LOADING

Type to search

Uncategorized

Манлайбаатар Дамдинсүрэнгийн удмынхан хэвлэлд анх удаа

Share

Шаравын Сүнжидмаа: Манлай вангийн удам өнөр болсон

Та Манлай ван Дамдинсүрэнгийн хэд дэх үеийн төлөөлөл вэ. Түүхт хүний удмын үргэлжлэл гэдгээ хэзээ мэдсэн бэ?

Намайг ЕБС-ийн бага ангид сурч байх үед манай эмээ Учралтын Дарь-Эх гэж хүн “Та нар бол Манлайбаатар Дамдинсүрэнгийн үргэлжлэл, үр хойч шүү” гэж хэлдэг байлаа. Эмээ маань Манлайбаатарын охин Учралтын  төрсөн хүүгийнх нь   охин байж л дээ. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор, тийм хүн манайд ирдэггүй, бид золгодоггүй болохоор мэдэхгүй, нарийн учрыг асууж байсангүй. Хожим манай аймгийн нутгийн зөвлөл,  түүнийг даргалж байгаа Гомбо гуай  судалж, тодруулж, бид бас уулзаж ярилцсанаар түүх намтраа тодруулж мэдэж авсан. Мөн хамаатан садангаа олж уулзлаа. Манлайбаатар Дамдинсүрэнгийн Бүтэд хатны зээ охин Даваасүрэнтэй танилцлаа. Ах дүүсийг ойртуулж танилцуулсан, бидний ураг удмын түүхийг тодруулсан нь өндөр өвгийн маань 150 жилийн ойн нэгэн бахархал байлаа. Энэ ойг зохион байгуулсан бүх хүнд баярлаж талархаж байна.

Манлай вангийн 150 жилийн ой саяхан тохиолоо. Түүхэнд тэмдэглэх үйл явдлаар дүүрэн байв уу?

-Манай өвөө /аавын аав/ 1938 онд хэлмэгдсэн юм. Өвөө эмээ болон аав ээж  маань Дорнод аймгийн Гурванзагал сумын уугуул, Манлайбаатар  Дамдинсүрэнгийн удмын хүмүүс. Оны өмнөхөн  бидний өндөр өвөг Манлайбаатар Дамдинсүрэнгийн  150 жилийн ой тохиож,  хэдийгээр цар тахлын үе ч гэлээ төр, засгийн зүгээс  өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. ШУА ихээхэн анхаарал хандуулж, олон улын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Түүхч, судлаачид идэвхтэй оролцлоо. Гурванзагал суман дахь өндөр өвгийн маань хөшөөнд, мөн  Эрээнцавын хоёр улсын хилийн зурваст босгосон хөшөөнд тус тус хүндэтгэл үзүүллээ. Цаашид судлах, олж мэдэх зүйл бидэнд их байна.

Та ямар ажил эрхэлж ирэв, үүх түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Би 1947 онд Улаанбаатар хотод мэндэлж, 1967 оноос  Дархан хот бий болоход тэнд очиж ажиллаж, амьдарсан. Тухайн үед шинэ хот бий болж, үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр  байгуулагдаж байсан юм. Миний хувьд хүнсний комбинатад ажиллаж байгаад Марксизм-Ленинизмийн оройн  дээд сургуулийн анхны элсэлтээр орж  сурч төгссөн.  Би өөрийн аав ээжээс ганцаараа, намайг хоёр настайд ээж маань бурхан болж аав дахин гэрлэснээр дүү нартай болсон.

Шаравын Лхагвасүрэн:  Ах, дүү таван тэмцэгчийн нэг нь би

Манлай ван Дамдинсүрэнгийн IV үеийнхэн дотор олон тэмцэгч байгаа нь анхаарал татлаа. Энэ хүртэл учир шалтгааныг өөрсдөө мэдэж байв уу?

Бид Манлай ван Дамдинсүрэнгийн IV үе юм. Миний эмээ Дарь-Эх гэдэг хүн бол Учралт хэмээх охиных нь хүүхэд юм. Манайхан олуулаа, эцэг эхээс арвуул. Түүнээс нэг нь хүнд өргөгдсөн болохоор өөр овогтой. Үлдсэн есөн хүнээс тав нь тэмцэгч. Хамгийн бага эрэгтэй дүү маань Ш.Баярсайхан гэж хүн бий. “Монгол хүний үндэстний эрх, иргэдийн хяналтын хороо” ТББ-ын тэргүүн, монгол хүний эрхийн төлөө тууштай тэмцэж  ирсэн. Ш.Жаргалсайхан дүү маань ардчиллын төлөө 30 жил тэмцэж явна. Ш.Энхсайхан ах маань Монгол Улсад дөнгөж хөгжиж эхэлж байгаа  хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэхийн төлөө насаараа зүтгэж, тэмцэж ирсэн. Паралимпийн аварга Содномпилжээг дасгалжуулсан багш юм. Ш.Нямсүрэн дүү маань “Монгол хүн газрынхаа эзэн байх ёстой” гэж үзэж, түүний төлөө тэмцэж ирсэн. Яагаад нэг гэр бүлээс таван хүн тэмцэл, хөдөлгөөнөөр “амьсгалж” ирэв гэж хүмүүс гайхдаг байлаа. Бид  өөрсдөө ойлгоогүй ч тус тусын замаар тэмцэл хөдөлгөөн өрнүүлсээр  ирсэн. Гэтэл өндөр өвгийн маань 150 жилийн ойтой холбоотой судалгаа, шинжилгээний ажлын явцад эмээ маань Манлай ван Дамдинсүрэнгийн  охин Учралтын төрсөн хүүгийн  охин болохыг мэдсэн. Манай нутгийн зөвлөлийн дарга, барга судлаач Гомбо гуай хэлэхдээ “Танай удмынхан нэр, овгоо солиогүй нь судалж, тогтооход дөт байлаа. Бид та нарыг олж уулзсандаа баяртай байна” гэсэн.

Миний мэдэж байгаагаар та бол хар тамхины эсрэг олон жил тэмцсэн тэмцэгч шүү дээ?

Сэтгүүлчид намайг сайн мэдэх байх. Би арав гаруй жилийн өмнөөс хар тамхины эсрэг тэмцлийг өрнүүлж, иргэд, олон нийтийн дуу хоолой болж  ирсэн. Тухайн үед хар тамхины үйлдвэр бий болчихсон, хятад иргэд зээргэнээс хар тамхины бэлдэц гаргаж авч байгааг илрүүлж байлаа. Хожим тэр үйлдвэрийн суурин дээр орон сууц баригдаж, олон айл орох оронтой болсон.

Одоо ч гэсэн хар тамхитай тэмцэх олон шаардлага үүсч байна. Энэ талаар та юу хэлэх бол?

Таны асуулттай санал нэг байна. Сүүлийн үед цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх хууль гарсан. Энэ хуульд мансууруулах үйлчилгээтэй эмийн бодисыг тарина, экспортолно гэсэн байгаа. Тэрийг үйлдвэрлэж, тариад, экспортлох юм бол Монгол оронд юу үлдэх вэ, Үндэсний аюулгүй байдал юу болох вэ.

Д.Даваасүрэн: Миний эмээ Жамъянмядаг хатны ганц охин байлаа

Түүхт хүний гурав дахь үе гэхээр ойрхон сонсогдож байна. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

Намайг Манлайбаатар Дамдинсүрэнгийн гурав дахь үе Должингийн Даваасүрэн гэдэг. Должин гэдэг нь миний ээж, Нацагханд гэж хүн Манлайбаатар Дамдинсүрэнгийн Жамъянмядаг хатнаас төрсөн цорын ганц охин юм. Бидний өндөр эмээ  Нацагханд хатан ухаан гаргаж, үр хүүхдээ дандаа өөрийн нэрээр овоглосон. Ингэснээр  ээж минь Нацагхандын Должин гэж овоглож ирсэн юм билээ. Миний ээж  Түмэнбаатар, Түмэнцэцэг, Даваасүрэн гэж гурван хүүхэд төрүүлээд өөрөөрөө овоглосон. Түмэнцэцэг эгч маань бурхан болж, ах бид хоёр үлдсэн. Түмэнбаатар ах маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, бэлтгэл офицер. Миний хувьд авто тээврийн байгууллагад 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Монголчуудаа эрүүл байгаасай, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээсэй гэж  зөв хоололтын талаар олон жил судалж, лекц уншиж, клуб ажиллуулж ирсэн нийгмийн зүтгэлтэн.

Та эмээтэйгээ ойр өссөн гэсэн. Тэгэхээр өвөөгийнхөө  түүхийг сонсч өссөн байх. Тэр бол Монгол Улсын түүх шүү дээ, тэр тухай ярьж өгнө үү?

Тийм ээ, би 21 нас хүртэл эмээтэйгээ хамт амьдарсан зээ охин нь юм. Нацагханд эмээ минь Манлай ван Дамдинсүрэнгийн төрсөн охин учир аавынхаа тухай маш их ярьдаг. Эдэлж, хэрэглэж явсан зүйлүүдийг нь үзүүлдэг байлаа. Сар бүр аавынхаа нэр дээр 200 төгрөгийн тэтгэлэг авч, түүнээсээ надад чихэр жимс авч өгч эрхлүүлдэг байлаа. Хуучин Октябрын районы банкнаас сар болгоны тэтгэлгээ авна, тэгэхдээ намайг хөтлөөд очно. Эмээд Монголын төр, засгаас Таваншард хоёр өрөө байр өгсөн, тэнд бид амьдарч байлаа. Сүүлд ах маань хөдөө орон нутагт томилогдон  ажиллахаар  болж тэр байраа айлд түрээслүүлтэл бичиг баримтыг нь сольж бусармаг гараар оруулж бид түүхт тэр байрыг бусдад алдчихсан.

Бид өвөөгөөрөө үеийн үед бахархаж ирсэн. Өвөө минь Монгол Улсын Манлайбаатар цолыг хүртсэн анхдагч, даяар Монголд алдар суу нь түгсэн  баатар эр  байсан. Бүхий л амьдралаа Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, ард түмнийхээ эрх чөлөөг баталгаажуулахад зориулж, улс орны цэрэг батлан хамгаалах, аж ахуй соёлыг бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн их үлгэр дууриал болж ирсэн. Энэ их үйл хэргийнхээ төлөө эцсийн мөчид Гамингийн шоронд 117 хоног тамлагдан тарчилсны эцэст босоогоороо насан эцэслэсэн. Монголын ард түмэн энэ үйл явдлыг мартах аргагүй, мартах ч  ёсгүй юм. Яагаад гэвэл Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө маш их үнэ цэнээр олдсон.

Чингис хааны удмын хүн, Монгол Улсын анхны баатар  гэж түүхчид хэлдэг?

Бидний өвөө Манлайбаатар Дамдинсүрэн бол Чингис хааны удмын Гэсэр Жалайр хун тайжийн залгамжлагч Боржигон овогт хиад ястан байсан юм билээ. Хошуу тамгын бичээч, орлон гүйцэтгэгч, сумын зангийн алба хашиж байсан.  1911 онд Монгол Улс Чин улсаас салж, төрийн тусгаар тогтнолоо сэргээж Богд хаант улс болоход гүнгийн зэрэг олгож, гадаад явдлын дэд сайдаар томилж байсан. 1912 онд Шинжаанаас Ховд руу дайрсан Хятадын цэрэгтэй байлдахад тэргүүлэн оролцож, баатар эрийн үлгэр дууриалыг үзүүлж ялалт байгуулсныг үнэлж цэргийн жанжин цол олгож, 1912 оны сүүлээр Цэргийн яамны хэрэг эрхлэх зөвлөх сайдаар томилогдсон. Ингээд Монголын цэргийн яамны зөвлөлийн анхны сайд болж байсан түүхтэй. Мөн Монгол Улсын цэргийн жанжин гэсэн өнөөдөр албан тушаалд тохоон томилогдож, баатар цол хүртсэн анхдагч  байсан.

Монгол Улс Манжийн эрхшээлд байх үед ноёд, ард иргэдийнхээ төлөө Богд хаанаас таван жилийнхэнэ цалин пүнлүүг урьдчилан авч түүгээрээ баргын ард түмэн, хошууны зон олныг малжуулах хөдөлгөөн өрнүүлж явсан гэдэг. Богд хаан таван жилээр цалин пүнлүүг нэгмөсөн өгч болохгүй учир үе шаттай өгч байсан түүхтэй. Тухайн үед ноёны хүүхдүүд суудал залгадаг байсан. Иймд өөрсдийн хүүхдийг ноён суудалд суух аваас ард иргэдээс алба гувчуур авч болохгүй гэж захиж, хэрэв алба гувчуур нэхэж ирэх аваас миний энэ бичгийг үзүүл хэмээн бичиг хийж өгч  байсан байдаг. Энэ үзэл санаанаас  үр хүүхэддээ хүртэл шударга үнэнийг, эх оронч байхыг захиж байжээ гэдэг нь харагддаг. Энэ мэт домгийг эмээ минь надад ярьдаг байлаа. Миний эмээ  бол Монголын анхны пионер, орос, манж хоёр улсын хэлтэй, гэртээ тогоочтой, хөрөнгө чинээ ихтэй, одоогоор бол мисс гэмээр үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байсан. Гэвч тэр хүн жаргасан уу гэвэл бас үгүй, 1937-1939 оны хэлмэгдүүлэлтээр  манай удмын Долсон, Уртнасан, Дампил гэж гурван ах цаазаар авахуулсан гэж  хэлдэг байлаа. Дампил ах нь сураггүй алга болсон гэдэг. Долсон нь тухайн үед гурван хүү, нэг охинтой , Уртнасан нь ганц хүүтэй байсан гэж ярьдаг. Хожмын түүхчид тодруулж, үр хойч биднийг уулзуулж байгаа нь сайн талтай. Ингэхдээ баримтыг нягтлан тодруулж, сайтар судлаасай гэж бодож байна.

1871 оны гуравдугаар сарын 13-1921 оны нэгдүгээр сарын 27 (49 насалсан)

Төрсөн газар: Манж Чин гүрэн Шинэ Баргын Шулуун цагаан хошуу

Нас барсан газар:  Богд Хаант Монгол Улс, Нийслэл хүрээ

Эх орон: Богд Хаант Монгол Улс

Ажиллагаа/салбар: Богд Хаант Монгол Улсын арми

Албан үүргийн он жилүүд: 1911–1920 он

Цол: Богд Хаант Монгол Улсын Манлайбаатар

Цэргийн удирдах албан тушаал: Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдааны ерөнхий командлагч жанжин болон бусад

Тулалдаанууд/дайнууд: Өвөр Монголд гарсан 1911 оны бослогууд, Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдаан

Шагналууд:  Богд Хаант Монгол Улсын Манлайбаатар «Эрдэнийн очир» одон

(Эх сурвалж: wikipedia)

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!