтан агнана ном уншуулъя” гэсэн.

Гэтэл “Гөрөөчин хүний нүгэл буян тэнцдэг юм. Унших ном байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр шашинд хүртэл энэ тухай байгаа биз. Хэчнээн амь тасалсан ч гэсэн улсын  хөрөнгийг зузаатгаж байна, хү­мүү­сийн ходоодыг ангийн махаар мялааж байна, тэр амьтных нь сэг зэмээр жижиг амьтад нь хооллочихож байна.  Ийм л харилцан уялдаатай байж. Юм гэдэг сонин шүү.  

Эх сурвалж: Зууны мэдээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!