LOADING

Type to search

Uncategorized

Хэц дээр ульж буй чоно

Share

“Хэц дээр өлийж суугаад ульж буй чоно шиг” гэж түүнийг Дөнгөтийн Цоодол найрагч нэгэнтээ хэлсэн удаатай. Эл зүйрлэлийг нь Жагдалын Лхагва өлгөж аван “Цоодол чи цаадахыгаа тун онож хэллээ. Яруу найрагчид үнэхээр нарийн мэдрэмжтэй шүү” хэмээн ихэд үнэлсэн дуулддаг. Тэрхүү, хэц дээр ульж буй чоно бол төрийн шагналт зохиолч Балжирын Догмид юм. Мань хүн “Улаан тарианы хүүхнүүд” зохилоороо кино хийх гээд манаргаж яваа. Уг киноных нь найруулагчаар “Монгол кино нэгтгэл”-ийн Ж.Солонго ажиллаж буй. Тэр хоёр хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлцэхдээ хэлцэж юм юм л болж байгаа нь мэдээж. Хоёулаа омголон гэж жигтэйхэн, шазууртай эрчүүд л дээ. За тэр яахав. Маньд падгүй.

Харин Догмид зохиолчийн тухай нэг “юм” хиймээр санагдаад болдоггүй. Сүүлийн үед сонин хэвлэлд яриа хөөрөө нь ч тэр бүр гараагүй билээ. Ингээд түүн рүү шууд л ярихаар шийдлээ. “Таны тухай нэг юм бичих гээд ээ” гэж хэлэх нь юу юм. Зүгээр л хаагуур юу хийж явааг нь тандах маягтай ярилаа. Утсаа авч байна аа. “Улаан тарианы хүүхнүүд”-тэйгээ зууралдаад тун завгүй байна уу гэхэд, “Кино ч яахав явдгаараа явж байгаа. Ах нь одоо Алтанширээгээ зорьж явна” гээд тун чиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Бодол санаа нь хэдийнэ Алтанширээдээ оччихсон, Өлзийт хайрханыхаа орой дээр гүйгүүл морин мэт хөлсөө шилгээн буй нь дамжиггүй. “Ямар ажлаар нутаг руугаа явж байна даа” гэхэд “Клипний зураг авах гээд явж байгаа юм” гэв. -Юун клип билээ,

-Хэдэн жилийн өмнө нутагтаа очтол муухай гандуу байсан. Тэгээд Өлзийт хайрханаа тахилаа. Бороо хур ч асгаад сайхан болсон. Тэр цагаас хойш жил бүр тахиж байгаа юм. Ерээд оны дундуур “Өлзийт хайрхан” гэсэн шүлэг бичиж, түүнд минь Л.Галмандах ая хийсэн юм. Тэгээд уг дуундаа клип хийх санаатай нутаг руугааа явж байна даа. Дулмаагийн Ганхуяг гавьяат дуулах юм. Бид хоёрын хооронд иймэрхүү яриа өрнөлөө. “Та дууныхаа шүлгээс хэлж өгөхгүй юу” гэхэд уриалгахан нь аргагүй уншлаа. Ус нутгаа зорьж яваа зохиолчийн сэтгэл ёстой нөгөө “Аргагүй амрагийг дарж дарж орхисон шанз” гэдэг шиг л байна. Бусад үед Догмид зохиолчоос утсаар шүлэг сонсоно гэж санасны гарз. “Битгий хуц” л гэх байх. Ингээд аатай омогтой зохиолч маань намрын хонгор салхины үзүүрийг имрэх адил шүлгээ уншлаа даа.

“Өлзийт хайрханы нартай бороо нь

Өдөржин, шөнөжин зүсэрнэ ээ

Өгөөмөрийн толгодын алаг солонго нь

Өрхөө татах бүсгүйчүүдийг гоёно оо

Өлзийт хайрханы морин зэрэглээ нь

Өлзий утсан хээтэй дээ

Өвдгийг чинь дэрлэн зүүрмэглээд

Өвөө, эмээ болж зүүдэллээ

Даанчиг хол явсан чамайг минь

Дагуулаад ирдэг бурхан ч байдаг болоосой…”

гэж дуулж байгаа мэт уянгатай уншив. Хорин зургаахан настайдаа хорвоог орхисон анхны ханиа санаж уг шүлгээ бичиж дээ гэхэд, тийм юм аа гээд “Хайрхандаа ханиа дагуулаад очно доо хэмээн архидаж, онгирч сагсуурч байтал тэр маань нэг л өдөр холоо явчихсан” гээд хоолой нь зангирав. Бид хоёрын яриа ч тэгсгээд өндөрлөлөө. Эндээс л эрхэм зохиолчийн тухай бичил туурвилаа эхэлнэ дээ.

Тэрээр анхны ханьтайгаа хэрхэн учирснаа ярих дуртай. Бүр нэг чин сэтгэлээсээ, дотроо онгойтол, хэр баргийн хүн харц дальдрахаар  нүдэндээ нулимс гүйлгэнүүлж байгаад ярих дуртай. Дөрвөн сайхан үрийг нь төрүүлж өгсөн бүсгүйд үйлийн үргүй хайртай байсан юм билээ. Сайншандаас Зүүнбаян хүрэхээр довтолгож явахад зам дээр гар өргөөд зогсож байсан арван жилийн сургуулийн цагаан фаарчиктай охин хань нь  байсан гэдэг ээ. Ердөө тавьхан километр яваад машинаас буухдаа өнөө нялх амьтан чинь өөрөөсөө олон ах, дээр нь архи ханхлуулчихсан эрийг эхнэр нь юм шиг сугаджээ. Ийм л түүх. Есдүгээр ангид орох жилээ том хүүгээ төрүүлж сургуулиа орхисон байгаа юм. Уг бүсгүйг Догмидтой ханилахад олон хүн харамсч байсан гэх. “Эрх дуураараа өссөн айлын ганц хүү, архи дарсанд дуртай, шүлэг зохиол гэсэн овлигогүй, сэтгэл нь сэрвэлзсэн ийм нэг хар юмтай энэ сайхан охин яана даа” гэж байж. Олны хэлснээр би ханиа баллаагүй ээ хэмээн бардам хэлдэг. “Суман даргын охин” өгүүллэгээ, “Анхны хайрын дууль” кино зохиолоо тэрээр ханьдаа зориулсан байдаг шүү.

Мань эрийн ууж наргиж, уйлж дуулж, уймарч туймарч, бүтээн туурвиж, асан мандаж явсан он жилүүдийнх нь тухай нэгд нэгэнгүй өгүүлнэ гэвэл барагдахгүй. “Түүний хувийн амьдралын үүх түүх роман шиг санагддаг юм… Салхи шиг зоргоороо омголон эр дээ” гэж сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг бичсэн нь бий. Үнэхээр туулж өнгөрүүлсэн он жилүүд нь домог түүх шиг санагддаг. “Урлаг соёлын сайхан хүмүүстэй, дуулдаг хуурддаг ертөнцийн гоё хүүхнүүдтэй хорин хэдэн жилийг найрын ширээний ард нанчид өргөж өнгөрөөсөн дөө” хэмээн төрийн шагналт зохиолч маань хэлдэг. Ууж идэж байснаа тэр хэнээс ч нуудаггүй. “Нуугаад яах юм. Тэртэй тэргүй ард түмэн мэдэх юм чинь” гэнэ. Хоёр мянга гурван оны өвөл байна уу даа, Догмид зохиолч “Хөх тэнгэрийн зарлиг” өгүүллэгээрээ оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагнал авсан юм. Дуурийн театрын тайзан дээр олны өмнө шагналаа гардчихаад, өргөмжлөл, цомоо сугандаа хавчуулж байгаад баярын сэтгэгдлээ хуваалцаж билээ.

“Би энэхэн амьдралаа хоёрхон зүйлд зориулжээ. Нэг нь архинд, Дорноговьд намайг хэрхэн ууж явсныг та бүхэн мэднэ дээ. Нөгөө нь уран зохиолд юм. Чивчирсэн сайхан бүтээл төрүүлэх гэж шаналж явдаг хүндээ, би” гэсэн утгатай үг хэлэхэд танхим дүүрэн цугласан олон их л тааламжтай хүлээж авсан юмдаг. Тэрээр Санхүүгийн сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа алдарт Чойжилын Чимидтэй хамт “Шархад”-нд хэвтэж байсан гэдэг. Чимид гуай мань хүнээс “Чи энд яах гэж ирсэн юм” гэхэд “Архинаас гарах гэж” гээдэхэж. Тэгсэн Чимид “Чи ороогүй байж гараад байхдаа яадаг юм. Битгий инээд хүргээд байгаарай” гэсэн удаатай. Энэ мэт түүний архитай нөхөрлөж явсан дурсамжаас нь хуваалцвал сонин л байдаг.

Түүнийг нэг удаа Чойжилжавын Билигсайхан доктор бут авч билээ. “Утга зохиол” сонины тэргүүн нүүрэн дээр Догмид багш(С.Эрдэнэ)-аасаа өгүүллэг хулгайллаа гээд л. “За өнөө Догмид ч улаан галзуу юм Билигсайхан дээр очих нь мэдээж. Яахлаараа намайг чи хулгайч зэлгийчээр минь дууддаг юм гээд асна” хэмээн зохиолч нөхөд нь дамшиглаж байсан. Билигсайхан доктор дээр тэгж очсон эсэхийг мэдэхгүй юм. Харин сонинд ярилцлага өгч уг шүүмжид хариу барьсан байдаг. “Билигсайхан намайг Эрдэнэ багшийнхаа бүтээлээс өгүүллэг хулгайлсан мэтээр бичиж, шүүмжийн сумаар зүрх рүү буудаж л байна. Би ийм буудалтад тэгж амархан сөхөрчих хүн биш. Эрдэнэ агсан бол миний ганц багш бөгөөд уран бүтээлд минь хамгийн өндөр үнэлгээ тавьсан хүн. Тэр амьд сэрүүндээ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, Догмид том амьтан даа, базарваань. Өгүүллэгийн хувьд толгойд гарсан хүн шүү гэж миний бүтээлд үнэлгээ өгсөн байдаг юм. “Өдрийн сонин”-ы 1999 оны 161 дугаарт бий дээ. Та хэд олоод харчихаарай. Би тэгж багшийнхаа богц руу гараа дүрж нүгэл үйлдэхгүй ээ” гэж хэдэрлэсэн нь бий.

“Хэц дээр ульж буй чоно”-ын тухай өгүүлэхэд гарцаа байхгүй дурсагдах хүн нь Жагдалын Лхагва юм. Богино өгүүллэгийн мастер тэрхүү эрхмийг Догмид зохиолч дандаа дурсана. Тэр хоёрын үерхэл нөхөрлөл, зохиол бүтээлийн тухай олон бичигдсэн дээ. Харин тэр дундаас хоёрхоон дурсамжийг сөхюү. Ерээд оны эхээр өнөө Догмид чинь сүрхий улс төржсөн аж. Их хуралд Дорноговиос дэвшихээр болжээ. Ерөнхий менежерээрээ мань Лхагваагаа авсан байна. “Толгодын цаана ингэ буйлна” ном хэвлэгдэн шуугиан тарьчихсан, кино зохиолууд нь олныг хуйлруулчихсан Жагдалын Лхагва шиг нэр хүндтэй хүн тухайн үед Дорноговьд байгаагүй гэдэг. Аймгийн төв уулзалт хийж байтал ерөнхий менежер нь алга гэнэ. “Золиг чинь уугууд л явчихлаа даа. Уулзалт дуусахаас өмнө ирчихгүй байгаа. Түүний амнаас гарсан нэг үг ч үнэтэй” хэмээн нэр дэвшигч бодож сууж.

Тэгтэл Лхагва нь уулзалт дуусахын өмнөхөн сүүтийтэл ороод ирсэн гэнэ. Бүдэгхээн гэрэлтэй уулзалтын танхимын ханыг налсан шигээ индрийн зүг хандаж байх юм гэнэ. Догмид ч дотроо баярлаад, за болж. Балгасан ч гол ажлаа мартаагүй л явна. Ер нь халмагхан байж л цаад чинь учиртай үг хэлнэ дээ гэсэн юм бодоод Лхагваагаа лут гэгч зарлан тайзнаа урьчихаж. Тэгтэл ерөнхий менежер нь яасан гэж бодно. Өнөө нэр дэвшигчээ хайр найргүй балбасан байгаа юм. “Дорноговьчууд минь та хэд намайг Догмидыг дэмжих гэж ирсэн гэж бодож байна уу, үгүй юм аа. Бид бүгд мэднэ. Хориод жил манай аймгийн архины лангууг хоосолсон хүн бол Догмид. Өөрийгөө олигтойхон аваад явчихаж чадахгүй энэ хүнээр төр бариулна гэж юу байхав. Түүнийг битгий дэмжээрээ. Догмид намайг өөрийг нь дэмжихээр ирсэн хэмээн бодож байж магад. Тэгвэл горьдсоны чинь гарз” гэсэн байгаа юм. Ингээд Догмид зохиолчийн Их хурлын гишүүн болох хөг өнгөрсөн түүхтэй.

Өөр нэг дурсамж бий. Тэр бол үнэхээр сэтгэл гогдсон дурсамж шүү. Юу вэ гэвэл агуу их Жагдалын Лхагва цаг бусаар хорвоог орхиход Балжирын Догмид нөхрийн ёсоор нутаглуулсан гэдэг. Бүр тодруулбал, өөрийнхөө газарт нутаглуулсан байна. Мань хүн Алтан-Өлгийд газар авахаар албаны хүнтэй уулзжээ. Бүрлээчийгээ Монголын нэрт зохиолч, суут хүн л гэсэн байна. Үнэн л дээ. Турьхан бүсгүй “Уучлаарай, төр засгийн түшээ, дарга сайд байсан хүмүүс, мөн төрийн шагналт, гавьяат цолтой эрхмүүд Алтан-Өлгийд нойрсдог юм. Харин таны энэ хүн чинь…” гэтэл Догмид уурлаж, учирлаж, гуйж нэг үзсэн байгаа юм. Гэвч яая гэхэв, журам бол журам. “Лхагва минь Алтан-Өлгийд л нойрсох учиртай” гэснээс өөрийг бодох сөхөөгүй явсан Догмидод нэгэн мэргэн санаа төрчээ.

Газар олгогч бүсгүйгээс шуудхан “Төрийн шагналт зохиолч Догмид газраа авч болох уу” гэж асуужээ. Үгүй ээ, та чинь… гэтэл яах ийхийн зуургүй газраа авч, өөрийгөө амьдаар нь “оршуулчихаад”, Алтан-Өлгийд анд нөхрөө нутаглуулан сэтгэл жаахан ч гэсэн өег байсан болов уу. Ерөөсөө энэхэн дурсамжаас Догмид гэж хэн бэ, Жагдалын Лхагва гэж хэн байв гэдэг нь тодхон харагддаг. Догмид бол авьяастай хүнд хэтэрхий хайртай нэгэн. “Авьяасын дэргэдүүр хэнэггүй өнгөрөх шиг эвгүй зүйл уран бүтээлч хүнд үгүй” гэж Долгорын Цэнджав нэгэнтээ хэлсэнчлэн “Монголын утга зохиолд Алтанширээгээс тодорч, цээжний хэдэн морьдын дунд салхи татуулах эрхэм зохиолч дараа үеийнхээ хуруу дарам хэдэн дүү нарт хайртай явдаг. Тэдний нэгэн бол Арлааны Эрдэнэ-Очир. Түүний талаар Балжирын Догмид аагьсан сайхан хөрөг бичсэн дээ, “Дулаан харын ууланд Саран хөхөө донгодно” гэж. Ер нь Догмидоор өөрийнхөө тухай бичүүлэх, бүр давраад шараа тайлуулах гэдэг бол ховорхон хувь тохиол.

“Ус уухын заяа” туужаа биччихээд тэрээр шөнө дөлөөр дээл нөмрөн гарч, би агуу зохиол биччихлээ ш дээ гэж говийн дурдмал тэнгэрийг цууртал орилсон гэдэг. Ааг омог нь зодгондоо багтаж ядсан зохиолч бол яалт ч үгүй Балжирын Догмид юм аа.    

Түүний “Хонгорзул гэж адис авмаар сайхан бүсгүй, хоймортоо залаад мөргөмөөр янжинлхамын бүрэлбаа…” хэмээн эхэлдэг аатай шүлэг бий. Хоёр жилийн өмнө байна уу даа эрхэм зохиолчтой Бөхийн холбооны дэд тэргүүн, доктор Довдонгийн Данзангийн өрөөнд таарлаа. Кофе уунгаа өнөө шүлгийнх нь талаар асуулаа. “Хонгорзул уу” гэж түр бодлогоширсноо “Сайхан л амьтан байсан даа. Ер нь төгс төгөлдөр зүйл чинь л жинхэнэ бүтээл төрүүлдэг байхгүй юу. Надад “Хонгорзул” шиг олон шүлэг бий. Тэднийгээ хүнд үзүүлээд гайхуулаад байдаггүй. Ер нь  өөрсдийгөө сүрхий гэж боддог муусайн юмнуудын дэргэд би чинь яруу найрагч байхгүй юу” гэсээр гараад алга болж билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!