LOADING

Type to search

Мэдээ

О.Батбаяр: ВА.4, ВА.5 мутаци маш хурдтай халдварлаж байна, хүүхдийн вакцин хийж эхэлнэ

Share

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр iToim.mn сайтад өгсөн ярилцлагадаа дараах мэдээллийг онцолжээ.

Тэрбээр “Омикроны BA.4 BA.5 дэд мутациуд өмнөх мутациудаас хоёр онцлогтой. Энэ хоёр мутаци нь хүний эд эс рүү нэвтрэх чадвараараа өмнөх мутациудаас хурдтай. Үндэсний их баяр наадмаар ВА.4, ВА.5 мутацийг дотооддоо алдчихлаа шүү дээ. Гэхдээ дөнгөж эхэлж байна. Хэр их давлагаа үүсгэх нь иргэдийн амны хаалтаа зүүж, вакциндаа хэрхэн хамрагдахаас шалтгаална.

Үргэлжлэх хугацааны тухайд, намар улирал солигдож томуугийн үе эхэлдэг. Үүнээс урьдаж халдварын тохиолдлыг дарж авахгүй бол өнгөрсөн намар шиг л өндөр давлагаа үүсэх эрсдэл бий. Манай улсад халдварын давлагаа үүсвэл эдийн засаг хүнд байдалд орох эрсдэл нөмөрдөг шүү дээ. Наад зах нь хил гаалийн саатал үүсдэг. Тэгэхээр дахиад л юмны үнэ өсөх эрсдэлтэй байж мэднэ. Тиймээс иргэд маш хурдан вакциндаа хамрагдаж өөрийгөө болон улсаа хамгаалах хэрэгтэй.  

ДЭМБ-ын сүүлийн таван долоо хоногийн мэдээллээр дэлхий дахинд халдварын тоо эрс өсөж байгааг мэдээлээд буй. Гэвч нас баралт ихээр нэмэгдээгүй. Харьцангуй тогтмол байгаа. Гэхдээ тайвширч болохгүй. Хавсарсан эмгэгтэй, хүнд өвчтэй хүмүүс хүндээр өвдөж, нас барах эрсдэл ойрхон байдаг. Хүүхдүүд хөнгөн өвдөж байгаа ч гэсэн хоол тэжээлийн дутагдалтай, хавсарсан эмгэгтэй болох, хүндрэх эрсдэл мөн л байна. Залуу хүмүүс ч ялгаагүй. Тэгэхээр иргэд вакцины хоёр дахь тунд хамрагдсан байсан бол гуравдугаар тундаа, гурав, дөрөвдүгээр тундаа хамрагдсан бол дараа дараагийн нэмэлт тундаа хамрагдаж өөрийгөө хамгаалах шаардлагатай. Ялангуяа хавсарсан эмгэгтэй, уг мутациар өвчилөлөө гэхэд хүндрэх эрсдэл өндөртэй хүмүүс яаралтай арга авах хэрэгтэй.

Хүүхдийн вакцин хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарчихсан. Тэгэхээр өнөө маргаашгүй 5-11 насны хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцин хийж эхэлнэ. Хүүхдийн вакциныг олон улс орон хийж байгаа. Ямар нэг эрсдэл, гаж нөлөө байхгүй гэдгийг тогтоочихсон учраас эцэг, эхчүүд бага насны хүүхдээ вакцины хамруулж, корона вирусээс хамгаалах хэрэгтэй байна” гэжээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!