LOADING

Type to search

Uncategorized

Г.Ундрах: Харшил үүсгэдэг гол зүйл нь уураг болоод маш жижиг тоосонцрууд байдаг

Share

ТТАХНЭ-ийн арьс, харшлын их эмч Г.Ундрахын Анафилакси өвчний талаар өгсөн зөвлөгөө, мэдээллийг сийрүүлэн  хүргэж байна.

Дэлхий дахинд анафилаксийн шок маш элбэг тохиолдож байгаа.  Бидний өдөр тутмын амьдралд харшил төрүүлэгч тоос тоосонцор, бактериуд амьдарч л байдаг. Хүмүүс “юунаас харшлаад байгаа юм бол” гэж их асуудаг. Юунаас ч харшиж болно. Харшил үүсгэдэг гол зүйл нь уураг болоод маш жижиг тоосонцрууд байдаг. Энэ нь бидний арьс, салст , амьсгалын замаар биед орж, харшлыг өдөөдөг. Тухайлбал амьсгалын замын харшил гэж байна. Үүнийг ургамлын тоос, байшингийн хөгц гэх мэт зүйлүүд өдөөж байдаг.

Түүнээс гадна зарим хоол хүнс нь харшил үүсэхэд нөлөөлдөг. Жишээлбэл самар, тоор, алим,  лийр, киви, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, бяслаг, даршилсан бүтээгдэхүүн, шар айраг, дарс зэрэг юм. Учир нь эдгээр хүнсэнд гистамин гэдэг бодис маш их хэмжээгээр агуулагдаж байдаг. Тиймээс харшил төрүүлэх магадлал маш өндөр гэсэн үг. Хэрэв эдгээр хүнснээс харшилтай бол их хэмжээгээр хэрэглэсний дагаар бие дээгүүр тууралт гарах, амьсгал боогдох, уруул хавдах, нүд хавдах шинжүүд илэрнэ.

Шууд амьсгал боогдох, ухаан балартах юм бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Мөн бие дээр тууралт гарч болно. Энэ тууралт нь шумууланд хазуулчихсан юм шиг гүвдрүү үүсдэгээрээ онцлог. Мөн богино хугацаанд арилж болно.

Сүүлийн жилүүдэд шавжинд хазуулсны улмаас анафилаксийн шок үүсэх нь элбэг тохиолдож байгаа. Дэлхийн улс орнуудад их тохиолддог. Аалз, шумуул, цох хорхой, зөгий, соно зэрэг амьтдад хазуулсны дараа хурдан хугацаанд анафилаксийн шок өгдөг. Учир эдгээр нь хортой байдаг. Мөн үслэг төрлийн амьтан гэртээ тэжээдэг бол тухайн амьтны үс ноосноос харшилж болно. Гадуур байхдаа зүгээр хэрнээ гэртээ ирээд нохой, мууртайгаа тоглох үед ханиаж, найтаах, нус гоожих, хамар ирвэгнэх, хамар битүүрэх, нүд загатнах шинж илэрвэл сорил тавиулах хэрэгтэй.

Манай ард иргэдийн антибиотикийн хэрэглээ маш өндөр. Гэтэл антибиотик нь анафилаксийн шок үүсгэх хүчин зүйлийн нэг. Антибиотик дундаа мэдээ алдуулах эмийн хэрэглээнээс анафилаксийн шок үүсдэг. Тиймээс антибиотикийг мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж байж хэрэглэх нь зүйтэй.

Мөн бидний өдөр тутам хэрэглэж байгаа белизна, жавельон зэрэг ариутгагч бодисоос харшилдаг хүмүүс бий. Тэгэхээр тухайн бодистой ойртсоны дараа амьсгал бачуурч байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Харшлаа өдөөхгүйн тул маск, нүдний шилийг зүүж, харшил төрүүлэгчээс хол байх нь зөв. Хэрэв танд хоол хүнс, ургамал, тоосны харшил байдаг бол тэдгээрээс хол байхыг хичээх хэрэгтэй. Мөн харшлаас урьдчилан сэргийлэх тунгаар эм ууж, мэргэжлийн хүнд үзүүлээрэй.

Эх Сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!