LOADING

Type to search

Uncategorized

Бидний мэддэггүй Ар, Өвөр Монголын өөр түүх

Share

Халхын ноёд, дээд лам нар 1911 онд VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн шинэ төр байгуулж, Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласан нь орчин цагийн Монгол улс байгуулагдах эхлэл байв. Энэ үйл явдлыг гадаадын судлаачид гол төлөв Орос, Хятадын харилцаанд тулгарсан асуудлын хүрээнд тайлбарлаж ирснээс бус, монголчуудын өөрийн төр ёсны уламжлал, хүч нөлөө зэргийг орхигдуулж, дотоод хүчин зүйлст тун дулимаг анхаарч иржээ. Энэ нь цаагуураа монгол мэтийн нүүдэлчид хэзээд өөрөө төр үүсгэх чадавхигүй гэсэн үзлийн илрэл болов уу гэлтэй. Сүүлийн үед манай түүх сонирхогч нийтлэлч нарын дотор ч яг ийм үзлээр, Халх 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант Монгол улс байгуулагдсан нь ердөө л Оросын эрх баригчид Халхын ноёдыг өвөрлөгч түшмэл Хайсангаар арайхийн ятгуулсны үр дүн байсан мэтээр бичсэн зүйл хүртэл үзэгдэж байна. 

Тэгвэл Богд хаант Монгол улсын түүхийн судалгаанд орхигдож буй хоосон орон зайг нөхөх судалгааг Японы түүхч Макото Тачибана хийжээ. М.Тачибана 2011 онд “Монголын мартагдсан түүх: Богд хаант засгийн газар (1911-1921)” хэмээх судалгааны бүтээлээ хэвлүүлсэн байна. Хэдийгээр уг бүтээл гараад арван жил өнгөрсөн боловч түүний ач холбогдол нь Монголд өнөө хүртэл хангалттай үнэлэгдээгүй бололтой байна. Зохиогчийн тэмдэглэснээр энэ ном Богд хаант Монгол улсын түүхийн “мартагдсан хэсэг”-ийг өгүүлэхийг зорьжээ. Гэвч М.Тачибана бүтээлээ ийн нэрлэсэн нь өөрийгөө үл дөвийлгөх япон хүний төлөв даруу зангаас л болсон болов уу гэлтэй. Үнэн хэрэгтээ энэ ном монголчууд бидний “мэддэггүй түүх”-ийг өгүүлжээ. 

Ялангуяа түүний судалгааны томоохон хэсэг нь Богд хаант Засгийн газар ба Өвөр Монголын ноёдын харилцаа юм. Түүний онцлон тэмдэглэснээр, “Богд хаант Засгийн газрын Өвөр Монголын талаарх бодлогын судалгаа нэлээд хийгдэж байсан боловч … энэ бодлогыг хангалттай судлаагүйн улмаас ерөнхий төсөөлөл, хоосон номлогчийн үзэл (догматизм)” бий болсон байна. М.Тачибана Богд хаант Засгийн газар ба Өвөр Монголын ноёдын хооронд чухам ямар харилцаа өрнөж байсныг олон тооны сурвалжийг тун гярхай, чимхлүүрээр задлан шинжилж илрүүлсэн нь манай түүх судлалд хийгдэж байгаагүй судалгаа бөгөөд Богд хаант Монголын улсын түүхийг ойлгоход маш чухал алхам болжээ. Иймд уншигч танд М.Тачибанагийн судалгаан дахь Богд хаант Монгол улс байгуулагдсан болон тус улсаас Өвөр Монголын ноёдтой харилцсан хэсгийг товч танилцуулж байна.        

Богд хаант Монгол улс байгуулагдсаны шалтгаан нь юу байсан бэ?

XX зууны эхээр Богд хаант Монгол улс байгуулагдаж, олон улсын харилцааны субъект болсон, Ар, Өвөр Монголын асуудал их гүрнүүдийн ашиг сонирхлын нөлөөгөөр шийдэгдсэн зэрэг үйл явдлууд нь гадаад хүчин зүйлс, ялангуяа Хаант Оросын гадаад бодлоготой нягт холбоотой байсан нь эргэлзээгүй юм. Гэвч монголчуудын дотоод хүчин зүйлсийг авч үзэхгүйгээр Богд хаант Монгол улсын түүхийг ойлгох боломжгүй болно. Тэгвэл М.Тачибана “Монголын мартагдсан түүх” хэмээх бүтээлдээ 1911 оны сүүлээр Халхын ноёд, дээд лам нар тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант улсыг байгуулсан түүхэн үйл явдлын шалтгааныг монголчуудын дотоод хүчин зүйлс, ялангуяа бидний машид дутуу анхаарч ирсэн монгол язгууртнуудын төр ёсны уламжлал, үзэл сурталтай нягт холбон тайлбарласан байна. 

Тэрээр Ар, Өвөр Монгол дахь газар бэлчээрээ хамгаалах, цэргийн албаа орхих, эзэн ноёныхоо эсрэг зарга мэдүүлэн тэмцэх гэх мэт тус тусдаа зорилготой жирийн ардын хөдөлгөөн, дугуйлангуудыг Монголын үндэсний нэгдмэл шинжтэй тусгаар тогтнолын хөдөлгөөн гэх ойлголтод хамааруулах замаар төр байгуулах үйл ажиллагаатай холбож тайлбарлаагүй ажээ. М.Тачибана “”Монгол” нь зөвхөн газар нутгийн хувьд олон утгатай байснаар үл барам мөн давхаргын хүрээ ч байсан ба засаг ноёноос эхлээд захирагчийн давхарга болох ван гүнгүүд шашины удирдлагууд болох хутагт болон хувилгаан, мөн харц гэх мэт “энгийн ард” ба шавь хэмээгдэх сүм дуганы иргэд гэх мэт янз бүрийн давхарга байсан. Эдгээр нь тухайн үед ямар ч ялгаагүй адилхан харъяалагдах санаа (identity) агуулж байсан гэж сэтгэхэд хэцүү юм. Тэд нэгдэн зөвшилцсөн” гэдэг нь эргэлзээтэй болов уу гэжээ. Ингээд тэрээр Богд хаант Монгол улс байгуулагдсан үйл явдлыг тайлбарлахдаа нийгмийн дээд давхарга, язгууртнуудын үйл ажиллагаа, тэдний хоорондын харилцааны асуудлыг чухалчлан авч үзсэн байна. 

М.Тачибана чухам юу хэлээд байгааг ойлгохын тулд эхлээд Богд хаант Монгол улсаас өмнөх цаг үед монгол язгууртнууд хэрхэн шинэ төр байгуулж байсныг энд дурдах хэрэг гарч байна. Энэ талаарх сүүл үеийн судалгааг Д.Снийт, Л.Мөнх-Эрдэнэ, И.Элверског нар хийжээ. Д.Снийтийн үзэж буйгаар, орчин үежилтээс өмнөх үед монголчууд эзэн-харъяатын ёс бүхий “язгууртны дэглэм”-д суурилсан төрт нийгэмтэй байжээ. Түүний үзэж буйгаар,

Монгол нутагт Чингис хааны байгуулсан төвлөрсөн төр оршин байсан ч хожим тэрхүү төр нь төвлөрсөн бус байдалтай болж, улмаар 1640 онд Халх-Ойрадын язгууртнууд чуулган хийж, их цааз хэмээх хууль батлах замаар “тэргүүнгүй төр” байгуулсан бөгөөд монголчууд ямар төртэй байх нь энэ мэтээр тухайн үеийн нөхцөл байдалд орон нутгийн эзэн эрх бүхий язгууртан ноёдын хооронд өрнөсөн харилцаагаар тодорхойлогдож байжээ. 

Л.Мөнх-Эрдэнэ, И.Элверског нарын судалгаагаар, Манж Чин улсын төр байгуулагдан хүчирхэгжсэн нь Манжийн удирдагч хийгээд Өвөр Монголын (өнөөгийн нэршлээр) Хорчин, Харчин, Авга зэргийн монгол язгууртнуудын хооронд шинэ төр байгуулах харилцааны үр дүн ажээ. Л.Мөнх-Эрдэнийн бичсэнээр, Манжийн удирдагч эхэндээ хамтын дайсан (Мин улс, их хаан Лигдэн)-ны эсрэг Хорчин, Авга нарын язгууртнуудтай холбоотны гэрээ байгуулаад, хамтын хүчээр зорилгоо биелүүлсний дараа зальжин бодлогоор монгол ноёдыг өөрийн харъяат болгожээ. 

Гэвч дээрх судлаачдын судалгаанаас үзвэл, Манжтай төрөө нэгтгэж, манж хааны харъяат болох нь хаанд үг дуугүй захирагдах харилцаа огт биш бөгөөд хаан ба язгууртнууд харилцан үүрэг хүлээж, үүгээрээ хаан нь ноёдын орон нутаг дахь эзэн эрхийг баталгаажуулах, харъяат ардаа захирах эрх мэдлийг нь хадгалах, харин ноёд нь хаанд цэргийн хүчээ өгөх гэх мэтээр хоёр талд ашигтай гэрээ байгуулснаар сая хүчин төгөлдөр болж байжээ. Халх-Ойрадын тэргүүнгүй төр (Д.Снийтийн нэрлэснээр) эвдэрсний дараа Галданд цохигдсон Халхын язгууртнууд энэ мэтээр гэрээ болзоо тогтож, манж хааны харъяат болсон байна. Хожим 1911 онд Манж Чин улсаас төрөө салгаж тусгаар тогтнолоо зарлахдаа Халхын Хүрээний Түр засгийн газрын эрх баригчид Хүрээн дэх амбанд Манжийн хааныг бид цэргийн хүчээр хамгаалах урьдын гэрээтэй гэдгээ дурдсан асуулга өгсний дараа шаардах бичиг гардуулж, нутгаасаа хөөжээ. Энэ нь монгол язгууртнууд ба Манжийн хааны хооронд тогтсон гэрээ болзол байсныг илтгэж байна.    

М.Тачибана “Монголын мартагдсан түүх” бүтээлдээ чухам яагаад Халхын язгууртнууд 1911 онд Манж Чин улсаас салж, тусгаар тогтносон улс байгуулах болсны учрыг дээрхийн адил язгууртнуудын харилцаагаар тайлбарласан ажээ. Тэр “Монголчууд яагаад тусгаар тогтнол руу тэмүүлэх болсон бэ” гэж асуусны дараа “Энэ асуудал нь өнөөг хүртэл өргөн яригдаж, Хятадын худалдаачдад тавьсан их хэмжээний өр ч дурдагдаж байгаа боловч ихэнх судлаачид бараг л ижил үзэл бодолтой байна” гээд, “Энэ нь монголчуудын тусгаар тогтнол руу тэмүүлсэн шалтгааныг Монголд “Шинэ засгийн бодлого”-ыг нэвтрүүлсэнд оршиж байгаа юм” гэж бичжээ. Британитай хийсэн Хар тамхины дайнд ялагдсаны дараа XIX зууны дунд үеэс Манжийн төр Монголын талаар баримталж ирсэн бодлогоо аажим өөрчилж, улмаар 1900-аад оны эхэн үеэс “Шинэ засгийн бодлого”-ыг хэрэгжүүлж, Монгол дахь засаг захиргааны хуваарийг өөрчилж, хятадуудыг суурьшуулах зэргээр илүүдэл хүн амын асуудлаа шийдэхийг оролдсон, мөн тэрхүү бодлогыг хэрэгжүүлэхээр илгээсэн түшмэд нь монголчуудын дургүйцлийг дээр, дооргүй хүргэж байсныг зохиогч дурдсан байна. 

Гэвч М.Тачибана Богд хаант улс байгуудагдсантай холбоотойгоор өөр нэг хүчин зүйлийг чухалчлан авч үзжээ. Хэдийгээр монгол ноёд “Шинэ засгийн бодлого”-ыг зогсоох арга хэмжээ авч байсан боловч 1911 оны 10 дугаар сарын 10-нд Ву Чан-д Цагаагчин гахай жилийн хувьсгал гарсан нь нөхцөл байдлыг эрс өөрчилсөн байна. Тэрхүү хувьсгал нь Манж Чин улсад хаант төрийг устгаж, улс төрийн “ардчилсан тогтолцоо бүхий Бүгд найрамдах” улсыг байгуулах зорилготой байлаа. Хаант төр үгүй болж, ардчилсан тогтолцоо бүхий Бүгд найрамдах төр бий болно гэдэг нь Монголын язгууртнуудын хувьд хэрхэвч хүлээн зөвшөөрч болшгүй өөрчлөлт байжээ. Зохиогч Манж-Монголын хооронд ямар харилцаа тогтож байсныг Ока Хирокийн судалгаанаас иш татаж,  “Чин улсын үе дэх Боржигоны удмынхныг голлосон Монгол (ван, гүн) нь үзэл суртлын талаасаа зах хязгаарт оршин байгаа бус, эзэн хаан болон ван гүнгийн хамт “ван гүн” гэсэн ижил зиндааг бүрдүүлсэн” байсан гэдгийг онцлон бичжээ. М.Тачибана цааш нь “ван гүн” хэмээх нэгэн бүлэгт багтан оршин суугаа гэсэн ухамсар нь хүчтэй болох тусам тэнд “Манж”, “Монгол” гэсэн ялгаа байхгүй” болсон гэдгийг онцлоод, үүгээрээ монгол язгууртнуудын хувьд төрийн тэргүүн хаан нь манж, монгол байх нь чухал биш, харин “хаант тогтолцоо” нь л тэдний тууштай баримталж байсан байр суурь байсан гэдгээр санаагаа тайлбарласан байна. 

Гэтэл Манж Чин улсад тэрхүү “ван, гүн” нарын язгууртны давхарга бүхий “хаант тогтолцоо”-г үгүй хийх хятадын хувьсгал гарч, түүнийг “ардчилсан тогтолцоо”-гоор сольж, Бүгд найрамдах улс байгуулах гэсэн нь монгол язгууртнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 1911 оны 10 дугаар сарын 10-нд Ву Чан-д хувьсгал гарсны дараахан Оростой ойр харилцаж байсан Халхад байдал эрс өөрчлөгдөж, 11 дүгээр сарын 30-нд Хүрээнд Халхын Түшээт хан, Сэцэн хан аймгийн ноёд Түр засгийн газар байгуулж, Манж Чин улсаас тусгаар тогтнох үйл ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Мөн Халх дахь энэ үйл явдлаас арай хожуу буюу 12 дугаар сарын 24-нд Өвөр Монголын голуу 80 гаруй ван, гүн Бээжинд эвлэл байгуулж, 12 дугаар сарын 30-нд Бүгд найрамдах тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв зөвшөөрөх аваас Манж Чин улсаас тусгаарлана гэдгээ мэдэгдэн, Манж Чин улсын засгийн газарт шаардлага дуулгасан тухай баримтыг зохиогч дурдсан байна. Гэхдээ М.Тачибана “Энэхүү Монголын ван, гүнгүүдийн үргэлжлэн нийлсэн хүйн шаардлага нь “Монголын нэгэн үндэстэн”-ий үйл ажиллагаатай санал нийлэхэд бус, юуны өмнө Чин улсыг хамгаалах явдалд оршиж байсан юм” гэж бичжээ. 

Үүнээс үзвэл Халх, Өвөр Монголын ноёд язгууртны дэглэм бүхий хаант төрийн тогтолцоо устахыг эрс эсэргүүцэж байсан боловч тэрхүү төрийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр өөр байр суурьтай байсан гэж ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл, Халхын ноёд Манж Чин улсаас салж тусдаа хаант төр байгуулах замаар язгууртны дэглэмээ хадгалж үлдэх алхам авч хэрэгжүүлсэн бол Бээжинд нэгдсэн 80 гаруй ван, гүн нар Манжийн хаант төрийг хамгаалах замаар дэглэмээ хадгалахыг илүүд үзсэн ажээ. 

Халхын зүүн 2 аймаг Богд хаант Монгол улсыг байгуулсан нь         

Бид 1911 онд Богд хаант Монгол улс үүсэн байгуулагдсан явдлыг Халхын дөрвөн аймгийн үйл ажиллагааны хүрээнд, эсвэл бүр панмонгол үзлээр нийт монгол угсаатнууд нэгэн төрийн дор нэгдэж, Их Монгол улсыг байгуулах гэсэн хөдөлгөөний илрэл мэтээр ойлгож ирсэн. Гэвч М.Тачибана 1911 оны 10 дугаар сарын 10-нд Манж Чин улсад Ву Чаны хувьсгал гарсны дараа Халхад ямар үйл явдлууд болсныг сурвалжуудаар нягталж үзээд, энэ мэтийн ойлголт нь үндэслэл муутай болохыг илрүүлсэн байна. Үнэн хэрэгтээ, 1911 оны 11 дүгээр сарын 30-нд Халхын зүүн хоёр аймгийн эрх баригчид болох Түшээт хан (чуулган дарга, Чагдаржав, жанжин Ханддорж) болон Сэцэн хан (чуулганы дэд дарга Гомбосүрэн, жанжин Гомбосүрэн, Цэрэнсодном, Намсрай) аймгийн  6 ноён, Да лам Цэрэнчимэд нарын бүрэлдэхүүнтэйгээр Халхын Хүрээний Түр засгийн газрыг яаравчлан байгуулсан бөгөөд тус засгийн газар 12 дугаар сарын 1-нд “Манай Монгол угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өөрөө улс болон… шинэ төр байгуулан тогтоохоор зөвлөн тогтсон” гэж тунхаглаад, 12 дугаар сарын 6-нд гадаад, дотоод чуулганд, 7-нд Шилийн гол, Улаанцав, Их зуугийн чуулгад болон Алашаа, Дарьганга, Баргад бичиг илгээж, Халх дахь “шинэ төр”-д нэгдэхийг уриалсан ажээ. 

Гэвч, М.Тачибанагийн бичсэнээр Хүрээний Түр засгийн газар төдийгүй, 12 дугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжлөн тусгаар тогтнолоо тунхагласан Богд хаант Монгол улсын Засгийн газрын эрх мэдэл нь ердөө Халхын зүүн хоёр аймаг болох Түшээт хан, Сэцэн ханы нутгаар хязгаарлагдаж байжээ. Үүнээс үзвэл, Богд хаант Монгол улс нь эхэн үедээ Ар, Өвөр Монголын зэрэг нийт монгол угсаатнуудын газар орон байтугай, Халх дотроо ч эрх мэдлээ тогтоож амжаагүй, зөвхөн Зүүн хоёр аймгийн хүрээнд оршиж байжээ. М.Тачибанагийн дурдсан сурвалжийн мэдээгээр, Халхын баруун хоёр аймгийн язгууртнууд болох Засагт хан, Сайн ноён хан нар Хүрээний засгийн газрыг сайшаахгүй байснаар барахгүй эсэргүүцэх байдалтай байсан аж. Гэвч 1912 оны 2 дугаар сард Манж Чин улсын хаан ширээнээсээ албан ёсоор буусан бөгөөд үүгээр Манжийн хаант төр мөхөж, хятадууд Бүгд найрамдах улсаа байгуулагдсанаар байдал өөрчлөгдсөн нь тодорхой юм. 

Дээрх үйл явдлаас хойш удалгүй “бурхан ивээж”, Хүрээний засгийн газрыг эсэргүүцэж байсан Засагт хан 1912 оны 6 дугаар сард нас барсан талаар Монголд байсан гадаад хүн мэдээлсэн тухай баримтыг зохиогч номондоо дурджээ. Мөн Засагт хан нас барсны дараахан буюу 1912 оны зун Засгийн газрын бүтцэд Бүгд ерөнхийлөн захирах яамыг нэмж байгуулж, Сайн ноён хан Намнансүрэн 7 дугаар сард Ерөнхий сайд болсноор Богд хаант Монгол улсын Засгийн газар Халхын 4 аймгийн язгууртнуудаар сая бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болох юм. Зохиогч энэ үйл явцад Оросын нөлөө байсан талаар нэлээд өгүүлсэн байна. Халхын зүүн хоёр аймгийн ноёд санаачлан Хүрээнд “шинэ төр” байгуулсны дараа Халхын баруун хоёр аймаг энэ төрд нэгдэж орсноор Халх дахь Богд хаант төр нь язгууртнуудын харилцаа, зөвшилцлөөр үүсэж байгааг М.Тачибанагийн судалгаа харуулж байна.   

Богд хаант улс ба Өвөр Монгол ноёдын харилцааны шинэ баримтууд           

Тэгвэл Халхад байгуулагдсан шинэ төрд Өвөр Монголын ноёд хэрхэн хандаж, Богд хааны засгийн газартай хэрхэн харилцаж байсан бэ? М.Тачибана яг энэ асуултад хариулах маш үнэ цэнтэй судалгааны ажлыг хийсэн байгаа юм. Түүний судалгаагаар, Богд хаант засгийн газраас Өвөр Монголд явуулсан бодлого нь тус улсын дотоод бодлого бус, харин гадаад бодлогын шинжтэй байсан бөгөөд Богд хааны Засгийн газар ба Өвөр Монголын засаг баригч ноёдын харилцааны асуудал дээр судлаачид өнөө хүртэл ихээхэн төөрөлдөж ирсэн байна. Түүнийхээр, өмнөх судлаачид Богд хаант Монгол улс байгуулагдахад Өвөр Монголын 49 хошууны 35 нь дагаар орохоо илэрхийлж бичиг ирүүлсэн хэмээн өгүүлж хэвшсэн нь эх сурвалжуудыг нарийн задлан шинжилж судалгааг сайн хийгээгүйн улмаас бий болсон ташаа ойлголт ажээ.  

Дээр дурдсанаар, Хүрээний Түр засгийн газар VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд өргөмжлөхөөр тогтож, 12 дугаар сарын 6-нд гадаад, дотоод чуулганд, 7-нд Шилийн гол, Улаанцав, Их зуугийн чуулгадад бичиг илгээж, Халх дахь “шинэ төр”-д нэгдэхийг уриалсан билээ. Гэвч Богд хаант Монгол улсын Өвөр Монгол дахь бодлого нь эхнээсээ амаргүй байдалтай тулгарчээ. Халхын Хүрээний засгийн газраас 1911 оны 12 дугаар сарын 6-7-нд Өвөр Монголын чуулганы ноёдод ухуулсан бичиг илгээсэн боловч хариу ирсэнгүй, бүр 1912 оны намар хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, шинэ төрд нэгдэхийг ухуулсан Хүрээний засгийн газрын бичигт хариу ирэлгүй бараг жил орчмын хугацаа өнгөрсөн ажээ. Гэтэл өмнөх судлаачид энэ хугацаанд яг юу болсныг анхаараагүй байна. Харин М.Тачибана дээрх хугацаанд чухам юу болж, Өвөр Монголын хошууд, чуулгадын зүгээс Халх дахь Хүрээний засгийн газрын талаар ямар байр суурьтай байсныг гярхай ажиглаж, архивын сурвалжаар нарийвчлан тодруулсан байна. 

Үнэн хэрэгтээ, дээрх хугацаанд Өвөр Монголын ноёдоос Халхын засгийн газарт маш цөөн бичиг ирснийг зохиогч Богд хаант улс ба Өвөр Монгол ноёдын харилцааны жишээ болгож авч үзсэн байна [1]. Гэтэл тэдгээр цөөн тооны бичгийг нь судалж үзвэл, хошуу нутагтаа засаг ноёны суудлын эрх булаалдаж тэмцэлдээд өрсөлдөгчийнхөө өмнө хүчгүйдэж, Богд хаанаас дэмжлэг авахыг зорьсон цөөн тооны тайжийн дагах бичиг, мөн Их Зуугийн чуулганы ноёдоос илүүлсэн 13 зүйлийн асуулга байсан ажээ. Тэдгээрээс Их Зуугийн чуулганы ноёдоос илүүлсэн 13 зүйлийн асуулга бичиг нь Богд хаант улсын талаарх Өвөр Монголын ноёдын байр суурийг ойлгох маш чухал баримт болж байна.  

1912 оны 4 дүгээр сард Өвөр Монголын Их Зуугийн чуулганы ноёдоос Монгол улсад 13 зүйлийн асуулга хүргүүлжээ. Тэрхүү 13 зүйлийн асуулгыг товчлон өгүүлбээс, тус бичигт урьдаар VIII Богд Жавзандамба хаан суувал хэн шашины хэргийг эрхлэх, хэрэв тэр шашины хэрэг эрхлэвээс хэн нь хаан суухыг асуужээ. Энэ нь шашины талын VIII Богд Жавзандамба ламыг улсын хаанд өргөмжлөх нь хэр зөв болохыг асуусан утгатай байна. Бас Халхын засгийн газарт Юань улсын Юлю Чуцай, Го Юйбао нар шиг эрдэмт түшмэл бий эсэх, үгүй аваас Эрний Хан ван, Вэй Баог юаньсюай болгосон ба Дундад Тан улс Сунь Дэсюг юаньсюай болгосон мэт эрдэм эс нэвтэрсэн хүнийг хэрэглээд алдаа гаргуузай гэж айж буйг бичигт өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ хэсэг нь Хүрээний Засгийн газарт эрдэмд нэвтэрсэн төрийн боловсон хүчний нөөц бий эсэхийг эргэлзсэн байдалтайгээр асуусан байна. Мөн шинэ улсын төсөв санхүүг хаанаас гаргах болон улсын нийслэл хаана байхыг асуулга бичигт лавласан байна (Энэ хэсэгт улсын нийслэл хаана байхыг асууж байгаа нь маш сонирхолтой бөгөөд Монгол улс нь Халхаар төвлөрөх нь хэр зохимжтой вэ гэсэн санаа агуулж байж ч болох аж). Энэхүү 13 зүйл асуулгаас үзвэл Их Зуу чуулганы ноёд Халхын шашины талын VIII Богд Жавзандамба лам нь хаан суух хууль ёсны эрхтэй эсэхэд төдийгүй Богд хаант Монгол улс нь санхүү, боловсон хүчний хувьд ямар зэрэг, ер нь оршин тогтнох чадавхи нь хэр байх вэ гэдгийг эргэлзэнгүй байдлаар асуусан байна. 

Их Зуу чуулганы ноёдын асуулгаас үзвэл, Халхад шинэ төр байгуулагдсан даруйд Өвөр Монголын язгууртнууд түүнийг шууд дагах боломжгүй байжээ. Богд хааны Засгийн газар 1912 оны 8 дугаар сарын 9-нд дээрх асуулгын хариу болгож, төр улс байгуулж буйгаа зөвтгөн, 13 зүйлээр хариулт өгсөн бичгийг боловсруулан илгээжээ. Дээрх асуулга ба түүнд өгсөн хариултаас үүдээд, М.Тачибана Халх ба Өвөр Монголын язгууртнуудын хоорондын соёл ба үзэл суртлын ялгаа байсан эсэхийг анхаарах хэрэгтэйг сануулаад, Өвөр Монголын түшмэл мэдлэг боловсролын хувьд Халхыг Өвөр Монголоос доогуурт үзэж байсан тухай баримтыг дурджээ.    

М.Тачибана цааш нь Өвөр Монголын 49 хошууны 35 нь Богд хаанд дагаар орохоо илэрхийлж бичиг ирүүлсэн тухай асуудлыг нарийвчлан судалж, маш сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Түүний судалгаа дараах үйл явцыг харуулж байна. Хүрээний Засгийн газрын бичгийг замд нь дарсан тохиолдол гарсан ажээ. Ингээд Хүрээний Засгийн газраас Өвөр Монголын 6 чуулганы ноёдод хүргүүлсэн дагаар оруулах бичигт хариу ирүүлэлгүй бараг 1 жил болох дөхсөн тул Богд хаант засгийн газраас цэрэг илгээж, 1912 оны 10 дугаар сарын 28-нд Шилийн голын чуулганы дарга Янсанг баривчлан Хүрээнд ирүүлсэн байна. Энэ явдлаас хойш Богдын Засгийн газар Өвөр Монголын ноёдод ухуулах бус, харин “үндэс язгуураа бодохгүй байна”, баривчилна гэх зэргээр зэмлэж, тулган шаардах арга зам руу орсон ажээ. Улмаар энэ мэт ажиллагааны үр дүнд нэлээд хожуу боловч Өвөр Монголын 49 хошууны 35 нь ямар нэг байдлаар дагаар орох бичиг ирүүлсэн байна. Тухайлбал, Богд хааны Засгийн газар Халхтай хамгийн ойр Шилийн голын чуулганы 10 хошууны дагаар орох бичгийг дөнгөж 1913 оны эхээр хүлээж авчээ. 

М.Тачибана Богд хааны Засгийн газар болон Өвөр Монголын ноёдын харилцааг авч үзэхдээ энэ мэтээр өмнө нь асууж, хөндөгдөж байгаагүй асуудлуудыг ажиглан, эх сурвалжуудыг нарийвчлан судалсан байна. Тэрээр энэхүү харилцааны асуудалд аль нэг талын дүгнэлт яаран хийхгүйгээр аль болох бодитой судалгаа хийх ёстойг сануулж, “Гадаад, Дотоод Монголын хагарлын шалтгааны нэг үндсийг энэ үетэй холбож болох учиртай юм” гээд, зарим нь үүнийг үгүйсгэх, зарим нь үүнийг нотлон ойлгохыг эрмэздэг ч тэдний тайлбарууд нь бодит байдлаас хол, тэрхүү бодит байдлыг тодорхой болгох оролдлого хийж байгаагүй болохыг дурджээ. 

Тэрээр Богд хааны Засгийн газар болон Өвөр Монголын ноёдын харилцааны талаар дараах дүнгэлтүүдийг хийсэн байна. Богд хаант засгийн газраас Өвөр Монголд явуулсан бодлого нь тус улсын дотоод бодлого бус, харин гадаад бодлогын шинжтэй байжээ. Халхад шинэ төр байгуулагдахад түүнд нь Өвөр Монголын чуулгад, хошуудын оролцоо, Халх, Өвөр Монголын язгуутнуудын хоорондын харилцан гэрээ болзол, тохироо байгаагүй, ер нь ингэх ч бололцоо хомс байсныг тэрээр тооцож үзсэн байна. Тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Халхын зүүн 2 аймгийн ноёдын санаачилж байгуулсан Богд хаант Монгол улс нь Өвөр Монголын ноёдыг “дагаар оруулж, харъяат болгох” бодлогыг баримтлахаас өөр аргагүй болсон гэж М.Тачибана үзжээ. Түүний үзэж буйгаар, Өвөр Монголын ноёдын эзэмшил нь Манжийн хаант төр мөхсний дараа Богд хаант Монгол улс ба Ар, Өвөр Монголыг өөрийн хэсэг гэж үздэг Дундад иргэн улс (ДИУ) гэсэн хоёр шинэ улсын хоорондох “сул орон зай” болж хувирчээ. Ингээд Өвөр Монголыг өөрийн хэсэг гэж үзсэн хоёр улс “тэрхүү сул орон зай”-г өөртөө нэгтгэх гэсэн өрсөлдөөнийг эхлүүлсэн байна..  

Хэдийгээр Богд хаант Засгийн газар нь Өвөр Монголд хүчин чармайлт гаргаж байсан боловч нөгөө талаас шинэ тулгар байгуулагдсан ДИУ-ын Засгийн газар Өвөр Монголд мөн л өөрийн бодлогыг хүчтэй явуулж, ноёдын цол, зэрэг, эрх мэдлийг хэвээр үлдээж, эд мөнгө шагнал амлаж аргадахын зэрэгцээ сүрдүүлэх, тулган шаардах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлж байжээ. М.Тачибанагийн үзэж буйгаар, Өвөр Монголд хоёр талаас явуулсан бодлого нь 1913 онд “Таван замын байлдаан” гэгдсэн зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн байна. М.Тачибана тухайн үед дундын сур орон зайд ДИУ-тай өрсөлдөх хэмжээнд бодлого, үйл ажиллагаа явуулж байсан Богд хаант Монгол улсын хүч нөлөөг дутуу үнэлж болохгүй юм гэж дүгнэжээ. 

[1] Жич: Манжийн хаант төр мөхсний дараа Хятадын Ерөнхийлөгч Юань Шикайн зүгээс Монгол ноёдын талаар явуулсан бодлогыг эсэргүүцэн тэмцсэн зарим нэг засаг ноёд болон Өвөр Монгол дахь колоничлол, эзэн ноёдынхоо эсрэг тэмцэл явуулж байгаад 1912 оноос хойш Богд хаанд дагаар орсон янз бүрийн давхаргын өвөр монголчуудын асуудал нь Өвөр Монголын 6 чуулганаас Богд хааны засгийн газартай харилцсан харилцаанаас тусдаа асуудал гэдгийг анхаарна уу. П.М 

1990 оны дараах “түүхийн засвар”-ыг шүүмжлэх нь

“Монголын мартагдсан түүх” бүтээл нь үнэндээ бидний “мэддэггүй түүх”-ийг ил болгож байна. Энэ бүтээлд Богд хаант Монгол улсын талаар өмнө нь судлагдаж байгаагүй, эсвэл эндүү ташаа ойлгож байсан асуудлуудыг түүх судлалын үүднээс зөв ажиглаж, ингэхдээ юуны өмнө 1911-1921 онд өрнөсөн үйл явдлуудыг судлахдаа цаг хугацааны нарийвчлалтайгаар хөөж тодорхой болгожээ. 

М.Тачибанагийн судалгааны үр дүнд, дээр дурдсан Богд хаант Монгол улс байгуулагдсан болон тус улсаас Өвөр Монголын ноёдтой явуулсан харилцаанаас гадна өөр чухал асуудлууд, тухайлбал Богд хаант улсын Засгийн газрын бүтэц, гадаад улсуудтай харилцах гэсэн эрх баригчдын бэлтгэл, тэдний өөр хоорондын харилцааны асуудлаас эхлээд Богд хаант улс нь олон улсын харилцааны субъект болохын хувьд ямар гадаад бодлого явуулж ямар үр дүнд хүрсэн, Өвөр Монголын хошуудад хоёр засаг ноёны тогтолцоо үүссэн, Монгол дахь улс төрийн байдал хэрхэн өөрчлөгдөж, 1921 онд хоёр засгийн газар байгуулагдсан тухай, мөн Монгол Ардын Нам нь харц ардын нам байсан уу, тайж түшмэдийн нам байсан уу гэх асуудлыг ч гаргаж ирсэн байна. Тухайлбал, МАН-ыг бүрдүүлсэн Консулын дэнжийн бүлгэмд Баяр гүн байсан, мөн тэргүүн зэрэг тайж Лувсанцэвээн эхэн үедээ тус намыхантай ойр холбоотой дэмжин ажиллаж байсныг зохиогч бичсэн бөгөөд хожим тэд Барон Унгерны чухал хамтрагч болжээ. Гэтэл социализмын үед МАН-ын түүхийг бичихдээ Баяр гүний нэрийг орхигдуулах болсныг зохиогч дурдсан байна.  

М.Тачибана XX зууны Монголын түүхийн талаарх ташаа ойлголтууд өнөөдөр хүртэл байсаар буйтай холбоотойгоор Монгол дахь өнөөгийн түүх судлалд ч шүүмжлэлтэй ханджээ.  Тэрээр социалист Монгол дахь түүх судлалаас илүүтэй 1990 оны дараах түүх судлалыг онцолж шүүмжилсэн нь сонирхолтой юм.

Тэрээр социализмын үед Богд хаант Монгол улсын түүхийг Марксист-Ленинист үзлийн хүрээнд судалсан байдлыг дурдахдаа “Социализмын үеийн БНМАУ-д Монголын орчин үеийн түүх нь 1921 оны Монголын ардын хувьсгалаас эхлэн бичигдэж байсан бөгөөд мөн тусгаар тогтносон улсаа байгуулсан гавъяаг бүхэлд нь МАН-д оноохыг оролддог байсан тул Богд Хаант Засгийн газар нь үгүйсгэгдэхээс өөр аргагүй байсан” гэж бичжээ.

Түүний үзэж буйгаар, 1990 оны ардчилсан хувьсгалын дараа түүх судлалын нөхцөл байдал өөрчлөгдсөн боловч Монголд “түүхийг дахин засварлах ажил” буюу өөр нэг туйлшрал эхэлжээ. Энэ талаар М.Тачибана “Ардчилсан хувьсгалаас хойш Монгол улсад “түүхийг дахин засварлах” ажил явагдаж, социализмын үеийн Марксизм-Ленинизмээр тайлбарлан таниулахыг татгалзаж, “Монгол улсын түүх”-ийг бичихийг зорьж байна” гээд, “1911 оны тусгаар тогтнолын тунхаглалыг 1921 оны Монголын хувьсгалаас илүү чухал… гэж үздэг судлаачид ч бас гарч байна” хэмээжээ. Түүний үзэж буйгаар, энэ нь “… өнгөрсөн түүхийн үйл явдлыг өнөөгийн ойлголтоор тайлбарлахыг оролдох болсон түүхийн эсрэг ойлголт” бий болж буйн илрэл ажээ. 

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар

Эх Сурвалж: sonin.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!