LOADING

Type to search

Uncategorized

Сүнстэй хөөцөлдсөн түүх: Үнэн ба худал, домог ба баримт

Share

Сүнс гэж юу вэ? Хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацаанд энэ асуултад хариу өгөх гэж хичээсээр ирсэн. Янз бүрийн цаг үед энэ асуудалд янз бүрээр хандаж, нэгэн цагт хөдөлбөргүй үнэн гэгдэж байсан зүйл нөгөө цаг үед хий хоосон төөрөгдлийн жагсаалтад орж, эргэж буцаж, төөрч будилсаар ирсэн нь бидний сэрэл мэдрэхүйгээс ангид оршигч шидлэг ертөнц юутай нууцлаг, адармаатайг нотлон харуулна.

Эртний халдейчүүд сүнс газар сайгүй орших бөгөөд байгалийн бүх үзэгдлийн шалтгаан нь болдог гэж үздэг байлаа. Тэднийхээр бол эдгээр сүнс тэнгэр, газар, агаар, ус, гал, ер хаа сайгүй оршин ертөнцийн бүх зүйлийг захирч, сайн муу бүгдийн үндэс болж, гариг эрхсийн хөдөлгөөнийг захирч, цаг улирлыг ээлжлүүлж, цас бороо оруулж, үхэл өвчин илгээдэг. Тэнгэрийн эрхэс, байгалийн юм бүгд өөрийн сүнстэй, тэдгээрийн зарим нь муу, зарим нь сайн, хоорондоо байнга тэмцэлддэг учраас энэ хорвоогийн амьдрал эрээнтэй бараантай гэж үздэг байв. Эртний Грек, Ром ч энэ үзлээс хол байсангүй.

Монголчуудын тухайд бүх юм сүнстэй гэдэг үзэл нэн эртнээс улбаатай бөгөөд монголчуудын язгуур шүтлэг болох бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийн амин сүнс нь гэж хэлж болно. Гэхдээ эртний халдей нарынхаас ялгаатай нь аливаа сүнс тодорхой нэгэн амьтан, хүн, эд юмсад л хамаатай. Харин байгалийн ноцтой үзэгдэл, өвчин тахал зэрэг нь ямар нэгэн сүнснээс бус, харин эзэн сахиуснаас хамааралтай бөгөөд хүний үйлдэл тогтсон хэм хэмжээ, хүрээ хязгаараас хальсан тохиолдолд эдгээр сахиус савдаг уурлаж дургүйцсэний илрэл, эсэргүүцэн сануулж, шийтгэн номхтгож буй хэрэг гэж үздэг.

Сүнснээс гадна сүлд гэсэн ойлголт монголчуудын уламжлалт бөө шүтлэгт чухал байр эзэлдэг. Сүрд буюу сүлд нь хүний аз хийморь, цог жавхлангийн асуудал бөгөөд хүний биеэс зайлахгүй, хазайх гудайх, хэвтэх унах мэтээр өөрчлөлтөд орсноор тухайн хүний ажил үйлс бүтэлгүйтэх, өнгө зүс доройтох, өвчин эмгэгт ээрэгдэх зэрэг өөрчлөлт ордог. Харин сүнс нь эзэн биеэ орхин гарах, холдон зайлах нь бий бөгөөд тусгай арга засал хийлгэж дуудуулахгүй удваас амь насанд халтай гэж үздэг.

Сүнсийг монголчууд хий биетэй, хийсгэлэн дүртэй гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл харах, барих биегүй боловч бодитой оршин байдаг зүйл юм. Шинжлэх ухаан хөгжиж, хүн төрөлхтний танин мэдэхүйн арга ухаан нарийсахын хэрээр сүнсмйг таньж мэдэх оролдлого нэмэгдсээр иржээ. Сүнсийг баримтжуулах оролдлогууд дотор гэрэл зураг чухал байр эзэлдэг.

1840-өөд онд гэрэл зураг бий болсны дараахнаас сүнсний зураг авах оролдлого хийгдэж эхэлсэн бөгөөд 1855 онд Америкийн нэгэн сэтгүүлийн эрхлэгч энэ талын урт хугацааны оролдлого амжилтад хүрэхэд ойрхон байна гэж мэдээлжээ.

Үүний өмнөхөн мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд гоц чадвартай нэгэн төрсөн хүүгийнхээ зургийг дагерротип (1837 онд Францын зураач Дагер хавтан дээр зураг буулгах арга нээж, түүнийгээ дагерротип гэж нэрлэсэн нь тухайн үедээ дуулиантай нээлтийн нэг байв. Зох.)-ын хавтанд буулгатал нарийхан нүхээр тусах нарны туяа мэт зурвас гэрэл хүүгийнх нь мөрөн дээгүүр гарсан юмсанж. Ийм гэрэл гарах ямар нэг шалтаг шалтгаан бий эсэхийг нягт шалгаад олоогүй тул энэ бол сүнсний зураг байж мэднэ гэсэн дүгнэлт хийсэн нь дээрх сэтгүүл ийн мэдэгдэхэд хүргэсэн бололтой.

Харин 1862 онд Мёмлер гэдэг хүн гэрэл зураг сонирхох болсон нь сүнсний зураг авах оролдлогод ихээхэн дуулиан тарьсан гэж хэлж болно. Огт өөр мэргэжилтэй энэ хүн нэгэн бүтэн сайн өдөр найзынхаа урланд ганцаараа байж байгаад өөрийнхөө зургийг саваагүйтэн дарсан нь түүний алдаршихын эхлэл болжээ. Түүний зурган дээр өөрөөс нь гадна бас нэг хүний дүрс гарчээ. Зургийн хавтан дээр урьд нь буулгасан хүний дүрс байх гэж бодсон боловч олон дахин шалгасны эцэст тийм байх боломжгүй нь нотлогдож, Мёмлер найз нарынхаа зөвлөснөөр сүнсний гэрэл зураг авах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж эхлэв. Гэвч түүний авсан зарим зурагт амьд сэрүүн байгаа эмэгтэйчүүдийн дүр гарсан нь тодорхой болж, олон нийт түүнд итгэхээ больжээ. Хэсэг зуур сураг нь алдарсан тэрээр 1869 онд Нью-Йоркад ирж, хэдэн сарын дараа хууран мэхэлсэн хэргээр шалгагдаж эхлэв.

Сүнсний дүрсийг хуурамчаар буулгасан гэх ялаас нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр мултарсан тэрээр дараа нь олон жил энэ ажлаа хийсээр байжээ.

Английн гэрэл зурагчин Гедсон 1872 оноос эхлэн Мёмлер шиг зураг авч эхэлсэн ч бодитой гэж итгэхэд хэцүү, ер нь л алдаршихын төлөөх заль мэх гэдэг нь тодорхой байсан болохоор мэргэжилтнүүд сонирхсонгүй. Гэхдээ түүгээр аавынхаа сүнсний зургийг авахуултал нас барахаасаа өмнөхөн өмсөж байсан хувцас тэргүүтэн нь их л тодорхой гарсан гэх нэгэн хатагтайн түүх 1894 онд хэвлэгдсэн “Human nature” сэтгүүл, “The veil lifted” гэдэг номонд бичигдэж, ихээхэн дуулиан тарьж байсан түүхтэй.

Францууд ч үүнээс бас хоцорсонгүй. Тухайн цагийн нэртэй шидтэн Фирманы дэмжлэг, “Revue spirite” сэтгүүлийн эрхлэгч Леймаригийн санал болгосноор Бюге гэгч нэгэн Парист 1893 оноос сүнсний зураг авч эхэллээ. Гэвч цагдаагийн ажилтан бөгөөд гэрэл зурагчин Ломбарт сэжиг төрж нэгжлэг хийтэл нөгөөх нь хүүхэлдэй, янз бүрийн хүний зураг ашиглан хүмүүсийн итгэл, сонирхлоор тоглож байсан нь илэрч, хуйвалдагч гурав хөөрхөн шийтгэл хүлээжээ.

Тэр үеийн сүнсний зураг авагчдын дунд алдаршихыг хүссэн зальтнуудаас гадна үнэхээр итгэж, хүсч энэ ажлыг хийж байсан хүн цөөнгүй бий. Тэдний нэг нь Английн Битти хэмээгч. Нийгэмд нэр хүндтэй энэ эрхмийн 1872-1873 онуудад хийсэн туршилтууд эрхгүй анхаарал татдаг. Дараалан авсан зургууд дээр эхэндээ анзаарагдах төдий байсан гэрэлт цагаан дүрс аажмаар томрон хүний хэлбэртэй болж буй нь Биттигийн нэрийг ихэд өргөжээ. Техник технологи хөгжихийн хэрээр сүнсний зураг авах үйл явц ч төгөлдөржиж ирсэн бөгөөд өнөөдөр ийм зургууд хэний ч гайхлыг төрүүлэхээ болиод байна.

Хүн төрөлхтөн сүнсний зургийг авч чадсаны дараа илүү бодитой нотолгоо шаардах болов. өөрөөр хэлбэл сүнсийг нүдээр харж, гараар барьж үзэхийг хүсч байлаа. Энэхүү хүслийг нь хангагчид ч тэр дороо олдож, Америкт хатагтай Эндрью олны өмнө сүнс үзүүлж, Европын медиумууд ч түүнээс хоцрохыг үл хүсэн сүнсийг бодотжуулах аянд мордож, худал үнэний алин болохыг олон нийт ялгаж салгаж ойлгохын аргагүй юм боллоо.

Вильям Крукс гэдэг судлаач 15 настай Флоренса Кукийг туршилтын объектоо болгож, түүний дагуул Кэти Кэнг гэгчийн сүнсний зураг авсан гэж дуулиан тарьж байжээ. Тэр бүү хэл Кэти Кингийн судасны цохилтыг мэдэрч, амьсгааг нь судалж, үснээс нь хүртэл нэг тугийг авсан, зөвшөөрөл авсны эцэст үнсэж үзсэн гэж Крукс мэдэгдэж байж. Флоренса Кук 1880 оны нэгдүгээр сарын 9-нд Британийн сүнсчдийн нийгэмлэг (British Assotiation Spiritualists)-т сүнсний үзүүлбэр хийх үеэр нэгэн үл итгэгч тэдний бяцхан залийг илчилсэн тухай Копенгагений психофизикийн лабораторийн захирал, доктор Альфред Леманн 1893 онд бичсэн “Шидийн ухаан, мухар сүсгийн түүх” номондоо өгүүлсэн нь буй.

Сүнсний зургийг авахаас гадна хөл, гарынх нь хэвийг авч чадлаа гэх мэдээ тухайн үед мөн л шуугиан тарьж байжээ. Энэ санааг анх Америкийн геологч, профессор Дентон гэгч гаргаж, нэг удаагийн сүнс дуудах үзүүлбэрийн үеэр сүнсний хурууг хайлмаг парапинд дүрж, хэвийг нь бэхжүүлж үзтэл тэнд буй хүмүүсийн хэнийхтэй ч тохирохгүй хээ бүхий хурууны хэв авагдсан гэж мэдэгджээ. Хожим нь сүнс судлаачид бүтэн гар, хөлийн хэв авч, үүнийгээ сүнс бодтойн баталгаа болгож байсан баримт байна. Ийм парафин хэвнээс амьд хүн гараа сугалахад бугуйн нарийн хэсэг нь заавал эвдрэх ёстой атал зүв зүгээр байгаа нь махан биетэй хүнээс хамаагүй бодот бус биет буюу сүнс байгааг харуулж байна гэж сүнсчид нотолгоо болгодог байлаа. Харин үл итгэгчид болохоор үүнд итгэх хэрэггүй, яагаад гэвэл сүнс дуудах үзүүлбэрийг туйлын эргэлзээтэй орчинд явуулдаг, нөгөөтэйгүүр бага зэргийн дасгал сургууль хийсэн ямар ч хүн парапин хэвийг гэмтээлгүйгээр хөл гараа сугалж чадна гэж мэтгэлцдэг байв.

18-р зуунд сүнсийг бодотжуулж болно гэж хүн төрөлхтөн гэнэхнээр итгэж байсны нотолгоо нь дээр дурдсан баримтууд бөгөөд энэ бүгд нь химийн янз бүрийн элементүүд хольж найруулан алт гаргаж авах гэсэн алхимичдийн оролдлогоос нэг их дээрдсэнгүй.

Сүнстэй хөөцөлдсөн түүх одоо ч үргэлжилж, улам бүр зузаарсаар байгааг эрхэм уншигч та ч анзаарч буй нь лавтай. Энэ хөөцөлдөөнд эцэс төгсгөл гэж бий эсэхийг хэн ч хэлж үл мэднэ.

Урианхан Б.Галаарид

Эх сурвалж:“Гэрэлт Цалиг” сонин. 2009 оны нэгдүгээр сар. №01

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!