LOADING

Type to search

Uncategorized

С.Удвал ахайтны анхны хайрын түүх

Share

Ардын хувьсгалтай, Ардын намтайгаа нас чацуу эрхэм ахайтан ажил хөдөлмөрийн гараагаа Өмнөговь аймгаас эхэлсэн гэдэг. Өнчин өрөөсөн үлдэхийн зовлон, өсөж өндийхийн жаргалыг уран яруухан хүүрнэсэн “Ховор хүн” тууж, “Одгэрэл” өгүүллэгийг өөрийн туулсан амьдралаас сэдэвлэж бичсэн гэж судлаачид үздэг.

Юутай ч аль ч бүтээлдээ тусгаагүй нууц агаад нандин учралаа аминчилж ярьсныг Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров гуай “Элдэв учрал” хэмээх дурсамж номдоо тэмдэглэн үлдээжээ. Энэ бол Удвал гуай ярьж, Дооров гуай тэмдэглэж үлдээсэн амин хайрын тухай уярангуй, бодлогошронгуй дурсамж юм.


1940-өөд оны үе юм санж. Эх орны дайны хүнд хэцүү цагт юм байх. Хил хязгаарын байдлыг батлан сахих, хилчдийн алдар нэр ажил үйлсийг өргөн дэлгэр сурталчлах талаар нам засгаас анхаарч эхэлсэн жилүүд байж. Цэл залуухан Сономын Удвал ямар нэгэн сонины /Өмнөговь аймгийн сонин ч гэдэг бил үү/ сурвалжлагч болоод хилийн отряд, заставыг сурвалжлах үүрэг авчээ.

Ингээд залуухан бүсгүй шинэхэн албанд шийдмэгхэн оров. Ажил төрлийн шугамаар аль сайхан хүнтэй уулзаж учрахыг тэр гэх вэ. Нэг отрядын дарга залуухан эр таарчээ. Хилийн албанд ирээд удаагүй, эхнэр хүүхэдгүй чухам л хуйгүй сэлэм шиг гялалзсан эр байж.

Төвийн залуу сурвалжлагч бүсгүйг өөрийнхөө өрөөнд байрлуулж, бүр өөрийнхөө оронд нойрсуулж, өөрөө харин гадаа үүдэнд нь эвхмэл ор тавиад унтаж гэнэ. Цэргүүд, офицеруудаасаа харамлаж, хайрлаж, хамгаалж байгаа санаа нь тэр юм байх. Нэг хоёр хоносны дараа сурвалжлагч бүсгүй явах болж, отрядын дарга залуу ёс журмын дагуу үдэж өгчээ.

Сонины газрыг гэдэг ч бил үү, муу “полу” тэргэндээ суугаад хөдөлж дээ. Гэтэл нэг харсан өнөө отрядын дарга маань цав цагаан морь уначихсан, тас хар нөмрөг нөмөрчихсөн чухам Чапаев шиг сүртэй жанжин машин зам дагаад давхиж явна гэнэ. Залуу халуун нас хойно доо. Эхлээд ч элгээ хөштөл инээж.

Мөнөөх дарга ч машины бараа алдалгүй давхиад л, тас хар нөмрөг нь хийсээд л, залуу сурвалжлагч бүсгүй инээгээд л…
Гэтэл аливаа юм хэмжээ хязгаартай хойно. Отрядын харьяа газар дууссан ч юм уу, яасан юм бэ мэдэхгүй, өнөө сайхан залуу дарга нэгэн овоон дээр мориныхоо амыг татан ёслоод үлдэж гэнэ.

Буцаж ирсэн хойно залуу дарга үе үехэн бодогдоод, сэтгэл гэгэлзээд байх болжээ. Ер төдий л удалгүй Хилийн цэргийн … дугаар ангиас гэсэн захиа хүрч ирэв. Удвал ахайтан ч, халуун залуу насны дэврүүн сайхан сэтгэлээр хариу бичиж илгээсэн байна. Хайрын гэгээн үгс, ханилан суухын ариун мөрөөсөл болон хувирч хилийн цэргийн залуу дарга нэг насны минь хань, нимгэн биений минь тал болооч хэмээн гуйх болж.

Удвал ахайтан удтал бодож цааргалсны эцэст хилийн залуу даргад итгэж “… Өөрийнхөө гэрийг бариач ээ, өрхний чинь оосрыг татья даа” хэмээх хариугаа бичиж илгээсэн байна. Гэтэл хариу ирсэнгүй. Нэг жил, хоёр жил болжээ. Он цаг, гол ус мэт урсан одож Удвал ахайтан нийгэм соёлын том зүтгэлтэн, ард түмний хайртай зохиолч болов.

Гэвч анхны хайрын эзэн огт сураггүй гэнэ. Бүр хожим сураг сонсвол Удвал ахайтны залуу цагийн захиаг тээж явсан шуудангийн тэрэг онхолдон шатсан юм санжээ. “Дундговь аймгийн төвөөс наахна, хорь гучаадхан километрийн орчим нэг шатсан машины сэг бий дээ. Тэнд л миний анхны хайр, анхны амьдрал шатчихсан юм даа.

Хожим дуулахнаа, машины жолооч ч, зорчигчид ч замын турш архидаж согтуу явсан юм билээ. Тэгээд осолдож шатсан гэдэг. Тэр хүмүүс өөрсдөө амь үрэгдээд зогссонгүй миний амьдралыг бас үрчихсэн юм. Надаас өөр хэдэн ч хүний амьдрал дам, дамаа ингэж шатсаныг хэн маань тоолж чадах билээ дээ.

Архи идээний дээж гэдэг ч амьдралд бас балаг тарьдаг л эд юм аа…гээд Удвал ахайтан гунигт дурсамжаа намуухан жаргааж билээ” хэмээн бичсэн байдаг сан. Их утга зохиолын их авхайн тухай үлгэр домог мэт яриа олон бий. Ямартаа ч Монголын утга зохиолын төлөө бие сэтгэлээ харамгүй зориулсан, нийгэм соёлын гарамгай зүтгэлтэн байсан юм.


З.Цэцэнбилэг

Эх сурвалж: Монголын үнэн

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!