LOADING

Type to search

Uncategorized

Ш.Чоймаа: Монгол хэлнийхээ тайлбар толийг сайн ашиглаж сурах хэрэгтэй

Share

Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаатай “Монголын нууц товчоон” /МНТ/ хэмээх агуу бүтээлийн тухай ийн хуучиллаа.

-“МНТ” монголчуудын төдийгүй дэлхийн бахархал гэдгээс яриагаа эхэлье. Эл гайхамшигт бүтээлийг дэлхий нийт судалж буйн гол шалтгааныг Та юу гэж үздэг вэ?

-Үнэхээр тийм шүү. Дундад зууны үеийн дэлхийн улс орнуудын аль ч шилдэг сор бүтээлтэй харьцуулан ярих бүрэн үндэстэй. Түүнийг нь ч дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн зохиол бол “МНТ” хэмээх алдарт бүтээл мөн. Юуны өмнө уг зохиолын агуулгын цар хүрээ, туурвиж бүтээ сэн хэл найруулгын ур чадвар, төв Азийн нүүдэлчин монголчуудын язгуур түүхийг нэвтэрхий тусгасан байдал, их эзэн богд Чингис хаант ны маань дэлгэрэнгүй намтрыг үнэн зөв өгүүлсэн зэрэг олон тал нь гайхамшигт бүтээл болохыг батал даг.

Дэлхийн олон оронд үе үед гарсан Чингис хаантны тухай уран зохиол, уран сайхны кино хүртэл цөм л “МНТ”-ыг л ашигласан байдаг. Дэлхийн түүхийг бичихэд дундад зууны үеийн том орон зайг эзэлсэн Их Монгол Улс, эзэн богд Чингис хааныг алгасах аргагүй. Тэгвэл тэр түүхийг гол нь “МНТ”-оос л ургуулан туурвидаг. Энэ мэт олон шалтгаанаас өрнө, дорнын үе үеийн олон судлаачид “МНТ”-ыг судалсаар өнөө хүрч, монголын судлалын нэгэн салбар нь “МНТ”-ы судлал болжээ.

“МНТ”-ыг ийнхүү онцгойлон анхаарах гол шалтгаанаас дурдвал:

1. Дундад зууны түүхэнд товойн мандсан Их Монгол Улс, түүнийг үндэслэн байгуулагч эзэн богд Чингис хааны тухай жинхэнэ монгол эх сурвалжаас мэдэхийг хүсдэг.

2. Монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, угсаатны онцлог, аж төрж ирсэн хэв маягийг судлах хүмүүс, аль нэг сэжүүрээрээ “МНТ”- той учрах болдог.

3. Аливаа үндэстэн угсаатныг бүх талаар цогц судлахын уг үндэс, гол түлхүүр бол тухайн үндэстний хэлийг нь сайн мэдэх, хэл сэтгэхүйн онцлогт нь нэвтрэх явдал юм. Үүний тулд зайлбаргүй “МНТ”-ы хэлтэй учрах болно. “МНТ”-ыг судалгаанд ашиглахдаа юуны өмнө үг хэллэг бүрийн эртний утга, найруулгын өнгө аяс зэргийг сайн мэдэж чадвал зөв дүгнэлт хийж чадна.

4. Монголын түүхэнд холбогдох чамгүй олон сурвалж бүтээлийг олон зуун жилд өөрийн болоод гадаадын бичгийн хүмүүс туурвисан бөгөөд тэр бүгдийн уг язгуур нь “МНТ”- той шууд болон дам холбогддог. Тийм учраас Монголын түүхийг сонирхон судлагч хэн бүхэн, юуны өмнө “МНТ”-той танилцаж, улмаар бусад түүхэн сурвалжийг харгуулан харьцуулдаг. Ийм учир шалтгаан олныг өгүүлж болно.

“МНТ”-оор бахархахын учир, цохон хэлэх ёстой нэг зүйл бол “МНТ”-ы анхны эхийг монгол бичгээр монгол хүн монгол газартаа, Их Монгол Улсын их хурилдай хурч бүхүйд Хэрлэний Хөдөө аралд бичиж дууссан нь тов тодорхой байдаг. Ийм үнэ цэнэтэй учраас монголчууд бид өвөг дээдсийнхээ яруу алдар, дайчин баатарлаг үйлсээр бахархахын сацуу бичиг соёлын гайхамшгаар нь бахдан баясах, сурч мэдэх, судлан шинжлэх тухайд “МНТ”-оо дээдэлдэг юм даа.

-Та өнгөрсөн онд “МНТ” гэдэг эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг хэвлүүлжээ. Их сайхан бүтээл болж. Энэ толийг бүтээх болсны учир?

-Миний мэргэжил монгол хэлний багш. Судалдаг зүйл маань шарласан хуудастай, элж хуучирсан судар ном. Үндсэн ажил болон судалгаанаас гадна ихээхэн цаг заваа зориулдаг зүйл маань монгол түмэндээ үндэснийх нь бичиг үсгийг сургах үйл хэрэг. Бас монгол үндэстний эрх ашгийн төлөө тэмцэх хүсэлтэй хүн дээ. Тэгэхээр миний ажил үйл маань яах аргагүй “МНТ”-той холбогддог.

“МНТ”-ыг судлах болсоор 20 гаруй жил болжээ. “МНТ”-ыг олон зуун жил орон орны эрдэмтэд судалсан хэдий ч бас судлах эзнээ хүлээсэн олон зүйл бий. Түрүүн ярьсан даа. “МНТ”-ыг сайн мэдье гэвэл анхны эхийн үг хэллэг бүрийг зөв сэргээж, тухайн үгийн эртний хэлбэр, утга, бүтцийг мэдэх ёстой. Академич Ц.Дамдинсүрэн гуайн ач буянаар манай уншигчид “МНТ”- ы агуулгыг сайн мэддэг болсон.

Энд 1947 онд хэвлүүлсэн “МНТ”- ы уран сайхны орчуулгыг хэлж болно. Өнөө цагт “МНТ”-ы судлал ч их ахиж, хүмүүс ч “МНТ”-ыхоо анхны эхийг нь, үг хэллэг бүрийн утга учрыг сонирхох болжээ. Гэтэл өнөөдөр хэрэглэж байгаа кирилл үсгээр буулгасан “МНТ”-ы анхны эх үгүйлэгдэх болов. Ийм зүйл үгүйгээс болж, “МНТ”-д байхгүй үг хэллэгийн баримт болгон үзэх эндүүрэл ч гарах юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд тэмдэглэх үед, академич Д.Цэрэнсодномоор ахлуулсан ажлын хэсэг гарч, “МНТ”- ы сонгомол эхийг бэлтгэн хэвлүүлсэн. Энэ ажлын хэсэгт би өөрөө оролцсон. Цаанаас нь тавьсан шаардлага үг хэллэгийн тайлбаргүй, бас өнөөгийн хүмүүст ойлгохоор буулга гэсэн. Бас олон хүн оролцсон. Энэ бүтээл бол харьцангуй “МНТ”-ы эхэд ойр болсон.

Гэвч үг хэллэгийн тайлбаргүй болохоор эртний үг хэллэгийг хэвээр нь ашиглах боломжгүй байсан. Мөн энэ ажлын хүрээнд миний бие, багш судлаач, зураач Т.Жамъянсүрэнгийн хамт Төрийн ордонд залах “МНТ”- ы анхны эхийг, тэр үеийн монгол бичгийн хэв хэлбэрээр нь сэргээн хийх ажлыг гүйцэтгэхэд бүтэн жил зарцуулсан. Бичгийн хэв хэлбэр, зөв бичих онцлог зэргийг 1312 оны модон барын номыг загвар болгосон.

Эхлээд Т.Жамъянсүрэн маань XIII, XIV зууны монгол бичгийн дурсгалыг харьцуулж, компьютерт үсгийн фонд буй болгосон. Гол судалгаа маань XIII зууны үеийн монгол бичгийн зөв бичих дүрмийн өвөрмөц онцлогийг тухайн үеийн бичгийн дурсгалуудаас харьцуулан судалж гаргах ажил байв. Энэ ажил маань сайхан бүтэж, манай урчууд үнэт эрдэнэсээр хосгүй гайхамшгийг хийсэн дээ.

Одоо Төрийн ордны гэр өргөөнд хадгалагдаж байгаа. Энэ тухайд ингээд зогсъё. “МНТ”-ы тухайд миний хийсэн судалгаа маань нэлээд олон талтай болж, бас “МНТы эхийн судалгаа” гэдэг хичээлийг мэргэжлийн ангид заадаг тул “МНТ”- ы анхны эхэд хамгийн ойр, бас үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбартай, өнөөгийн уншигчид маань ухаарч болох тийм бүтээлийг олон түмэнд хүргэх ёстой гэж бодоод энэ номыг бүтээсэн.

Миний энэ бүтээлд өнөө хүртэл хийгдсэн “МНТ” судлаачдын хамгийн сүүлийн үеийн судалгааны ололт амжилт туссан юм шүү. Ямар боловч энгийн уншигчдаас эхлээд судлаачдад хүртэл зохих ёсоор тус дэм болох ном болсон болов уу гэж бодож байна. Өвөр Монголд монгол бичгээр гаргая гэсэн. Би ч зөвшөөрсөн.

Өвөр Монголд “Монголын Нууц Товчоон тэргүүтэй монгол сурвалжийн судалгаа” хэмээх миний номыг маань 2007 онд хэвлэж, Өвөр Монголын уншигчдад хүргэсэн. Баяртай л байдаг. Ном хэвлүүлнэ гэдэг хүмүүст уншуулж ухааруулахын төлөө л шүү дээ.

-“МНТ”-ы шинэ хөрвүүлэг, үг хэллэгийн олон тайлбар хийнэ гэдэг хэн хүний хийх ажил биш. Таны хэдэн жилийн хөдөлмөр шингэсэн бэ?

-Ер нь “МНТ”-ыг уншиж, өөр өөрийн нүдээр монгол хүн бүр шинждэг байлгүй. Миний тухайд дунд сургуульд байхдаа Ц.Дамдинс үрэн гуайн “МНТ”-ы орчуулгыг олон дахин уншсан даа. Мэдээж хэрэг МУИС-д сурч байхдаа мэдлэг, мэдээлэл маань тэлсэн. Ингээд МУИС-д багшлах үеэс “МНТ” болон бусад сурвалж бичгийг арай өөр нүдээр харж уншиж, бас дотоод, гадаадын судлаачдын бүтээлийг чадахын хэрээр олж үздэг байлаа.

1980-аад оны төгсгөлөөс “МНТ”- д судлаач маягаар хандах болсон доо. “МНТ”-той холбоотой анхны судалгааны өгүүлэл 1989 онд гарч, тухайн үед нэрт эрдэмтэн Ш.Гаадамба гуайгаас магтаалын үг сонсч байлаа. 1990 онд Ш.Гаадамба гуайн “МНТ” хэмээх том бүтээл гарсан. Тэр номын 256 дугаар талд “МУИС-ийн багш Чоймаа Нууц Товчооны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ “ба”, “бэр” гэх мэт хүч нэмэгдүүлэх утгатай сул үг байгааг илрүүлж тайлбарласан билээ” гэж цохон тэмдэглэсэн нь надад их урам өгсөн.

Түүнээс хойш “МНТ”-той холбоотой судалгааны өгүүлэл, хэвлүүлж, бас илтгэл тавьж байлаа. Юуны өмнө дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын “МНТ”-той холбоотой гол гол бүтээлийг бүрэн үзэхийг хичээсэн. 2002 онд “Монголын Нууц Товчоон, Лувсанданзаны “Алтан товч”-ийн эхийн харьцуулсан судалгаа” бүтээл маань гарч, дотоод, гадаадын эрдэмтдээс зохих үнэлэлт авсан.

Энэ маань нэлээд нүсэр ажил байсан. Лувсанданзаны “Алтан товч” бол “МНТ”-ы 80 хувийг агуулсан бүтээл юм. Өөрөөр хэлбэл, 17 дугаар зууны түүхч Лувсанданзанд монгол бичгээрээ, тэр тусмаа эртний хэв хэлбэрээр бүтээсэн “МНТ”-ы нэгэн эх байсан нь тодорхой байдаг. Ийм учраас энэ хоёр бүтээлийг үг үсгээр нь мөр дараалан тулгаж, гарч байгаа зөрөөг тайлбарлана гэдэг тийм ч амар зүйл биш.

Энэ судалгааны явцад миний “МНТ”-ы мэдлэг гүнзгийрч, олон судлаачийн тайлбар сэлтийг нарийн харгуулж, өөрийн гаргалгааг хийж, аль эрдэмтний санал үнэн зөв бэ гэдгийг тунгаах болсон. Ингээд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор монгол түүхч, монгол хэл бичгээрээ туурвисан монгол түүхэн сурвалжийн гол голыг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, үг хэллэгийн тайлбар хийж, шавь нар, бусад судлаачийн хамт 30 ботиор хэвлүүлсэн.

Түүний I боть “МНТ” байсан. 2011 онд хэвлүүлсэн “Монголын Нууц Товчоон, эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай, шинэ хөрвүүлэг” гэдэг энэ бүтээлийн анхны эх нь тэрхүү I ботид хэвлүүлсэн зүйл болно. 2006 оноос хойш дахин нэмж зассаар 2011 онд хэвлүүлсэн нь энэ юм даа. “МНТ”-ы судалгаа маань үргэлжилсээр л байгаа.

Миний гол судалгааны чиг хандлага бол “МНТ”-ы хэлийг бүрэн гүйцэд, баримттайгаар үг хэллэг бүрийг зөв ухаарч, улмаар үгийн сан, утга зүй, эхийн төвшинд судлах санаа юм. “МНТ”-оо сайн ухаарахын тулд үг бүрийг тухайн үеийн утгаар нь тайлбарлах хэрэгтэй.

-“МНТ”-д ойлгомжгүй үг хэллэг олон буй. Уг номыг 1-2 удаа уншаад ойлгоно гэдэг хэцүү юм билээ?

-Тэр үнэн. “МНТ”-ыг олон жил уншиж судалсан хүний хувьд ахин дахин үзэж, үг хэллэгийн талаар шинэ санаа олж, түүнийгээ нягталж суудаг. Ер нь уншиж, ухаарна, зөв ухаарна гэдэг их ялгаатай зүйл шүү. Бидний монголчууд “МНТ”-оо зөв ухаарна гэвэл олон дахин унших, эргэцүүлэн бодох, бас тухайн цаг үед ойр бүтээгдсэн монгол сурвалж бичгүүдийг үзэх, монгол үгийнхээ эрт, эдүгээгийн олон салаа утгыг үгийн холбоонд нь, хам сэдэв дотор нь тунгаах шаардлагатай.

Өнөөдрийн монгол хүний өдөр тутам хэрэглэж байгаа үг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлийн үг хэллэг тун ядмаг цөөн шүү дээ. Яахав эрт, эдүгээгийн сайн хэл найруулгатай ном зохиол уншдаг хүний тухайд бол өөр л дөө. Хөдөөгийн настан ахмадын хэл яриа бол урсам яруу, зүйр үг, хэлц хэллэг хэрэглэх нь тун элбэг. Эвдрээгүй монгол хэл байдаг.

“МНТ”-оо сайн ойлгоё гэвэл ахин дахин уншиж, тухайн үг хэллэгийн утгыг эх дотор нь, хам орчны утгаас нь тодлохыг хичээх хэрэгтэй. Мөн монгол хэлний тайлбар толь үзэх хэрэгтэй. Би монгол хүн юм чинь монгол хэлээ мэднэ гэж бодвол эндүүрэл. Би одоо хүртэл бараг өдөр бүр монгол үг хэллэгээ нэмж сурч мэдэж, бас түүндээ олзуурхаж явдаг. Монголчууд чинь монгол хэлний анхны тайлбар толийг 1717 онд барласан түүхтэй. “Хорин нэгтийн толь” гэдэг. Түүнээс хойш өдий төдий монгол хэлний тайлбар толь гарсан. Тийм учраас монгол хэлнийхээ тайлбар толийг сайн ашиглаж сурах хэрэгтэй.

-“МНТ”-ыг XIII зуунаас өдгөө хүртэл дэлхийн 20 гаруй хэлээр орчуулж, олон удаа хэвлэсэн гэдэг. Хамгийн өргөн судалсан орон аль вэ?

-“МНТ” XIV зуунаас хойш дэлхийн олон хэлээр орчуулагдаж, олон дахин хэвлэгдсэн. Анхны орчуулга бол Монголын Их Юань гүрэн унамагц Мин улсын эхэн үед XIV зуунд хятад ханз үсгээр авиачлан галиглаж, бас үг бүрийн хадмал орчуулга, ерөнхий утгачилсан орчуулга хавсарсан бүтээл гарсан түүхтэй. Энэ нь хятад хүн монгол хэл сурахад зориулсан бүтээл байсан.

Өрнө дахинд анх Оросын эрдэмтэн, санваартан Палладий Кафаров 1866 онд “МНТ”-ы орос орчуулга гаргасан. Энэ нь өрнө дахинд “МНТ”- ы судалгааны эхийг тавьсан хэрэг. Одоо дэлхийн бараг 30-аад хэлээр орчуулагдаад байна. Нэг хэлээр хэд хэдэн хүний орчуулга гарсан нь олон. Жишээ нь, герман хэлээр 1941 оны Э.Хайнишийн орчуулга, В.Хайссигийн 1981 оны орчуулга, М.Таубегийн 1989 оны орчуулга гарсан байх жишээтэй.

“МНТ”-ыг гадаад хэлээр орчуулсан байдал нь “МНТ”-ы аль эхийг барьж орчуулсан, бас дам хэлнээс орчуулсан зэргээрээ ялгаатай. Тухайн хэлний орчуулга нь хэл найруулга, зориулалтаараа өөр байх жишээтэй. Жишээ нь Америкийн нэрт монголч Ф.В.Кливезийн 1982 оны англи орчуулга их хүнд хэлтэй, сонгодог найруулгатай тул тэр бүр англи хэлтэн ойлгоход амаргүй гэдэг.

Хамгийн өргөн судалсан гадаад улс орон гэвэл Хятад (Өвөр Монголын судлаачдын бүтээлийг хамруулаад), Орос, Япон, Герман, Австрали зэргийг нэрлэж болно. Зарим орны том судлаачдын бүтээлийн нэрлэж болно. Жишээ нь, Японы нэрт монголч эрдэмтэн Ш.Озава бээр “МНТ-ы нэн бүрэн судалгаа” хэмээх зургаан боть аварга бүтээл туурвисан.

Тэгээд дараа нь “МНТ-ы ертөнц” хэмээх багавтар ном бичээд, тэнд хэлэхдээ, “Би нэг насаараа МНТ-ыг судаллаа. Одоо амьсгаа аваад эргэж нэг харлаа. “МНТ”-ы судалгааны хагаст л байна” гэсэн. Мөн энд заавал нэрлэх ёстой хүн бол Австралийн нэрт монголч эрдэмтэн И.Рахевилц мөн. Тэрбээр 1972 онд “МНТ”-ы галиг, бүх үгийн хэлхээс хэвлүүлж, 1970-1980-аад оны дунд хүртэл англи орчуулгыг цувуулан хэвлүүлсэн.

2004 онд “The Secret History of the Mongols: A Mongolian Epic chronicle of the Thirteenth Century” хэмээх хоёр боть аварга том бүтээлээ Холландын Лейденд хэвлүүлсэн. Энэ бүтээлийн эхний ботийн эхний хагаст нь англи орчуулга, бусад нь цөм хэл бичиг, түүхийн тайлбар байгаа. Энэ бүтээлээ туурвихдаа холбогдох 3000 орчим ном ашигласан байдаг. Энэ эрдэмтэн одоо “МНТ-ы судалгааны тойм” гэсэн гурав дахь номоо энэ онд дуусгах гэж сууна. Энэ мэтээр яривал их л дээ.

-Ц.Дамдинсүрэн гуайн “МНТ”-ы орчуулга өнөөгийн уншигчдад ойлгомжтой, уран яруу хэллэгтэй байдаг. Таны “МНТ”-ы шинэ хөрвүүлэг их өөр юм билээ. Учир нь юу вэ?

-Ялгаатай нь үнэн. Академич Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгын гол онцлогийн тухай томхон судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Түүнийгээ 2011 онд хэвлүүлсэн, чиний асууж лавлаж байгаа “МНТ эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай, шинэ хөрвүүлэг” номынхоо ард хавсар гасан байгаа. Өөрөөр хэлбэл, миний шинэ хөрвүүлэг, Ц.Дамдинс үрэн гуайн орчуулга хоёрын ялгавар нь ямар учиртайг тэндээс тодорхой үзэж болно.

1940-өөд оны үес манай орны нийт уншигчдаар үл барам, мэргэжлийн сэхээтэн хүмүүс ч “МНТ”-ыг бараг мэддэггүй байсан гэвэл хэтийдсэн хэрэг болохгүй дээ. Дэлхийн II дайны явцад, эх оронч үзэл шингэсэн, эрэлхэг баатарлаг дүрийг бүтээсэн урлаг, уран зохиолын бүтээл туурвих үүлэн чөлөөний нар мэт боломж бүрдсэн бөгөөд чухамхүү энэ завшаанд Ц.Дамдинсүрэн гуай завдаж амжиж, “МНТ”-ыг 1947 онд монгол бичгээр анх хэвлүүлсэн түүхтэй.

Ц.Дамдинсүрэн гуайн энэ орчуулга нь тэр хатуу үзэл сурталтай цагт эзэн богд Чингис хааны тухай сурагч багачуудаас эхлээд ахмад настан хүртэл уншиж бахархах боломж олгосон түүхэн гавьяатай. Ц.Дамдинсүрэн гуай билиг төгс хүн тул чөлөөтэй найруулж, дөрвөн мөр шүлгийг найман мөр болгон бичсэн байх жишээтэй. Хэрэв уг эхээр нь буулгавал олон үг хэллэгийн тайлбар дагалдуулах ёстой болно.

Ганц жишээ хэлэхэд, “МНТ”-д цааз гэдэг үг байхгүй, түүний оронд “засаг” гэдэг үгийг хэрэглэдэг байсан. “МНТ”-д “засаг хөндөх, засаг давах” гэж гарах холбоо үгийг Ц.Дамдинсүрэн гуай “хууль цааз зөрчих” гэж орчуулсан. Энэ нь ч өнөөгийн хүнд ойлгомжтой хэрэг. Гэвч үүнээс зарим эндүүрэл гардаг. Ганц жишээ хэлэхэд, 1992 онд шинэ Үндсэн хууль боловсруулахад хэл найруулгын ажлын хэсэгт нь оролцож байлаа.

Анхны төслөөр “Их цааз” гэж нэрлэх саналтай байв. Би “цааз” гэдэг эртний үг биш, харин “Их засаг” гэвэл дээр биш үү гэтэл тэд “МНТ”-д байдаг хуучин үг гээд Ц.Дамдинсүрэн гуайн Нууц Товчооныг авчирсан. Энэ мэтээс үүдээд “МНТ”-ы жинхэнэ эхэд тун ойр шинэ хөрвүүлэг хийх хэрэгтэй гэж бодсон. “МНТ”-ы уг эхэд юу гэж байдаг, тухайлбал XIII зууны монгол хэл ямар байсныг мэдэж, үгийн сангаа баяжуулж, бас “МНТ”-ы үг хэллэг гэж эш татъя гэвэл эрхбиш шинэ хөрвүүлэгт хандах хэрэгтэй.

“МНТ”-ы шинэ хөрвүүлгийг сайн уншсан хүн хожмын монгол түүхэн сурвалжийг бас төвөггүй ухах чадвартай болно. Бас нэг зүйлийг энд хэлэх ёстой. Ц.Дамдинсүрэн гуай Лувсанданзаны “Алтан товч”- оос “Гурван зуун тайчуудыг дарсан домог” мэт зүйлийг нөхөн оруулж, төгсгөлд “А.То” гэсэн тэмдэглэгээ хийсэн. Удиртгалдаа ч дурдсан. Манай зарим судлаачид түүнийг нь хайхрахгүй, “МНТ”-оос гээд нөгөө Лу.”Алтан товч”-оос эшлэсэн зүйлийг нь авчихсан харагддаг.

-Таны “МНТ”-ы шинэ хөрвүүлэгт зарим хүний нэр хүртэл өөр байгаа нь харагдлаа. Жишээлбэл, Хоо марал?

-“МНТ” эхлэхдээ “Чингис хааны узуур. Дээр тэнгэрээс заяат төрс өн Бөртэ чоно ажгуу. Гэргий инү Хоо марал ажээ” гэсэн байдаг. Ц.Дамдинсүрэн гуай “МНТ”-ы эхэд “qo”ai maral” гэснийг “Гоо марал” гэж буулгасан. Лувсанданзаны “Ал тан товч”-ийг дагасан хэрэг байх. Хятад галиг эхэд дээрх шиг галиг лаад, хажууд нь ухаа зүстэй марал (согоо) гэж оруулсан байдаг.

Мон гол бичгээр ухаа зүсийг “хува” (хуа) гэж бичдэг. Одоо ч баруун монголын аялгуунд “ухаа” зүсийг “хоо” гэдэг юм. Үүнийг “МНТ” судал сан эрдэмтэд бүгд залруулан тайл барлачихсан зүйл. Тэдний зөв тайл бар, хөрвүүлгийг авсан хэрэг л дээ.

-МНТ-ыг Өвөр Монголын судлаачид чамгүй сайн судалгаа хийсэн байдаг. Давуу тал нь юу вэ?

-Өвөр Монголын судлаачид “МНТ”-ы судлалын талаар үнэхээр арвин бүтээл гаргасан. Судалгааны өгүүллүүдийг тоолоход ч бэрх, олон. Тэд маань монгол хүн болохоор монгол хэл сэтгэлгээний талаас сайн ухаарч чаддаг. Нөгөө нэг тал нь эртний хятад хэлийг сайн эзэмшсэн тул XIV зууны хятадаар галиглаж, орчуулсан “МНТ”-ыг чадамгай ашигладаг.

Бас нэг тал нь олон нутгийн монгол хэл аялгууг сайн магадалдаг. Олон эрдэмтэн судлаачдыг нэрлэж болно. Ганцхан жишээ татахад, гурван үеэрээ “МНТ”- ыг судалсан эрдэмтэд байсан. Энэ нь Баргын Цэнд гүн, түүний хүү Элдэнтэй, түүний хүү Ардаажав нар болно. Түүний бүтээлийг монголч эрдэмтэд цөм мэднэ. Сүүлийн 20-иод жил хоёр улсын харилцаа сайн болж, бид “МНТ”-ны судлалаар харилцан суралцаж, хамтран ажиллах боллоо. Энэ их сайн хэрэг л дээ.

-“МНТ”-д нууц үлдсэн зүйл олон буй. Тухайлбал, Добу мэргэнийг нас барсны дараа төрсөн гурван хүүхдийн тухай тодруулах гэсэн юм?

-“МНТ”-ы эхэн хэсэг бол үнэндээ угийн бичиг шиг зүйл байдаг. Тэр бол монголчууд их эрт цагаас уг удмаа нарийн мэддэг, түүнийгээ хойч үедээ цээжлүүлдэг байсны гэрч биз ээ. Бөртэ чоно, Хоо марал хоёроос хөөж явсаар, Бодончарын үед ясан төрлийн удам тасардаг. “МНТ”-д юу гэж бичсэн байдгийг хүн бүхэн мэднэ. Эргүй атлаа гурван хүүхэд төрүүллээ гэж ууган хоёр хүү нь сэжиглэж, Алунгоо эх тайлбарласан зүйл бий.

Ер нь гэрлээс бие давхар болсон домог их эртний бөгөөд янз бүрийн улс орны домогт гардаг зүйл болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. “МНТ”-ы 42 дугаар зүйлд “Бодончар Боржигин овогтон болов” гэж тодорхой заасан. Эзэн богд Чингис хаантныг маань Боржигин овогт Хиад яст гэж монгол түүхэн сурвалжуудад бичдэг. Өөрөөр хэлбэл, Алтан ургийг Бодончараас, Боржигин овгоос тоолдог шүү дээ.

Бодончар бол цэцэн мэргэн, үг хэл нь хурц, ёгт битүү утгатай үгээр ярьдаг тул ах нар нь эсрэгээр нь “мунхаг” хэмээн нэрлэсэн гэдгийг сурвалжуудад тэмдэглэсэн. Ер нь монголчууд тэгж эсрэгээр нь нэрлэдэг ёс бий. “МНТ”-д ч маш холыг хардаг, хурц хараатай Дуваг сохор гэдэг. Өнөөгийн хэн бүхэн мэдэх элээ шувууг сохор элээ гэдэг. Гэтэл маш өндрөөс өчүүхэн зүйлийг олж хардаг хурц хараатай шувуу юм билээ.

-Өнөөгийн манай эрдэмтэд “МНТ”-ыг ямархуу төвшинд судалж байна вэ?

-Манай улсын эрдэмтэн судлаачид “МНТ”-д зохих байраа эзэлсэн. XX зууны эхэн үеэс Баргын Цэнд гүн орчин цагийн монгол хэл, монгол бичгээр “МНТ”-ыг хятад галигаас буулгах үеэс эхэлсэн гэж хэлж болно. Манай монголын судла лын чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид ямар нэг хэмжээгээр “МНТ”-ыг судалсан байдаг.

Бие даасан том судалгаа хийсэн эрдэмтэд гэвэл академич Ц.Дамдинсүрэн, академич Ш.Бира, нэрт эрдэм тэн Ш.Гаадамба, академич Д.Цэрэнсодном, доктор, профессор Б.Сумъяабаатар, доктор, профессор Т.Дашцэдэн, доктор, профессор Д.Цэ дэв, доктор, профессор Л.Ма налжав гэх мэт олон хүнийг нэрлэж болно. Ер нь “МНТ”-ы судлал манай улсын тухайд шинэ төвшинд хүрч байгаа гэж үздэг.

Манай улсын судлаачдын тухайд өрнө, дорнын буюу дэлхийн хэмжээнд гарч байгаа “МНТ”-ы судалгааны бүтээлийг нэлээд бүрэн ашигладаг сайн талтай.

-Ц.Дамдинсүрэн гуайн “МНТ”-ы 1947 оны хэвлэлийг 1990 оны дөрөв дэх хэвлэлтэй харьцуулахад ямар байдаг вэ?

-Анхны 1947 оны хэвлэл бол монгол бичгээр гарсан. Тийм учраас үгийн нөхцөл тэргүүтэн нь сонгодог бичгийн хэлний хэв хэлбэртэй байсан. Мөн тэр хэвлэлд академич Ш.Нацагдорж гуай оршил бичсэн. Тэр оршлоос “МНТ”-ы жинхэнэ эхийг тайлбарын хамт хэвлүүлэх төлөвлөгөөтэй байсныг мэдэж болно. Ингээд дараа нь кирилл үсгээр гурван удаа хэвлэж, 1990 онд дөрөв дэх хэвлэл гарчээ.

Кирилл үсгийн хэвлэлүүдэд академич Ш.Нацаг дорж гуайн оршил байх гүй. Ерөнхийдөө өөрчилж засалгүй хэвлэсээр ирсэн. 1947 оны хэвлэлийг 1990 оны дөрөв дөрөв дэх хэвлэлтэй харьцуулахад бас цөөн засвар байдаг. Жишээлбэл, “МНТ”- ы 195 дугаар зүйлд Чингис хаан бээр Найманы цэрэгтэй тулалдахын өмнө байлдах арга ухаан, цэргээ хэрхэн засах талаар зөвшилдөөд “харгана ёрчил (зорчил) ёрчиж, нуур байлдаа байлдаж, цүүц хатгалдаа хатгалдъя” хэмээсэн байдаг. Үүнийг 1947 оны хэвлэлд

“Харгана дундуур

Хатгалдан байлдаж

Нуурын хөвөөнөө

Нудралдан тэмцэлдэж

Ирт мэсээр

Ивэлцэн тулъя” гэж шүлэглэн орчуулсан бол 1990 оны хэвлэлд “Харгана зорчлоор хатгалдаж Нуур байрлалаар байлдаж Цүүц хатгалдаанаар цөмөрч тулъя” гэж буулгасан.”Харгана зөрчил”, “нуур байрлал”, “цүүц хатгалдаан” хэмээх нь 13 дугаар зууны үеийн байлдааны ур ухаан, цэрэг засах хэв маягийг заасан тогтсон нэр томьёо тул хэвээр нь хадгалах ёстой гэж үзсэн бололтой байдаг. Гэхдээ ийм засвар тун бага л даа.

-“МНТ”-ы эртний эх олдоогүй. Гагцхүү хятад галиг эх уламжилсан. Яагаад олдоогүй юм бол?

-Өмнө ярьсан даа. Мин улсын эхэн үед “МНТ”-ы хятад галиг, орчуулга буй болсон тухайд 1368 онд Монголын Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр Бээжингээс бүрмөсөн гарсан даруй, хааны нууц санд байсан ном судар Мин гийнхний гарт оржээ. Түүний нэг нь “МНТ” байсан хэрэг. Тэр эх ч одоо үлдсэнгүй. Түүнээс үлдсэн нь тэрхүү монгол бичгээр бичсэн “МНТ”-ыг хятад үсгээр авиачлан галиглаж бичээд, үг бүрийн хажууд хятад орчуулга хадаж, бас бадаг зүйл бүрийн ард товч ерөнхий хятад орчуулга дагалдуулсан эх юм.

Ийм төвөгтэй ажлыг хийсэн зорилго нь хятад хүнд монгол хэл сургах хичээлийн хэрэглэгдэхүүн болгох санаа байжээ. Ийм ажил энэ үед цөөнгүй хийсэн түүхтэй. Мингийнхэнд монгол хэл сайн мэддэг хятад түшмэл эрхэм байсан биз. Тэрхүү хятад галиг Нууц Товчооны анхны эхээс зөвхөн 40 гаруй хуудас үлджээ. Хожим уламжилсан нь тэрхүү эхээс хуулсан хуулбар эхүүд юм.

Ийм учраас эртний хятад үсгийг маш сайн мэддэг дэлхийн нэртэй эрдэмтэд тэрхүү монгол үгийг хятадаар авиачлан галигласан эхийг латин үсгээр маш нарийн галиглаж, өөр өөрсдийн тайлбар хийжээ. Ийм галиг хийсэн эрдэмтэд гэвэл Германы Э.Хэйниш, Японы Ширатори Куракичи, Ш.Озава, Н.Курибаяши (Чойжинжавын хамт), Унгарын Л.Лигети, Францын П.Пеллио, Оросын С.А.Козин, Австралийн И.Рахевилц, монголын Т.Дашцэдэн, Өвөр Монголын Баяр зэрэг эрдэмтдийг нэрлэж болно.

Дээр хэлсэн тэр олон эрдэмтний латин галиг нь бид мэтийн хятад үсэг мэдэхгүй хүн “МНТ”-ыг судлах бэлэн хэрэглэгдэхүүн болдог. Яагаад ийм олон латин галиг гарав гэвэл өмнөх эрдэмтдийн хийсэн латин галигийг хятад галигтай нь дахин харгуулж, хятад үсгийн Юанийн үеийн дуудлагыг нарийн сэргэж, олон талын харьцуулал хийж, бас монгол бичгийн зөв бичих дүрэм, дунд үеийн монгол хэлний онцлог зэргийг давхар судалж хийснээс хамаарсан хэрэг.

Энэ бүх судалгааны латин галигийн үр дүнд бид “МНТ”-ы жинхэнэ эхийг судлах болсон. Энд нэг зүйлийг нэмж хэлэх ёстой. “МНТ”-ы анхны монгол эх бидэнд уламжлаагүй боловч 17 дугаар зууны түүхч Лувсанданзанд нэг эртний эх байсан нь тодорхой бөгөөд түүний бичсэн “Алтан товч”-д “МНТ”-ы 80 орчим хувь их засваргүй хуулагдан орсон байдаг.

Тийм ч учраас “МНТ” судалдаг эрдэмтэд зайлшгүй Лу.”Алтан товч”-ийг судлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Лу.”Алтан товч” бол “МНТ”-ы эртний монгол эхийн дийлэнх хэсгийн хуулбар мөн билээ. Лу.”Алтан товч”- ийг 2011 онд ЮНЕСКО-гоос дэлхийн хосгүй үнэт өвөөр бүртгэсний учир ч тэр юм.

Б.Анхцэцэг

Эх сурвалж: “Үнэн.мн”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!