LOADING

Type to search

Uncategorized

“Унаган хайр”-ын Б.Нармандах

Share

Монгол түмний сонсох, аялах дуртай дуунуудын нэг бол “Унаган хайр” билээ. Тэр ч утгаараа дуучныг нь бид “Унаган хайр”-ын хэмээн цоллох нь буй.

Ажил, амьдралынхаа гарааг Армийн театраас эхэлж, “Баян Монгол” чуулгын дуучнаар ажиллаж явсан жүжигчин бүсгүй насны зөрүүтэй хайр дурлалынхаа төлөө ёс суртахууны доголдолтойгоороо цоллуулж, театрт орох эрхгүй болж хэцүү бэрхийг туулсан түүхтэй.

Б.Нармандах 1962 онд Улаанбаатар хотноо гурван охинтой айлын ууган охин болж мэндэлсэн. Тэр багаасаа л урлагийн ертөнцөд өсч торнисон юм. Учир нь түүний аав “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр сэтгэлд хоногшсон  МУГЖ  Г.Батсүх билээ. “Морьтой ч болоосой” кинонд дүр бүтээх үедээ Ц.Намжинтай танилцан гэр бүл болж, гурван охинтой болсон. Түүний ээж нь Кино үйлдвэрт нас­аараа монтажчин хийсэн хүн.

Бага байхаас л аавыгаа даган урлагийн бүтээлүүдийг дэргэдээс нь үзэж, биширч өссөн тэрбээр урлагийн тойрогтой амьдралын замаа холбож, ааваасаа уран бүтээлч хүн ямар байдаг, ямар байх ёстойг сурсан юм.

Дунд сургуулийн сурагч ахуй насандаа урлагийн наадамд манлайлан оролцож, тэмцээн уралдаанд түрүүлж, “Үүрийн туяа” хамтлагтай Монгол Германы залуучуудын фестивальд амжилттай оролцож байсан. Тэрбээр уг фестивальд Хирошима охины “Цаасан шувуу”-г дуулж оролцсон юм.

1979 онд дунд сургуулиа төгсөөд УБДС-ийн Кино драмын ангид жүжигчний мэргэжлээр суралцсан. Элсэлт авдаггүй жил байсан тул нэг жил өнжиж, энэ хугацаандаа Хүүхдийн театрт шалгалт өгөн тэнцэж, дагалдан жүжигчнээр ажилласан байна. УБДС-д элсэхэд Төрийн шагналт, АЖ, эрдэмтэн зохиолч Э.Оюун, УГЗ С.Сугар, Л.Лхасүрэн нар шалгалт авчээ. Урлагийн “томчууд”-аас сайн үнэлгээ авч тэнцсэн тэрбээр удам залгасан авьяастай нэгэн болохоо батлан харуулсан билээ. Ингээд 1984 онд Г.Доржсамуу найруулагчийн удирдлага дор жүжигчний мэргэжлийг эзэмшиж, Э.Оюун, Ж.Дашдондог, Р.Ринченсамбуу, Н.Цэвээнравдан нарын ахмад уран бүтээлчдээр эрдэм заалган, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, “Гарын таван хуруу” киноны Я.Оюунцэцэг нартай тохой залган сурсан билээ.

 Оюутан ахуй цагтаа Г.Алтанхуягийн байгуулсан “Хувьсгалын уриа” хамтлагт дуулдаг байсан бөгөөд энэ үед бидний сонсох дуртай “Унаган хайр” дуу төржээ. “Унаган хайр” дууны аяыг Г.Алтанхуяг, үгийг Л.Дагвадорж зохиосон. Нармандахын дуулахыг сонссон Алтанхуяг түүнд зориулж уг дууны аяыг зохиосон гэдэг.

Тэр цагаас хойш

 “Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд

Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу

Уужмийн холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө

Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайраа…” гэж эгшиглэсээр…

Б.Нармандах 1992 онд УДЭТ-ийн тайзнаа хөл тавихаас өмнө Армийн театрыг байгуулалцаж явсан юм. 1987 онд Армийн театрыг байгуулах санаачлагыг Б.Тунгалаг, Р.Чаминчулуун, Г.Равдан, Д.Жагдаг, Я.Оюунцэцэг нарын жүжигчид санаачлан эхлүүлсэн. Удалгүй театр байгуулагдаж, УГЗ Б.Баатрын найруулсан “Хэзээ ч мартахгүй” жүжгээр нээлтээ хийж байсан аж. “Аянгын бороо” “Худалч эхнэр” “Эцсийн шийд” зэрэг олон уран бүтээлийг Армийн театрын тайзнаа анх амилуулсан бөгөөд 1990 он маш олон чанартай бүтээлүүдийг тайзнаа тавьсан. Гэвч зах зээлийн хүнд хэцүү нөхцлөөс болж 1991 онд татан буугдсан байна. 

Ингээд 1992 онд УДЭТ хэмээх их айлын босгоор алхаж, тайзнаа  “Ижил хүйстэн” жүжгийн Лариса, “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатан, “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Төгсөө,  “Саран хөхөө” жүжгийн Хатан, “Би эрчүүдийг хүснэ” жүжгийн Нараа, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Гудул, “Диваажингийн хаалга” жүжгийн Эмэгтэй, “Оролмаа” жүжгийн Должин, “Эдип” жүжгийн Шивэгчин, “Ромео Жульетта” музиклийн Капульетта зэрэг маш олон дүрийг амилуулжээ. Тэрбээр 70 гаруй жүжиг, 30 гаруй киноны уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээсэн бөгөөд 2000 онд Соёлын тэргүүний ажилтан, 2006 онд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан.

Сургуулиа төгсөөд шууд УДЭТ-д жүжигчнээр орж чадаагүй шалтгаан нь хайр дурлал байв. Сургуулиа төгссөнийхөө дараа Жаамаатай /Л.Жамсранжав/ ханилах болоод ёс суртахууны доголдолтой хэмээгдэж театр руу орох эрхгүй болжээ.

Тухайн үед дуулдаг байсан учраас “Баян Монгол” чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг жил дуулсан. “Айлын гэр бүл үймүүллээ” гэж бүх хүн ад шоо үзэж байсан түүнийг Д.Ухнаа Филармонидоо авсан байна.

 Б.Нармандах 1982 онд театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явж байхдаа ирээдүйн хань Ардын жүжигчин Л.Жамсранжавтай анх танилцсан гэдэг. 20 гаруй насны зөрүүтэй тэдний дурлал ихээхэн асуудал, дуулиан шуугиан үүсгэж байв. Л.Жамсранжав гэр бүлийн асуудлаар хурлаар орж, Нармандахын хувьд УДЭТ, Хүүхдийн театрт орох эрхгүй болов.

Тэд 1985 охинтой болсон. Энэ хооронд Л.Жамсранжав нь 2, 3 ч удаа хурлаар орсон гэдэг. 1990 оноос өрх тусгаарлаж, удалгүй хүүтэй болсон тэд хамтдаа хэцүү бэрхийг даван туулж, 17 жил ханилсан юм.

Хүү нь СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн, Universe best songs наадмын шилдэг 25-т багтаж байсан авьяаслаг нэгэн билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!