LOADING

Type to search

Uncategorized

Алдраар жигүүрлэсэн Жуди Гарландын түүх

Share

Америкийн дуучин, бүжигчин, жүжигчин, “хөгшин” Холливудын дүр төрх Жуди Гарланд амжилтын эрэлд өөрийгөө зориулсан нэгэн. Тэр “Get Happy”, ” Over the Rainbow” зэрэг дуугаараа дамжуулан сэтгэлийн амар амгаланг эрэлхийлж байсан гэдэг. Дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгчидтэй байсан тэрээр таван удаагийн гэрлэлт, мансууруулах бодисын хамаарал зэрэг олон бэрхшээлтэй тулгарч, гунигт амьдралын замналыг туулсан нэгэн. “The Wizard of Oz”, “A Star Is Born” зэрэг киногоороо алдартай түүнийг сэтгүүлч Анн Хелен Питерсен, “Гарланд бол оддын амьдралын анхны “хохирогч” байсан” гэжээ.

Эцэг эхийн шаардлагаар хар багаасаа жүжигчин болсон түүний амьдралын зорилго, цорын ганц хүсэл ердөө л тайзан дээр гарах болж хувирсан аж.

1968 онд Жуди Гарланд Лондонгийн Talk of Town cabaret club-д таван долоо хоногийн тоглолт хийжээ. Энэ бол нэрт жүжигчний хамгийн сүүлчийн тоглолт байсан юм. Учир нь жилийн дараа тэрбээр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хорвоог орхисон. Руперт Гоулдын найруулсан “Жуди” хэмээх кино 2019 онд гарсан бөгөөд түүний ээдрээт амьдралын түүхийг харуулна. Жудигийн карьер 40 гаруй жилийн турш үргэлжилсэн бөгөөд 1939 онд бүтээгдсэн “The Wizard of Oz” киноны Доротигийн дүрээрээ ихээхэн алдартай.

Бага нас

Тэр хүүхэд наснаасаа алдаршиж эхэлсэн ч амжилт нь түүний бага насыг “хулгайлсан” аж.  Фрэнсис Этель Гамм /түүний жинхэнэ нэр/ 1922 онд Миннесотта мужийн Гранд Рапидс хотод шоу бизнес эрхэлдэг гэр бүлд төрсөн.  Тэр дөнгөж дөрвөн настайдаа аль хэдийнээ “уран бүтээлч” болсон бөгөөд 7 настайдаа эгч нартайгаа  хамтран дуулж, бүжиглэж, Чикагод “Gumm Sisters” нэртэйгээр тоглолт хийдэг байв.

1926 эцэг эх нь салж, охид ээжтэйгээ хамт Калифорни руу нүүсэн бөгөөд энэ үеэс тэрбээр Гарланд нэртэй болжээ.

Калифорниа мужид очсоны дараа ээж нь охидоо нэг л өдөр кинонд тоглоно, дэлгэцнээ гарна хэмээн найдаж, олны анхаарлыг татахад ихээхэн түлхэц үзүүлсэн бөгөөд охидоо амжилтанд хүргэх л зорилготой байв. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хийж чадах бүхий л зүйлсээ хийсэн. Залуу Гарландын эрч хүчийг нэмэгдүүлэх, нойр сайтай байлгах зорилгоор элдэв эм, мансууруулах бодис өгөх оролдлого хийж байсныг намтар судлаач Жеральд Кларк хэлжээ. Ийм цуу ярианаас болж гэр бүлийн харилцаа муудаж, Гарланд ээжийгээ хорон муу санаатан мэтээр үзэх болж.

Амжилт ба дарамт

13 настайдаа залуу Жуди дэлхийн томоохон кино студиудын нэг MGM-тэй гэрээ байгуулахаар болжээ.

Студийн захирал Луис Б.Майер түүнээс ямар ч шалгалт авалгүйгээр шууд л гарын үсгээ зурж, студид ашигтай “од” болгохоор шийдэв. Гэвч гэрээ байгуулсан цаг Гарландад мансууруулах бодисын хамаарал, биеийн галбир, сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалтай тэмцэх насан туршийн тэмцлийн эхлэлийг тавьсан юм. MGM студийн зүгээс Гарландыг хатуу хоолны дэглэм барихыг шаардаж байв.

Гарланд тус студитай хамтран 20 гаруй уран бүтээлд тоглосон бөгөөд “Andy Hardy” цуврал нь ихээхэн алдар нэр олсон.

Тэр хүүхдэрхүү төрхтэй учир ихэнхдээ өөрийн наснаасаа бага, залуу дүрд тоглодог байв. Биеэ барьсан хувцастай бүжиглэх, дуулах түүнийг галбиртаа анхаарахад хатуу шаардлага тавьж, хүссэн зүйлээ ч идэж чаддаггүй байв. Гарландын хоолны дуршлыг бууруулж, энерги эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор элдэв эм, бодис ч өгдөг байв. Мөн студийн захирал түүнд бэлгийн дарамт үзүүлсэн аж.

Тэрбээр 5 удаа гэрлэсэн бөгөөд анхны нөхөртэйгөө 19 насандаа гэрлэсэн.

Гарланд 1939 онд “ The Wizard of Oz ” кинонд Доротигийн дүрийг бүтээснээр олон улсад алдаршиж, Академийн тусгай шагнал хүртсэн.  19 настайдаа өөрөөсөө 12 насаар ах хөгжмийн зохиолч Дэвид Рөүзтэй гэрлэсэн ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Салалтаас жилийн дараа найруулагч Винсент Миннеллитэй дахин гэрлэж,1946 онд тэд Лиза Миннелли хэмээх охинтой болсон.

“Сэтгэлийн манан”

15 жилийн дараа MGM-ээс халагдсан тэрээр мэдрэлийн өвчтэй болж, хоёр ч удаа амиа хорлохыг завдсан төдийгүй Сид Люфттэй амрагийн харилцаатай болов. Тэр 1951 нөхрөөсөө салж, Сид Люфттэй гэрлэж хоёр хүүхэдтэй болсон. Люфт Гарландын менежер болсон бөгөөд түүний карьерт эргэлт бий болсон нь 1954 онд бүтээгдсэн “A Star Is Born” байв. Гарланд энэхүү киноны дүрээрээ Оскарын “шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшсэн юм.

Гэвч Гарланд мансууруулах бодис үргэлжлүүлэн хэрэглэсээр байсан бөгөөд удалгүй нөхрөөсөө ч салжээ. Түүний дөрөв дэх гэрлэлт таван сар л үргэлжилсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийллээр  төгссөн юм.

Харин түүний сүүлчийн нөхөр Америкийн хөгжимчин Мики Динс байв.

“Миний амьдрал эмх замбараагүй байдал, туйлын ганцаардлын хослол байсан” гэж хожим Гарланд дурсан ярьсан юм.

Олон жилийн турш мансууруулах бодис хэрэглэснээс болж Гарландын бие бялдар, дуу хоолой нь доройтосноос гадна санхүүгийн бэрхшээлтэй ч тулгарчээ. Тэр Калифорнийн Брентвуд дахь байшингаа хямд үнээр зарж, мөнгө олохын тулд Talk of the Talk –д таван долоо хоног шоу тоглолт хийх саналыг хүлээн авсан аж. Энэ нь түүний урлагтаа эргэн ирэлт гэж тооцогдож байсан юм. “Би бол эргэн ирэлтийн хатан хаан” гэж Гарланд нэгэн ярилцлагынхаа үеэр дурьджээ.  Гэвч үүнээс удалгүй золгүй явдал тохиолдсон бөгөөд тэрбээр мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн юм. Түүний амьдралын гунигт түүх ийм буюу.

2019 онд бүтээгдсэн “Жуди” киноны гол дүрээр жүжигчин Рене Зеллвегер “Оскар”-ын эзэн болсон билээ.

Эх Сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!