LOADING

Type to search

Uncategorized

Б.Ууганбаяр: Цөсний чулуу нь сувгийн хүзүү хэсэгт бөглөрч, шигдсэн үед хүчтэй өвдөлт өгнө

Share

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Ууганбаярын “Цөс чулуужих өвчин”-ий талаар өгсөн зөвлөгөөг сийрүүлэн хүргэж байна.

– Цөсний шүүрлийн талаар яриагаа эхэлье?

– Цөсний шүүрэл нь элэгний эсээс ялгараад цөсний хүүдийнд хуримтлагдаж байдаг. Цөс гэдэг шингэн шүүрэл нь хоолны өөх тосыг боловсруулдаг. 2010-2019 оны хоорондох эрүүл мэндийн үзүүлэлтээр элэгний өвчлөл 25,2 хувь, цөсний эмгэг 13,8 хувь /2010/ байсан. Харин 2019 онд элэгний өвчлөл 23,6 болон буурч, цөсний өвчлөл 13,8 гээд нэг түвшинд байгаа юм.

– Цөс чулуужих өвчний талаар мэдээлэл өгнө үү?

– Цөс чулуужих өвчин нь цөсний найрлага, бүтэц өөрчлөгдсөний улмаас үүсдэг. Энэ өвчин нь гурван үе шаттай.

Нэгдүгээр үе- Энэ үед элэгний эсээс холестрин өндөртэй летогенез ялгардаг. Мөн энэ үед оношлогдох боломжгүй.

Хоёрдугаар үе- Энэ үе шатанд цөсний чулуу үүсдэг. Гэхдээ шинж тэмдэг илэрдэггүй учир эмнэлэгт хандах хэрэгтэй.

Гуравдугаар үе- Энэ нь өвчний илрэлийн үе юм. Хэрэв тухайн хүн цөсний чулуутай байвал шинж тэмдэг гарч эхэлнэ.

– Цөс чулуужих өвчний үед ямар шинж илрэх вэ?

– Цөсний чулууны тоо олшрох, томрох, шингэн цөс өтгөрөх тохиолдолд хэвлийн баруун дээд хэсэгт өвдөнө. Цөсний чулуу нь сувгийн хүзүү хэсэгт бөглөрч, шигдсэн тохиолд хүчтэй өвдөлт өгнө. Мөн цөсний ерөнхий сувагт чулуу орсон бол хүчтэй өвддөг.

Түүнчлэн биж хам шинжүүд бий. Тухайлбал цээж гашуу оргиж, гэдэс цанхайх шинжүүд илэрнэ. Цөсний хатгайн өвдөлтийг дагаад үрэвсэл үүсч болно. Энэ тохиолдолд халуурдаг.

– Дээрх шинжүүд илэрвэл хаана хандах вэ?

– Мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Хэрэв эмчид хандахгүй удвал цөсний өвчний хүндрэл үүснэ. Мөн иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстой. Цөсний чулуу нь тэр бүр шинж тэмдэг өгдөггүй.

– Цөсний чулуу өвчин тусахгүйн тулд юуг анхаарах вэ?

– Цөсний чулуу үүсгэдэг 5 хүчин зүйлийг судалгаагаар тогтоосон байдаг. Цөс чулуужих өвчин нь бодисын солилцооны эмгэгт орж явдаг. Тэгэхээр таргалттай бол цөсний чулуу өвчин тусах эрсдэлтэй гэсэн үг. Мөн 40-өөс дээш насныхан, эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог. Түүнчлэн олон төрөх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Мөн хонгор шаргал үстэй хүмүүс тусдаг нь батлагдсан.

Үүнээс гадна, хоолны дэглэм алдагдах орно. Өөх тостой хоолыг хэтрүүлэн хэрэглэх, удаан хугацаанд хооллохгүй явах, хэт их оройтож хооллох нь нөлөөлдөг. Түүнчлэн бусад архаг, хавсарсан өвчний үед цөсний эмгэг үүсэх хандлага байдаг. Дараагийн нэг шалтгаан нь удамшил гэж үздэг. Тиймээс эрсдэлт хүчин зүйлээ багасгах хэрэгтэй.

– Ер нь баяр ёслолын дараа, зуны амралт эхэлсэн үеүдэд хоол боловсруулах замын өвчин ихсэх хандлагатай байдаг.

Эх сурвалж: Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!