LOADING

Type to search

Онцлох

Энхийн цагт эр цэргүүд амиа алдсаар байх уу

Share

Хүүгээ алдсан олон олон ээжийн нулимс хатаагүй байхад дахин нэг цэрэг харамсалтайгаар амиа алдлаа. Эх орноо манахаар ээж аавдаа үнсүүлэн цэрэгт морьдсон залуусын халуун амь тасарчээ.

2019 он

Нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдав.

Нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас нас барсан байдалтай олдсон.

Гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан амиа алдав.

Тавдугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод, 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор тавдугаар сарын 14-ний өдөр яаралтай хагалгаанд орсон.

Тавдугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов.

Зургадугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан, 19 настай, байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарав. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан бөгөөд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж, бие нь сайжирсан юм.

Зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн гаднын нөлөөтэй хэмээн үзэж буй.

Есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н чиргүүлтэй машин дээрээс унаж, амь насаа алджээ.

2020 он

Гуравдугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон.

2021 он

Хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.

Хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан.

Гуравдугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор нас барав.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж байсан юм.

Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ.

2022 он

Зургадугаар сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н гэгчийн ходоод задарч нас барсан хэрэг гарав.

долдугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн билээ.  Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай, “Н” гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогджээ. 

Одоогоор олдсон хөдөлшгүй цөөн баримт энэ. Дараалал цааш уртаас урт үргэлжилнэ. “Онц чухал хаалттай” объект гэх нэрийн дор эрүүгийн гэмт хэрэг цэргийн ангиудад гарсаар байх уу? Үүнд хэзээ цэг тавих вэ? гэдэг асуултад олон нийт хариулт авахыг хүсэж байна.

Цэргийн албан хаагчид нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, албан үүргээ гүйцэтгэгдэг онцлогтой. Гэвч энэ харилцааг хэрэгжүүлэх явцад хугацаат цэргүүдтэй дүрмийн бус харьцах, дэглэх, хүч хэрэглэх, доромжлох зөрчил гарч байна. Хүний эрхийн ийм ноцтой зөрчлийг захирах, захирагдах ёсны дор нууж болохгүй. Хүний амь нас хохирсон, эрэмдэг болсон баримтууд ил болдгоос бусад зөрчил далд нууц байхыг үгүйсгэх аргагүй. Ихэвчлэн түрүүч, офицер, ахлагч нарын зүгээс зоддог, хүч хэрэглэдэг, мөн дарамталдаг, айлган сүрдүүлэх авир гаргадаг гэж байлдагчид нэг бус удаа хариулсан байдаг. Энэ баримт Хүний эрхийн үндэсний комиссод бий. Тодруулбал, радио холбооны станцаар цахилгаанд цохиулах, цээжин дээр нь буу цэнэглэх, хугацаа зааж “биелүүлэх боломжгүй” даалгавар өгөх, элэгдэх, бакалдах, хоолой боох, идэр есийн хүйтэнд цасан дээр хөл нүцгэн зогсоох зэргээр дэглэдэг.

Батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд дүрмийн бус харилцааг илрүүлэх, арилгахад дорвитой ажил эхлүүлээгүй байгааг сүүлийн баримтаас харж болно. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ганзоригт 3 дугаар сарын 2-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “зэвсэгт хүчний ангиудад дүрмийн бус харилцаа, дэглэлт байна. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулах талаар дурджээ. Гэвч харамсалтайгаар хугацаат цэрэг 2021 оны 3 дугаар сарын 30-н шөнө амь насаа алдлаа гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд ярилаа.

Бидний өгсөн шаардлагын мөрөөр чухам юу хийсэн бэ? гэдэг асуудал бүрхэг байна. Учир нь тус газраас тайлбар, мэдээлэл ирээгүй гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Энхболд онцолсон юм. 

Цэргийн ангид гарсан гэмт хэрэг, зөрчлийн улмаас амь насаа алдсан эр цэргийн тоо өссөөр л байна. Шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн удаа хэдэн цэрэг эрс эндэхийг хэн ч хэлж мэдэхгүй нөхцөл байдал үүслээ. Даргын ширээнд тухалсан албан тушаалтнууд нөгөө л нэг улиг болсон тайлбар хийж, цэргийн ангид хэрэгждэггүй хууль, түүнийг дагаж гаргасан дүрэм, журам ярина. Угтаа бол даамжирч угжирсан дүрмийн бус харьцаа нь цэргийн байгууллагад “эрүүгийн гэмт хэрэг” гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн хэвээр байна. Зарим цэрэг хэнд, хэзээ, хаана, яаж зодуулснаа ч хэлэхийг хүсдэггүй гэнэ. Дарамтад өртсөн цэргийг хамгаалах арга хэмжээ авдаггүйгээс цэргийн албан хаагчид эрхээ хамгаалах боломжгүй болжээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь “Армид ольсон цэрэг, оргосон цэрэг сайнаа үздэггүй” гэсэн хүний ёсноос гажууд зарчим үйлчилдэгтэй холбоотой гэж цэргийн алба хаасан эрчүүд ярьдаг.

Хүнийг үхтэл зодчихоод эцэг эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй. Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцсоноор асуудлыг шийдлээ гэж харвал эндүүрэл. Яг ийм зарчмаар явж ирсэн учраас өнөөдөр ч албан тушаалтнууд улиг болсон нөгөө л тайлбараа хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Б.Амгаланбаатар ярилаа. Хэргийг цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад Салаан захирагч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогчийн биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Иймээс салаан захирагчид таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээхэд бэлэн байна гэх сүржин мэдэгдэл хийдэг, хийсээр ч ирсэн. Гэвч “хариуцлага хүлээнэ, хүлээлгэнэ” гэх хуурай үгний цаана энэ төрлийн гэмт хэрэг гаарсаар байгаа нь юутай холбоотой вэ? Үе үеийн Салбарын сайд дэг журам тогтооно, дүрмийн бус харилцааг хална гэж хэлсэн ч ам ажил хоёрын зөрүүг алтан амиа өргөсөн хугацаат цэргүүдийн баримт гэрчилнэ. 

2021 оны 3 дугаар сарын 30. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож амь насыг нь бүрлэгсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд дуу хоолойгоо илэрхийлж, эсэргүүцэл илэрхийллээ. Тэдний нэг иргэн Г.Мөнхжаргал “Би хүүгээ цэрэгт явуулж чадахгүй, эмээж байна” гэсэн юм.

Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарсан зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон гэж танилцуулсан байна. Батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэргүүд 2019 оноос хойш 12 удаа гарсан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хатуу сануулж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэл өгөөд байна. Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулах шийдвэр гарсан юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр.

Зэрэгц гэсэн командын дор чимээгүй яргалуулсаар байх уу? Ирээдүйд цэрэг болох, эх орныхоо хилийг манах та бидний үрсэд дэглэм, яргагүй цэргийн алба хэрэгтэй байна…Батлан хамгаалах салбарын удирдлагууд аа. Орчин үеийн залууст зориулсан шинэ тогтолцоо цэргийн салбарт үгүйлэгдсээр байгааг олж хараач. “Ийм л байсан” гэх хуучин нийгмийн балмад, хэрцгий, хүн ёсноос гажууд дэглэмийн аргаа халаач гэж иргэд шаардаж байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!