LOADING

Type to search

Uncategorized

Дуу хуурын ертөнцөд мөнхөрсөн зууны манлай дуучин Х.Уртнасан

Share

Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасанг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Өдгөө “Монголын сонгодог урлагийн ноён оргилын нэг, дуурийн хатан хаан, ХХ зууны манлай дуучин” хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрхэм хүний талаар өгүүлэхийн өмнө эхлээд авьяас, хөдөлмөрийн эх уурхай болсон түүний ээжийн талаар дурьдахгүй байхын аргагүй. Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар эмэгтэй А.Авирмэд гуай хөдөлмөр зүтгэлээрээ олон түмнй хүндэтгэлийг хүлээсэн нэгэн.

Тэрбээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1928 онд мэндэлжээ. 27 насандаа саальчин болсон тэрбээр Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд орж, хоёр үнээ авсанаар алдарт саальчин болох гараагаа эхэлсэн юм. Тухайн үед сүүний гарцыг 800-900 литр гэсэн тогтоол гарсан байхад Авирмэд гуай 1000 литр сааль авна гэдэг амлалт өгч байсан гэдэг. Энэ бол үлгэр мэт сонсогдож, амлалтаа белүүлж чадахгүй бол их хэмжээний торгууль төлөх тул баргийн сааальчид ийн амлалт өгдөггүй байв. Ийнхүү чадна бүтээнэ гэсэн итгэл, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр төлөвлөгөөгөө 6 сар 5 хоногийн хугацаанд биелүүлж, Төрийн ордонд ирж, Алтангадас одонгоор энгэрээ мялаав. Улмаар 1956 онд үнээ бүрээсээ 1200 литр сүү саах үүрэг авч мөн л хугацаанд нь биелүүлсэн байна. Тэрээр “бид хоолтой байснаас үнээ маань хоолтой байсан нь дээр” хэмээсэн байдаг.

 Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, өдөрт гурван удаа үнээгээ саадаг байсан. Энэ талаар Уртнасан гуай “ээжийгээ дуудахаар шөнийн хоёр цагт годос хийж босдог байлаа. Шөнө үнээнийхээ зүсийг ялгахгүй. Хөл нүцгэн гарна. Намрын сэрүүнд хөлөө даарахаар хэвтэж байгаа үнээнийхээ цавинд шургуулаад дулаацчихдаг байсан” хэмээн дурссан байдаг. 1970-аад оны сүүлчээр монгол оронд саалийн механикжсан фермүүдийг байгуулах ажил өрнөж, саальчдын зөвлөгөөн болдог байв. Ийнхүү Авирмэд гуай энэхүү төр засгийн бодлогыг бусдад зааж сургах ажилд манлайлан оролцохоос гадна Унгар, Болгар, Зөвлөлтийн орнуудад очиж монгол саальчны туршлагаас хуваалцаж байсан хөдөлмөрч эмэгтэй.

Авирмэд гуай их сайхан дуулдаг байсан гэдэг.  “Би  ээжийнхээ 18-хан насанд цээл сайхан хоолой, ажилсаг хөдөлмөрч зан, шударга шулуун чанар  гээд хамаг л сайхныг нь авч мэндэлсэн. Ижий минь их сайхан дуулдаг байлаа. Бараг надаас дээр дуулна даа” хэмээн Уртнасан гуай дурссан байдаг юм. 

Харин түүний аав Ц.Хорлоо Булган аймгийн Бугат сумын харьяат бөгөөд ламын гэгээний хийдэд шавьлан суудаг байжээ. Эсэргүүний хэргийн үеэр хийдийн цорж лам байсан тул дүрвэж, хотод ирснээр хар болж, цэрэгт явсан гэдэг. 1954 онд армиас чөлөөнд гарч Цэргийн аж ахуйд бригадын даргаар  томилогдсон байна.

Уртнасан гуай анх аавынхаа өмнөөс урлагийн концертонд оролцож байсан гэдэг. Тэрээр “аав маань их дуу цөөтэй хүн байсан. Нэг удаа цэргийн дарга нарын концерт болох үеэр аавыг дуулуулах болж. Гэтэл аав “би чадахгүй, миний охиныг дуулуул” гээд би чинь дөрөв, тавхан настай жаахан байхдаа “машаан дэлхий хангай” гээд л аавынхаа оронд концертонд орж байсан юм гэнэ лээ” хэмээн дурсжээ. Ц.Хорлоо, А. Авирмэд нарын  хэн хэн нь нутаг усандаа ажилсаг хөдөлмөрчөөрөө нэртэй байв. Найман хүүхэд нь бүгд эвлэгхэн дуулчихдагаас Уртнасан, Далантай нар алдартай дуучин болсон юм.  

Уртнасан гуай 8 хүүхэдтэй айлын ууган охин болон 1945 онд Улаанбаатар хотод мэндэлж, Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсчээ. Малчны хотонд төрж, ижийгээ дагаж үнээ сааж өссөн ирээдүйн их дуучны гараа малын саравчнаас эхэлсэн. Багын л адтай сэргэлэн байсан тэрээр үхрийн саравчинд дүү нараа тойруулан суулгаад өөрийгөө “Монгол Улсын гавьяат дуучин Цогзолмаа дуулна” хэмээн зарлуулж байгаад

“Гарын арван хуруу нь

Гажаа нь үгүй шулуун даа

Гартаа хийсэн бөгж нь

Хольц нь үгүй шижир дээ” гээд л цангинатал дуулж, бяцхан концерт найруулан тавихад хэдэн дүү нэр нь магтан алга ташилтаар мялаадаг байв.

Түүний  дүү Төв аймгийн театрын дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Далантай “Эгчийгээ дуулж байхад бид үе үе алга ташиж баяр хүргэнэ. Бид том эгчийгээ Ундаа гэж авгайлж дууддаг. Манай Ундаа ч үнэхээр гоё дуулж байна шүү. Өөр дуу дуулаач гээд л шална. Манай хүн ч яахав хүлээн авагчаар дуулсан дуу болгоныг дагаж дуулсаар байгаад сурчихдаг болохоор дуулахыг харин ч нэг үзүүлнэ дээ” гэжээ.

Энэ л бяцхан тайз ирээдүйн урлагийн Их тайзанд хүргэжээ. Эндээс л дуугаар сэтгэлийн жигүүр хийж, өвөл голоос мөс үүрэээд явахдаа, үхэр, тугалаа ойртуулахдаа, морины нуруун дээр салхи татуулан давхиж явахдаа байнга дуулдаг болсон байна. Х.Уртнасан долоон нас  хүрч байж дүү дагуулсан нь Халтууш, үүний дараа 1954 онд Чимэдцэрэн, 1957 онд Төмөрбаатар, 1960 онд Далантай, 1962 онд Гүрбазар 1964 онд Доржсэмбэ, 1967 онд Чойжанцан нар мэндэлжээ.

Авьяас билэг гэдэг эзнээ мөнхөд хөглөж, зүгээр суулгадаггүй хойно.  Уртнасан гуай радиогоор эгшиглэх Ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан Загдсүрэнгийн “Подмосковные вечера” дууг сонсоод л яаж ийм мундаг дуучин болно гэж мөрөөдөж, хүсэл тэмүүлэлдээ шатаж явдаг болж. Ийнхүү Монголын радиогоор “Ардын дуу бүжгийн чуулгад дуучин элсүүлж авна” гэсэн зарлалын дагуу дуучин болохоор эргэлт буцалгүй шийджээ. Ийнхүү 1959 онд  “Би дуучин болно, шалгалт өгнө” гэхэд ээж нь охиныхоо шийдвэрийг дэмжихийн сацуу үхэр тэргэнд суулгаж аваад хотод ирж шалгалтыг нь өгүүлсэн юмсанж. Охиноос шалгалт авсан хүн нь малын саравчинд нэрийг нь мянгантаа зарлуулж, орлон тоглож явсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Д.Мяасүрэн нар байсан гэдэг. Ийнхүү түүний авьяас билиг, хүсэл зоригийг нь үнэлснээр амжилтын үүд хаалга нээгдэв.

Тэрээр Улсын ардын дуу бүжгийн чуулгад жил гаруй дадлагажигч хийсэн. Энэ хугацаанд ардын дуу дуулсан ч нэг л тохирч өгдөггүй. Ингээд нэг өдөр багш нар нь “Тод хэллэгтэй, чанга дуутай юм” гээд зарлагч болгочихсон гэдэг. Үүнийгээ ч яггүй сайн хийчихдэг байв. “Монгол ардын дуу “Найгал гол”, ятга хөгжмөөр хөгжимдөнө…” гээд л.

Нэг л өдөр түүнд алдаж боломгүй “алтан” боломж тохиосон нь өнөө өөрт нь тохирох, өөрийг нь дэлхийн тайзнаа гаргах үүдийг нээсэн их  багшдаа шавь орсон явдал байлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг бий болгохоор  УДБТ-ын  дэргэд  студи  байгуулж дуучин болох  залуусыг элсүүлж явсан аж.

Түүний авьяас билгийг олж харсан Ардын жүжигчин Г.Хайдав “Энэ хүүхдээ надад өгчих” хэмээх хүсэлтийг багш нарт нь тавьжээ.  

Ингэхэд Л.Цогзолмаа багш нь  “За охин минь чи өөрөө л мэд. Дуурийн дуучин болох  амаргүй. Сайн багш хэрээ шиг дуугарч байгаа хүнийг ч сайн дуучин болгодог. Муу багш  таарвал сайн дуучныг ч хэрээ шиг дуугардаг болгочихдог. Нэгэнт дуурийн дуучин болохоор шийдсэн бол хичээгээрэй. Чиний авах ухаан, багшийн чинь өгөх ухаан энэ хоёр чамд их л хэрэг болно доо” гэж захиад явуулжээ.

Ийнхүү тэрээр 1963-1964 онд УДБЭТ-т дуучнаар ажиллаж, Г.Хайдав багшийнхаа студид Д.Баадайжав, Т.Насанбуян нарын хамт анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг болсон байдаг.

Уртнасан гуайн анхны багш Монгол Улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л. Цогзолмаа “Үсээ хоёр самнасан саальчин бор охин ээжийгээ дагаж ирээд дэлхийн шилдэг дуучин болсон доо. Х.Уртнасанд авах зүйл маш их бий. Тэр сайхан чанаруудаас аав, ээжийгээ дуурайсан үнэхээр хөдөлмөрч хүн. Нэг юм заагаад өгчихөөр өөрийн болтол нь бэлтгэл сургуулилт хийнэ. Ямар нэгэн зүйлээс ухарч няцна гэсэн ойлголт байхгүй. Дайраад л орсон бол ард нь гарч байж л санаа нь амардаг зантай. Төрөлхийн авьяастай хүүхэд хөдөлмөрлөөд өөрийгөө хөгжүүлээд эхлэхээр хоолойн цар хүрээ ч маш их өсөн дэвшиж дээшилсэн. Манайд дагалдан дуучин болоод их удалгүй гоцлол дуучин болсон. Ер нь дуурийн дуучин болж магадгүй болоод эхэлсэн. Энэ үед Г.Хайдав дуурийн дуучны сургууль байгуулж байгаа гээд аваад явсан юм” хэмээн дурссан байдаг.

Ардын жүжигчин Г.Хайдав “Анх над дээр ирэхдээ хоолойн цар хүрээ тийм ч гоц сайн байгаагүй. Гэхдээ цаанаасаа өгөгдөл сайтай, авьяастай хүүхэд байсан. Зөв чиглүүлбэл чадалтай хоолойтой. Дээр нь айлын эрх охин, ихээхэн  шартай. Шарыг нь гозойлгоод загначихвал  илүү сайн дуулдаг сан. Би ЗХУ-аас сурч мэдэж ирснээ  шавь нартаа бүгдийг  заах гэж их хичээсэн. Чадсан ч гэж боддог. Миний заасан бүхнээс өөртөө илүү их авч чадсан нь Х.Уртнасанг гэж боддог” хэмээжээ.

Улмаар 1968 оноос Цэргийн дуу бүжгийн чуулгын  дуучин болов. 1970 онд  Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцах завшаан тохиож, хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд УДБЭТ-ын гоцлол дуучнаар хуваарилагдлаа.

Ийнхүү УДБЭТ-ын гоцлол дуучнаар 23 жил ажиллахдаа Монголын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрийг бүтээжээ. Ид дуулж байх эгшиглэнт он жилүүдэд нь түүнийг уриагүй үлдсэн театр, зохиолоо өгөөгүй хөгжмийн зохиолч байгаагүй гэдэг.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган  түүнийг  “Өөрийнхөө цаг үед манлайлж байсан дуучин” гэсэн удаатай. Үнэхээр ч тэр гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо тайзыг бүрэн эзэгнэж байсан юм.

ДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Тоска, Ж.Верди “Травиата” дуурийн Виолетта, “Отело” дуурийн Дездемон, П.И.Чайковскийн “Евгений Онгегин” дуурийн Татьяна, А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Наташа, А.Бородинийн “Игорь ван” дуурийн Яраславна, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа зэрэг олон арван дүрийг бүтээжээ.

Урлаг судлаачид түүний бүтээсэн “Чио  Чио сан”, “Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдийг онцгойлон авч үздэг байна.

Зууны манлай  дуучин тэрбээр зөвхөн чадварлаг дуучин төдийгүй  сайн найруулагч, шилдэг сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрээр  1984 онд Б.Ямпиловын “Шидэт ваар”, 1991 онд Дж.Пуччиний “Чио Чио Сан”, 2002 онд Д.Лувсаншаравын түүхэн “Хар Хорум” дуурийг найруулан тайзнаа амилуулсан төдийгүй  “Хар Хорум” дуурийг анх удаа Хархоринд тоглож байжээ. 

Мөн тэрбээр “Сэтгэлийн дуудлагаар”,  “Амьдралын цуурай” гээд хоёр ч кинонд  дүр бүтээж амжсан байдаг.

Түүний бүтээсэн дүрүүд нь дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны  Х  их наадмын тэргүүн байрыг эзэлж, Москвагийн “Большой” театрт алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн дараа уригдаж дуулсан анхны эмэгтэй дуучин  болсон  юм. “Большой” театрын гоцлол дуучин  С.Маслов “Оросын өлгий нутаг Шаляпинийг төрүүлсэн-Таныг Монгол. Тантай хамтран дуулагч болоод Их театрын сонсогчид хамт шүү” хэмээн Уртнасан гуайн бүтээсэн дүр болоод хичээл зүтгэлийг үнэлж байв.

Үүний дараа Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож, мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, 1976 онд 31  насанд нь Монгол Улсын гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 2000 онд “Зууны мэдээ”  сониноос уншигчдын дунд явуулсан  санал асуулгаар  ХХ зууны  шилдэг эмэгтэй дуурийн дуучин хүндэтгэлийг хүртээсэн юм. Дууг  зөвхөн хоолойн хүчээр дуулдаггүй, энэ бол зүрхнээс гарч байж түмэнд хүрдэг зүйл. Яг үүнийг Уртнасан гэх энэ эрхэм дуучин өөрийн биеэр туулж, зовлон жаргалыг нь амсаж мэдэрсэн.

Урлагийн замд эцэж цуцалтгүй зүтгэсэн он жилүүдэд түүний ард түшиг тулгуур болж байсан хүн бол хань С.Адъяахүү. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр “Ардчилал” сонины анхны эрхлэгч, Дорнын их найрагч Б.Явуухулангийн гарын шавь нарын нэг байв. Тэд 1964 онд гэрлэж, дараа жил нь охинтой болжээ. Үүний дараа хүү А.Гүнжав, охин А.Жавзмаа нар нь хоёр насны зөрүүтэй мэндэлжээ.

Тэрбээр ханхийхаа талаар “Би дуурийн дуулаачаар ажиллаж байх үедээ  нэг  өдрийн акт ч авч үзээгүй.  Гадаад  дотоод, хөдөө гадаа гээд жилийн дөрвөн улирлын ихэнхийг  эзгүй өнгөрөөнө. Хавар газар ногоорч байхад гараад намар ногоо гандаж байхад л орж ирнэ шүү дээ. Гурван хүүхдээ төрүүлэхийн нь би төрүүлсэн ч өсч өндийлгөхийг нь  нөхөр маань хийсэн. Өлгийтэй хүүхдээ тэвэрч авчирч хөхүүлчихээд эргээд гарна шүү дээ.  Миний амжилтын тэн хагас нь тэр буянтай ханийн маань халамж ач тус байсан юм. Ямар сайндаа л тэр үеийн Хүнсний 50 дугаар дэлгүүрийнхэн “Зохиолч Банзрагч та хоёр гэж хоолны торноос салдаггүй хүмүүс байна аа” гэж нөхрийг маань шоолж байхав дээ” хэмээн өгүүлсэн байдаг. 

Алтан тайзнаа “БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан” хэмээн зарлуулж, хамтдаа сонгодог дуурь бүтээж явсан портнёр Ардын жүжигчин А.Хавлааш Казахстаныг зорьж, Г.Хайдав багш нь Ц.Пүрэвдорж, Д.Банди нарын хамт СУИС-д багшлахаар явсан 1990-ээд оны дунд үе. Энэ үед ихээхэн ганцаардаж байсан хэмээсэн удаатай. Ийнхүү  “Үзэгчдэд би гоё дуучин, сайхан дуучин нь байж ирсэн, тэр хэвээр, тэр дүрээрээ л үлдэе” гэж шийдээд алс холын Герман орныг зорьжээ.

Ийн хамгийн сайн шавь Б.Жавзандулмыгаа өөрийн оронд “Чио Чио сан”, Травиата”, “Турбадур”-ын гол дүрд дуулуулахаар бэлдчихээд тайзаа орхин явав. Тэрээр 50 настайдаа тайзаа орхисон юм.

Энэ талаараа “Ид гялалзаж байгаа уран бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг нь урлагийн бичигдээгүй хууль юм даа. Би энэ дагуу л шийдвэрээ гаргасан.  Чио Чио санд   “одоо би 15 настай” гээд дуулдаг хэсэг байдаг юм. Нэг удаагийн тоглолтоор  яг ингээд  дуултал үзэгчид нэг нирхийгээд л чимээгүй болсон.  Тэгээд Чулуун багшдаа хэлсэн. “Чио Чио сан”-гаасаа ингэж  зодог тайлж байв” хэмээжээ.

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны эхээр түүнийг Ю.Цэдэнбалын эхнэр А.И.Филатоватай ойр байсан гэх хардлага сэрдлэг хэвлэлээр гарч байсан удаатай.

1967-оноос дуулахын хажуугаар багшилж,1982 оноос СУИС-д Дуулаачийн тэнхимд Вокалын багшаар 2001 он хуртэл ажиллаж, олон арван авъяаслаг залуусыг их урлагийн замд хөтлөн оруулсан гавьяатан. Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа  түүний бий болгосон дэг сургалт одоо ч  уламжлагдан  хэрэгжсээр байна. 

“Сайн багш бол хүний ажил, амьдрал, мэргэжлийн луужин байдаг учраас шавь нартаа зүрх сэтгэлээ бүрэн зориулах учиртай. Маш хариуцлагатай чанд ажил учраас би өөртөө өндөр шаардлага тавьдаг” хэмээн Х.Уртнасан гуай ярьдаг байсан бөгөөд үүнийгээ ч амьдралын зарчим болгон мөрдүүлж байсан юм.

Эх Сурвалж:zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!