LOADING

Type to search

ТҮҮХ

“Сэрэлт”-ийн ах ламын дүрээр мөнхөрсөн алдарт жүжигчин Зундуйн Цэндээхүү

Share

БНМАУ-ын ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү 1905 онд Төв аймгийн (Бор-Өндөр) одоогийн Алтанбулаг сумын нутагт төржээ. Бурханаас заяат авьяас билэг төгөлдөр төрсөн ирээдүйн алдарт жүжигчин маань хувь тавилангийн эрхээр Нийслэл хүрээний ярганы газарт мах зөөгч, Дотоодыг хамгаалах газарт зарлага зэрэг ажил хийж байгаад 1931 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан авьяаслаг залуучуудыг театрт авах тухай зарлалын мөрөөр зорин очиж урлагийн алтан тайзнаа амьдралынхаа тавь шахам жилийг зориулах гараагаа эхэлсэн байдаг.

Түүний нэр “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анхны тоглолтын зарлалд бичигдсэн байдаг нь Монголын алтан үеийн жүжигчин гэсэн албан ёсны батламж нь болдог гэхэд болно.

Тэрээр “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн бэр гуйгчаас эхлээд гавьяат уран зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжиг болон “Халхын баатар”, “Шинэ зам”, “Өөрийн замаар”, Лопе де Вегагийн “Хонины булаг”, Оросын их зохиолч Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, “Кремлийн цаг”, У.Шекспирийн “Отелло” зэрэг үндэсний болон сонгодог, Орос, Зөвлөлтийн зохиолчдын олон жүжигт тоглон авьяас билгээ нээсэн түүхтэй. Тайзны олон сайхан дүр бүтээхээс гадна “Гонгор баатар” киноны сумангийн даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээжээ. Зундуйн Цэндээхүү Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж Баян-Өлгий, Дорнод аймгийн театрыг байгуулах, урын санг нь баяжуулах, залуу жүжигчдийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.

Алдарт жүжигчин З. Цэндээхүү “Халхын баатар Сүхбаатар” жүжгийн Сүхбаатар, “Хуягт галт тэрэг” жүжгийн Зинов, “Шинэ зам” жүжгийн Барон, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Флоренц, “Шарай голын гурван хаан” жүжгийн Бүргэд баатар, “Өөрийн замаар” жүжгийн Бүдэрчулуун, “Отелло” жүжгийн Дож ноён, “Кремлийн цаг” жүжгийн Дзержинский, “Гайхамшигт лимбэ” жүжгийн хар феодал гэх мэт олон арван дүрийг бүтээж үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байв.

Тэрээр Д.Жигжидийн найруулсан “Өглөө” уран сайхны киноны Бодоогийн дүрийг гайхалтай бүтээсэн бөгөөд нийгмийн байдал солигдсон өнөө цагт хэт улстөржсөн дүр болсон гэж урлаг судлаачид шүүмжлэх нь бий. Гэвч, аливаа уран бүтээлч хүн гэдэг тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн болохоор авьяас билэгт олон хүний хөдөлмөр үзэл суртлын золиос болсон нь хэнд ч илэрхий үзэгдэл юм.

40 шахам жилийн өмнө нийтийн хүртээл болсон “Өглөө” гэх энэ кино, Бодоогийн дүр. Өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй кино бүтээл хэвээр байна. 1950-иад оны дунд үеэр дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл бол “Оч” буюу “Сэрэлт” кино байлаа. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байсан аж. Сүүлд нэрийг нь өөрчлөн “Сэрэлт” хэмээн нэрлэсэн байна.

Төрийн шагналт зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын нэрт найруулагч Ламзавын Ванган, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд нар уг киноны зохиолыг бичиж, Монголын кино урлагийн ертөнцөд орж ирсэн нь үнэхээр олзуурхууштай явдал байв.

Зүүн гар талаас Б.Мижиддорж, З.Цэндээхүү, Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн, Д.Чимид-Осор. 1953.06.19 өдөр

Монгол Улсын ардын жүжигчин, нэрт найруулагч Сангижавын Гэндэн зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын кино зохиолыг хүлээж аваад өөрийнхөөрөө нэг их засаж өөрчлөлгүйгээр зохиогчдын далд санааг өөрийн найруулгын болон жүжигчдийн тоглолтоор тодруулан гаргахад гол анхаарлаа хандуулсан нь тун зөв шийдэл байв. Монгол Улсын ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бүтээсэн Даш, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүүгийн амилуулсан ах ламын дүрүүд онц сонирхолтой болсон нь дээрх хоёр жүжигчнээс аль алинаас нь амьдралын ээдрээнд орооцолдсон хүмүүсийн сэтгэлийн драмыг тодорхой хэмжээнд нэлээд өргөгдсөн орчинд гаргах шаардлага тулгарсантай холбоотой.

“Сэрэлт” кинонд “лавлаа” Дашийн хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Л.Банзрагч Цэндээхүүтэй хамт тоглож дүр бүтээснээ “Цэндээхүү гуай надад их зөвлөнө. “Одоо би Орос чирхийн цаас хаанаас авсан гээд цохино, Пүрэвжав чи уйлаад байгаарай” гээд л цохино. Нэг онцлог нь бид зураг авалтын үеэр байнга киноныхоо хувцастай байна. Түүнээс гадна бие биенээ нэрээр нь бус дүрийнх нь нэрээр дуудаж, аав нь бол аав шиг нь, эгч нь бол эгч шиг нь харилцана. Тэгж л дүрдээ ороход нь тусалдаг байж тэр үеийн алдартнууд. Цэндээхүү гуай бид хоёр бэлтгэлээ хийж байлаа. Намайг урдаа суулгаад, нуруу руу цохихгүй хоёр тал руугаа балбаад “Ингээд чи орос эхнэрээс чихэр горьд” гээд л. Би бэлтгэл юм чинь гэж бодоод уйлахгүй худлаа орилоод л байлаа. Тэгэхэд “Бүүр чанга уйлж орил. Жинхнээсээ өвдөж байна гэж бод. Чи худлаа уйлаад байна шүү” гэж их л зөвлөнө.

Нэг харахнаа Цэндээхүү гуай савааныхаа үзүүрт даавуу жиргээд боочихож. “Дахиад бэлтгэл хийе” гэж байна. Тэгж бэлтгэл хийж байхдаа намайг жинхэнээсээ нэг цохьчихлоо. Час гээд л явчихлаа. Тэгэхээр нь би ёо ёо гээд л уйлж гарлаа. Тэгж уйлахыг сэмхэн авсан нь найруулагчийн болоод зураглаачийн сэтгэлд нийцсэн юм билээ. Жинхэнээсээ цохьсон хэсгийн зураг авалт кинонд байдаг. Цэндээхүү гуай сүүлд нь “Дүүгээ жинхэнээсээ цохьчихсон уу” гээд инээж билээ.

Кино зургийг Төв, Булган аймгийн нутагт авсан юм. Нэг хэсгийг нь Толгойтын баруун салаанд авсан. Дотор авсан зураг ч олон бий. Намайг зодож байгаа хэсэг, доктор Сүрэнг авч явсныг хараад бороо орж буй цонхоор хараад зогсдог хэсэг гээд цөөнгүй хэсэг бий. Цэцэг усалдаг саванд ус хийгээд шил дагуулаад урсгаж зураг авах гээд ахмадууд яаж үнэмшилтэй болгоход мэддэг, чаддаг бүхнээ зориулсан.

Аав, ээж маань киног хэдэн сарын дараа үзсэн. Манай ээж их уян зөөлөн сэтгэлтэй хүн байж билээ. Лам багш намайг зодохоор “Миний хүүг зараад, зодоод байх юм” гээд дагаад уйлаад байсан гэдэг. Аав, ээж маань хөдөө байсан болохоор би оюутны байр, ах дүүсийнхээрээ байна. Түүнийг Цэндээхүү гуай мэдчихээд “Манайд хүрээд ир, миний хүү бол гэдэг байсан” гэж хуучилсан байдаг.

З.Цэндээхүүг уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр сайн санаж байгаа байх. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэж байдаг даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нэгэнтээ “Би театрт ороод арав гаруй жил олны хэсэгт тоглосон.

Тэр үед түүхэн баатарлаг үйл явдалтай жүжгүүд тоглогддог байсан. Харин Цэрэндэндэв ах, Цагааны Цэгмид, Ерөөлтийн Гомбодорж, Зундуйн Цэндээхүү, багш Бат-Очир гуай нарын тоглодог дүрүүдийг бие даан сургуулилж, арав гаруй жилийн хугацаанд өөрийгээ бэлдсэн. Энэ хугацаанд гол дүрд гарах эрхийг өгөөгүй. Би ч өөрийгээ болоогүй гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. Ер нь Цэндээхүү жүжигчний тухай үе үеийн уран бүтээлчид авьяас билгийг нь шүтэж байснаа дурссан нь олонтаа. Театрын нэрт зүтгэлтэн Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдаг сан. Энэ тухайгаа жүжигчин Нямын Цэгмид гуайд хэлтэл тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадахь чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэж дурссан байдаг.

“Дэлхийд урлагийн сэргэн мандлын нэг л үе байсан шиг Монголд нэг л алтан үеийнхэн бий. 1931 онд Монголд мэргэжлийн анхны театр байгуулагдаж, 1940-өөд онд “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Мандухай цэцэн хатан”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Талын баатар” зэрэг түүхэн баатарлаг туульсын том бүтээлүүд тавьж, театрын эхэн үеийн оргил цэгт хүрсэн тэр үед ажиллаж байсан уран бүтээлчдийг би “Алтан үеийнхэн” гэж хэлнэ. Тэр үеийнхэн бол цул алт эрдэнэс байсан юм. Жижигхэн буурай Монголд яаж тэгж тэнгэрлиг авьяастнууд нэгэн үед, нэгэн дор цугласан юм, гайхаад барамгүй. Д.Ичинхорлоо, Шороотын Цэвээн, Балдандоржийн Жадамбаа, за тэгээд хоёр Цэгмид, Д.Цэрэндулам, Зундуйн Цэндээхүү, Д.Чимэд-Осор, Ө.Рэнцэнноров, А.Цэрэндэндэв, Б.Мижиддорж, Цэвээнжав гээд бөхөөр ёстой дархан аваргууд даа” гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, нэрт найруулагч Найдангийн Ганхуяг дуу алдсан байдаг нь ардын жүжигчин Цэндээхүү болоод тэдний алтан үеийнхэнд тохирсон дүгнэлт гэдэгтэй хэн ч маргашгүй юм.

Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн эл алдарт жүжигчин Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, ардын жүжигчин цолыг 1955 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүртсэн байдаг. Б.Мушгиа театр урлагийн ойн үзэсгэлэнгийн үеэр “Цэндээхүү гуай үр хүүхэдгүй хүн байсан нь даанч харамсалтай” гэж ярьсан байдаг ч энэ авьяаст жүжигчний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүд үеийн үед мөнхөрч үлдсэн юм. Тэрээр 1980 онд бурхан болсон байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!