LOADING

Type to search

Uncategorized

Гүйлгээ ухаантай Ардын жүжигчин

Share

“Найрын ширээний ууц”, Амьгүй албат”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийнхээ дүрээр ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Г.Мягмарнаранг монголчууд андахгүй.

Тэрбээр Төв аймгийн Лүн сумын уугуул. Алтан үеийн жүжигчдээр урлагийн цагаан толгойн А үсгийг заалгаж байсан тэрбээр өдгөө үе үеийн уран бүтээлчидтэй хөл нийлүүлэн алхаж буй. Хамгийн сүүлд гэхэд Монголын отгон театр болох “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтран “Миний нууц хүү” жүжигт өрөвдөлтэй нэгэн аавын дүр бүтээсэн юм.


Багын хүсэл сонирхол театрын зүг эргүүлэв


Дунд сургуулийн найм, есдүгээр ангид гадаадын уран зохиолын хичээл ордог доо. Тэр үеэс л Мягмарнарангийн сэтгэлийг урлаг тэр дундаа театрын урлаг татаж эхэлжээ. Үүнд бататгах хичээл нэлээд түлхэц өгсөн гэхэд болно. Учир нь тухайн үед орсон хичээлээ бататгахын тулд жүжиг үздэг байв. Түүнийг бага байхад Ардын жүжигчин Гомбосүрэн гуай жинхэнэ од болон гялалзаж байлаа. Мягмарнаран Гомбосүрэн жүжигчний тоглосон жүжгүүдийг үзээд үзээд ханахын биш. Ядахад хүнгэнэсэн сайхан дуу хоолой нь өсвөр насны хөвгүүний сэтгэлийг татах ажгуу.

Түүнчлэн өдгөө Ардын Жүжигчин, Хөдөлмөрийн баатар болсон Гантөмөр, Жамсранжав, Дашддаваа, Цээнямбуу нар залуу жүжигчин хэмээгдэж гялалзаж явсан үе. Ийм л шилдэг жүжигчдийг харж бахархаж явсаар тэр театрт дурласан хэрэг. Угаас урлагийнхан хэн нэгэн жүжигчнийг биширч, түүнийгээ дагаж их урлагт хөл тавьдаг бичигдээгүй хуультай. Жүжигчин Мягмарнаран ч энэ хуулийг хэрхэн эс зөрчих. Харин түүний сүүдэр шиг дагаж явдаг байсан жүжигчин нь Дашдаваа. Хүлээтэй юм шиг л хаа явсан газар нь Мягмарнаран навсайж явах. Бас бяцхан зүрхэндээ “Ингэж байж л театрын босгоор алхах вий” гэж бодчихсон яваа гэж байгаа. Гэхдээ тэр түүнийг дагаж явсныхаа төлөө шууд театрт орчихно гэж том эндүүрээгүй. Харин түүний ур чадвар хийгээд жүжиглэх урлагаас нь өөрийн савны хэмжээгээр хутгаж авах нь чухал гэдгийг сайн мэдэж байв. Үүндээ ч өөрөө нэлээд хичээсэн гэдэг. Үүнийхээ ачаар тэр 10 дугаар ангиа төгсөөд Монголын сор болсон жүжигчдийн амьдрал өрнөдөг алтан сүмд дагалдан жүжигчин болсон юм. Түүний аз болоход 10 дугаар ангиа төгсдөг жил нь театрт дагалдан жүжигчин авна гэсэн зар явсан хэрэг. Тэгээд л тэр өөрийгөө бусдаас илүү авьяас байхгүй гэж бодсон ч урлагт татагдсан сэтгэлээрээ өөрийн эрхгүй театр руу алхсан гэдэг.

Гарын таван хуруунд багтах бүтээлүүд


Энэ цагаас хойш олон жил өнгөрчээ. Тэр ч дагалдан жүжигчнийхээ үүргийг маш сайн биелүүлж жүжигчин болсон төдийгүй Монголын тайз дэлгэцэнд гарсан олон сайхан бүтээлүүдийн гол болоод туслах дүрийг бүтээсэн юм. Түүний бүтээсэн дүрүүдээс үзэгчдийг хамгийн ихээр байлдан дагуулсан дүр нь “Найрын ширээний ууц” жүжгийн Самдангийн дүр. Ерөөс түүний бүтээсэн 100 гаруй дүрээс онцлох нь гарын таван хуруунд багтана. Түүний нэг нь энэ дүр. Энэ жүжиг театрт үнэхээр том тэсрэлт хийсэн юм. Бүтэн 10 жилийн турш энэ жүжгийг үзэх гэсэн хүмүүс театрын суудлыг дүүргэсэн. Энэ нь түүний авьяас ур чадвартай мэдээж холбоотой. Тэгээд ч түүнийг Самдангийн дүрд хувираад тайзны араар ороход нь зохиолч Э.Оюун ганцаарчлан баяр хүргэж байсан удаатай. Гарын таван хуруунд багтах дараагийн жүжиг нь В.Гоголийн “Амьгүй албат”. Тэрбээр энэ жүжигт Хавдар, Цаг-Чиг гэсэн хоёр ч дүрийг бүтээсэн. Энэ нь түүнийг театрт хэрэгтэй хүн гэдгийг нотлохоос гадна өөрийгөө амьд байгааг харуулсан гэхэд нэг их хилс болохгүй. Нуулгүй хэлэхэд тэр эдгээр дүрүүдээрээ бахархдаг гэсэн.

“Эхнэрээ зээлээч


“Эхнэрээ зээлээч” жүжгийн рекламны самбарт Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн зураг байхыг харсан олон хүн яагаад ийм жүжигт тоглож байгаа юм бол гэж гайхаж байсан гэх. “Настай намбатай хүн байж ийм жүжигт тоглох гэж” гэж ирээд шүүмжилсэн нь ч бий. Гэтэл тэр энэ жүжгийн дүрдээ үнэхээр дурласан гэх. Өөрөөр хэлбэл тэрбээр нэг сайхан аавын дүр бүтээх юмсан хэмээн бодож явтал Ч.Ганхуяг найруулагч “Эхнэрээ зээлээч” жүжгийнхээ Амбаагийн дүрийг түүнд өгч баярлуулах нь тэр. Хүн чанар, хүнд итгэмхий байдал, хүний төлөө хоёргүй сэтгэлээр ханддаг хүн ховордсон үед түүний бүтээсэн Амбаагийн дүр олон хүнд ухаарал хайрласан юм. Тиймдээ ч тэрбээр энэ дүрээрээ олон хүнээс талархлын үгээр мялаалгасан гэдэг. “Ерөөс уран бүтээлч хүн хүний зүрх сэтгэлийг хөдөлгөх ёстой. Театр эхлээд хүний оюун санааг биш сэтгэл зүрхийг нь догдлуулаад дараа нь түүгээрээ дамжуулж оюун санаанд нь хүрэх учиртай” хэмээн Ардын жүжигчин маань учирладаг.


Түүхэн киноны Найруулагчдын нүдэнд өртөв


“Цогт тайж” киноноос хойш 40 гаруй жил тасалдан байж бүтээгдсэн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг ХIII зууны үеийн түүхийг харуулсан кинонууд бүтээгдэхэд тэрбээр найруулагчдын нүдэнд өртөж авьяас билгээ сорих шаардлага гарсан. Дэлгэцийн урлаг тайзны урлагаас өөр гэх ч тэр дадлага туршлагадаа тулгуурлан олны сонирхлыг татсан дүрүүдийг бүтээснийг таныг санаж байгаа гэдэгт итгэнэм. Тэрбээр энэ том түүхэн бүтээлүүдэд тоглосноороо өөрийгөө азтайд тооцохын дээр уран бүтээлийнх нь замд маш том сургууль болсон гэж ярьсан байдаг.


Хатуу ундаанаас хол явсан эр


Тэрбээр найз нөхөдтэйгээ сэтгэл санаагаа хуваалцаж хааяахан зуу татахын сайхныг мэдэрч чадаагүй 60 хүрсэн хүн. Түүнд бор дарс хүртэх боломж байсан уу гэвэл байсан. Гэвч энэ ундааг хүртэх төдийд л зүрх нь хүчтэй цохилж дотор нь бачуурах зэргээр бие хаа эвгүйрхэх. Тиймээс яалтай билээ. Гэхдээ тэр архи ууж сураагүйдээ жаахан харамсдаг гэнэ билээ. Яагаад гэхээр найз нөхөд нь архи уугаад нэг өдөр.ч гэсэн зовлонгоо мартан жаргаж таарна биз дээ. Энэ нь л түүний атаархлыг төрүүлдэг хэрэг. Уншигч та түүнийг “Чингис” шар айрагны рекламанд тоглосныг санаж байгаа байх. Сонирхуулахад тэрбээр энэхүү рекламанд тоглохдоо ёстой жинхэнээсээ тас үсэрсэн гэх. Энэ рекламны зураг авалтыг Увс нуурын хөвөөнд авсан юм байна л даа. Монголын бараг л хамгийн хүйтэн цэг болох энэ нуурын эрэг дээр 12 дугаар сард зураг авахуулах үнэндээ амаргүй байсан нь дамжиггүй.

-30 градусын хүйтэнд даарснаа мэдэгдэхгүй байх жүжигчний үүргийнхээ дагуу тэрбээр хэд хэдэн зураг авахуулав. Гэвч дүн өвлийн хүйтэн жавар тэр тусмаа Увс нуурын жавар өөрийн эрхгүй шүдийг нь тачигнуулчихна.
Ингээд л тэр зайлшгүй шаардлагаар нэг аяга цэвэр спирт явуулж орхих нь тэр.
Өнөөх хатуу эд нь зүгээр л ус шиг орчих юм гэнэ. Үүний  хүчинд зургаа авахуулаад дууслаа. Харин бүх юм дууссан хойно дулаан газар орж нэг аяга цай уугаад нам болсон гэнэ билээ. Урлаг хүнээс их зүйл шаарддагийн нэг жишээ нь энэ гэлтэй.



Ардын жүжигчний алсын хараатай бизнес


Урлагийнхан уг нь нэг их бизнес эрхлээд байдаггүй. Гэтэл тэрбээр нэлээд эрт зах зээлд орж бас ч гэж өөрийн гэсэн бизнестэй болоод авсан сүйхээтэй эр. Ер нь тэгээд зах зээлийн нийгэмд хүн чадлынхаа хэрээр амьдрах ёстой. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж хүн бүр өөр өөрийн дарвуулт хөлгөөр их далайд ховох болов. Г.Мягмарнаран ч гэсэн өөрийн хөлөг онгоцыг бүтээж тэр их далайд сэлж гарлаа. Түүнийг Төв аймгийн Лүн сумын хүн гэж дээр өгүүлсэн. Тиймээс тэр төрсөн нутагтаа очиж “Ам цангав” гэх зоогийн газрыг байгууллаа. Өөрөөр хэлбэл зам зуурын хүмүүсийг хооллож ундлах буянтай ажил хийж эхэлсэн юм. Өдгөө түүний энэ зоогийн газрыг үр хүүхдүүд нь ажиллуулдаг гэнэ билээ. Хүн гэдэг мөнхийн амьтан биш. Нэгэн цагт насны хяруу унаж нутгаа бараадахын цагт энэ зоогийн газрын ач тус гарах нь дамжиггүй. Угаас Ардын жүжигчний алсын хараа энэ биз ээ.

Х.Сэдэд
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!