LOADING

Type to search

Uncategorized

Үргэлж өлсөөд байдгийн 8 шалтгаан

Share

Бидэнд ердийнхөөсөө илүү их өлсөх үе байдаг. Хоол хүнснээсээ хангалттай хэмжээний шим тэжээл, уураг авч чадахгүй байх нь өлсөх мэдрэмжийг төрүүлдэг нэг шалтгаан юм.

1. Хангалттай ус уухгүй байх

“Хэрэв та шингэний дутагдалд орсон бол өлсөж эхэлнэ. Учир нь өлсгөлөн, ​​цангаа хоёр андуурагддаг талтай” хэмээн хоол тэжээлийн мэргэжилтэн, The Wellness Group-ийн үүсгэн байгуулагч Маделин Калфас хэллээ.

Тэрээр мөн “Хэрэв та саяхан юм идсэн ч ийм мэдрэмж төрж байгаа бол оронд нь аяга ус ууж үзээрэй. Хуучин зөвлөмжийг дагаж өдөрт найман аяга ус уухаас илүүтэй жингийнхээ хэмжээнд тааруулж усаа уух хэрэгтэй. Хэрэв та 54 кг жинтэй бол өдөрт 1.89л ус уух ёстой байдаг” гэжээ.

Та өдөрт хэр хэмжээний ус уух ёстой вэ? Эндээс уншаарай.

2. Дутуу нойртой байх

Унтаж чадахгүй байх нь дааврын тэнцвэргүй байдалтай холбоотой бөгөөд энэ нь зарим хүнд өлсөх мэдрэмжийг төрүүлдэг.

Гэхдээ судлаачид ядарч туйлдсан хүмүүс чанар муутай хоолонд татагдах магадлал өндөр байгааг тогтоожээ. Судалгаанаас харахад бид нойргүй байхдаа бараг хоёр дахин их өөх тос иддэг байна.

Тиймээс унтахаасаа дор хаяж хоёр цагийн өмнө цахилгаан хэрэгслээ унтрааж, шөнийн цагаар таатай амрах орчинг бий болгох хэрэгтэй.

3. Хангалттай хэмжээний уураг авч чадахгүй байх

Судалгаанаас харахад уураг нь таны өлсгөлөнгийн горелин дааврын түвшинг бууруулаад зогсохгүй сэтгэл ханамжийг төрүүлдэг пептид YY-ийн түвшинг нэмэгдүүлдэг гэжээ.

“Насанд хүрсэн хүн өдөрт, нэг килограмм жинд доод тал нь 0.8 грамм уураг авах шаардлагатай байдаг” гэж Маделин хэлэв.

“Уургийн хамгийн сайн эх үүсвэр бол үхрийн мах, тахиа, гахайн мах, загас ба далайн хоол, сэвэг зарам, өндөг, шош, цагаан идээ юм.”

4. Согтууруулах ундаа нь хүний хоолны дэглэмд нөлөөлдөг

Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсний дараа бидний ихэнх нь хоолны сонголтоо буруу хийдэг бөгөөд маш их идэх хандлагатай байдаг.

Мөн нэг судалгаагаар, хоолны өмнөхөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хоол идэж байхдаа илүү мэдрэмтгий болж, улмаар илүү их идэхэд хүрсэн байна.

Эрүүл мэндэд тустай нэг арга бол согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө хоолоо идэж  байх юм.

5. Хоол идэж байхдаа өөр зүйлд анхаарлаа сарниулах

Зурагт, компютерийн өмнө хоолоо идэх нь нийтлэг үзэгдэл. Гэхдээ хэд хэдэн судалгаагаар хоолоо идэж байхдаа өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа хүмүүс нөгөө бүлгийн хүмүүстэй харьцуулахад илүү өлсөж байжээ. Тэд хоолны үеэр өөр зүйлд анхаарлаа хандуулснаар өдрийн турш өлсөж явдгийг тогтоосон байна.

Маделин хоолны үеэр бусад зүйлсийг хойш тавьж зөвхөн идэж байгаа зүйлийнхээ үнэр амтыг мэдэрч байхыг зөвлөж байна.

“Энэ нь тэнэг юм шиг санагдаж болох ч эдгээр зүйлийг хийснээр таны хоол боловсруулах систем илүү үр дүнтэй ажиллах болно” гэж тэр хэлэв.

6. Та стресст орсон байна

Стресс нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг гормон болох кортизолын түвшинг ихэсгэдэг. Нэгэн судалгаагаар стрессд өртсөн эмэгтэйчүүд өдрийн турш тайван байж чаддаггүйгээсээ болоод илчлэг ихтэй, чихэрлэг хүнс түлхүү хэрэглэж байгааг тогтоожээ.

Тиймээс та өдөр тутамдаа дасгал хийж, кортизолын түвшинг бууруулахыг хичээгээрэй.

7. Хангалттай идэж чадахгүй байх

Хоолны дэглэм, биеийн жингээс барих зэргээс хамааран бид хоолоо багасгах хандлагатай байдаг. Энэ нь өлсөх нэг шалтгаан болдог ажээ.

“Хоолны шаардлагатай хэмжээ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хөдөлгөөний түвшин гэх мэт зүйлс нь бидний идэж байх ёстой хэмжээг эрс өөрчилдөг ” гэж Маделин хэлэв.

Тэрбээр дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг эмэгтэй хүн өдөрт 1800-2200 калори илчлэг, идэвхтэй, дундаж биетэй эрэгтэй хүн өдөрт 2200-2800 калори илчлэг авахыг зорих хэрэгтэй гэжээ.

8. Эрүүл мэндийн суурь өвчинтэй байх

Хангалттай унтдаг, хоолны дэглэм хэвийн байдаг ч өлсөх мэдрэмж төрөх нь юутай холбоотой вэ?

Байнгын өлсөх нь чихрийн шижин, гипогликеми, гипертиреоз зэрэг эрүүл мэндийн суурь өвчний шинж тэмдэгтэй холбоотой. Үүнийг тодорхой болгохыг тулд эмчтэйгээ уулзах нь зүйтэй.

Таны эмч сэтгэлийн хямрал, айдас, сарын тэмдгийн мөчлөг зэрэг бусад нийтлэг бус нөхцөлүүдийг харгалзаж үзээд, танд тодорхой онош тавих болно.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!