LOADING

Type to search

Uncategorized

М.Ундармаа: Хэл бол БАЙНГА үзэж, хичээллэж байж хоногшдог зүйл

Share

Манай улсын оюутан, сурагчдын дунд гадаадын их дээд сургуульд суралцах хүсэл мөрөөдөлтэй хүүхэд, залуус олон байдаг билээ. Гадаадын томоохон их дээд сургуулиудад элсэн суралцахын тулд англи хэлийг хэрхэн сайн суралцаж эзэмших, англи хэлний албан ёсны шалгалтуудад хэрхэн бэлдэх тухай мэдлэг мэдээлэл өгөх үүднээс бид АНУ-ын Лос Анжелес дахь Калифорниа мужийн Их Сургуулийн англи хэлний багш М.Ундармаатай ярилцлаа.

– Та өөрөө англи хэл хэрхэн сурсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

– Би ЕБС-аа төгсөөд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд орж анх англи хэл сурч эхэлсэн. Ангидаа англи хэлийг “A, B, C”-с эхэлж байгаа оюутны нэг нь байлаа. Хүмүүнлэгт англи хэлний багшийн чиглэлээр элсэн орсон болохоор нэлээн эрчимжүүлсэн хөтөлбөрт хэл сурч эхэлсэн.

Тухайн үед би үсэгнүүдээ ч мэдэхгүй байсан юм. Гэтэл дөрвөн жилийн дараа энэ хэлийг заах ёстой байсан. Тиймээс анхнаасаа л маш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Одоо санаж байгаагаар маш их уншдаг байжээ.

Хүнд, хүнд текстүүдийг Англи-Монгол толь бичиг бариад л бараг үг болгоныг нь тольдож уншдаг байлаа. Дөнгөж нэгдүгээр курсийн оюутан байхдаа л Жэйн Аустиний “Бахархал ба бардамнал” романыг уншиж байсан.

Жэйн Аустин

Намайг нэгдүгээр курст байхад Хүмүүнлэгийн Англи хэлний тэнхимийн бүх курсийн дунд жүжгийн тэмцээн зохиож байсан юм. Манай анги “Бахархал ба бардамнал” романыг сонгож тоглосон юм. Би Ноён Дарсигийн дүрд тоглож байлаа.

Одоо бодоод байхад дөнгөж англи хэл сурч эхэлж байхдаа Английн нэртэй зохиолчийн сонгодог туужийг англи хэл дээр унших даалгавартай, тэгээд түүний гол дүрд тайзнаас олон хүний өмнө тоглож байсан гэхээр нэлээн шахуулж байсан байгаа биз.

Хэл бол байнга үзэж, хичээллэж байж хоногшдог зүйл.

Гэхдээ ийм арга хэл сурахад их нөлөөлсөн гэж боддог. Үүний бас нэг ач холбогдол нь би англи, америкийн уран зохиол, түүх соёлд маш дуртай болсон. Тиймээс Хүмүүнлэгийн англи хэлний сургалт миний хэлний суурийг сайн тавьсан гэж боддог. 

Их сургуулиа төгсөөд багшаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд хэл маань бас илүү сайжирсан. Хүн заах зүйлээ өөрийн болгохын тулд илүү гүн судалж сурах хэрэгтэй байдаг.

Хоёр жил ажилласаны дараа, 2002 онд Лос Анжелес дахь Калифорниа мужийн их сургуульд англи хэлний багшийн чиглэлээр мастерт суралцахаар ирсэн. Ингэснээр англи хэлээ сайжруулах илүү таатай орчин бүрдсэн л дээ.

Эндэхийн дээд сургуулийн сургалтын тогтолцоо унших зүйл ихтэй, судалгаа хийх, бичих даалгавар ихтэй нэлээн хүнд байдаг. Давж гарахын тулд нэлээн хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Хажуугаар нь бас уран зохиолд дуртай хүсэлдээ хөтлөгдөн Америкийн уран зохиол, Шекспир, барууны гүн ухаан, англи хэлний түүх гэх мэт хичээлүүдийг нэмж үзэж байсан юм. Эдгээр хичээл бүгд л унших зүйл маш ихтэй.

Жишээ нь Америкийн уран зохиол л гэхэд 2,000 орчим хуудастай “The Norton Anthology of American Literature” гэсэн гол номоос гадна, таван роман Скотт Фицджеральд, Жон Стейнбек, Марк Твин, Теодор Драйзер, Уильям Дин Хоуэллс нарын бүтээлээс мөн Эрнест Хэмингуэйн түүвэрчилсэн зохиолууд, Эмили Дикинсоны шүлгийг уншиж, утга агуулгын дүгнэлт хийж ярилцаж бичнэ.

Энэ бүгдийг аравхан долоо хоногийн дотор үзэж байсан. Манай сургууль “quarter” улирлын системтэй байсан болохоор 10 долоо хоногт хичээлээ шахаж заагаад сүүлийн 11 дэх долоо хоногт нь шалгалтуудаа авдаг юм. 

Тэгэхээр миний англи хэл сурсан туршлага бол уран зохиол уншихтай шууд холбоотой.

– Багшилж байгаа сургуулиа танилцуулахгүй юу. Мөн хэрхэн энэ сургуульд багшлах болсон тухайгаа ярьж өгөөч?

– Би дээр дурдсан Калифорниа мужийн их сургуулийн Лос Анжелес дахь салбарт ажилладаг. Калифорниа мужийн их сургууль 23 салбар хүрээтэй нэлээн том улсын сургууль юм.

Миний ажилладаг салбарт 24,000 гаруй оюутан суралцдаг. Гадны хүмүүс манай сургуулийг UCLA (University of California Los Angeles)-тэй андуурдаг. Калифорниа мужид мужийн харьяалалтай хоёр том их сургуулийн систем байдаг нь UC болон CSU юм. Хоёулаа улсын сургууль болохоор андуураад байдаг байх. UCLA олон улсын тавцанд нэлээн танигдсан, судалгааны чиглэлээрээ алдартай том сургууль бол CSULA дотоодын оюутнууддаа чанартай боловсролыг хямд төлбөртэй олгох зорилготой. Өнгөрсөн жил Вашингтон Монтли манай сургуулийг мастерийн сургалтаар улсдаа эхний аравт жагсаасан.

Би энэ сургуулийн хоёр танхимд ажилладаг. Их сургуулийн хэлний төвд бичгийн хэл заадаг. Мөн сургуулийнхаа англи хэлний төвд багшилдаг. Бас хэлний төвөөс их сургууль руу шилжин орж байгаа оюутнуудад зориулсан “Academic Bridge” гэсэн сургалтыг хариуцан ажилладаг. Энэ хөтөлбөрийг шинээр гаргахад удирдаж ажилласан юм. 

Хэл сурах нь дасгал хийхтэй төстэй. 

Мастераа 2005 оны хавар төгсөөд, зунаас нь шууд багшилж эхэлсэн. Мастерт сурч байхдаа их сургуулийн туслах ажилтнаар ажиллаж байлаа. Би төлбөрөө өөрөө төлж байсан болохоор надад ажил маш чухал байсан юм. Тэгээд л мастераа эхлэнгүүт “Карьер төв” дээр өдөр болгон очиж ажлын зар харж ажил хайдаг байлаа.

Анх их сургуулийн хэлний төвд туслах ажилтнаар орж багшлах замаа нээсэн юм. Мөн профессоруудтайгаа дотно ажиллаж, мэргэжлийн конференцэд их оролцдог байлаа. Төгсөх жилдээ Лос Анжелест CATESOL гэдэг англи хэлний багш нарт зориулсан конференцийн зохион байгуулах хороонд ажиллж байсан.

Иймэрхүү байдлаар профессоруудтай хамтарч ажилласан нь их сургуульд багшаар ороход түлхэц болсон юм. 

– Та бол мэргэжлийн англи хэлний багш. Үнэхээр гадаад хэл сурахыг хүсч байгаа ч нэг л сайн аргаа олж чадахгүй хүн олон. Тэдэнд та юунаас эхэл гэж зөвлөх вэ?

Хэл сурахад орчин бүрдүүлэх маш чухал байдаг.

– Англи хэл сурч эхэлж байгаа хүмүүст албан ёсны сургалтанд хамрагдах болон өөртөө англи хэлний орчин бүрдүүлэх хоёр маш чухал гэдгийг хэлмээр байна. Хэл сурч эхэлж байгаа хүмүүс ихэнхдээ яаж сурах, хаанаас эхлэхээ мэдэхгүй байх нь элбэг байдаг. Мөн сурах гэж буй хэлнийхээ бүтцийг мэдэлгүйгээр бие даан шууд сурч эхлэх нь тийм ч амар биш. Хэлний сургалтууд чиглүүлж өгдөг.

Гэхдээ зөвхөн англи хэлний хөтөлбөрт хамрагдаад, хичээлд суугаад л англи хэлийг маш сайн эзэмшинэ гэж хэлэхэд хэцүү. Жишээ нь өөрийн орондоо долоо, найман жил англи хэл үзсэн мөртлөө ярьж, бичиж, уншиж, сонсох чадвар нь хөгжөөгүй оюутнууд зөндөө байдаг. 

Энэ талаараа хэл сурах нь турах дасгал хийхтэй төстэй. Жингээ хасахын тулд, дасгал хийж байгаа бол долоо хоногт дор хаяж хоёроос гурван удаа дасгал хийж, өдөр хоног алгасахгүй байнга хийж байж нэг үр дүнгээ өгдөг. Дараа нь жингээ барихын тулд бас дасгалаа үргэлжлүүлэн тогтмол хийх хэрэгтэй байдаг. Хэл сурах үүнтэй төстэй. Хэлээ сайн сурсан ч мартахгүйн тулд бас үргэлж уншиж, сонсож, бичиж, өөрийгөө хэлний орчинд байлгах хэрэгтэй.

Хэл сурч эхэлж байгаа хүмүүс анхнаасаа маш эрчимжүүлсэн байдалтай сургалтанд хамрагдвал зүгээр. Болж өгвөл өдөр болгон хичээллэдэг байх хэрэгтэй. Хэл бол байнга үзэж байж хоногшдог.

Ганц хоёр өдөр хичээлд суугаад үзсэн юмаа сайн давтаж хоногшуулахгүй бол сонссон зүйл, заалгасан дүрэм, сурсан үг тогтдоггүй. Энэ талаараа хэл сурах нь дасгал хийхтэй төстэй. 

Хичээлийнхээ хажуугаар өөртөө орчин бүрдүүлэх нь маш чухал. Орчинд нь хэлийг сурна гээд Америк, Англи, Канад руу зорьж ирж буй оюутнууд зөндөө байдаг. Гэхдээ англиар ярьдаг оронд ирээд л хэл нь шууд сайжирна гэж байхгүй. Өөртөө орчин бүрдүүлэхгүй л бол өчнөөн мөнгө зарж хэл сурахаар ирсэн зорилго нь биелэхгүйд хүрж ч мэднэ.

Жишээ нь Монгол хүн Америкт ирээд Монголчуудтайгаа амьдраад, Монгол хэлээрээ ярьж Монгол орчинд байвал англи хэл сурах нь бас л хязгаарлагдмал болно. Тиймээс хаана ч сурч байсан, өөртөө орчин бүрдүүлэх нь маш чухал. Монголд англи хэл сурч байх үед, өдөр болгон хүнтэй англиар ярих боломжгүй байсан ч өдөр болгон уншиж, бичиж, сонсож байсан маань үр дүнгээ өгсөн юм.

– Гадаад хэлийг бие даан сурч байгаа хүмүүсийн хувьд хамгийн үр дүнтэй арга юу вэ?

– Хэлийг бие даан сурч байгаа хүмүүс зөвхөн дүрэм үзээд байх биш, тухайн хэл дээр уншиж, сонсох нь маш чухал. Уншиж сонсоход, дүрмийг яаж ашигладгийг олж мэддэг. Хэл сурч эхлэх өдрөөсөө л тухайн хэл дээрх ном барьж суух зуршил тогтоох хэрэгтэй.

Сонирхлоороо сурч байгаа хүмүүс нэг их хүнд ном сонговол, юу ч ойлгохгүй, шантарчихдаг. Тиймээс анхлан сурагчид хүүхдийн ном эсвэл хөнгөвчилсөн уран зохиолын ном уншиж эхэлбэл зүгээр. “Pearson English Readers”-ээс “Penguin Readers” гэсэн цувралыг шат шатаар нь гаргадаг. Энэ нь сонгодог зохиолуудыг хөнгөвчилсөн номууд байгаа юм. “Penguin Readers”-ийн www.penguinreaders.com цахим хуудсаас ороод хараарай.

Байнга бичиж байж бичгийн хэл сайжирдаг.

Уншсанаар үг мэдэж авдаг ч үгээ яаж дуудахыг сурдаггүй.​ Тиймээс сонсох бас хэрэгтэй. Хэл сурч байгаа хүмүүст зориулсан дээрх номууд ихэнхдээ mp3 эсвэл CD-тэйгээ ирдэг. Уншингаа сонсох дасгал, үгүй бол эхэлж уншаад дараа нь сонсох, эсвэл эхэлж сонсоод дараа нь унших гэх мэт дасгалууд хийвэл зүгээр.

Сонсож байж л дуудлага сайжирна. Мөн нэг номыг ганц удаа унших биш дахин дахин унших хэрэгтэй. Дахин дахин унших тусам өмнөхөөсөө илүү ойлгож, өмнө нь үзсэн үгээ ч сайн тогтоодог. Мөн кино, ном гэсэн дасгал хийж болно.

Номыг нь уншаад дараа нь киног нь үзэх. Эсвэл кино үзээд дараа нь номыг нь унших. Ном уншихад эхэндээ толь бичиг байнга барих хэрэг гарах боловч дахин дахин уншаад байвал үгнүүд байнга давтагдаж байдаг учраас толь бичгийн хэрэгцээ багасаад эхэлдэг. 

Миний дээр дурдсан унших сонсох хоёр нь “receptive skill” буюу хүлээн авах чадвар. Зөвхөн хүлээн авах чадвараа сайжруулах биш, бас илэрхийлэх чадвар буюу “productive skill” дээрээ ажиллах хэрэгтэй. Энэ нь бичих, ярих чадвар байдаг.

Уншсан номынхоо талаар бичих, сонссон зүйлээ эргэцүүлж бичих гэх мэт дасгал хийвэл зүгээр байдаг. Өдөр болгон англи хэл дээр тэмдэглэл хөтлөөд тухайн өдрөө уншсан зүйлийнхээ талаар, сурсан үгээ ашиглан бичих нь бас чухал.

Байнга бичиж байж бичгийн хэл сайжирдаг. Ярианы хувьд Монголд байгаа хэл сурагчдад байнга тэр хэл дээр ярих боломж гарахгүй бол нэг зорилготой хэл сурч байгаа найзтайгаа нэг баг болж бие биедээ уншсан номынхоо тухай ярьж өгөх, эсвэл сонссон зүйлийнхээ талаар ярих зэргээр хэлний орчинг бүрдүүлж болно.

– Англи хэлний олон улсад зөвшөөрөгдсөн шалгалтуудад өндөр оноо авахын тулд юуг анхаарах ёстойг задалж ярьж өгөхгүй юу. Сонсох, унших, дүрэм, ярих зэрэг чадварыг эзэмших хамгийн шилдэг туршлагуудаас хуваалцахгүй юу?

– Хамгийн түгээмэл хоёр шалгалт болох IELTS болон TOEFL iBT хоёр ерөнхийдөө адилхан бүтэцтэй. Унших, сонсох, ярих, бичих чадварыг шалгадаг. Тэгэхээр энэ нь миний өмнө ярьсан “receptive” болон “productive” чадварыг шалгаж байна гэсэн үг.

Дүрмийг бичиг, ярианы чадвараар дүгнэдэг. Тиймээс ярьж, бичихдээ дүрмээ сайн анхаарах хэрэгтэй. IELTs нь “Practical English” талдаа бол IBT нь “Academic English”-д тулгуурласан байдаг.

Шалгалтанд өндөр оноо авахын тулд унших, бичих, ярих, сонсох болон дүгнэлт хийх чадвараа сайн эзэмшсэн байхаас гадна “Smart test taker” байх хэрэгтэй. Энэ нь тест өгөх арга барилд суралцах хэрэгтэй гэсэн үг юм. Цаг маш давчуу байдаг учраас тестийг хурдан бөглөх арга хэрэглэхгүй бол бүх асуултандаа хариулж чадахгүй. Хурдан уншиж асуултынхаа хариуг олоход, мөн сонссон зүйлээ сайн ойлгож асуултандаа зөв хариулахад нэлээн тактик шаардлагатай.

Жишээ нь уншихдаа эхнээс төгсгөл хүртэл үг бүрчлэн унших биш,

  • гүйлгэж унших  (skim),
  • сонгож унших (scan),
  • хэрэггүй зүйлийг алгасч унших (skip) гэх мэт аргууд байдаг.

Сонсохдоо зөвхөн үгэн дээр анхаарлаа төвлрүүлэх биш, гол санааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Зөвхөн үгэн дээр анхаарал тавьбал “big picture”-ийг нь авч чадахгүй.

Бичиж ярих тал дээр бол өгөгдсөн сэдвээсээ санаа авахыг оролдох хэрэгтэй. Үүний тулд сэдвээ дахин дахин унших шаардлагатай байдаг. Тэгээд толгойдоо орж ирсэн санаагаа тэмдэглэвэл зүгээр.

“Practice test”-ийг дахин дахин хийх нь их чухал. Энэ нь тестийнхээ форматыг гартаа оруулахаас гадна өөртөө дүгнэлт гаргаж, аргаа олоход тустай байдаг юм. “Practice test” юм уу “Diagnostic test”-ийг ажилласнаар өөрийнхөө сул талыг олж хардаг.

Ер нь маш их хөдөлмөрлөж байж л аливаа шалгалтыг давна даа.

Жишээ нь үг мэдэхгүйн улмаас уншиж, сонсоод ойлгохгүй байгаа бол үгийн баялгаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Ер нь өндөр оноо авахын тулд эсвэл оноогоо сайжруулахын тулд шалгалтандаа аль болох эртнээс эрчимтэй бэлдэх хэрэгтэй. 

– Гадаадын их, дээд сургуульд элсэн орогчид хэлний бэрхшээлээ давлаа гэхэд дахиад ямар, ямар шалгалтууд хүлээж байдаг, тэдгээрийг хэрхэн давах тухай мэдээлэл өгөхгүй юу? 

– Гадаадын их сургуульд элсэн орсны дараа ч хэлний бэрхшээл байнга тулгардаг. “Academic” хэл бол хэний ч унаган хэл биш гэсэн үг байдаг. Тиймээс суралцах хугацаандаа хэлээ байнга л сайжруулах шаардлага гарч ирдэг.

Сургуульд элсэн орсны дараа жинхэнэ шалгуур эхэлнэ гэж хэлэхэд буруудахгүй байх гэж бодож байна. Сурч буй хичээлүүдийн шалгалтуудаас (midterms болон finals) гадна, ерөнхий шалгалтууд олон байдаг. “Placement test” буюу түвшин тогтоох шалгалт, төгсөж гарахад зайлшгүй өгөх шаардлагатай шалгалт гэх мэт. 

Энэ шалгалтууд нь сургуулиасаа хамаараад өөр өөр байдаг. Жишээ нь манай сургуульд орсон оюутан болгон “Writing Proficiency Exam” буюу бичгийн хэлний шалгалт өгдөг. Улиралд 3,000 гаруй оюутан энэ шалгалтыг өгдөгөөс 30 орчим хувь нь тэнцдэггүй. Шалгалтандаа тэнцэхгүй бол бичгийн хэлээ сайжруулах хичээл судлах болдог. 

Магистрын оюутнууд төгсөхдөө “thesis” буюу судалгааны ажил бичих эсвэл “comprehensive exam” буюу цогц шалгалт өгөх гэсэн сонголттой байдаг. Докторт суралцаж байгаа оюутнууд диссертацийнхаа өмнө “qualifying exam” буюу мэргэжлийн шалгалт өгөх гэх мэт.

Эдгээр шалгалтууд бүгд л хүнд  байдаг учраас эртнээс бэлдэж, сурч байх хугацаандаа олж авсан мэдлэгээ байнга давтаж, хоногшуулж, академик хэлээ сайжруулж байх хэрэгтэй. Ер нь маш их хөдөлмөрлөж байж л аливаа шалгалтыг давна даа. 

– Дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэгчдэд эссэ бичих хамгийн том даалгавар байдаг. Эссэгээ хэрхэн сайн бичих талаар зөвлөхгүй юу?

– Эссэ бол маш чухал. Таны ямар хүн гэдгийг бичсэн эссэнээс чинь харна. Элсэлтийн эссэнд ихэнхдээ өөрийнхөө талаар бичдэг. Өөрийнхөө хэн болох, өөрийн туулсан амьдрал, өөрийн зорилго чиглэл, мөрөөдөл, энэ сургуулийг сонгох болсон шалтгаан зэргийг агуулгадаа багтаасан байх ёстой.

Тиймээс хамгийн гол нь өөрийгөө эерэгээр (positive) бас өвөрмөц байдлаар илэрхийлэх хэрэгтэй. Хүн болгоны бичдэг жирийн эссэ сонирхолгүй байдаг. Тэгэхээр та өөрийгөө бусад хэдэн зуу, мянгаараа өргөдлөө өгч буй хүмүүсээс юугаараа онцлог вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Эссэ дүрмийн алдаагүй байхаас гадна утга агуулга сайтай байх хэрэгтэй.

Өнгөцхөн зүйл дээр анхаарсан биш 

  • гүн утга санаа агуулсан (in-depth),
  • дүгнэлт хийсэн (analytical),
  • шинэлэг (original) байх ёстой.

Жишээ нь өөрийнхөө түүхийг  амьдарч буй нийгмийнхээ асуудалтай холбож өгөх, өөрийн зорилгоо сайн тодорхойлох, тухайн зорилго чинь нийгэмд ямар үр нөлөө үзүүлэх, нийгэмд болон хүмүүст ямар хувь нэмэр оруулах вэ гэх мэт зүйлийг анхаарч бичих хэрэгтэй.

Мөн эссэгээрээ уншигчдаа (audience) ятгаж өөртөө итгүүлэх (persuade) хэрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой

  • “ethos” буюу хүний ёс суртахуун (ethics)-ямар хүн бэ гэдгээ таниулах,
  • “pathos” буюу сэтгэлзүй (emotional appeal)-хүний сэтгэлд хүрэх, уншигчдаа уяруулах,
  • “logos-logic” буюу учир шалтгааныг тайлбарлах гэсэн Грек хэлнээс гаралтай гурван ухагдахуун байдаг.

Би оюутнууддаа “бичсэн эссэгээрээ намайг уйлуулах юм уу инээлгэх, надад юм бодогдуулах, надад чамайг хайрлах сэтгэл төрүүлэхийг хичээгээрэй” гэж хэлэх дуртай.

– Олон орны оюутан, залууст англи хэлж зааж байхад Монгол оюутны онцлог ажиглагддаг уу? 

– Энд 11-н жил багшлах хугацаандаа дэлхийн 70 гаруй орны оюутанд хичээл заасан. Нэлээн хэдэн монгол оюутанд хичээл зааж байсан. Манай монгол оюутнууд оюуны чадамж өндөртэй, заасан зүйлийг хурдан ойлгодог, хүлээж авах чадвар сайтай гэж ажиглагддаг. Тэдэнд аливаа зүйлийг дахин дахин тайлбарлаад байх шаардлагагүй.

Мөн гаднаас ирж байгаа оюутнуудын дунд Англи хэлийг унаган хэл шигээ ярьдаг оюутан ховор байдаг. Ихэнх нь аялгатай, дуудлага сайжруулах шаардлагатай байдаг бол, “American English”-ээр бараг унаган хэл шигээ (near-native) ярьдаг маш цэвэр дуудлагатай хэд хэдэн Монгол оуютан ирж байсан.

– Та мэргэжил нэгт англи хэлний багш нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?

– Хүнд хэл заана гэдэг бол хүний сэтгэхүйг өөрчлөх алхам юм. Хүн бусад орны хэл соёлыг сурснаар илүү чөлөөтэй сэтгэхүйтэй, нээлттэй (open-minded) болдог. Мөн хэл сурагчдад өөр хэл дээр өөрийгөө илэрхийлэх дуу хоолой (voice) өгч байна гэсэн үг. Тиймээс өөрийн мэргэжилдээ сэтгэл дүүрэн байж, хийж байгаа зүйлээрээ бахархаж байгаарай гэж зөвлөе.

Надад анх англи хэл, соёл, уран зохиол, заах арга зааж байсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш нар бол маш мундаг, мэдлэг боловсролтой, эрч хүчтэй, заах арга барил сайтай багш нар байсан. Миний амжилт, амьдралд тэдний хувь нэмэр маш их гэж би бодож явдаг. Тиймээс бусдад хэл зааж байгаа багш та хүний амьдралд том хувь нэмэр оруулж байгаа гэдгээ санаж явах хэрэгтэй. 

Монголын нэр дэлхийн тавцанд гарахад англи хэлний мэдлэг чухал. Тиймээс хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хүн болгоныг дэмжиж чиглүүлж өгвөл улс орондоо маш том хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм шүү.

– Танд баярлалаа.

Эх сурвалж: ikon.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!