LOADING

Type to search

Uncategorized

С.Өлзийхүү: Би өөрийгөө мундаг жүжигчин гэж боддоггүй

Share

Хүнд инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг С.Өлзийхүүтэй ярилцлаа. Тэрбээр “Шилдэг өнгө” продакшны дэд захирал, нярав, жолооч, зургийн дарга, найруулагч гээд олон ажлыг амжуулж яваа авьяаслаг жүжигчин юм.

-“Өнгөт инээд” продакшн ямар учраас нэрээ өөрчилсөн юм бэ. Уг нь хүмүүсийн сэтгэлд их хоногшсон нэр шүү дээ?

-Бүх зүйлийг шинээр эхэлж байгаа гэдэг утгаар нь өөрчилсөн. “Өнгөт инээд” гэж нэрлэхээр дандаа инээдмийн жанрын уран бүтээл хийдэг болчих гээд байсан юм. Манай продакшн хошин жанраас гадна уянгын, адал явдалт, аймшгийн гээд бүхий л төрлөөр уран бүтээл хийсэн. “Шилдэг өнгө” хэмээн нэрээ сольсон ч гэсэн үзэгчдэд таалагдах байх аа.

-Та нэг хүнд ахдам олон ажил амжуулах юм. Удахгүй үзэгчдэд толилуулах шинэ уран бүтээлээс хуваалцахгүй юу?

-Уран бүтээлийн ургац арвин байгаа. “Алтаар гулгисан Монгол” тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барьж байна. Өнгөрсөн жил зургийг нь авсан “Дурлалын сум” уран сайхны кино маань тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Яг одоо манайхан “Амьдрал өөрөө хичээл” гэсэн нэртэй үе үеийн төгсөгчдөд зориулсан, хүн чанарыг харуулсан жүжгийн ажилдаа ороод байна.

-Тантай уулзаж уран бүтээлийн яриа дэлгэснийх бага насны тань дурсамжаас сэргээе. Таныг харахаар адтай хүүхэд байж дээ гэсэн төсөөлөл шууд буудаг.

-Манай аав, ээж Увс аймгийн Хяргас сумынх. Намайг ээжийнхээ хэвлийд байхад манай гэр бүлийнхэн Улаанбаатарт шилжиж ирсэн юм билээ. Манайх хоёрдугаар 40 мянгатад суурьшсанаас хойш миний бага нас энэ газартай салшгүй холбоотой болсон. 40 мянгатын унаган хүүхэд гэж хэлж болно. Тэр хавийн үе тэнгийнхэн маань 10 жилийн 24 дүгээр сургуульд хамт суралцдаг байсан болохоор олуулаа их хөгжилтэй байжээ. Жүжигчин О.Энхтуул манай хажуу байранд амьдардаг байлаа.

-Хошин урлагийн тоглолтын үзүүлбэр бүрийг Та гоё дуугаараа чимж амилуулдаг. Багаасаа дуулж хуурддаг байв уу?

-Дуулах дуртай хүүхэд байсан. Бүх ард түмний урлагийн наадамд оролцож байлаа. Б.Нандинцэцэг эгчийн дууг сонсдог, шүтдэг фэн нь байсан. Б.Сарантуяа,Т.Ариунаа хоёрын дуу их таалагддаг. Бидний үед ихэвчлэн орос дуу л сонирхдог байсан. Алла Пугачёва, Софи Ротаругийн дууг одоо ч сонсох дуртай.

-Таны үеийнхэн захиа их бичилцдэг байсан. Захиа их авдаг байсан уу?

 -Арван жилд байхад их л ирдэг байлаа. Гэхдээ оюутан байхдаа гэр бүлтэй болж, эргэн тойрны залуусыг анзаарахаа больсон. / инээв/ Би чинь ханьтайгаа жүжиг үзэж байгаад учирсан. Хүслээ бид хоёр 24 дүгээр сургуулийг төгссөн. Нэг сургуульд сурдаг байсан ч хоорондоо дуугардаггүй. Тэгсэн хэрнээ нэг нэгнийгээ харж л явдаг байсан байгаа юм.

 -Та сувилагч хийдэг байсан гэсэн. Ямар учраас жүжигчин болохоор шийдэв?

 -Аравдугаар ангидаа элсэлтийн шалгалт өгсөн чинь Шинжлэх ухаан коммунизмын онол /ШУКО/-ын сургуулийн хуваарь авсан. Би түүх, нийгмийн хичээлдээ сайн байсан учраас хуульч болъё гэж боддог байсан юм. Гэтэл оноо хүрдэггүй ээ. Тэгээд л сувилагч болохоор шийдэж Анагаах ухааны дунд сургуулийн хуваарь авсан. Сувилагч байхдаа урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байлаа. Эмээ маань уран сайханч болоод ч тэр үү урлагаас хол өсөөгүй. Нэг удаа манай ажил дээр АСК болоход Б.Батзаяа, Ц.Төмөрбаатар ах ирсэн. Тэр үед ах нар намайг жүжигчний шалгалт өгөөд үз гэж зөвлөсөн юм. Миний найз О.Энхтуул кино драмын ангийн дөрөвдүгээр ангийн оюутан байсан болохоор шалгалт өгөхөд их тусалсан шүү. Бид хоёр нас чацуу ч найз минь яах аргагүй миний багш болсон.

-Анх ямар дүр бүтээв?

-Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт хуваарилагдаж очлоо. Намайг театрт ордог жил И.Одончимэг, Л.Дэмидбаатар хоёр ирсэн. Анх Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрд тоглосон. Тухайн үед өндөр өсгийт, богинохон банзал өмсч үзээгүй байсан болохоор биеэ үнэлэгчийн дүрд тоглох амаргүй байлаа. Дээрээс нь Лора тамхи татдаг болохоор бүр хэцүүдсэн. Д.Нямгаваа найруулагчийн жүжигт тоглосны дараа “Батзаяа ба түүний нөхөд” тоглолтод оролцож хошин урлагт хөл тавьсан даа. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан юм чинь аяндаа дүрдээ ордог болсон. Би одоо ч гэсэн өөрийгөө айхавтар сайн жүжигчин гэж боддоггүй. Тайзан дээр гарах бүрдээ нэг зүйлийг мэдэж хоцордог учраас жүжигчин бол сурч дуусдаггүй сайхан мэргэжил.

-Гадаадын найруулагчдаас дүр бүтээх санал авч байв уу?

-Айхавтар санал ирж байгаагүй. Гэхдээ энэ жил гадаадын хэд хэдэн кино пробонд орсон. Найруулагчид тухайн уран бүтээлийг амилуулах дүрийг нүдэндээ төсөөлчихсөн байдаг. Тийм болохоор тэнцэх эсэхээ сайн мэдэхгүй л байна. Жүжигчний мэргэжлийг ямар ч арын хаалгагүй гэж ярьдаг. Биднийг хүмүүс алган дээр тавьсан юм шиг хардаг болохоор хуурах, мэхлэх гэсэн ойлголт байдаггүй. Энэ л манай салбарын давуу тал.

-Таныг саяхан Гавьяат жүжигчин боллоо гэсэн мэдээлэл гарсан. Хийсэн бүтээснээрээ бол аль хэдийнэ ийм шагнал авах ёстой хүний нэг дээ.

-Бооёо над уруу утасдаад “Та бид хоёрыг гавьяат болсон” гээд сайтад бичсэн байна гэж ярьсан. Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан ингэж бичсэн байх л даа. Би саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Хүндтэй хүмүүсийн энгэрт харагддаг одон авсандаа баяртай байгаа.

-Та ихэвчлэн улаан өнгийн хувцас өмсдөг. Энэ Таны имиж үү?

-Би гал жилтэй. Тийм болохоор надад улаан өнгө зохидог. Гэхдээ өдөр тутам улаан өнгийн хувцас өмсөх боломжгүй. Баяр ёслол, тайзан дээр гарах үедээ л өмсөнө. Улаан өнгө надад аз авчирдаг. Хүнд ээлтэй хувцас гэж байдаг даа. Улаан, үзмэн ягаан өнгийн хувцас өмсөхөөр ажил аяндаа бүтдэг юм шиг санагддаг шүү.

-Хань тань урлагийн хүн. Уран бүтээлийн хажуугаар ар гэрийн ажлаа яаж амжуулдаг вэ?

-Хүслээ бид хоёр хүү, охинтой. Охин маань СУИС-ийн жүжигчний ангид сурдаг. Харин хүү маань ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Би охиндоо урлагийн хүн болох амаргүй гэж захидаг. Цаг завгүй ажиллаж, өөрийнхөө бор зүрхээр хоолоо олж иддэг болохоор хэн хүн болгон хийж чаддаггүй ажил гэж зөвлөдөг. Гэхдээ би аль болох гэрийнхэндээ зав гаргахыг хичээдэг. Өглөө эртлэн босч гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгнө. Нөхөр бид хоёр ажил ихтэй. Тийм болохоор заримдаа ханийн маань дүү нар тусалдаг.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Unen.mn”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!