LOADING

Type to search

Uncategorized

Хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон эмэгтэй жүжигчид

Share

Жүжигчин А.Гэрэлцэцэг

Монголын хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг 2000 онд СУИС-ийн  кино, драмын ангид элсэн орсон бөгөөд “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр алдаршсан Гавьяат жүжигчин Л.Лхасүрэнгийн шавь билээ. Тэрээр мөн сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Энэ мэргэжлийг сонгосон нь  “MN25” суваг телевизийн “Их хотын үдэш” цэнгээнт нэврүүлгийг хөтлөх болсонтой холбоотой аж.

Их сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа “Шинэ үе” продакшнаас оюутнуудын дунд зарласан уралдаан зохиоход Эдуард Разинскийн зохиол “Эрчүүдийг үзэн ядна” хэмээх жүжгийн гол дүрд тоглож, шагналт байр эзэлсэн. Улмаар “Шинэ үе” продакшинд ажиллах санал хүлээн авч хошин урлагт хөл тавьжээ. “Шинэ үе”-д ажиллаж байгаад “Өнгөт инээд” продакшнд хоёр жил ажиллаж байгаад “Маск” продакшн үүсгэн байгуулагдах цагаас жүжигчнээр орж, тасралгүй уран бүтээлээ туурвисаар яваа билээ. Дэлгэцийн урлагт төдийлөн дүр бүтээдэггүй бөгөөд анх “247 градус” кинонд гол дүрийг бүтээжээ. Тэрбээр саяхан Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан билээ.

Жүжигчин Г.Чулуунцэцэг

2007 онд СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлаган дор төгссөн тэрбээр сургуулиа төгссөн цагаас эхлэн хошин урлагийн “Маск” продакшинд ажиллаж эхэлсэн. Дэлгэцийн урлагт олон дүрийг бүтээсэн тэрбээр өнгөрөгч онд “Эхиймаа” уран сайхны кинонд дүрээ бүтээсэн билээ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хүн инээлгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү шүү дээ. Маш их мэдрэмж, ур чадвар шаардагдана.  Тэгээд мэдээж жүжигчин хүн юм чинь аль ч жанрт хувьсаж тоглож чадах чадвартай байх ёстой гэж би боддог. Би ч гэсэн өөрт оногдсон дүрээ аль чадах ядахаараа хичээж гаргахыг хүсдэг дээ. Тэгэхгүй, би зөвхөн инээдмийн төрөлд ажиласаар сурсан , гээд өөрийгөө эвдэхгүй, өөр зүйлд сорихгүй байвал жүжигчин мэргэжлээрээ ажиллаад ч яахав” хэмээжээ.

Жүжигчин Ш.Жавхлан

Тэрбээр бага байхын л дуулж, бүжиглэж, шүлэг уншдаг адтай сэргэлэн хүүхэд байв.Дунд ангид орсон цагаасаа аэробик, хөнгөн атлетик, сагсан бөмбөг зэрэг спортын төрлүүдийг сонирхож, хичээллэж байжээ. Тэрбээр 1999 онд СУИС-д элсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугарын удирдлага дор “ТВ коктейл”-ын Б.Энхбаяр, Э.Цолмонбаяр, жүжигчин Р.Анхням нарын жүжигчидтэй тохой залган суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд ТВ9 телевизийн кинон албанд дуу оруулагч, жүжигчнээр ажиллаж байсан.

Удалгүй МҮОНТ-ийн кино албанд шилжсэн. Ингээд “Өнгөт инээд”-ийн гурван жүжигчин “Маск” продакшныг байгуулахад жүжигчнээр орж, тэр цагаас хойш тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн. Харин дэлгэцийн урлагт анхны дүрээ найруулагч Д.Галбаярын “Хайрын рекорд” кинонд бүтээжээ. Үүнээс хойш “Хайртай бол хартай”, “Анчид”, “Их хотын залуус”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Гэрлэн дохио” зэрэг олон кинонд тогложээ.

Жүжигчин С.Отгонтуяа

Багаасаа л дуулж, бүжиглэдэг байсан тэрбээр Архангай аймагт зохион байгуулагддаг бүхийн л урлагийн тэмцээн, уралдаанд оролцдог байж. 1998 онд Архангай аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд аймгийнхаа театрт дагалдан жүжигчингээр орсон. Удалгүй үндсэн жүжигчин болж, дөрвөн жил болоод мэргэжлийн сургуульд суралцаж, найруулагч Н.Ганхуягийн удирдлага дор төгссөн. Оюутан ахуй цагаасаа “Шинэ үе” продакшинд орж, 2003-2016 он хүртэл тус продакшинд ажилласан. Одоо тэрбээр бие даасан уран бүтээлч.

Жүжигчин Д.Оюунтуул

“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг дэлгэцийн бүтээлээр анх урлагийн гараагаа эхэлж, үзэгчдийн танил болсон тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг 1997 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсчээ. 2001 онд их  сургуулиа амжилттай төгсөж, тэр жилдээ “Овжин охид” киноны Мишээлийн дүрийг бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр Гавьяат Жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт ажиллаж байгаад “Шинэ үе” продакшнаар овоглох болсон. Хамтлагаасаа түр завсарлан 25 дугаар суваг телевизэд нэг хэсэг ажиллаж байжээ.

“Шинэ үе” продакшиндаа эргэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байна хэмээн мэдэгдэж байсан тэрээр 2019 онд продакшны хамт олонтойгоо ”Жаргалтай байх нь чухал” тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзсан билээ.

Жүжигчин Г.Нарансолонго

Тэрээр 2001 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөж тус ондоо Х-Түц продакшнд жүжигчинээр ажиллаж байсан. Анх дунд сургуульд байхдаа “Найзууд” хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлсэн тэрбээр “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр” гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ бүтээжээ. 2013 онд тэрээр хошин урлагийн “Эмоци” продакшныг байгуулалцсан билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!