LOADING

Type to search

Uncategorized

“Бид оюун санаандаа амьдрахад маш их цаг зарцуулдаг”

Share

Бидний биемахбод амарч байсан ч гэсэн оюун ухаан идэвхтэй ажилласаар байдаг. Биднийг унтаж байх үед тархи дурсамжаа боловсуулж, бие махбодийн томоохон сүлжээг чимээгүй ажиллуулж байдаг аж. Энэ бүх үйл ажиллагааны явцад оюун санаа хэрэн тэнүүчилсээр байдаг. Чухам хаашаа, энэ нь ямар тустай вэ?

Тархины талаарх шинэ шинэ судалгаагаар эрдэмтэд тэрхүү таавар асуултанд хариулахад дөхөж ойртов. EEG технологийг ашиглан судлаачид дөрвөн өөр төрлийн сэтгэлгээний хэв шинжийг тодорхойлжээ. Эдгээр нь тархины янз бүрийн хэсэгт нөлөөлснөөр бидний оюун ухаан төвлөрч, тогтсон эсвэл хэрэн тэнүүчилж байгаа эсэхийг илтгэнэ гэж судалгааны багийнхан үзжээ.

Судалгааны багийн ахлагч Жулия Кам  “Бид өнгөрснөө дурсах, ирээдүйгээ төлөвлөх эсвэл тэгш байдал, олон талт байдлын талаар бодох зэргээс үл хамааран өөрсдийн оюун санаанд амьдрахад маш их цагийг зарцуулдаг” гэжээ. Жулия Кам бол Канадын Калгарийн их сургуулийн мэдрэл судлаач юм.

 Бидний өдөр тутмын энэхүү бодлын урсгал нь сонирхолтой бөгөөд төдийлөн судлагдаагүй аж.

Судалгааны үр дүнд бид өөрсдийгөө гадаад ертөнцөөс үе үе тусгаарлаж, оюун санаандаа бодох тодорхой орон зайг бүтээх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Бага насны хүүхдүүдийн оюун санаа байнга тэнүүчилж байдаг бөгөөд энэ нь танин мэдэхүйн эерэг шинж чанар юм. Энэ бол амьдрал, ажил мэргэжил, санхүүгийн байдлаа хамгийн сайнаар зохицуулахад туслах олон зөвлөмжийг багтаасан СТРАТЕГИ юм. Энэ нь дараах зүйлстэй холбоотой.

Бодлын галт тэрэг – “Proceedings” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд 39 насанд хүрэгчид хамрагдсан аж. Тэдэнд даалгавартай холбоотой, чөлөөт хөдөлгөөнт, зориудаар хязгаарлагддаг, автоматаар хязгаарлагддаг бодол гэсэн дөрвөн өөр сэтгэлгээний ангиллын ялгааг таниулж дараа нь тархины үйл ажиллагааг хэмждэг электрод толгойд нь зүүлгэн багахан хэмжээний туршилт явуулжээ. Туршилт дууссаны дараа ялгааг нь таниулсан ангиллуудаа 1-7 оноогоор үнэлүүлсэн байна.

Судалгааны хүрээн дэх даалгавартай холбоотой бодол нь тохирох үйлдлийг зөв  цагт хийх тухай бодол.  Чөлөөт хөдөлгөөнт бодол нь хоолны үеэр, амарч байх үеэр эсвэл дунд сургуулийн сурагчдын толгойд орж ирэх дурсамж юм. Ирээдүйн зорилгод төвлөрөх үед санаатайгаар хязгаарлагдсан бодол төрдөг бол бол харин  сэтгэлгээний нэгэн хэв маягт “гацах”, мөнгөний асуудал эсвэл харилцаа, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болсон үед автоматаар хязгаарлагдмал бодол төрдөг аж.

 Анхны туршилтыг хийсний дараа оролцогчдын сэтгэхүйн үйл явцын талаарх асуултанд өгсөн хариулт тархины бүртгэгдсэн үйл ажиллагаатай тохирч байна. “EEG нь тархины дохиоллыг цаг хугацааны нарийвчлалтай хэмждэг бөгөөд ингэснээр тархины үйл ажиллагааны динамикийг хурдаар тогтоож чаддаг” гэж Кам хэлэв. Энэхүү нарийвчлал нь тархины үйл ажиллагааны өөр өөр сэтгэхүйн хэв маягтай холбоотой түр зуурын өөрчлөлтийг хэмжих боломжийг олгодог аж.

Бүтээлч тархи – Судалгаанд оролцогчдод нэг сэдвээс нөгөө сэдэв рүү чөлөөтэй шилжих бодлууд байгааг илтгэхэд тархины урд талын бор гадаргын альфа долгионы идэвхжил нэмэгдсэн байна. Альфа долгион нь тархины удаан хэмнэл бөгөөд давтамж нь секундэд  9-14 цикл хүртэл хэлбэлздэг. Энэ нь “сэрүүн тайван” байгаагийн шинж тэмдэг бөгөөд бүтээлч санаа нь бодлын энэ үетэй уялдаатай байдаг. Үүний зэрэгцээ P3 гэж нэрлэгддэг тархины сул дохиолол нь бор гадаргын хэсэгт ажиглагдаж, тухайн даалгаварт анхаарал хандуулахгүй байх үеийн мэдрэлийн дохиог үүсгэжээ.

 Даалгаварт төвлөрсөн байх нь чухал чанарууд. Гэхдээ оюун санаа чөлөөтэй тэнүүчлэх нь бас ашигтай. Энэ бодлын хэв маяг нь бүтээлч байдалд онцгой ач холбогдолтой бөгөөд хүмүүсийн сэтгэн бодох чадварыг илүү сайн зохицуулахад нь тусалж магадгүй аж.

Тархины долгион үүсгэх – Альфа нь тархины бүтээлч долгионыг идэвхтэй өдөөж өгдөг. “Бидний анхаарлын нөөц хязгаарлагдмал байна. Даалгаварт анхаарлаа төвлөрүүлэх нь нөөцөө ашиглахад чиглэгддэг бөгөөд энэ нь ихэвчлэн бүтээлч байдалтай холбоотой процессын эсрэг байдаг” гэж судлаач нэмж тайлбарлав. “Оюун санаа тэнүүчлэх нь анхаарал хандуулах нөөцийг чөлөөлж, бүтээлч гарцыг хязгаарласан бүтэцлэгдсэн сэтгэлгээг сулруулдаг байж магадгүй” гэж Кам хэлэв.

Виржиниагийн Их Сургуулийн эрдэмтэн судлаач Зак Ирвини “оюун санааг чөлөөтэй сэтгэхэд хүргэдэг үйл ажиллагааны талаар баттай судалгаа байхгүй. Харин зугаалах, шүршүүрт орох, аяга таваг угаах гэх мэт үйл ажиллагаа тустай байж болох юм” гэжээ. Тайвшрах, дасгал хийх, анхаарал болгоомжтой байх, бясалгал хийх нь аяндаа илүү их бодлыг бий болгодог.

“Бодож, мөрөөдөх цаг гаргах нь чухал”

Профессор Маркус Баер “Өдрийн зүүдэндээ” бид бодит, бодит бус шинэ боломжуудыг төсөөлдөг. Бүтээлч байдлын цөм нь шинэ, үнэ цэнэтэй санаануудыг бий болгох явдал юм. Тиймээс бидний мөрөөдөх цаг нь ийм шинэлэг ертөнцөд нэвтрэх нэг гарц болж өгдөг. Үүнийг ухамсартайгаар бий болгохоос илүүтэй хүнд хэцүү нөхцөл байдалд “гацах” үед мөрөөдөх цаг бий болгох нь чухал юм” гэжээ. Асуудалд төвлөрсөн, оюун санаа тэнүүчилсэн аль аль нь ашигтай байдаг гэдгийг уг судалгаа харуулж байна.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!