LOADING

Type to search

Uncategorized

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд шинжилгээ өгөхийн өмнө дараах зүйлсийг АНХААР

Share

Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулах юм.

Үзлэгт хамрагдах иргэд шинжилгээ өгөхийн өмнө юуг анхаарах шаардлагатай талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө. Тодруулбал, шинжилгээ өгөхийн өмнө тодорхой дэглэмийг баримтлаагүй тохиолдолд хариу худал гарах магадлалтай гэсэн үг. Тиймээс дараах зүйлсийг анхаараарай.

Шээсний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйлс

Шинжилгээний өмнө:

-Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед буюу дууссанаас хойш 5 хоногийн дараа шинжилгээ өгөх

Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө:

-Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс дасгалаа зогсоосон байх

Шинжилгээ өгөхөөс нэг хоногийн өмнө:

-Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх

Шээсний шинжилгээ авахад анхаарах асуудал:

-Шээсний ерөнхий шинжилгээ өгөхийн өмнө бэлэг эрхтнийг сайтар угаасан байх

-Заавал өлөн шээс өгөх буюу нэг удаагийн ариун саванд шөнийн турш давсганд хуримтлагдсан өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны 1/2 тосч авах

-Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх

-Шээсийг хөөсрүүлж сэгсрэхгүй авчрах

-Шээсийг хөлдөөж болохгүй

Шээсийг зориулалтын саванд хийхгүй байх, бэлэг эрхтнээ угаахгүй байх зэрэг нь шээсэнд бусад газрын нян орж, шинжилгээний хариу буруу гарахад нөлөөлнө.

Хэт их дасгал хөдөлгөөн нь шээсний хүчил-шүлтийн тэнцвэр, хувийн жинд нөлөөлнө.

Будагч бодистой хоол хүнс, кофе, шоколад зэрэг чихэрлэг хүнс нь шээсний өнгөнд өөрчлөлт өгөх, хүчил-шүлтийн тэнцвэрийг алдагдуулах, хувийн жинд нөлөөлөх бөгөөд ингэснээр хариу буруу гарах магадлалтай.

Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, өлөн үеийн глюкоз, тэмбүү, ХДХВ, гепатит В, С вирусын шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйлс

Шинжилгээ өгөхөөс 7 хоногийн өмнө:

-Өөх, тостой хоол, хүнс их хэрэглэхгүй байх

-Өөх, тосны хэмжээ буулгах эм уухгүй байх

Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө:

-Аскорбины хүчил /Витамин С/ хэрэглэхгүй байх

Шинжилгээ өгөхийн өмнө буюу өмнөх өдөр нь:

-Шар лууван, жүрж, хэт хурц, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол идэхгүй байх

-Архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байх

-Биеийн хөдөлмөр их хийх, хэт ядрахаас зайлсхийх

-Эм, тариа, ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоох

-Зүү, төөнүүр тавиулах, радиоизотопийн болон рентген шинжилгээ
зэргийг хийлгэхгүй байх

-Онцын шаардлагагүй үед эм уух буюу тариа хийлгэхгүй байх

ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ:

Хүний бодисын солилцооны идэвхийн өдрийн хэмнэл гэж байдаг ба үүнтэй холбоотойгоор олон даавар болон биохимийн үзүүлэлтүүдийн хэмжээ цаг хугацааны хамааралтайгаар өдрийн турш хэлбэлздэг байна.

Шинжилгээний үзүүлэлтийн лавлах хэмжээ (хэвийн хязгаар)-г өглөө авсан цусанд хийсэн шинжилгээний дүнг статистик аргаар боловсруулалт хийж гаргадаг.

ЭМИЙН БОДИС: Лабораторийн шинжилгээний үр дүнд нөлөөлөх эмийн бодис гэж байдаг. Эмүүд нь хүний физиологийн үйл ажиллагаанд, шинжилгээний химийн урвалд нөлөөлж, хариунд өөрчлөлт өгөх магадлалтай.

ХООЛЛОЛТ:Зарим хүнсний бүтээгдэхүүний хэсгүүд нь ходоод, гэдэсний замд шууд шимэгдэх эсвэл урвалж бодисын шинжлэх найрлагад нөлөөлдөг. Үүнд: өөх, тос ихтэй хоол хэрэглэснээс цусанд түүний хэмжээ ихсэж, ийлдсийг цайвар булингартай болгож, хэмжилт алдаатай гарахад шууд ба шууд бусаар нөлөөлж болно.

БИЕИЙН ХҮЧНИЙ БОЛОН СЭТГЭЛЗҮЙН АЧААЛАЛ: Дааврын болон биохимийн үзүүлэлтүүдийн хэмжээнд нөлөөлдөг.

АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ: Бодисын солилцооны үзүүлэлтүүдэд цочмог болон архаг байдлаар нөлөөлнө.

ТАМХИ: Биологийн идэвхит зарим бодисын шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна.

ФИЗИК ЭМЧИЛГЭЭ, БАГАЖИЙН ШИНЖИЛГЭЭ: Лабораторийн зарим үзүүлэлтийн цусан дахь хэмжээг богино хугацаанд өөрчилдөг.

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйлс

-Шинжилгээ өгөхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идээгүй байх /хоолны шингэц муу бол 14:00 цагаас хойш/

-Өглөө өлөн байх, ус уухгүй байх

-Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх

-Тамхи татаагүй, бохь зажлаагүй байх

-Эм уухгүй байх

Идсэн хоол, хүнс, эм зэргийг ходоод бүрэн задалж амжаагүйн улмаас шингэж амжаагүй зүйлс ходоодны харах талбайг тод, бүрэн харах боломжгүй болгодог. Мөн бохь зажилснаар ходоодонд хий хуримтлагдана.

Умайн хүзүүний эсийн шинжилгээ пап тест өгөхийн өмнө анхаарах зүйлс

7 хоногийн дотор:

-Үтрээний лаа, крем, бусад эмчилгээ хийгээгүй байх

2 хоногийн өмнө:

-Үтрээний угаалга хийгээгүй байх

-Угаалга, үнэр дарагч, цацлага хэрэглээгүй байх

-Бэлгийн харьцаанд ороогүй байх

-Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх

-Жирэмсэн байж болзошгүй хүмүүс шинжилгээ өгөхөөс өмнө жирэмсэн болсон эсэхээ шалгах

Эсийн шинжилгээг умайн хүзүүнээс авах бөгөөд харах талбай хуурай, цэвэр байх нь шинжилгээний дүгнэлт зөв гарахад ач холбогдолтой.

Хэвлийн хэт авиан шинжилгээ (элэг, цөс, нойр булчирхай, элүү, түрүү булчирхай)

Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө:

-Хий үүсгэдэг хоол, хүнс хэрэглээгүй байх

Оношилгоо хийлгэх өдрөө:

-Өлөн үедээ эсвэл хооллосноос хойш 6-8 цагийн дараа шинжилгээ өгөх

-Дурангийн оношилгоо хийлгэхээс өмнө харуулах

-Давсаг шээстэй байх

Илүүдэл жинтэй, гэдэс дүүрдэг хүмүүс, хий үүсгэдэг хоол хүнс хэрэглэх нь /сүү, цагаан идээ, хийжүүлсэн ундаа, өндөг/ гэдэс хийгээр дүүрч, нойр булчирхай харагдахгүй байх эрсдэлд хүргэдэг.

Мөн ходоодны дурангийн дараа гэдэс хий ихтэй болж, нойр булчирхай ялгаран харагдахгүй учир өмнө нь хийлгэх хэрэгтэй.

Аарцгийн хөндийн эрхтнүүдийг /умай, түрүү булчирхай/ дүүрэн шээстэй давсгаар “цонхолж” хардаг болохыг анхаарах хэрэгтэй.

Бамбай булчирхай болон хөхний хэт авиан шинжилгээ

-Өлөн ирэх шаардлагагүй

-Тусгайлсан бэлтгэл шаардлагагүй

-Бамбай булчирхай үзүүлэхдээ хүзүүг ил гаргасан байх /хүзүүний
зүүлтийг авах/

Зүрхний цахилгаан бичлэг хийлгэхийн өмнө анхаарах зүйлс

-Зүрх,судасны үйл ажиллагааг идэвхжүүлэх кофе, согтууруулах
ундааны зүйл зэргийг хэрэглэхгүй байх

-Бичлэг хийхийн өмнө тайван байх хэрэгтэй

Эх Сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!