LOADING

Type to search

Uncategorized

Урлагийн тайзнаа сор болон гялалзах Б.Цэрэнпагма

Share

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан дүрийг бүтээж, 1991 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан  түүнийг төрмөл авьяастан гэх хүн олон.

Урлагт хөтөлсөн авьяас

Байгаль түүнд жүжиглэх мэдрэмж, авьяасыг харамгүй заяаж. 1960-аад оны эцсээр Драмын театрын залуу боловсон хүчнээр сэлбэх бодлого явагдаж, авьяастай залуусыг олох эрэл болжээ. Энэ үеэр 17-р сургуулийн төгсөх ангийн сурагч тэрбээр Ардын жүжигчин Д.Дамдинсүрэнгийн хараанд өртөж, дагалдан жүжигчин болгосноор урлагийн их замд хөл тавьсан гэдэг. Театрт орсны дараахан Төрийн шагналт Л.Ванган түүнийг хараад “Энэ хөөрхөн нүдтэй, бор охиноос чинь их юм гарах нь дээ” хэмээсэн гэдэг.

Тэрбээр 1950 онд Улаанбаатар хотод төржээ. Дунд сургуулийн сурагч байхдаа спортоор тэр дундаа гар бөмбөгөөр хичээллэдэг, ууланд явж цанаар гулгадаг төдийгүй цанын спортын мастер байсан.

 Түүнийг жүжигчин болчихно гэж төсөөлөөчгүй хэмээн дунд сургуульд хамт сурч байсан Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий дурссан нь бий.

Тэрээр 1965-1995 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. 

Энэ хугацаанд УДЭТ-ын тайзнаа “Хоёр үе” жүжгийн (1968) Людмила, “Бөмбөрчин эмэгтэй” жүжгийн (1971) Лиза, “Тангараг” жүжгийн (1971) Оюун, “Эдип хаан” (1972), “Нандин эрдэнэ” жүжгийн (1973) Цэцгээ, “Оролмаа” жүжгийн (1973) Баямаа, “Галт шугуй” жүжгийн (1974) Тье-Хан, “Дөшин жирмийнхэн” жүжгийн (1974) Заяа, “Цаг өөр болжээ” жүжгийн (1974) Манушка, “Маш нууц” (1975), “Би яагаад” жүжгийн (1975) Болормаа, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн (1976) Смеральдина, “Аз жаргалын эрэлд” жүжгийн (1977) Марина, “Отелло” жүжгийн (1978) Дездемона, “Их авхай” жүжгийн (1980)  Хятад хүүхэн, “Найрын ширээний ууц” жүжгийн (1981) Ханджав, “Арын албаныхан” жүжгийн (1981) Цэрэг, “Эрдэмтний яриа” (1982), “Сэргэлт” жүжгийн (1982) Галина, “Алтан түлхүүр” жүжгийн (1983) Үнэг, “Нора” жүжгийн (1984) Фру Линне, “Хөхөлдөй хүүгийн үлгэр” жүжгийн (1986) Аймалжин ээж, “Интоорын цэцэрлэг” жүжгийн (1986) Варя, “Ээдрээ” жүжгийн (1989) Алтанзул, “Зэрэглээ” жүжгийн (1989) Долгор зэрэг Үндэсний болон дэлхийн сонгодог 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээж.

“Ээдрээ” жүжиг
Зураг: Монголын театрын музей

Түүнийг Таагүрийн “Цусан тахилга”-д тоглоход найруулагч Доржсамбуу уйлж байсан гэдэг.

Бүтээж буй дүрдээ уусан шингэхүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн хамт

Жүжигчин хүний дүр бол амь. Тэд нэг насандаа олон амьдрал туулдаг. Жүжиг амьдрал атал амьдрал харин жүжиг биш нь юутай үнэн. Цэрэнпагма гуай дүрийнхээ дотоод амин сүнсэд гүн гүнзгий нэвтэрч чаддаг жүжигчин билээ. Учир нь түүний жүжиглэлт үнэн байдаг. Үзэгч түмэн ч үүнийг анзаараа байлгүй.

Ардын жүжигчин Л.Жамсранжав “Цэрэнпагма их задгай тоглолттой, үнэн харцтай учраас хариуд нь хоосон харахын аргагүй, нэг ч удаа утга учиргүй илүү хөдөлгөөн хийдэггүй жүжигчин байсан” хэмээсэн юм.

Зөвхөн түүнд л зориулагдсан дүрүүд

Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин 1979 онд “Газрын үнэр” киногоо бүтээхдээ гол дүрээ зөвхөн Б.Цэрэнпагмад л зориулж, түүнээс өөр хэн ч бүтээж чадахгүй гэсэн итгэлтэй байсан гэдэг.

Тэр “Газрын үнэр” кинонд тоглохын тулд дугуй ч унаж үзээгүй хэрнээ долоо хоногийн дотор мотоцикл унаж сурах даалгавар авч, мотоциклдоо дарагдан халуун янданд хөлөө хайруулсан. Тэгсэн ч хэдэн хоног шархандаа тос түрхэж, хазганаж явахдаа мотоцикл унах сургуулиа хийсээр дажгүй явж сурсан гэдэг.

Өнөөх хар хорхой түүн идэх Галзуу Цэвэлийн дүр бол түүний оргил дүрийн нэг юм. Киноны тэрхэн хэсгийг үзээд сэртэс хийгээгүй хүн цөөн биз. Хар хорхойн хөлийг тас тас татан амандаа хийдэг тэрхэн хэсэг хүн бүрийн сэтгэлд яах аргагүй зураглал болон үлдсэн.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хүн чулууны нулимс” киноны “Цусан гавьяа” зохиолоо бичихдээ “Энэ дүрийг Б.Цэрэнпагма л бүтээнэ. Өөр хүн чадахгүй” хэмээж.

Тэрбээр энэ дүрийг бүтээхийн тулд Шар хадны эмнэлэгээр очин судалгаа хийж, кинонд зориулан бэлдсэн хар хорхой байсан ч жинхнээсээ хар хорхой идэж, хэл нь түлэгдэн хавдаж байсан гэх. Уг киног найруулагч УГЗ, Ардын жүжигчин Г. Жигжидсүрэнд хандан “Жийгээ энэ кинонд би Мандухайд тоглож байгаа юм шиг тоглоно” гэж хэлсэн гэдэг. Ингэж хэлсний учир хэмээвээс тухайн үед Мандухай сэцэн хатан киноны дүрийг шалгаруулалтын сүүлийн шатанд Н.Сувд гуайтай үлдэж байж.

Тэрбээр Галзуу Цэвэлийн дүрээр 1991 онд Москвагийн ОУ-ын кино наадмаас “шилдэг эмэгтэй” дүрийн шагнал хүртсэн.

Инээмсэглэлээрээ гэрэл цацруулагч                    

Бүтээсэн дүрээс гадна хувь хүний хувьд гэгээлэг хүн байсан хэмээн үеийн ахмад уран бүтээлчид дурсан ярьдаг. Гавьяат жүжигчин Б.Тунгалаг “Б.Цэрэнпагма дандаа инээж явдаг, их сайхан зантай. Гэхдээ жаахан хэнэггүй. Гаднаас ороод ирэхэд нь л өрөө дүүрээд, дандаа хамт байх юм сан гэж бодогддог байж билээ” хэмээсэн байдаг. Бүтээсэн дүрээс нь гадна сайхан хүмүүн гэдгээр нь хайрлах хүмүүс мундахгүй. Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Бусад эмэгтэй жүжигчдээс инээдмийн мэдрэмж сайтай” хэмээн тодорхойлсон.

Б.Цэрэнпагма ханьтайгаа 30 шахам жил ханилж, гурван хүүхдийн ижий болсон юм.

“Бага тайз”-ны эзэн

Театраас гарсныхаа дараа тэрбээр хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж, “Одойчуудын театр” гэгчийг байгуулан ажиллаж байгаад “Бага тайз”-ны жүжигчин болсон.

Жил бүрийн 4 дүгээр сарын нэгэнд “Эв, эе” нэртэй хошин бүтээлийн тоглолт болдог байв.

Нэгэн үе хошин урлагийн үндэс суурийг тавилцаж, “Инээдмийн дэлгэц”, ” Бага тайз”, ” Нүцгэн инээд”, “Батзаяа ба түүний нөхөд”, “Учиргүй гурван толгой” зэрэг инээдмийн хөтөлбөрүүдээр үзэгчдийг хөгжөөж байсан алтан үеийн жүжигчид болох Б. Батзаяа / МУГЖ/, Д.Батсүх / МУГЖ/, Д. Сосорбарам /МУГЖ/, Б. Цэрэнпагма /МУГЖ/, Л.Чаминчулуун /МУГЖ/, Б. Туяа / МУГЖ/ нарыг дурьдахгүй байхын аргагүй юм.

Дэлгэцнээ сор болон гялалзах дүрүүд

1972 он “Эхлэлт” Данзангийн дүү

1974 он “Тамирын охин” Алимаа

1976 он “Хүний амь” Дэлгэр

1978 он “Газрын үнэр” Должин

1980 он “Эргэж бодох бодол” Цэвэлмаа

1981 он “Хатанбаатар” Чүлтэм бээсийн хатан

1982 он “Тэмцлийн оч” Сэржмядаг

1988 он “Мандухай сэцэн хатан” Шихэр хатан

1990 он “Хүн чулууны нулимс” Цэвэл

1992 он “Найрын ширээний ууц” Ойдовын эхнэр

1993 он “Хүлээх газар”

1993 он “Хойд эцэг” Хандмаа

1993 он “Тавилан” Сэмжид

1994 он “Тамд эдэлсэн жаргал” Цогзолмаа

Эх Сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!